Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 2022/ДШМ/50

 

 

 

 

 

 

 

 

 

2022оны 06 сарын 30-ны өдөр                    2022/ДШМ/50                                Хэрлэн сум

 

Н.Н-т холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

 

226/2022/0050

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч Г.Тэгшсуурь, Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,

Прокурор Б.Нарангэрэл,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Довчинсүрэн нарыг оролцуулан,

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 2022/ШЗ/258 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч яллагдагч Н.Н-ын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2239000000156 дугаартай хэргийг 2022 оны 06  дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Яллагдагч Н.Н- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 2 дугаар баг “Д” гэх газарт байрлах Ч.А-ы гэрт В.Б-тай “наймаа буцаана” гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар гэрийн гадаа хохирогч В.Б-г унтаж байхад нь хөлөөрөө өшиглөн зодож түүний эрүүл мэндэд нь баруун, зүүн нүдний доод зовхинд язарсан шарх, баруун нүдний дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Нарангэрэлээс  Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад  заасан “...гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/-ыг бүрэн шалгаж шийдвэрлээгүй буюу хохирогч В.Б-н мэдүүлэгт “...унтаж байтал нүүр рүү хүн өшиглөхөөр нь хартал Н.Н- байсан...” гэж /хавтаст хэргийн 7 хуудас/ мэдүүлсэн, яллагдагчаар Н.Н-ын өгсөн мэдүүлэгт “...Б-г унтаж байхыг олоод ...суга доогуур нь өшиглөх гэж байгаад нүүр рүү нь өшиглөсөн...” гэж /хавтаст хэргийн 60 хуудас/ мэдүүлсэн, мөн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлтийн тогтоох хэсгүүдэд “...хохирогч В.Б-ыг унтаж байхад нь хөлөөрөө өшиглөн зодож ...хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэж дүгнэсэн атлаа шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийг дүгнэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн...” эсэхийг буюу хохирогч бие махбодын болон сэтгэцийн хувьд өөрийгөө хамгаалах, түүнчлэн гэмт этгээдэд идэвхтэй эсэргүүцэл үзүүлэх чадвартай байсан эсэхийг гүйцэд шалгаж дүгнэлгүй орхигдуулсан байна.

Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана...” гэж, 2 дахь хэсэгт “...Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно...” гэж тус тус заасан бөгөөд шүүх хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн өөрчлөх боломжгүй буюу дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр хэргийг прокурорт буцаах нь зүйтэй байна” гэж дүгнэн яллагдагч Н.Н-т холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр  Хэнтий аймгийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагчид авсан хувийн баталгаа гаргах таслан  сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Яллагдагч Н.Н- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Тухайн үед хохирогч Б- нь намайг очиход сэрүүн газар хэвтчихээд надад эрхлээд босохгүй байхаар нь өшиглөсөн юм. Б- намайг ирээд явъя гэж хэлснийг мэдэж байсан, босож өгөхгүй маяглаад байхаар нь би нүүр рүү нь өшиглөсөн юм. Иймд хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийдвэрлэж өгнө үү” гэв. 

 

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Нарангэрэл давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар Н.Н-ын гэм буруутайг нотолсон.

Хохирогч В.Б- “...унтаж байтал нүүр рүү хүн өшиглөхөөр нь хартал Н.Н- байсан, ...Н.Н- согтуу байсан миний миний архи гарчихсан байсан, ...Н.Н- бид хоёроос өөр хүн байгаагүй...” гэсэн /хавтаст хэргийн 7 хуудас/ мэдүүлгийг өгдөг.

Гэрч Б-н “...В.Б-гаас юу болсон талаар асуухад “....намайг Н.Н- зодсон, бид хоёр үхэрнээс болж маргаж тэрнээс болоод намайг зодсон гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 14 хуудас/,

 гэрч  Пү-н “....Н.Н- орж ирээд В.Б-гийн нүүр рүү өшиглөчихлөө, гадаа машинд унтаж байна гээд хүрээд ирсэн...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 22 хуудас/,

 гэрч А-н “...Н.Н- орж ирээд В.Б-г олчихлоо би нүүр рүү нь өшиглөчихлөө, В.Б- гадаа машинд сууж байна гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 26 хуудас/ зэргээр Н.Н- нь Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон.

 Хохирогч В.Б- болон гэрч нарын мэдүүлгүүдээр В.Б- нь унтаж байсан нөхцөл байдал тогтоогдоогүй, тухайн үед В.Б-г сэрүүн байсан.

Иймд анхан шатны шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Н.Н-т холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ яллагдагч Н.Н-ын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр түүнд холбогдох эрүүгийн хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Нарангэрэлээс  Н.Н-ын согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 03 дугаар сарын 06-ны өдөр В.Б-тай маргалдаж улмаар гэрийн гадаа унтаж байхад нь хөлөөрөө өшиглөн зодож, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

 Анхан шатны шүүх Н.Н-т холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад  заасан “...гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/-ыг бүрэн шалгаж шийдвэрлээгүй, энэ гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн эсэхийг буюу хохирогч өөрийгөө хамгаалах, гэмт этгээдэд эсэргүүцэл үзүүлэх чадвартай байсан эсэхийг гүйцэд шалгаагүй гэх үндэслэлээр хэргийг прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн байна.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад  хэрэгт нотолбол зохих байдлыг шалган тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан зохицуулалтын хүрээнд шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Өөрөөр хэлбэл шүүгчийн захирамжид заасан дээрх асуудлаар дахин мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагагүй бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтуудад тулгуурлан хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хохирогч, гэрч, яллагдагчийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудыг үнэлж, харьцуулан дүгнэж, яллагдагчийн гэм буруугийн асуудлыг талуудын мэтгэлцээнд үндэслэн нотлогдсон хэмжээнд дүгнэлт хийж  хэргийг шийдвэрлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчимд нийцнэ гэж үзлээ.

Иймд хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Анхан шатны шүүх шүүгчийн захирамжид “Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт...” гэж хуулийн нэрийг алдаатай бичсэн байх тул  цаашид  анхаарч ажиллахыг магадлалд дурдах нь зүйтэй байна.

 

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 2022/ШЗ/258 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Н.Н-т холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

 

2. Хэргийг шүүхэд очтол яллагдагч Н.Н-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Б.ДЭНСМАА 

 

                           ШҮҮГЧИД                                                Г.ТЭГШСУУРЬ

           

                                                                                            Г.БОЛОРМАА