Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 101/ШШ2024/03296

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Б******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ч******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* дүгээр байр, ******* тоот хаягт оршин суух Ж******* овогт Мангалын А******* /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б******* дүүрэг, дугаар хороо, дугаар гудамж тоот хаягт оршин суух Б овогт В Э /рд:/-д холбогдох

11,740,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.А*******, хариуцагч В.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Аззаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.         Нэхэмжлэгч М.А******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 11,740,000 төгрөг гаргуулах тухай. Манай Н ж******* компанид ажиллаж байсан Володъя овогтой Энх-оюун нь манай компани болон миний нэр дээр ББСБ-аас Prius-30 маркийн, уат машиныг 19,200,000 төгрөгөөр авч, сар бүрийн төлөлтийг ажлын хөлснөөсөө суутгуулахаар тохиролцсон. Уг машиныг Володъя овогтой Энх-оюун 2021 оны 06 сард авч өгсөн. Тухайн машины төлбөрийг манай компани нь ажлын хөлснөөсөө төлж бүрэн дуусгасан. Гэтэл Володъя овогтой Энх-оюун нь тухайн машины төлбөрөөс 8,460,000 төгрөгийн үлдэгдлийг төлөөгүй. Үлдэгдэл төлбөрөө төл гэж шаардахад та уат Prius 30 маркийн машиныг миний нэр дээр шилжүүлээд өг би ББСБ-д машинаа барьцаалж таны өрийг бүрэн дуусгана гэхэд миний бие тухайн машиныг В.Энх-оюуны нэр дээр шилжүүлж өгсөн. Гэвч 2024 оны 04 сард уат машиныг өөрийнх нь нэр дээр шилжүүлж өгмөгц ажлаа хаяж явсан. Мөн цагаан замаск, обой, зүлгүүрийн ажлуудыг дутуу хийж хаяж явсан. Дутуу хийсэн ажлын хөлс 2,200,000 / төгрөг/ байна. Мөн В.Энх-оюуны нөхөр болох Ж нийгмийн даатгал болох 1,080,000 төгрөгийн ажлын хөлснөөсөө суутгуулж төлөх байтал ажлын хөлснөөс суутгуулж төлөөгүй ажлаа хаяад явсан. Нийт 11,740,000 төгрөгийг Володъя овогтой Энх-оюунаас нэхэмжилж байна.

1а. ******* хуудас заслын ажил дутуу байгаа талаарх баримт гаргаж байна. Машины үлдэгдэл 8,460,000 төгрөгийг нь авсан боловч гүйцэтгээгүй ажилд 2,200,000, нөхрийнх нь нийгмийн даатгалын шимтгэлд 1,080,000, нийт 11,740,000 шаардана.

Хариуцагч нь машин авсан. Ингэхдээ машиныг Эко-н нэр дээр байсан машиныг ажлын хөлсөндөө авсан байсан. Ингээд хариуцагчид өгсөн. Тэгэхдээ мөнгийг ажлын хөлснөөс суутгахаар тохиролцсон. Яваандаа 19,200,000 төгрөгөөр тохирсон ба төлөгдөж дууссан. Гэтэл хариуцагч надаас урьдчилж авсан 8,460,000 төгрөг байсан. Энэ мөнгийг яах талаар ярьсан. Гэтэл эхлээд машинаа шилжүүлж аваад машинаа ББСБ-д барьцаалж зээл аваад төлнө гэсэн юм. Ингээд бичиг баримтыг шилжүүлж өгсөн. Улмаар 2 ББСБ дээр очсон боловч зээл гараагүй. Гэтэл үүнээс хойш ажлаа хийгээгүй. Ингээд ажлууд үлдсэн. Хариуцагчтай удаа ярихад ББСБ зээл өгөхгүй байна гэхдээ өгнө гэж хэлдэг боловч өгөөгүй.

Мөн ажлын хөлсийг авсан ажлаа дутуу орхиод хийгээгүй ажлын төлөгдсөн хөлс болох 2,200,000 төгрөг гаргуулна. Энэ ажил нь одоо хүртэл хийгдээгүй байгаа юм.

