Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 2022/ДШМ/51

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 06 сарын 30-ны өдөр                    2022/ДШМ/51                               Хэрлэн сум

 

Д-Д-ид холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

 

226/2022/0051

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Г.Тэгшсуурь, Б.Дэнсмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,

Прокурор Ж.Батбаатар,

Яллагдагч Д-Д-,

Яллагдагчийн өмгөөлөгч Б.Төгсбаяр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Довчинсүрэн нарыг оролцуулан,

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 2022/ШЗ/270 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэвийн бичсэн эсэргүүцлээр Д-Д-ид холбогдох эрүүгийн 2139000000317 дугаартай хэргийг 2022 оны 06  дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Дэнсмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Яллагдагч Д-Д- нь 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Хэнтий аймгийн Баян-Адарга сумын 3 дугаар багийн нутаг “Х” гэх газар Д.Э-ын өвөлжөөнөөс 34 ширхэг шинэс модыг машин механизм ашиглан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Д.Э-од 4.420.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэвээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: 1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 70 дугаартай шүүгчийн захирамжийн 2 дахь заалтад “...Мөрдөгч хэргийн газрын үзлэг /хх-ийн 20-21 тал/  хийхдээ хэдэн тооны мод үлдсэн, хэдэн мод байсан, түүний ул мөр байгаа эсэх зэргийг гүйцэд тодруулаагүй ...түүнчлэн хэрэг гарсан гэх газар болон шүүгдэгчийн тухайн үед оршин сууж байсан газар, өвөлжөө зэргийн байршил, хоорондын зайг тодруулж хэрэгт хавсаргах...” талаар даалгасан байхад гүйцэд шалгаагүй байх тул мөрдөгч С.О-с дээрх байдлыг тодруулах,

 

2. Мөн захирамжийн 3 дахь заалтад “...Гэрч Г.Б-ын мэдүүлэгт: “...3 залуу өвөлжөөн дээр мод хөрөөдөж байсан. Би тэр залууст хандан юу хийж байгаа юм, энэ та нарын мод юм уу гэхэд огт юм дуугараагүй ...би машин болон хүмүүсийн зургийг нь дарж аваад явсан...” /хх-н 102 тал/ гэж дурдагдсан, мөн С.О-н гэрчээр өгсөн мэдүүлэгт: “...түлээний модонд “Х“ гэх газарт очиход айлын өвөлжөө таарсан. Өвөлжөөний саравчны ард бүдүүн урт моднууд байсан. Машин шаварт суучих гээд хий эргээд байсан, тэгтэл Д-Д- ах модноос ач гэхээр ачсан. Бүдүүн урт байшингийн мод гэмээр бөөрөнхий моднууд байсан. Бид хэд хоорондоо ярилцаж байгаад ачсан..” гэж /хх-ийн 98 тал/  мэдүүлсэн байхад яллагдагч нарын мэдүүлэгт хөтлөгдөн хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй /түлээний модонд явсан хүмүүс гэнэт өөр мод ачсан нь эргэлзээтэй/ байх тул дахин шалгах ...бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн эсэх байдлыг дахин шалгаж шаардлагатай бол яллагдагчаар татах...” талаар тусгасан байхад гүйцэд шалгаагүй,

 

3. Мөн захирамжийн 4 дэх заалтад “...Шүүгдэгч нар нь нэг машинд мод ачсан гэж мэдүүлсэн тул тухайн /хх-19 тал дахь зураг дээр байгаа/ машинд хэдий хэмжээний мод ачих боломжтойг тодруулах, шаардлагатай бол туршилт, хэмжилт хийх...” талаар даалгасан байхад мод нь байгаагүй гэх байдлаар шүүгчийн захирамжид заагдсан ажиллагааг дутуу хийсэн байх тул уг машины тэвшний эзлэхүүн болон ачсан гэх модны хэмжээг нарийвчлан шалгаж, харьцуулан туршилт явуулах,

 

