Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 2022/ДШМ/53

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 06 сарын 30-ны өдөр                        2022/ДШМ/53                             Хэрлэн сум

 

А.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

 

226/2022/0053/Э

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч Г.Тэгшсуурь, Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,

Прокурор Б.Нарангэрэл,

Шүүгдэгч А.Б-,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Болортунгалаг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Уугантуяа нарыг оролцуулан,

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг даргалж, шүүгч Р.Батбаяр, Э.Одхүү нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 2022/ШЦТ/107 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Болортунгалагийн гаргасан давж заалдах гомдлоор А.Б-д холбогдох эрүүгийн 2239000000130 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч А.Б- согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 02 дугаар сарын 28-ны шөнө 23-00 цагийн орчимд Ц.Б-ы гэрт түүний 6 настай охин болох хохирогч Б.М-ын толгойтой үснээс барьж үүдний довжоо руу цохиж, зодож түүний эрүүл мэндэд нь баруун чамархай яс, дус ясны хугарал, хамрын ясны далд хугарал, мурийлт, тархи доргилт, духны дунд хэсэг, духны зүүн дээд хэсэг, духны баруун хэсэг, баруун хацар хэсэг, хамрын нуруу хэсэг, дээд уруулын дунд хэсэг, хүзүүний зүүн хажуу урд хэсэг, цээжний зүүн хажуу урд доод хэсэг, баруун, зүүн өвдөгний дотор хэсгүүдийн зулгаралт, духны дунд болон духны баруун, зүүн хэсгүүд, баруун, зүүн нүдний дээд, доод зовхины хэсгүүд, баруун, зүүн хацар хэсгүүд, хамрын нуруу хэсгүүдийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад заасан “хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Нарангэрэлээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч А.Б-г хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Болортунгалаг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тайлбартаа: “А.Б- нь өөрийн үйлдсэн гэмт хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн хүлээн зөвшөөрч насанд хүрээгүй хохирогчийн эмчилгээний зардал болон цаашид гарах эмчилгээний зардлыг сайн дурын үндсэн дээр төлсөн ба хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгчийн зүгээс гомдол санал, цаашид нэхэмжлэх зүйл байхгүй болохоо шүүхэд илэрхийлсэн юм.

А.Б-гийн үйлдсэн гэмт хэрэг нь ахуйн хүрээнд архидан согтуурсны улмаас өөрийн үйлдлийн бодит хор уршгийг ойлгон ухамсарлах чадваргүй болж тухайн нөхцөл байдалд бага насны хүүхэд зодож буйгаа ямар нэгэн амьтантай ноцолдож байна гэж буруугаар төсөөлсөн нь уг гэмт хэргийг гарахад нөлөөлсөн байдаг. Энэ талаар өөрийн тухайн үед мэдэрч байсан нөхцөл байдлыг мөрдөн байцаалтын явцад болон шүүхэд мэдүүлж өөрийн үйлдэлдээ гэмшиж байгаагаа илэрхийлсээр ирсэн.

А.Б-гийн хувьд ам бүл 8, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг бөгөөд хэрэгт холбогдохын өмнө өөрийн эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж сумын аварга ажилтан, байгууллагын шилдэг ажилтнаар шалгарч байсан ба нутгийн иргэдийн дунд нэр хүндтэй, аливаа зүйлд чин сэтгэлээсээ ханддаг зэрэг нь хувь хүний хувьд А.Б-г ямар хүн бэ гэдгийг тодорхойлж байгаа юм.

Гэмт хэрэг үйлдсэн хэн ч эрүүгийн хариуцлага хүлээх нь гарцаагүй боловч түүний гэмт хэрэг үйлдэх болсон нөхцөл байдал, холбогдсон гэмт хэрэгтээ гэмшиж харамсаж гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байдал болон хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх заалтад зааснаар хорих ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулж уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч А.Б- давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Ар гэрийн нөхцөл байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхээс надад оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

 

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Нарангэрэл давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Шүүгдэгч А.Б- согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 02 дугаар сарын 28-ны шөнө 23-00 цагийн орчимд Ц.Б-ы гэрт түүний 6 настай охин болох хохирогч Б.М-ын биед хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад заасан “хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон.

Анхан шатны шүүх шүүгдэгч А.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэсэн бөгөөд түүний согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ танхайрах гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, өмнө уг гэмт хэрэгт шийтгүүлж байсан зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага оногдуулсан байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн гэсэн байдлаар ял хөнгөрүүлэх гомдол гаргаж байна. Прокурорын зүгээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол арилаагүй гэж үзэж байна. Учир нь уг гэмт хэргийн улмаас хүний биед хүнд гэмтэл учирсан. Шүүгдэгч зөвхөн гэм хорын хохирлыг барагдуулсан. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж байна. Шүүгдэгчийн санаатай үйлдлийн улмаас уг гэмт хэрэг үйлдэгдсэн. Анхан шатны шүүх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хэм хэмжээнд нийцүүлэн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор ял оногдуулсан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж тус тус заасан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Болортунгалагийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Нарангэрэлээс А.Б-гийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 02 дугаар сарын 28-ны шөнө 23-00 цагийн орчимд Ц.Б-ы гэрт түүний 6 настай охин болох хохирогч Б.Б.М-ын толгойтой үснээс барьж үүдний довжоо руу цохиж, зодож түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч А.Б-г хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

 

Хэргийн үйл баримтын талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуулийн шаардлагад нийцээгүй, шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Мөрдөгч, прокурор нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй ба мөн зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийн бодит байдлыг нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох үүргээ хэрэгжүүлсний эцэст хэргийг шүүхэд шилжүүлж,  шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлүүлэх ёстой.