Нийгмийн даатгалыг ажиллаж байхдаа төлнө гэсэн. Тухайн үед дараа төлье гэсээр хуримтлагдаад явсан юм. Үүнээс болж би нийгмийн даатгал дээр өртэй байгаа юм. 8,460,000 төгрөгийг мөнгө хэрэгтэй боллоо гээд дараа цалингаасаа төлөхөөр тохироод авсан мөнгө юм. Нөхөр нь цуг ажилладаг байсан юм. 1,080,000 төгрөг нөхөр Жамц нь цалингаасаа төлөх байсан шимтгэл юм. Үүнийг нь би төлөөгүй. Хэрэгт байгаа ажил гүйцэтгэх гэрээний дагуу 2,200,000 төгрөг шаардаж байгаа юм. Н ж******* ХХК нь би үүсгэн байгуулсан 1 хувьцаа эзэмшигчтэй компани юм. Хариуцагч нь нийт 50 орчим сая төгрөгийн ажил хийсэн. Ажлын хөлсийг гүйцэтгэлээр 7 хоногоор тооцохоор тохирсон юм. Жамц нь цуг ажилладаг бөгөөд ажлын хөлс хариуцагчийн дансаар олгогддог байсан. Ажлын хөлс олгогдохдоо акт үйлддэггүй хоорондоо яриад л хийсэн ажил болон суутгалаа тохироод явдаг байсан юм. Гараар бичсэн дэвтрээс өөр баримт байхгүй. Ажлын хөлсийг дансаар шилжүүлдэг байсан юм гэв.

2.         Хариуцагч В.О нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Володъя овогтой Э миний бие М.А*******ийн Б******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад доорх хариу тайлбарыг гаргаж байна.

Миний бие Н Ж******* нэртэй ХХК-нд ажиллаж байх хугацаандаа 2021 оны 06 сард Приус 30 маркийн УАТ улсын дугаартай машиныг компанийн нэр дээр лизингдэж авсан нь үнэн бөгөөд уг машины лизингийн сарын төлбөрийг миний хийсэн ажлын хөлснөөс сар болгон суутгаж ББСБ-д төлөөд 2023 оны 07 сард машины линзинг бүрэн төлөгдөж дууссан. Машины лизинг надад өгөх ажлын хөлснөөс суутгагдаж төлөгдсөн бөгөөд Н ж******* компаниас гарсан мөнгө биш. Машины лизинг төлөгдөж дууссан болохоор миний нэр дээр машинаа шилжүүлж өгсөн болохоос өрөө төл ББСБ-д машинаа барьцаал гэж өгөөгүй. Иймээс би машины төлбөрт нэг ч төгрөг төлөхгүй. Харин энэ компанид ажиллаж байх хугацаандаа хэрэглээний мөнгө гэж бага багаар мөнгө аваад уг мөнгө нь хуримтлагдаж 7 сая төгрөгийн үлдэгдэл төлөгдөөгүй үлдсэн байхад нь би 2024 оны 01 сард ажлаасаа гарсан. Ажлаасаа гарснаас хойш 2024 оны 00 сарын 07-ны өдөр А*******ийн тоот дансанд 1,000,000 төгрөг шилжүүлж утган дээр 6,157,000 үлдэгдэл гэж бичсэн. Үүнээс хойш 2024 оны 04 сарын 18-ний өдөр дахин дээрх дансанд 1,000,000 төгрөг шилжүүлж Э 5 сая үлдсэн гэж утган дээр нь бичсэн. Түүнээс биш машины мөнгө үлдэгдэл огт байхгүй.

Мөн нэхэмжлэлдээ дутуу хийсэн ажлын хөлс 2,200,000 төгрөг нэхэмжилсэн байна. Би хийж байгаа ажлаа дутуу үлдээж байсан удаа байхгүй боловч ажлаасаа гарахдаа нэг айлын засвар хийж гүйцэтгэсэн. Тухайн засварын замаск бүтэн хийх ажил байсан. Би бүх замаскаа хийж дуусгаад гарсан дараагийн ээлжийн хүмүүс обой наах гэж ороход таазанд ремот буюу обой наахад замаск жижиг жижиг газар хуурсан гэж хэлж байсан. Харин обой нааж байсан 2 хүүхдэд дахин замаскдах мөнгийг би өөрийнхөө зүгээс өгсөн. Дахин замаск татах ажлын хөлс зардал Н ж******* ХХК-с огт гараагүй. Иймээс миний бие дутуу хийсэн ажлын хөлс 2,200,000 төгрөг нэхээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Мөн манай нөхрийн нийгмийн даатгалын шимтгэлийг ажлын хөлснөөс 1,080,000 суутган төлөх байсан суутгуулаагүй ажлаа хаяад явсан гэсэн байна. Уг компани нь огт нийгмийн даатгалын шимтгэл манай нөхрийн нэр дээр төлж байгаагүй өмнө нэг ч удаа төлж байгаагүй тул үндэслэлгүйгээр мөнгө нэхэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Намайг машины мөнгө төлөөд дууссаныг А******* өөрөө мэддэг, надтай цуг ажиллаж байсан ажилчид ч бүгд мэднэ. Эдгээр хүмүүс А*******т “та яагаад

Э эгчийг машины мөнгө төлөөгүй гэж шүүхэд өгсөн юм бэ? Э эгч мөнгөө төлөөд дууссан ш дээ. Ажлын хөлсөн дээрээс нь суутгаад авчихдаг байсныг бид нар мэднэ” гэж хэлэхэд нь А******* “дургүй хүргээд байхаар нь албаар шүүхэд өгсөн юм. Би Эыг чадах гэж байгаа юм” гэж 2-3 удаа хэлсэн гэсэн.