4. Мөн захирамжийн 8 дахь заалтад “...Шүүгдэгч, яллагдагч нарыг гэрчээр асуухад гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл буюу хулгайлсан гэх моднууд Д-Д-ийн өвөлжөөн дээр байгаа талаар мэдүүлсэн байхад үзлэг хийж хурааж аваагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байгаа бөгөөд шүүгдэгчид эд хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ хэрэглэх нөхцөл байдал үүсч болзошгүй байгаа тул түүний эд хөрөнгийг тодруулж битүүмжлэх...” гэж заасан байхад хөрөнгийг нь олж битүүмжлээгүй байгаа тул уг ажиллагааг нэмж хийх, хулгайлсан гэх моднуудыг үнэлүүлж хэрэгт хавсаргах зэрэг ажиллагаануудыг хийлгүүлэхээр яллагдагч Д-Д-ид  холбогдох 2139000000317 дугаартай хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр Хэнтий аймгийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч Д-Д-ид авсан хувийн баталгаа гаргах таслан  сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэв давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: “Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Шүүгчийн захирамжийн тодорхойлох нь хэсэгт “...Мөрдөгч хэргийн газрын үзлэг хийхдээ хэдэн тооны мод үлдсэн, хэдэн мод байсан, түүний ул мөр байгаа эсэх зэргийг гүйцэд тодруулаагүй ...түүнчлэн хэрэг гарсан гэх газар болон шүүгдэгчийн тухайн үед оршин сууж байсан газар, өвөлжөө зэргийн байршил, хоорондын зайг тодруулж хэрэгт хавсаргах...” талаар даалгасан байхад гүйцэд шалгаагүй байх тул мөрдөгч Отгонбаяраас дээрх байдлыг тодруулах гэжээ.

Мөрдөгч, цагдаагийн хошууч цолтой Э хэргийн газрын нөхөн үзлэг хийхдээ хэдэн тооны мод үлдсэн, хэдэн мод байсан, түүний ул мөрний талаар, мөн хэрэг гарсан гэх газар болон шүүгдэгчийн тухайн үед оршин сууж байсан газар, өвөлжөө зэргийн байршил, хоорондын зай зэргийг хэргийн газрын нөхөн үзлэгийн тэмдэглэлд тусгасан байна /2 хавтаст хэргийн 11-16 хуудас/. Хэрэг гарсан газар, яллагдагчийн тухайн үед оршин сууж байсан газар /зуслан/, өвөлжөөний хоорондын зайг харуулсан схем зураг байдаг /2 хавтаст хэргийн 78 хуудас/.

“...Шүүгдэгч нар нь нэг машинд мод ачсан гэж мэдүүлсэн тул тухайн зураг дээр байгаа машинд хэдий хэмжээний мод ачих боломжтойг тодруулах, шаардлагатай бол туршилт, хэмжилт хийх...” талаар даалгасан байхад мод нь байгаагүй гэх байдлаар шүүгчийн захирамжид заагдсан ажиллагааг дутуу хийсэн байх тул уг машины тэвшний эзлэхүүн болон ачсан гэх модны хэмжээг нарийвчлан шалгаж, харьцуулан туршилт явуулах гэжээ.

Д-Д-ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх “Портер-2” маркийн тээврийн хэрэгсэлд хэдий хэмжээний мод ачих боломжтойг тодруулах зорилгоор мөрдөгч 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр мөрдөн шалгах туршилт, хэмжилт хийж гэрэл зургаар баримтжуулсан байна. Мөн яллагдагч Д-Д-ийн гэмт хэрэг үйлдэж олсон 34 модноос үлдсэн 15 модонд нэг бүрчлэн үзлэг, хэмжилт хийж, модны диаметрийг туршилтын тэмдэглэлд тусгасан байна.

