Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 182/ШШ2024/03124

 

 

 

 

 

 

 

2024 07 24

182/ШШ2024/03124

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С  тоот хаягт байрлах, А  ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ч  тоот хаягт байрлах, Б ХХК /РД: /-д холбогдох

 

Гэрээний үлдэгдэл төлбөрт 34 341 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Т.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч А ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь Б ХХК-тай 2021.11.10-ны өдөр Б/01 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ байгуулан Б-нд байрлах барилгын гадна тохижилтын ажлын ухмал хөрсийг зөөвөрлөх, даланд тохиромжтой материал нийлүүлэх зэрэг ухмал шороо зөөвөрлөхөд 1 рейс нь 66 000 төгрөг, даланд тохиромжтой материал 16 куб.м-с багагүй нь 132 000 төгрөг байхаар тохирсныг 2022.05.11-ний өдөр Нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ дахин байгуулан тухайн гэрээгээр үндсэн гэрээний 3 дугаар зүйлийн 3.б хэсэгт заасан даланд тохиромжтой материал 1 машин буюу 16 куб.м-с багагүй нь 132 000 төгрөг гэснийг 175 000 төгрөг болгож өөрчилсөн.

Мөн өдөр буюу 2022.05.11-ний өдөр Машин механизм түрээслэх гэрээ байгуулан гэрээгээр экскорватор /сэрээт ачигч/-ыг түрээслэгч талын Баянхошуунд байрлах барилгын гадна талын тохижилтын ажилд ашиглахаар ажлын 1 өдрийн 880 000 төгрөгийн төлбөртэй байхаар харилцан тохиролцсон байдаг.

Ийнхүү 2023.12.01-ний өдөр Б ХХК-ийн нягтлантай тооцооны үлдэгдлээ нийлж үзэхэд 34 341 000 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байсан ба үлдэгдлийг баталгаажуулан тооцоо нийлсэн акт үйлдсэн боловч өнөөдрийг хүртэл төлбөрөө төлөөгүй байна.

Иймд Б ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээ болон машин механизм түрээслэх гэрээний төлбөрийн үлдэгдэлд 34 341 000 төгрөгийг гаргуулж, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б ХХК-д холбогдох иргэний хэрэгт талууд эвлэрэн хэлэлцэхээр тохирсон. Ийнхүү эвлэрэхэд 2024.09.20-оос сар бүр 8 585 250 төгрөгийг 2024.12.20-ны өдөр хүртэл нийт 4 сарын хугацаанд төлж барагдуулахаар тохиров. Иймд талуудын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.

Хуульд заасан эрх үүрэг бүрэн ойлгож байгаа болно. гэв.

 

3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б ХХК-д холбогдох иргэний хэрэгт 34 341 000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, эвлэрлийн гэрээ байгуулсан болно.

Иймээс эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Эвлэрлийн үр дагаврыг бүрэн ойлгосон болно. гэжээ.

 

4.Зохигчдын хооронд байгуулсан Эвлэрлийн гэрээ-нд:

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан А ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б ХХК-д холбогдох иргэний хэрэгт дараах байдлаар эвлэрч байна. Үүнд:

1.Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 34 341 000 төгрөгийг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна.

2.Төлбөрийн 34 341 000 төгрөгийг 2024.09.20-ны өдрөөс эхлэн сар бүрийн 20-ны өдөр 8 585 250 төгрөгөөр 2024.12.21-ний өдрийн дотор 4 хувааж төлөхөөр тохиролцов.

3.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу төлнө.

4.Эвлэрсэнтэй холбоотой гарах хуульд заасан үр дагаврыг талууд бүрэн ойлгосон болно. гэжээ.

 

5.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, төлөөлөгчид олгосон итгэмжлэл, талуудын хооронд үйлдэгдсэн Тооцооны үлдэгдлийн баталгаа, талуудын хооронд 2021.11.10-ны өдөр байгуулагдсан Б/01 тоот Ажил гүйцэтгэх гэрээ, 2022.05.11-ний өдрийн 02 тоот Ажил гүйцэтгэх гэрээний нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, 2022.05.11-ний өдрийн 01 тоот Машин механизм түрээслэх гэрээ зэргийг, хариуцагч талаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, төлөөлөгчид олгосон итгэмжлэлийг зэргийг тус тус гаргасан болно.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч Б ХХК-д холбогдуулан нийт 34 341 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлага 34 341 000 төгрөгийг хариуцагч Б ХХК бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024.09.20-ны өдрөөс эхлэн сар бүрийн 20-ны өдөр 8 585 250 төгрөгөөр 2024.12.21-ний өдрийн дотор 4 хуваан төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцсон нь зохигчдын тайлбар, тэдний байгуулсан эвлэрлийн гэрээ зэргээр нотлогдсон байна.

Зохигч талуудын эвлэрэл нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд бөгөөд хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 329 655 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б ХХК-иас 329 655 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А ХХК-д олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. А ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б ХХК-д холбогдох нийт 34 341 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч Б ХХК нь нэхэмжлэлийн шаардлага 34 341 000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024.09.20-ны өдрөөс эхлэн сар бүрийн 20-ны өдөр 8 585 250 төгрөгөөр 2024.12.21-ний өдрийн дотор 4 хувааж төлөхөөр талууд харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2.Захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг зохигчдод  мэдэгдсүгэй. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 329 655 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б ХХК-иас 329 655 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А ХХК-д олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА