Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 693

 

 

 

 

 

 

 

 

 

А.Х-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2020/00435 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч А.Х-ын хариуцагч Н.Ч-од холбогдуулан хохиролд 1 500 000 төгрөг гаргуулах иргэний хэргийг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Д нар оролцов.

 

Нэхэмжлэгч А.Х- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр өөрийн өмчлөлийн 39-29 УБ улсын дугаартай Кавасаки Нинжа 250 маркийн мотоциклоор Буянт-Ухаа чиглэлээс Сонсголонгийн зам руу орохоор Нисэхийн аюулгүйн тойрогт зөв эгнээ байр эзлэн шилжин ороод явж байтал 4 дүгээр эгнээ буюу аюулгүйн тойрогт шахаж явсан Тоёота Хариер маркийн машин гэнэт Яармагийн зам руу шилжиж намайг дайрч унагаж, улмаар зогсолгүйгээр хөдөлгөөнөө үргэлжлүүлж, Яармагийн замын хамгийн зүүн гар талын 4 дүгээр эгнээнд очиж зогссон. Уг зам тээврийн ослын зөрчил зохих журмын дагуу явагдаж осолд холбогдогч Н.Ч-ын буруутай гэдэг нь 100 хувь тогтоогдож, холбогдох акт, шийтгэврийн хуудас гарсан боловч уг этгээд нь элдэв арга мэх хэрэглэн бултан зайлж, хохирол барагдуулахгүй өнөөдрийг хүрсэн тул нэхэмжлэл гаргаж байна. Иймд үнэлгээгээр тогтоогдсон 1 295 000 төгрөг, эмчилгээний зардал болон бусад зардалд 205 000 төгрөг, нийт 1 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Н.Ч-ын шүүхэд гаргасан хариу тайлбарыг дэмжиж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 3 дугаар сарын 12-нд Хан-Уул дүүргийн Буянт Ухаа орчмын хэсэгт аюулгүйн тойрогт А.Х- нь өөрийн эзэмшлийн мотоциклоор замын хөдөлгөөний дүрмийг зөрчин миний унаж явсан автомашиныг ирж мөргөсөн болно. Тухайн үед Хан-Уул дүүргийн Замын цагдаад ослын талаар дуудлага өгч, ахмад Б.Мөнхдалай хэргийн газарт үзлэг хийсэн боловч хэргийн газрыг буруу зуран дараагийн шатны мөрдөн байцаагч ахмад Х.Эрдэнэтуулд шилжсэн. Үйл явдлын талаар болсон бүх зүйлийг амаар тайлбар өгсөн боловч мөрдөн байцаагч мэргэжлийн ур чадвар гаргалгүй, нэг талыг барьж, сайн судлалгүй яаруу сандруу өөрийн үзэмжээр дүгнэлт гарган, намайг гэм буруутайгаар шийдвэр гаргасан болно. Ахмад Х.Эрдэнэтуулын дүгнэлттэй миний санал нийлээгүй тул удирдах байгууллагуудад гомдол гаргасан болно. А.Х- нь үйл явдал эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад цагдаагийн гаргасан дүгнэлтийн дагуу 1 500 000 төгрөгийн хохирол нэхэмжилж шүүхэд хандсан байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгчийн эцэг эх осол гарах үед байгаагүй байж байсан мэтээр худлаа ярьж, ноцтой гэмт хэрэгтэн мэтээр хүн гүтгэж байгаад гомдолтой байна. Нэхэмжлэгч нь гэнэт л машины урдуур орж ирээд осол болсон. А.Х-ын буруугаас зам тээврийн осол гарсан тул хохирлыг төлөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дүгээр зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Н.Ч-оос хохиролд 1 500 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А.Х-т олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 38 950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна.Осол болсон газрын зураг, мөрдөн байцаагч ахмад н.Энхтуул нь хэт нэг талыг баримтлан намайг хүчээр албадан шаардаж зэмлэн миний гаргасан ослыг хууль дүрэм мэдэхгүйг далимдуулан гарын үсэг зуруулсан./танилцуулаагүй/ Энэ хэрэгт буруутай гэж шийдвэр гаргаснаас болж 1 500 000 төгрөг надаас нэхэмжилсэн. Иймд Хан-Уул дүүргийн замын цагдаагийн хэлтсийн хэрэг бүртгэгч ахмад н.Энхтуулын гаргасан ослын дүгнэлтийг дахин гаргуулж өөрийнхөө гэм буруугүйг нотлуулмаар байна. Миний гаргасан замын хөдөлгөөний дүрмийн 10а-д зааснаар дүгнэх ёсгүй хуулийн зөвлөмж авсан болно гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

            Нэхэмжлэгч А.Х- нь хариуцагч Н.Ч-од холбогдуулан гэм хорын хохиролд нийт 1 500 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, зам тээврийн осол гарсанд буруугүй гэж маргажээ.

 

            Талууд 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 17 цаг 15 минутын үед Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Нисэхийн аюулгүйн тойрогийн замд зам тээврийн осол гарсан үйл баримтын талаар маргаагүй, харин гэм буруугийн талаар маргажээ.

 

            Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ “нэхэмжлэгчийн буруутай үйлдлээс болж зам тээврийн осол гарсан, үүнтэй холбоотой гомдол гаргасан нь шийдвэрлэгдээгүй байгаа” гэж тайлбарлаж байх боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.

 

            Дээрх зам тээврийн осол хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас гарсан болох нь хэрэгт авагдсан Замын Цагдаагийн албаны Хан-Уул дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 0015608 дугаартай Шийтгэлийн хуудас, мөн өдрийн шинжээчийн дүгнэлт, зам тээврийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн 10-11, 100-101, 111 дүгээр тал/

 

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн эрүүл мэндэд гэм хор учирсан болох нь тогтоогдож байх тул хариуцагч нь уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

 

            Зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. /хэргийн 96-97 дугаар тал/ Хэрэгт суга таяг авсан 45 000 төгрөг, компьютер томографийн шинжилгээ хийлгэсэн 340 000 төгрөг, нийт 385 000 төгрөгийн зардал гарсан баримт авагдсан байх боловч нэхэмжлэгч эмчилгээний зардал болон бусад зардлыг 205 000 төгрөг гэж хариуцагчаас шаардсан хэмжээнд шүүх тооцсон нь зөв.

 

            Нэхэмжлэгч А.Х-ын эзэмшлийн Кавасаки маркийн 39-29 УБ дугаартай мотоциклд учирсан хохирлын хэмжээг 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдөр “Хас үнэлгээ” ХХК-аас 1 295 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ нь тээврийн хэрэгсэлд учирсан шууд ба шууд бус зардал, засварлах үнэлгээ байх ба мотоциклыг засварлаагүй гэж тайлбарлаж байх тул хариуцагч нь хохирлыг Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар мөнгөн хэлбэрээр арилгах үүрэгтэй. Уг үнэлгээг үгүйсгэсэн баримтыг хариуцагч шүүхэд гаргаагүй байна.

            Иймд шүүхээс нэхэмжлэгчийн эд хөрөнгөд учирсан хохирлыг “Хас үнэлгээ” ХХК-ийн 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн үнэлгээгээр буюу 1 295 000 төгрөгөөр тооцож, харин эрүүл мэндэд учирсан хохиролд 205 000 төгрөг нийт 1 500 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасанд нийцжээ.

 

            Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд зааж буй үндэслэл баримтаар нотлогдохгүй байх тул хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2020/00435 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38 950 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                    ШҮҮГЧИД                             Ч.ЦЭНД

 

                                      С.ЭНХТӨР