Иймээс миний бие А*******ийн нэхэмжилсэн 11,740,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй харин А*******ээс хэрэглээнд авч байсан мөнгөний үлдэгдэл 5,000,000 төгрөг төлөөгүй байгаагаа хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг авахдаа надтай ямар нэгэн гэрээ байгуулж хүү алданги гэсэн зүйл тооцоогүй тул төлөөгүй үлдсэн 5,000,000 төгрөгийг А*******т төлнө. Үүнээс гадна илүү нэхэмжилсэн 6,740,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хэрэгсэхгүй болгож өгнө үү.

2а. Шинээр гаргах баримтгүй. Ажиллагаатай холбоотой хүсэлтгүй. Шинэ баримттай танилцлаа хурал үргэлжлэх боломжтой. Нэхэмжлэлийн шаардлагаас 5 саяыг зөвшөөрнө. Энэ нь ажил хийхдээ урьдчилж авсан мөнгө юм. Эхлээд 7 сая байсан бөгөөд 2 саяыг төлсөн юм. Би ажлаасаа гарсан нь үнэн боловч эрүүл мэндийн шалтгааны улмаас гарсан юм. Хийгээгүй ажлын хөлс гэж ярьж байгаа нь зургаас харахад 00-н ажил байна. Би энэ ажлын мөнгийг аваагүй. Харин зарим айлын обой наах л ажил үлдсэн юм. Учир нь обой наах гэтэл дахин засвар орох болсон тул би хувиасаа мөнгө өгч засуулаад наалгаад дууссан. Нийгмийн даатгалын мөнгийг цалингаасаа төлнө гэж байсан юм. Нийгмийн даатгалыг ажил олгогч бас төлөх ёстой бөгөөд төлөгдөөгүй тул би төлөөгүй нь үнэн юм. Мөнгө хэрэгтэй болохоороо бага багаар авдаг байсан. Тэгээд ажлын гүйцэтгэлээс суутгуулдаг байсан. Бид 7 жил гаруй ажиллахад 50 саяас илүү ажил хийсэн гэж бодож байна. 7 хоногоор ажлаа дүгнэдэг байсан юм. Акт үйлдэггүй. Төлөхийг зөвшөөрсөн 5 сая нь урьдчилж авсан мөнгөний үлдэгдэл юм. Гаргаж өгөх өөр баримт байхгүй гэв.

3.         Зохигчид дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн:

3а. Нэхэмжлэгчээс: Ажил гүйцэтгэх гэрээ /хх3-4/, Фидуцийн гэрээ /хх6-7/, зээлийн гэрээ /хх8-*******/, “Н ж*******” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх11/, 7 ширхэг гэрэл зураг /хх30-36/

3б. Хариуцагчаас: Ц.Ж нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт, гараар бичсэн 2 хуудас баримт /хх24-25/, Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл 2 ширхэг /хх26-27/

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

      ҮНДЭСЛЭХ нь:

1.         Шүүх дараах үндэслэлээр хариуцагчаас 5,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6,740,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2.         Нэхэмжлэгч М.А******* нь автомашины үнэ 8,460,000 төгрөг, дутуу хийсэн ажлын хөлс 2,200,000 төгрөг, Ц.Ж нийгмийн даатгалын шимтгэл 1,080,000 төгрөг, нийт 11,740,000 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасан.

3.         Хариуцагч В.Э нь автомашины төлбөрийг бүрэн төлсөн, нөхөр Ц.Ж нийгмийн даатгалыг төлдөггүй байсан, ажлаа бүрэн гүйцэтгэсэн. Ажлын хөлсөөр төлөхөөр тохиролцож авсан мөнгөнөөс 5,000,000 төгрөг дутуу тул үүнийг төлнө, нэхэмжлэлийн бусад хэсэг нь үндэслэлгүй гэж маргасан.

4.         Нэхэмжлэлд дурдсанаар хариуцагчийн худалдаж авсан машины төлбөрийг төлсөн. Улмаар хариуцагч нь ажлын хөлсөөр төлж байгаад үлдсэн нь 8,460,000 төгрөг гэж тайлбарласан. Гэвч шүүх хуралдаанд үндэслэлийг мөнгө шаардлагатай тохиолдолд урьдчилж аваад ажлын хөлснөөс суутгаж явдаг байсан. Үүний үлдэгдэл нь 8,460,000 төгрөг гэж тайлбарлаж байна.

Хариуцагч нь тухайн үйл баримтын талаар маргаагүй боловч үлдэх төлбөр нь 5,000,000 төгрөг гэж маргасан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хэргийн оролцогч нь өөрийн тайлбарыг өөрөө нотлох, холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүрэг хүлээж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно.

Зохигчдын тайлбараас үзэхэд тэдгээрийн хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж ойлгогдож байх боловч нэхэмжлэгч нь “Н ж*******” ХХК болон хариуцагч В.Э нарын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээг шүүхэд ирүүлсэн. Улмаар энэ гэрээний дагуу хариуцагчийг ажил гүйцэтгэх, ажлын хөлсөөр төлбөрөө төлдөг байсан талаар тайлбарласан. Хэдийгээр нэхэмжлэгч нь дээрх хуулийн этгээдийг байгуулсан 1 хувьцаа эзэмшигчтэй гэх боловч Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 9.3-т зааснаар компани нь хувьцаа эзэмшигчийн, хувьцаа эзэмшигчийн компанийн эрх, үүргийг бусдын өмнө хэрэгжүүлэхгүй юм.

Түүнчлэн мөнгөн хөрөнгө олгохдоо санхүүгийн анхан шатны баримт, ажлыг хүлээлцэхдээ акт үйлддэггүй байсан талаар тайлбарлаж байна. Мөн хэн аль нь тухайн үед амаар гүйцэтгэлийг тохироод хөлснөөс зарим хэсгийг суутгуулах талаар харилцан тохиролцож байсан. Өөрөөр хэлбэл, бичгийн хэлбэрээр үйлдсэн баримтгүй гэж тайлбарласан.

Иймд нэхэмжлэгч нь өөрийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг нотлоогүй тул хариуцагчийн зөвшөөрлийн хүрээнд ажлын хөлсөөр төлөхөөр тохиролцож урьдчилж авсан мөнгөн хөрөнгөний үлдэгдэл гэх 8,460,000 төгрөгийн шаардлагаас 5,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хангах нь зүйтэй.

5.         Мөн дээрх үндэслэлээр ажлын хөлсийг урьдчилж авсан ажлаас 2,200,000 төгрөгт холбогдох хэсгийг гүйцэтгээгүй гэх тайлбараа нэхэмжлэгч нотлоогүй. Тодруулбал, ажил гүйцэтгэх гэрээг хуулийн этгээдтэй байгуулсан бөгөөд уг гэрээнээс үзэхэд гүйцэтгэх ажил нэгж хөлсийг тохиролцсон боловч хийх ажлын хэмжээ нь тодорхойгүй, мөн гүйцэтгэсэн ажлыг актаар хүлээлцээгүй байна. Иймд энэ шаардлагыг хангах үндэслэлгүй.

6.         Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д зааснаар ажил олгогч цалин хөлс болон өөрийн цалингийн сангаас шимтгэлийг суутган тооцож төлөх үүрэгтэй. Түүнчлэн нэхэмжлэгч нь хариуцагчийн нөхөр гэх Ц.Ж цалин хөлснөөс суутган нийгмийн даатгалын шимтгэлийг түүнийг төлөөлж төлөөгүй гэж тайлбарласан. Энэхүү тайлбар нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор тогтоогдсон. /хх23/

Мөн уг шаардлага нь хариуцагчид хамааралгүй. Үүнээс гадна нийгмийн даатгалын шимтгэлийг эрх бүхий байгууллага шаардах бөгөөд нэхэмжлэгч шаардахгүй. Өөрөөр хэлбэл, дээрх үндэслэлээр Ц.Ж нийгмийн даатгалын шимтгэлийг нэхэмжлэгч төлөөгүй байх тул ажилтныг бусдаар өөрийн үүргийг гүйцэтгүүлж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлгүй.

7.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тохиолдолд хангасан хэсэгт холбогдох хураамжийг хариуцагчаас гаргуулна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

        ТОГТООХ нь:

1.         Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар хариуцагч В.Эаас 5,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М.А*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6,740,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 202,790 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 94,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ        Д.ГАНБОЛД