| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жагарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 182/2024/03659/И |
| Дугаар | 182/ШШ2024/03110 |
| Огноо | 2024-07-22 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 182/ШШ2024/03110
| 2024 07 22 | 182/ШШ2024/03110 |
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:Х тоот хаягт оршин суух Олгон овогт Г-н Ж /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ч хаягт байрлах ******* ХХК /РД:*******/-д холбогдох,
6 922 600 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А,
Хариуцагчийн төлөөлөгч Б.Г,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түмэнхүслэн.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Г.Ж-с шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ю ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан ахлах менежер Ц.С-с мэдээлэл аван холбогдож, мэдээллийн дагуу бид харилцан тохиролцон, 2022 оны 11 дүгээр сараас эхлэн Европын ажлын гэрээний хөтөлбөрийн үйлчилгээ үзүүлэх тухай 4622 тоот гэрээг 2023 оны 01 дүгээр сард ээж Ц.А нь намайг төлөөлөн гэрээг байгуулсан болно...
Бид алс хэтээ харж, амьдрал ахуйгаа дэмжих зорилгоор Норвеги улс руу явж, ажиллах тал дээр ах дүү хамаатан садангаараа нэгдэн, Норвеги улсын Элчин сайдын яам Монголд байхгүй тул энэ газарт холбогдох баримт материалыг 2022 оны 11 дүгээр сараас 2023 оны 01 дүгээр сардаа багтаан, тухайн газрын зүгээс шаардсаны дагуу бүрдүүлэн өгсөн байдаг. Гэрээ байгуулахад тухайн газрын нэр дээрх Б бакны 8 тоот дансанд ...2 удаагийн шилжүүлгээр ...6 922 600 төгрөгийг шилжүүлсэн. Энэ нь ажил олгогчоос урилга ирээд виз гарах хүртэл үйлчилгээний зардал-д хэмээн шилжүүлсэн ба цаашид Норвеги улсад ажиллах 1-2 жилийн хугацаанд ажиллах гэрээний төлбөрийг бүрэн төлсөн.
Тухайн үед еврогоор тооцсон ба тэр өдрийн Богд банкны ханшаар бодон төгрөгт шилжүүлэн авсан байдаг. Мөн хамаатан садан нийлсэн 5 нэр бүхий залуучуудыг ажилд зуучлах гэрээгээр үзүүлэх үйлчилгээний төлбөрийг бүрэн төлсөн боловч бид одоо хүртэл хариу аваагүй байгаа... Энэ бүх хугацаанд бид 2 ч удаа гэрээгээ сунгасан. Гэвч одоог хүртэл гэрээнд заагдсан ажил үйлчилгээг бидэнд үзүүлээгүй, өдий хүртэл хариу өгөөгүй... өдийг хүрсэн...Иймд бид асуудал шийдвэрлэгдэхгүй удсан, ажил үйлчилгээний талаар тайлан баримт нотолгоог бидэнд өгөөгүй, төлбөрт тохирсон, гэрээнд заагдсан үйлчилгээг бидэнд үзүүлээгүй, үйлчилгээг үзүүлэх гэрээний хугацаа дуусаж, гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тул гэрээг байгуулахад ажил үйлчилгээний зардалд өгсөн 6 922 600 төгрөгийг гаргуулан өгч, биднийг хохиролгүй болгож өгнө үү. гэжээ.
2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч талын зүгээс нэхэмжлэлийн үнийн дүнгээс 922 600 төгрөгөөс татгалзаж, үлдэх 6 000 000 төгрөгийг 2024.10.01-ний өдөр гэхэд хариуцагч төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, талууд харилцан тохиролцсон.
Бид сайн дурын үндсэн дээр эвлэрлийн гэрээ байгуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Хуульд заасан үр дагаврыг ойлгосон тул гомдолгүй. гэв.
3.Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ю ХХК-ийг төлөөлж, үйлчлүүлэгч Г.Ж-ын нэхэмжилсэн 6 922 600 төгрөгийн үнийн дүнгээс 922 600 төгрөгийг нэхэмжлэгч татгалзаж, манай зүгээс 6 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд 2 хувааж төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.
Цаашид ямар нэг маргаан байхгүй, хуульд заасан эрх үүрэг, үндэслэлийг бүрэн ойлгосон болно. гэжээ.
4.Зохигчдын хооронд байгуулсан Эвлэрлийн гэрээ-нд:
Г.Ж-н нэхэмжлэлтэй, Ю ХХК-д холбогдох 6 922 600 төгрөг гаргуулах тухай хэрэгт дараах байдлаар эвлэрлийн гэрээ байгуулав.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үнийн дүн 6 922 600 төгрөгөөс 922 600 төгрөгөөс татгалзсан. Нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6 000 000 төгрөгийг хариуцагч Ю ХХК нь 2024.10.01-ний өдрийн дотор төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, талууд харилцан тохиролцож, сайн дурын үндсэн дээр эвлэрлийн гэрээ байгууллаа. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Хуульд заасан үр дагаврыг ойлгосон болно. гэжээ.
5.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, төлөөлөгчид олгосон итгэмжлэл, Ц.А-н иргэний үнэмлэхийн хуулбар, бүртгэлийн 1 дугаартай гэрлэсний бүртгэлийн гэрчилгээ, талуудын хооронд 2023.01.02-ны өдөр байгуулагдсан 4622 дугаар Европын ажлын гэрээний хөтөлбөрийн үйлчилгээ үзүүлэх гэрээ, депозит дансны хуулга зэргийг, хариуцагч талаас төлөөлөгчид олгосон итгэмжлэлийг тус тус шүүхэд гаргасан болно.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Ж нь хариуцагч Ю ХХК-д холбогдуулан нийт 6 922 600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 922 600 төгрөгийг татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 6 000 000 төгрөгийг хариуцагч Ю ХХК нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцсон нь зохигчдын тайлбар, тэдний байгуулсан эвлэрлийн гэрээ зэргээр нотлогдсон байна.
Зохигч талуудын эвлэрэл нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд бөгөөд хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 125 712 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ю ХХК-иас 110 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Ж-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Г.Ж-н нэхэмжлэлтэй, Ю ХХК-д холбогдох 6 922 600 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 922 600 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Ю ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6 000 000 төгрөгийг 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөхөөр талууд харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг зохигчдод мэдэгдсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 125 712 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ю ХХК-иас 110 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Ж-д олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА