Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 136/ШШ2024/00353

 

 

 

 

 

     

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Ариунзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Дорноговь аймаг, Иххэт сум, * дугаар Уурхайчин ** дүгээр байр, * тоотод оршин суух, О овогт Б Б,

Нэхэмжлэлийн шаардлага: ажиллаж байсан байдал тогтоолгох тухай

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагчийн төлөөлөгч: Б.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хүсэлт гаргагч Б.Б нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие Дорноговь аймгийн Иххэт суманд Монголросцветмет нэгдлийн Хажуу-Улаан үйлдвэрийн Хамар-Усны уулын үйлдвэрийн өрмийн машинистаар 1997 оны 06 сарын 12-ны өдрөөс 2001 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан. 2001 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Хашаат худгийн цехэд туслах машинистаар томилогдсон.

Нийгмийн даатгалын дэвтэрт тушаалыг зөв бичсэн хэр нь 2001 оны 01 сарын 15-ны өдрийн 12 дугаар тушаал гаргахдаа Хашаат худгийн цехийн өрөмдөгчөөс мөн цехийн экскаваторын туслах машинистаар томилж буруу бичсэн.

Мөн Баянтэгш импекс ХХК-д 2012 оны 05 сарын 01-ний өдрөөс 2015 оны 10 сарын 05-ны өдөр хүртэл Хамар усны далд уурхайд малтагчаар ажиллаж байсан. Уг уурхай байсан одоо татан буугдсан. Тэгээд тэтгэвэр тогтоолгох гээд байна гэсэн чинь бид нарт архив гэж байхгүй гээд шинээр цаасан дээр тушаал гаргаж өгсөн. Тэгсэн нийгмийн даатгал 2012 оны цаас биш байна, 2022 оны цаас байна тэгэхээр болохгүй, энийгээ шүүхээр шийдүүл гэсэн гэв. Иймд дээрх хугацааны ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

2.Хүсэлт гаргагчаас Дорноговь аймаг Сайншанд сумын Засаг даргын тамгын газрын 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 03/915 дугаартай тодорхойлолт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, төрсний гэрчилгээний хуулбар, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Баянтэгш Импекс хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирлын 2015 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 12 дугаартай тушаалын хуулбар, Баянтэгш Импекс хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирлын 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 10 дугаартай тушаалын хуулбар, Хажуу-Улаан үйлдвэрийн даргын 1991 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 12 дугаартай тушаалын хуулбар, Хажуу-Улаан үйлдвэрийн даргын 1991 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 12 дугаартай тушаалын хуулбар, Хажуу-Улаан үйлдвэрийн даргын 81 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар, гэрч Б.Б тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, гэрч Н.Ц тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, гэрч О.Э тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Шүүхээс гэрчээр Б.Б, Н.Ц, О.Э нарыг гэрчээр асууж нотлох баримт бүрдүүлэв.

ҮНДЭСЛЭХ нь:

3.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

4.Хүсэлт гаргагч Б.Б нь Монголросцветмет нэгдлийн Хажуу-Улаан үйлдвэрийн Хамар-Усны уулын үйлдвэрийн өрмийн машинистаар 1997 оны 06 сарын 12-ны өдрөөс 2001 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл,

Баянтэгш импекс ХХК-д 2012 оны 05 сарын 01-ний өдрөөс 2015 оны 10 сарын 05-ны өдөр хүртэл Хамар усны далд уурхайд малтагчаар ажиллаж байсан байдлыг тогтоолгоно гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

5.Хүсэлт гаргагчийн Монголросцветмет нэгдлийн Хажуу-Улаан үйлдвэрийн Хамар-Усны уулын үйлдвэрийн өрмийн машинистаар 1997 оны 06 сарын 12-ны өдрөөс 2001 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл, Баянтэгш ХХК-д 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл малтагчаар ажилласан хугацааны ажиллаж байсан хугацааны тушаал болон Нийгмийн даатгалын дэвтэр дээрх бичиглэл зөрүүтэй болох нь тогтоогдож байх тул тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

6.Хүсэлт гаргагч Б.Б нь Монголросцветмет нэгдлийн Хажуу-Улаан үйлдвэрийн Хамар-Усны уулын үйлдвэрийн өрмийн машинистаар 1997 оны 06 сарын 12-ны өдрөөс 2001 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл,

Баянтэгш импекс ХХК-д 2012 оны 05 сарын 01-ний өдрөөс 2015 оны 10 сарын 05-ны өдөр хүртэл Хамар усны далд уурхайд малтагчаар ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.

7.Өөрөөр хэлбэл түүний 0602926 дугаартай Нийгмийн даатгалын дэвтэр дээрх бичиглэл, 223524 дугаартай Нийгмийн даатгалын дэвтэр дээрх бичиглэл нь Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлагаа, тодорхойлолтоор Б.Б 2000-2015 оны Нийгмийн даатгалын шимтгэлийг Монголросцветмет ТӨҮГ, Баянтэгш импекс ХХК-иуд төлж байсан үйл баримт тогтоогдож байхаас гадна энэ талаар өгсөн гэрч нарын мэдүүлгээр давхар нотлогдож байна.

8.Шүүх хүний ажиллаж байсан байдлыг онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэхээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 133.1, 135 дугаар зүйлийн, 135.2.6-д тус тус зохицуулсан байх тул Б.Б нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Б.Б улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар О овогт Б Б Монголросцветмет нэгдлийн Хажуу-Улаан үйлдвэрийн Хамар-Усны уулын үйлдвэрийн өрмийн машинистаар 1997 оны 06 сарын 12-ны өдрөөс 2001 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл,

Баянтэгш импекс ХХК-д 2012 оны 05 сарын 01-ний өдрөөс 2015 оны 10 сарын 05-ны өдөр хүртэл Хамар усны далд уурхайд малтагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Б улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