Шүүгдэгч нь уг моднуудыг автомашины тэвшний уртад тааруулан тайрч богиносгон ачсан болох нь тогтоогдсон. Гэмт хэрэг үйлдэж олсон 34 тооны модноос үлдсэн 15 тооны модонд хэмжилт хийж, туршилтыг хийсэн байна. Зөрүү 19 тооны мод нь үрэгдсэн байх тул шүүгчийн захирамжид заасан “ачсан модны хэмжээнд харьцуулан туршилт явуулах” ажиллагааг өөрөөр хийх боломжгүй байх бөгөөд уг автомашины тэвшний эзлэхүүнийг тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдолгүй юм /2 хавтаст хэргийн 17-19 хуудас/.

            “...Шүүгдэгч, яллагдагч нарыг гэрчээр асуухад гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл буюу хулгайлсан гэх моднууд Д-Д-ийн өвөлжөөн дээр байгаа талаар  мэдүүлсэн байхад үзлэг хийж хурааж аваагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байгаа бөгөөд шүүгдэгчид эд хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ хэрэглэх нөхцөл байдал үүсч болзошгүй байгаа тул түүний эд хөрөнгийг тодруулж битүүмжлэх...” гэж заасан байхад хөрөнгийг нь олж битүүмжлээгүй байгаа тул уг ажиллагааг нэмж хийх, хулгайлсан гэх моднуудыг үнэлүүлж хэрэгт хавсаргах гэжээ. 

Мөрдөгч, цагдаагийн хошууч цолтой Э нэмэлт мөрдөн шалгах ажиллагаагаар Д-Д-ийн өвөлжөөн дээр үлдсэн гэх 15 ширхэг модонд үзлэг хийж, тус прокурорын газраас 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 15 дугаартай тогтоолоор уг моднуудыг Хэнтий аймгийн Баян-Адарга сумын 3 дугаар багийн нутаг “Д” гэх газар битүүмжилж, мөрдөгч Э-д хадгалах, хамгаалах үүргийг хүлээлгэсэн байна /2 хавтаст хэргийн 20-24 хуудас/.

Хулгайлагдсан гэх моднуудын үнэлгээг мэргэжлийн үнэлгээний компаниар гаргуулж хэрэгт хавсаргасан байна. Хөрөнгийн үнэлгээний “Ф” ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 2021/ШД-395 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 хавтаст хэргийн 137-139 хуудас/-ээр 34 тооны мод 1 ширхэг нь 130.000 төгрөг, нийт 4.420.000 төгрөгөөр үнэлэгдсэн байна.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.    

 

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатарт давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Д-Д-ийн машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэгт хохирлын хэмжээг тогтоох зорилгоор тээврийн хэрэгслийн эзлэхүүнийг тогтоолгохоор хэргийг прокурорт буцаасан. Хохирогч нар 34 ширхэг шинэс мод алдсан гэж тодорхой мэдүүлсэн, Д-Д- 34 ширхэг шинэс мод авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн учир хохирлыг дахин тогтоох шаардлагагүй, туршилт хийж өмнөх шүүгчийн захирамжид заагдсан ажиллагаа хийгдсэн гэж үзэж байна.

Мөн захирамжид заасан хэргийн газрын нөхөн үзлэг зэрэг тодорхой ажиллагаануудыг хийж баталгаажуулсан. Д-Д-ид холбогдох эрүүгийн хэргийг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэх боломжтой гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

 

Яллагдагчийн өмгөөлөгч Б.Төгсбаяр давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 70 дугаартай шүүгчийн захирамжид заасан ажиллагаануудыг мөрдөгч заалт нэг бүрээр гүйцэтгэж ажиллагаануудыг хийж хэрэгт хавсаргасан. 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 270 дугаартай захирамжаар өмнөх захирамжид заагдсан ажиллагааг дутуу хийсэн гэсэн үндэслэлээр нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн. Яллагдагч болон өмгөөлөгч миний зүгээс прокурортой нэг байр суурьнаас өнөөдрийн шүүх хуралдаанд оролцож байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэвийн бичсэн эсэргүүцлээр хязгаарлахгүйгээр Д-Д-ид холбогдох эрүүгийн хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэвээс Д-Д-ийн 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Хэнтий аймгийн Баян-Адарга сумын 3 дугаар багийн нутаг “Х” гэх газар Д.Э-ын өвөлжөөнөөс 34 ширхэг шинэс модыг машин механизм ашиглан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Д.Э-од 4.420.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 114 дугаартай яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх Д-Д-ид холбогдох эрүүгийн хэргийг 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хянан хэлэлцээд Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 2022/ЗШ/70 дугаартай ”Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийн 2, 3, 4, 8 заалтуудад заагдсан ажиллагааг бүрэн гүйцэд хийлгүүлэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.

