Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 2022/ДШМ/54

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 06 сарын 30-ны өдөр                        2022/ДШМ/54                        Хэрлэн сум

 

О.У-т холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

 

226/2022/0054

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Г.Тэгшсуурь, О.Баатарсүх нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,

Прокурор Б.Ганзориг, С.Нарангэрэл,

Шүүгдэгч О.У-,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Батбаяр /цахимаар/, Б.Нарангэрэл, Б.Жавхлан,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.А-,

Хохирогчийн өмгөөлөгч П.Амгаланбаатар /цахимаар/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Уугантуяа нарыг оролцуулан,

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг даргалж, шүүгч Э.Одхүү, Н.Ариунжаргал нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 2022/ШЦТ/98 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Жавхлан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.А- нарын гаргасан давж заалдах гомдлоор О.У-т холбогдох эрүүгийн 2139000000215 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч О.У- нь 2021 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 01-нд шилжих шөнө 00 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн “Б”-ын гэр хорооллоос ертөнцийн зүгээр баруун хойд талд талийгаач Ж.М-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүний толгой хэсэгт удаа дараа цохиж, улмаар дагзны хуйханд цус хуралт, их тархины суурь, баруун зүүн чамархайн дэлбэнгийн суурь, бага тархины аалзан хальсан доторх тархмал цус харвалт дух, зүүн дээд зовхи, 2 хөмсөгний гол хэсэг, хамарт цус хуралт бүхий шарх гэмтэл үүсгэж алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын орлогч прокурор Б.Ганзориг, хяналтын прокурор Б.Нарангэрэл нараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч О.У-ыг хүнийг алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ялаар  шийтгэж, оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.У-аас 10.616.336 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.А-д олгож, өмгөөлөгчийн хөлс 2.000.000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2.5 литрийн хуванцар пивоны сав, 0.75 граммын хоосон архины шил 2 ширхэг, шороо мэт зүйлээр бохирлогдсон цагаан өнгийн алчуур, цэнхэр өнгийн асаагуур, дотроо 12 ширхэг тамхитай тамхи, тамхины хайрцаг, ногоон өнгийн асаагуур, дотроо 11 ширхэг тамхитай тамхи, 0.75 граммын архины шил 2 ширхэг, сэнжтэй шаазан аяга 2 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.А- нь бусад хохирол зардлаа нотлох баримтуудаа хуульд заасан журмын дагуу бүрэн бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Жавхлан давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

- Хохирогчийн нас барсан цагийг улсын яллагч нар 00 цаг, анхан шатны шүүх 23 цагаас 23 цаг 30 минутын орчимд гэж тогтоосон,

Мөн улсын яллагч нар О.У- нь Ж.М-тай маргалдаж түүний толгой хэсэгт удаа дараа цохиж алсан гэж үзсэн.

Анхан шатны шүүх О.У- Ж.М-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний толгой хэсэгт цохиж алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн. Харин бусад гэмтлүүд болох зүүн дээд зовхи, 2 хөмсгөний гол хэсэг, хамарт цус хуралт бүхий шарх гэмтэлд ямар нэгэн дүгнэлт хийгээгүй. Мөн улсын яллагч нар болон анхан шатны шүүх шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон талийгаачийн “өвчүүний хугарал” гэмтэл аль аль нь дүгнэлт хийгээгүй болно. 

- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3, 1.6 дахь хэсэг заалтууд буюу “нотлогдвол зохих байдал бүрэн хангагдаагүй”.

Хэрэгт Л.Ц-н мэдүүлэг 3 удаа авагдсан. Мэдүүлгийн зөрүүнүүд нь анхны мэдүүлэгтээ буюу хэрэг болсны өглөө талийгаачийг О.У-т зодуулаад зүүн талаараа унасан, тэгэхээр нь очоод эхлээд хиймэл амьсгал хийсэн, дараа нь талийгаачийг урдаас нь тэвэрч сэгсэрсэн гэж, харин дараагийн мэдүүлгүүддээ буюу 1 сарын дараа өгсөн мэдүүлэгтээ  О нь “яаж байгаа юм бэ” гэж хашгирсан, тэгээд очиход талийгаач дээшээ хараад хэвтэж байсан, эхэлж очоод сэгсэрсэн, дараа нь хиймэл амьсгал хийсэн талаар мэдүүлдэг. Харин анхан шатны шүүх хуралдаан дээр талийгаачийг машины ард талд байсан, архийг талийгаач хундгалж байсан, талийгаач машины ард 2-3 алхамын зайтай байсан гэж мэдүүлдэг.  

