Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 2022/ДШМ/52

 

 

 

 

 

 

 

 

 

2022оны 06 сарын 30-ны өдөр                        2022/ДШМ/52                             Хэрлэн сум

 

Н.А-од холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

 

226/2022/0052/Э

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч Г.Тэгшсуурь, Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,

Прокурор Ж.Батбаатар,

Шүүгдэгч Н.А-,

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Дүүриймаа, Д.Ганхуяг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Довчинсүрэн нарыг оролцуулан,

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 2022/ШЦТ/101 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.А-ын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2239000000126 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Н.А- нь 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 11.00 цагийн орчимд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Э” худалдааны төвийн өргөтгөлийн арын хашаанд орших Л.А-гийн гэрийн хаалгыг даруулж орхисон төмрийг унагаж ороод “Самсунг галакси А-71” загварын гар утсыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас Л.А-д 680.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Н.А-ыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус шийтгэж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Н.А- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тайлбартаа: “Миний бие үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, хохирогч А-д хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Би Хэнтий аймгийн Баянхутаг сумын иргэн Ж-д 6 жил туслах малчнаар ажиллаж байгаа бөгөөд хөдөлмөрийнхөө үр шимээр ээж, дүү нараа тэжээн тэтгэдэг. Иймд миний хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, мөн хуулийн 8.7 дугаар зүйлийг тус тус журамлан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч, надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Дүүриймаа давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “Н.А- нь гэмт хэрэг үйлдсэн гэмт буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг гар утсыг хүлээлгэн өгсөн, гар утасны үнэлгээ тогтоолгоход гарсан зардал 80.000 төгрөгийг өгсөн, хохирогч А 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр “гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэсэн бичгийг хийж өгсөн. Иймд Н.А-ыг гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг бүрэн арилгасан гэж үзэх үндэслэлтэй юм.

Мөн Н.А-ын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасны дагуу тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдлын хувьд 19 настай, төлөв даруу зантай, эрхэлсэн ажилдаа хариуцлагатай, туслах малчнаар ажиллаж ар гэрээ авч явдаг,бага насны 4 дүүтэй, ээж нь өрх толгойлсон эмэгтэй юм.

Шүүхээс түүнд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж хөнгөрүүлж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ганхуяг давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “Н.А- нь амьдралын шаардлагаас сургууль завсардаж гараад ээжтэйгээ хөдөө мал маллаж амьдардаг,туслах малчнаар ажиллаж гэр бүлээ тэжээдэг. Н.А- гэмт хэрэг үйлдэх үедээ 18 нас 08 сартай байсан, 21 насанд хүрээгүй өсвөр насны хүн юм.  

Н.А-ын гэмт хэрэг үйлдэх үедээ өөрийн үйлдлийг ухамсарлах чадваргүй өсвөр насны хүн байсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

 

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатар давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Н.А- нь хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан гэмт хэрэгт холбогдсон. Анхан шатны шүүх Н.А-ын тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар түүнд 1 жил 6 сарын хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс дахин ял хөнгөрүүлэхээр гомдол гаргаж байгаа нь шударга ёсны зарчимд нийцэхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ шүүгдэгч Н.А-ын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Н.А- нь 2022 оны 03 дугаар сарын 05-ны 11.00 цагийн орчимд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Л.А-гийн гэрийн хаалгыг даруулж орхисон төмрийг унагаж ороод, “Самсунг галакси А-71” загварын гар утсыг хулгайлж 680.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 02 хуудас/,

 

- Хохирогч Л.А-гийн өгсөн: “...Миний бие нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг “Э” худалдааны төвийн өргөтгөлийн арын хашаанд нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг. 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 10.00 цагийн орчимд охин О-ын хамт гэрээсээ гарч явсан. Бид хоёрыг явахад нөхөр, хүү хоёр унтаж байсан болохоор гэрийнхээ хаалгыг гаднаас нь түгжилгүй төмөр гишгүүр босгож тавиад орхисон. Намайг 11 цаг 30 минутын орчимд гэртээ ирэхэд хаалганы гадна түшүүлж тавьсан төмөр байхгүй байхаар нь нөхөр, хүү хоёрыг сэрсэн байх гэж бодоод гэртээ ороход унтаж байсан. Удалгүй хүү маань сэрээд утсаа хайж эхэлсэн. ...Би 2021 оны 09 сарын сүүлчээр “Э” худалдааны төвийн гар утасны лангуунаас “Самсунг галакси А-71” загварын гар утсыг 730.000 төгрөгөөр худалдаж авсан. Цайвар цэнхэр өнгөтэй, өнгөгүй кейстэй, ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй. Би өөрийн алдагдсан гар утсаа зах зээлийн ханшаар үнэлнэ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7-8 хуудас/,