 

“Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 2022/ЗШ/70 дугаартай ”Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийн 4 дэх заалтад “...Шүүгдэгч нар нь нэг машинд мод ачсан гэж мэдүүлсэн тул тухайн /хх-19 тал дахь зураг дээр байгаа/ машинд хэдий хэмжээний мод ачих боломжтойг тодруулах, шаардлагатай бол туршилт, хэмжилт хийх...” талаар даалгасан байхад мод нь байгаагүй гэх байдлаар шүүгчийн захирамжид заагдсан ажиллагааг дутуу хийсэн байх тул уг машины тэвшний эзлэхүүн болон ачсан гэх модны хэмжээг нарийвчлан шалгаж, харьцуулан туршилт явуулах, гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн эсэх байдлыг дахин шалгах” гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй байна.

 

Харин Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 2022/ЗШ/70 дугаартай ”Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийн 2, 3, 8 заалтуудад заасан ажиллагааг мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн  хийж хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд /2 хавтаст хэргийн 11-17 хуудас/, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, тэмдэглэл /2 хавтаст хэргийн 21-24 хуудас/, хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /2 хавтаст хэргийн 25 хуудас/, гэрч Ж.Г /2 хавтаст хэргийн 27-32 хуудас/, Л.Б /2 хавтаст хэргийн 34-36 хуудас/, Д.М /2 хавтаст хэргийн 37-38 хуудас/, Д.Б /2 хавтаст хэргийн 39-42 хуудас/, Д.Б /2 хавтаст хэргийн 43-46 хуудас/,  Б.М /2 хавтаст хэргийн 47-50 хуудас/, Н.Ц /2 хавтаст хэргийн 53-54 хуудас/ нарын мэдүүлгүүд, яллагдагч Д-Д-оос дахин мэдүүлэг авсан тэмдэглэл /2 хавтаст хэргийн 57-58 хуудас/, эд зүйлийг хүлээн авсан тухай тэмдэглэл /2 хавтаст хэргийн 59, 67, 73 хуудас/, ой цэвэрлэгээ хийх гэрээ /2 хавтаст хэргийн 60-66, 71-72 хуудас/, хэрэг гарсан газар, яллагдагчийн тухайн үед оршин сууж байсан газар /зуслан/, өвөлжөөний хоорондох зайг харуулсан схем зураг /2 хавтаст хэргийн 78 хуудас/, авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн лавлагаа /2 хавтаст хэргийн 84-85 хуудас/, Хөрөнгийн үнэлгээний “В” ХХК-ийн №ХЦ22-07 дугаартай дүгнэлт /2 хавтаст хэргийн 86-89 хуудас/ зэрэг нотлох баримтуудыг хэрэгт хавсаргасан байх тул анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 2022/ЗШ/270 дугаартай шүүгчийн захирамжийн 1, 2, 4 дэх заалтуудад заасан ажиллагааг нэмж хийх шаардлагагүй гэж үзлээ.

 

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэвийн бичсэн эсэргүүцлийн зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 2022/ШЗ/270 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэвийн бичсэн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 18 дугаартай эсэргүүцлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хэргийг прокурорт очтол яллагдагч Д-Д-ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Г.БОЛОРМАА 

 

                           ШҮҮГЧИД                                                Г.ТЭГШСУУРЬ

           

                                                                                            Б.ДЭНСМАА