 

Гэрч О.О-н мэдүүлэг 3 удаа авагдсан. Тэрээр 3 мэдүүлгээ маш зөрүүтэй өгсөн байдаг. Гэрч нэг л хүний нэг л үйлдлийг ярьж байгаа мөртлөө илт зөрүүтэй мэдүүлэг өгдөг. 

2021 оны 08 дугаар сарын 01-ний өдөр өгсөн эхний мэдүүлгүүд дээрээ О.У- нь талийгаачийн яг аль талын шанаа руу нь цохисон талаар хэлддэггүй, талийгаачийг шууд арагшаа савж унасан талаар мэдүүлдэг. 2021 оны 09 дүгээр сарын 08-нд өгсөн мэдүүлэгтээ талийгаачийг хаашаа унасныг мэдээгүй гэдэг, тэгээд дараа хамаг дүгнэлт гарч бүх гэрч нар асуугдсан хойно мэдүүлэгээ өгөхдөө зүүн талын шанаа руу цохиулж урагшаа унасан гэж мэдүүлсэн. Мөн талийгаачийн нүүрний шархнуудыг алчруураар арчихад газар унахдаа учирсан гэж хэлсэн. Анхан шатны шүүх хуралдааны шүүхийн хэлэлцүүлэгт асуултанд хариулахдаа талийгаач машины ард машинаас 2-3 алхамын зайтай зогсож байсан, О.У- талийгаачийн баруун талд нь зогсож байгаад зүүн шанаа руу нь 1 удаа цохисон, талийгаачийг чанх урагшаа өвдгөө нугалахгүй чигээрээ унасан гэж мэдүүлсэн...

 

Энэхүү эргэлзээтэй байдлыг улсын яллагч нар яллах дүгнэлтэд “толгойн хэсэгт цохисон” гэж ерөнхийд нь оруулж ирсэн. Толгойн аль хэсэгт нь цохисон юм. Үүнийг тогтоох нь цаашлаад талийгаачийг үхэлд хүргэсэн гэмтэл нь толгойн аль хэсэгт нь цохисоноос хамаарах эсэх, цаашлаад шинжээчийн дүгнэлтэд нөлөөлөхүйц ач холбогдолтой юм.

 

- Анх дуудлаганд очсон С эмч мэдүүлэг /хавтаст хэргийн 92-93 хуудас/  өгөхдөө “23 цаг 33 мин дуудлага ирсэн, анх очиход талийгаачийн нүүр тэр чигээрээ бөөлжис болсон, нүүр уруул нь тэр чигтээ хар хөх өнгөтэй болсон байсан” гэж мэдүүлдэг.

 

Гэтэл хэрвээ О.У- талийгаачийг цохисон бол энэ цагаас буюу 23 цаг 33 минут өмнө болсон асуудал яригдах байтал улсын яллагч нар 00 цаг гэж дүгнэсэн нь ойлгомжгүй. Харин анхан шатны шүүх дүгнэхдээ 23 цагаас 23 цаг 30 минут гэж дүгнэсэн. Энэ нь мөн л эмч С-н мэдүүлэгтэй тохирохгүй байна.

 

- О.У би цохиогүй гэж мэдүүлдэг. Гэрч нарын мэдүүлж байгаагаар О.У- нь талийгаачийг нэг цохисон асуудал байдаг. Гэтэл талийгаачид маш олон тооны гэмтэл шарх үүссэн байдаг. Шинжээч эмч дүгнэхдээ эдгээр гэмтлүүдийг нэг цаг хугацаанд учирсан гэмтэл гэж дүгнэдэг.

Хавтаст хэргийн 27 дугаар хуудаст гэрч Ц үзлэг хийсэн тэмдэглэлээр цамцны баруун энгэр, зүүн ханцуй, урд хэсэг цусаар бохирлогдсон, зүүн гарын шууны гадна талд шинэ зулгаралтай,

Хавтаст хэргийн 22 дугаар хуудасанд О.У-ын биед үзлэг хийхэд хүзүү, бөөр, сарвууны ар, булчингийн доод хөлийн өвдөг зулгаралтай. Энэ 3 эрэгтэйд ийм зулгарлууд байгаад энэ нэг цаг хугацаанд үүссэн юм бол хаанаас хэн яаж учруулав энэ нь талийгаачийн үхэлд хамаатай юу гэдэг байдлыг шалгаагүй. Мөн Ц-н подволк дээр байгаа цус хэний цус вэ? гэдгийг шалгаагүй.