 

- Гэрч Б.Б-н өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 05-ны өдөр эхнэр, охин хоёр гадуур гарахдаа хүү, бид хоёрыг унтаж байсан болохоор гэрийн хаалгыг гаднаас нь төмрөөр даруулаад орхисон байсан. ...эхнэр, охин хоёрыг орж ирэхэд нь хүү бид хоёр сэрсэн. Удалгүй манай хүү миний гар утсаа хайж эхэлсэн. Эхнэр утсыг дээш нь тавиад, хаалганы гаднаас төмрөөр даруулаад орхисон, ирэхэд хаалга даруулсан төмөр унасан байхаар нь та хоёрыг гарсан юм байна гэж бодсон гэж хэлэхээр нь цагдаагийн байгууллагад хандсан. Хүү бид хоёр эхнэрийг ирэхэд сэрсэн, бид хоёр гараагүй. Манай гэрт хүн орж ирсэн эсэхийг мэдээгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12 хуудас/,

 

- Гэрч Г.У-н өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 11.00 цагийн орчимд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Э” худалдааны төвийн баруун талаар хойшоо гараад явж байтал “Э” худалдааны төвийн өргөтгөлийн арын хашаанд байдаг гэрээс Н-н том хүү нь гараад хойд зүг рүү явсан. Тэр хүүг А  гэдэг. Аа миний урд алхаж байхдаа гар утсаар оролдож байгаад сим карт бололтой нэг жижигхэн зүйлийг Баазын дэлгүүрийн ойролцоо хаясан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16 хуудас/,

 

- Хөрөнгийн үнэлгээний “Ф” ХХК-ийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 2022/ШД-63 дугаартай “...Самсунг галакси А-71 загварын гар утасны зах зээлийн үнэлгээ 680.000 төгрөг байх боломжтой...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 26-28 хуудас/,

 

- Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 33 хуудас/,

 

- Эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 34 хуудас/,

 

- Яллагдагч Н.А-ын өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 05-ны өдөр ...”Э” худалдааны төвийн ард байх Б ахтай уулзахаар очтол гэрийн хаалгыг нь төмрөөр даруулсан байсан. ...төмрийг нь унагаад гэрт нь ороход 2 хүн унтаж байсан. ...би газраар унтаж байсан хүний гар утсыг аваад гарсан. Гар утасны сим картыг нь авч хаяад дахин сэргээх үйлдэл хийсэн. Өөр байдлаар ашиглаагүй, эвдэлж гэмтээгээгүй. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 44-45 хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.

 

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн хуулийн шаардлагад нийцжээ.

 

Шүүгдэгч Н.А-ын 2022 оны 03 дугаар сарын 05-ны 11.00 цагийн орчимд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Л.А-гийн гэрийн хаалгыг даруулж орхисон төмрийг унагааж ороод, “Самсунг галакси А-71” загварын гар утсыг хулгайлж 680.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан” гэмт хэргийн шинжийг хангасан байна.

 

 Иймд шүүгдэгч Н.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв байна.

 

Шүүгдэгчял хөнгөрүүлэх” агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Шүүгдэгч Н.А-ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хулгайлсан гар утсыг хохирогчид буцааж өгснөөр гэмт хэргийн улмаас учруулсан 680.000 төгрөг хохирол төлөгдсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн болон ар гэрийн байдал, хохирогчийн зүгээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн хүсэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар тухайн зүйл, хэсэгт заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй буюу 1 жилийн хорих ялыг оногдуулах боломжтой гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иймд шүүгдэгчийн “ял хөнгөрүүлэх” агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, бусад заалтуудыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр 1 дэх хэсгийн 1.5, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 2022/ШЦТ/101 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн

 

- 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Н.А-ыг 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус шийтгэсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Н.А-ыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэж,

 

- 3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А-од оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А-од  оногдуулсан  1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.  

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А-ын нарын цагдан хоригдсон 59 /тавин ес/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулж тооцсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Б.ДЭНСМАА

 

                           ШҮҮГЧИД                                     Г.ТЭГШСУУРЬ

 

                                                                                  Г.БОЛОРМАА