 

Гэтэл А.Б-д  холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдээгүй байна. Тухайлбал:

 

- хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б-ы “...эхнэрийн хамт гэр рүүгээ орох гэтэл гэрийн үүдэнд хаалга дэлгэчихсэн, манай охин Б.М-ыг А.Б- нь модон довжоон дээр доош нь харуулаад толгойг нь дарчихсан, өөрөө газар хөлөө жийгээд суучихсан, нэг гараараа үснээс нь барьчихсан, үүдний довжоо руу цохиж байсан. Тэгэхээр нь би сандарч очоод А.Б-г 1 удаа өшиглөөд охиноо тэврээд дүүгийнхээ гэр рүү зугтааж, манай бэр дүү Шинэсаруул эмнэлэг цагдаа дуудсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15 хуудас/,

 

-  гэрч А.О-н “...гэр рүүгээ гүйгээд очтол А.Б- нь манай гэрийн хаалгыг дэлгэчихсэн өөрөө газар хөлөө жийгээд, хөлөн дээгүүрээ манай охин М-г давуулж хэвтүүлээд үснээс нь зулгаагаад гэрийн модон довжоон дээр нүүрээр нь цохиж байсан. Тэгээд нөхөр бид 2 шууд очиж охиноо аваад дүүгийн гэр рүү гүйж эмнэлэг дуудсан. Тухайн үед А.Б- манай охины нүүрийг довжоон дээр цохингоо “аав ээж чинь хаана байна, ална” гээд орилоод байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36-37 хуудас/,

 

- Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны  2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 195 дугаартай “...Б.М-ын биед баруун чамархай яс, дус ясны хугарал, хамрын ясны далд хугарал, мурийлт, тархи доргилт, духны дунд хэсэг, духны зүүн дээд хэсэг, духны баруун хэсэг, баруун хацар хэсэг, хамрын нуруу хэсэг, дээд уруулын дунд хэсэг, хүзүүний зүүн хажуу урд хэсэг, цээжний зүүн хажуу урд доод хэсэг, баруун, зүүн өвдөгний дотор хэсгүүдийн зулгаралт, духны дунд болон духны баруун, зүүн хэсгүүд, баруун, зүүн нүдний дээд, доод зовхины хэсгүүд, баруун, зүүн хацар хэсгүүд, хамрын нуруу хэсгүүдийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх баруун чамархай яс, дух ясны хугарал бүхий гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарах ба бусад гэмтлүүд нь хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. Цаашид дээрх гэмтлүүд нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 52-54 хуудас/ зэргээс дүгнэхэд шүүгдэгч А.Б- согтуугаар, 6 настай охин Б.М-ыг цохиж, зодсоны улмаас шинжээчийн дүгнэлтэд дурдагдсан учрах үедээ амь насанд аюултай хүнд гэмтэл учирсан, хүүхдийг гэрийн модон довжоон дээр доош нь харуулаад толгойг нь дарчихсан, нэг гараараа үснээс нь барьж үүдний довжоо руу нүүрээр нь цохиж, үснээс нь зулгааж цохиж, зодсон А.Б-гийн үйлдлийг хүүхдийн эцэг Ц.Б- таслан зогсоож, хүүхдээ авч зугтаасан үйл баримт хэрэгт авагдсан байна.  

 

А.Б-гийн дээрх үйлдэлд хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж алахыг завдсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 -д заасан гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгах шаардлагатай байна.

 

Түүнчлэн шүүгдэгчийн сэтгэцийг байдлыг тогтоохоор шинжээч томилж шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагатай гэж үзлээ.

 

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдал буюу “1.1 гэмт хэрэг гарсан байдал, 1.3 гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр”-т хамаарна.

 

Мөрдөгч, прокурор нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй ба мөн зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийн бодит байдлыг нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох үүргээ хэрэгжүүлсний эцэст хэргийг шүүхэд шилжүүлж,  шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлүүлэх ёстой.

 

Дээрх ажиллагааг хийж гүйцэтгэснээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчим, зорилтод нийцэх юм.

 

Иймд А.Б-д холбогдох хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, эрүүгийн хэргийг Хэнтий аймгийн прокурорын газарт буцааж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 2022/ШЦТ/107 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож,  шүүгдэгч А.Б-д холбогдох эрүүгийн 2239000000130 дугаартай хэргийг Хэнтий аймгийн прокурорын газарт буцаасугай.

 

2. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч А.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

 

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Б.ДЭНСМАА

 

                           ШҮҮГЧИД                                     Г.ТЭГШСУУРЬ

           

                                                                                 Г.БОЛОРМАА