 

- Гэрч О-н мэдүүлж буйгаар О.У- талийгаачийг нэг удаа цохисон, дараа нь талийгаач доошоо харж унасан юм бол талийгаач толгойн урд хэсгээрээ газарт буюу хатуу мохоо зүйлээр цохигдож унана.

Гэтэл талийгаачийг чанга урагш унах үед машин мөргөх боломжийг талийгаачийн биеийн өндөртэй харьцуулж хуулийн дагуу хийгдэх ажиллагаагаар бэхжүүлж, цаашлаад талийгаачийн нүүрэн дээрх гэмтлүүд ингэж унах үед үүсэх боломжтой эсэх дээр дүгнэлт өгөх нь хэрэгт ач холбогдолтой байсан гэж үзэж байна.

Тухайн хэрэг болох үед гэрч нарын мэдүүлж байгаагаар ямар нэгэн хэрүүл болоогүй, талийгаач О.У- хоёр “чи чаддаг юм бол цохичих л доо” гэж бие биенийгээ ёжилж тоглож байсан бол эндээс О.У-ын талийгаачийг цохисон үйлдэл нь шууд санаатай биш гэхдээ хор уршигт болгоомжгүй хүргэсэн байдал байхыг үгүйсгэхгүй. 

Тэгэхээр эндээс талийгаач О.У-т цохиулснаас уу эсвэл унаж хатуу зүйл мөргөснөөс уг гэмтэл учирсан уу гэдгийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тогтоох нь энэ гэмт хэргийн сэдэлт санаа зорилгыг тодорхойлоход чухал нөлөөтэй.

 

- Өвчүүний хөдлөн шууд хугарал нь хүндэвтэр гэмтэл - хатуу мохоо зүйлийн үйчлэлээр цохигдох үед эсвэл сэхээн амьдруулах арга хэмжээ авагдах үед үүссэн байж болно гэж шинжээч эмч дүгнэсэн бөгөөд уг гэмтлийг эмч шууд сэхээн амьдруулах ажиллагаанаас үүссэн гэж тодорхойлоогүй.

 

- Хэрэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Б камерийн бичлэгт үзлэг хийлгүүлж хэрэгт хавсаргуулах хүсэлтийг гаргаж энэхүү хүсэлтийг хангасан байдаг бөгөөд ...камерийн бичлэгт үзлэг хийлгүүлж, хэрэгт хавсаргуулах нь тухайн хэргийн нөхцөл байдлыг тодоруулж, гэрч нарын мэдүүлгийн зөрүүг арилгах, хэргийн эзэн холбогдогчийг тогтоох чухал ач холбогдолтой юм.

 

- Шинжээч эмчийн 84 дугаартай дүгнэлт нь эргэлзээтэй байна гэж үзэж байна.

Учир нь гэрч нарын мэдүүлгээс харахад “О.У- нь талийгаачийг зүүн талын шанаа руу нь 1 удаа цохиж, талийгаач урагшаа газарт унасан” гэдэг.

Гэтэл шүүх хуралдаан дээр шинжээч эмч Ж нь асуултанд хариулахдаа “талийгаачийг үхэлд хүргэсэн гэмтэл баруун талын аль нэг хэсэг, баруун талд хүч үйлчлэх үед тархины далд гэмтэл үүссэн байх боломжтой” гэж мэдүүлдэг.

Мөн гэрч нар “талийгаачийг О.У- 1 удаа цохисон” гэж мэдүүлдэг.

Гэтэл шинжээчийн дүгнэлтээр талийгаачийг үхэлд хүргэсэн тархины далд гэмтэл болон нүүр биед учирсэн гэмтлүүдийг нэг цаг хугацаанд үүснэ гэж дүгнэсэн бөгөөд тархины далд гэмтлээс бусдыг тус бүрдээ нэг удаагийн мохоо зүйлийн үйчлэлээр үүснэ гэж мэдүүлдэг.

Эндээс харахад О.У- нь талийгаачийг зүүн шанаанд нь цохисон юм бол шинжээч эмчийн баруун талд хүч үйлчлэх үед үүснэ гэсэн мэдүүлгээр О.У-ын үйлдэл, талийгаачийн үхлийн шалтгаан хоёрын хоорондох шалтгаан холбоо байхгүй болох нь харагдана.

Ц-г очиход талийгаач амьд байсан, Ц очиж сэгсрэхгүйгээр, цээжин дээр нь хүчтэй дарж хөдөлгөхгүйгээр,  хөдөлгөөнгүй байлгаж, анхан шатны түргэн тусламжийн зааврыг дагаж талийгаачийг хөдөлгөөнгүй байлгаж байгаад түргэн дуудсан бол талийгаач амь аврагдах боломжтой байсан уу гэдгийг мөн мэргэжлийн шинжээч нараас тодруулах ёстой байсан. Энэ нь цаашлаад талийгаачийг чухам хэний үйлдэл үхэлд хүргэсэн бэ гэдгийг тогтоох ач холбогдолтой.

Иймд дээрх нөхцөл байдлыг тогтооход 84 дугаартай шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, бүрэн гүйцэт тогтоогүй байх тул нарийн мэргэжлийн эмч нарын бүрэлдэхүүнтэй шинжилгээ хийлгэх хүсэлтэй байна.

Улсын яллагч нар нь уг хэргийн нотлогдож буй байдлыг:

 

1. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийг үзүүлэлтүүд нотолж байна гэж дүгнэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1 дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар эд зүйлд үзлэг хийхэд эзэмшигчийг эсвэл хөндлөнгийн хоёр гэрчийг байлцуулахаар хуульчилсан. Гэтэл тухайн хэргийн газрын үзлэгт Э гэдэг нэг л хөндлөнгийн гэрч оролцсон.

 

Хавтаст хэргийн 11 хуудсанд 36 кадр, 4 хуудас гэрэл зургийг хавсаргасан талаарх тэмдэглэл байгаа боловч зургуудыг тоолж шалгахаар 35 кадр зургийг хавсаргасан. 1 кадр зураг хайчсан бэ? Тухайн байхгүй байгаа кадр зурганд хэргийн газрын үзлэгийн ямар нотлох баримтууд авагдсан болоод хэргээс алга болов. Магадгүй хэрэгт ач холбогдолтой зураг байсан байхыг үгүйсгэхгүй юм.

 

2. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэй тооцох санал, тогтоол, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, согтууруулах ундаа ...шалгасан тэмдэглэл, гэрэл зургийг үзүүлэлтүүд /1 хавтаст хэргийн 15-24 хуудас/ нотлогдож байна гэж дүгнэсэн.

Гэтэл: 15-17 дугаар хуудасны нотлох баримтууд нотлох баримтын шаардлага хангахгүй уншигдахгүй байдаг. Уншигдахгүй нотлох баримтын шаардлага хангаагүй энэхүү баримтыг шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон  нь хууль зөрчсөн.

 

3. Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хавтаст хэргийн 47-50 хуудас/.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1 дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар эд зүйлд үзлэг хийхэд эзэмшигчийг эсвэл хөндлөнгийн хоёр гэрчийг байлцуулахаар хуульчилсан.

 

4. Ц-н подволкийг мөрдөгч нар нь хэрэгт ач холбогдолтой гэж хурааж аваад ажиллагаа хийлгээгүй.

 

5. Гэрч О нь талийгаачийн нүүрэнд учирсан шархнуудыг хатуу ширүүн алчуураар нүүрийг нь арчих үед үүссэн байх боломжтой гэж мэдүүлдэг атал үүнийг нятлах ажиллагаа хийж алчуурыг хурааж зургийг дарсан мөртлөө түүнд үзлэг шинжилгээ хийлгээгүй, одоо энэ алчуур нь буцааж эзэнд нь өгөөгүй, эд мөрийн баримтад ч байхгүй, шүүх дээр ирсэн эд мөрийн баримтад ч байхгүй байдаг. Энэ алчуур нь үнэхээр хүний нүүр урахаар хатуу ширүүн юм уу гэдэг асуудлаар шинжилгээ хийлгэх хүсэлтэй байна.

 

6. Хавтаст хэргийн 141-143 дугаар хуудсанд Ц-ийн биед гэмтэл байгаа эсэхийг тогтоох тогтоолыг өөрт нь танилцуулаагүй.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 27.1.4 дэх заалтыг зөрчсөн.

 

7. Хавтаст хэргийн 225 дугаар хуудасанд өмгөөлөгч Батбаярын 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр өгсөн хүсэлт байдаг. Үүнд замын камер шалгах, чат шалгах, О- болон нөхрийг хэзээ хэн дуудсан, 103, 102 дуудлага утасны ярианы бичлэгүүдийг авч хэрэгт хавсаргуулах талаар хүсэлт өгсөн. Үүнийг бүрэн хангасан тогтоол байдаг. Гэтэл үүний ганц чат шалгах ажиллагааг л хийсэн. Харин бусад ажиллагааг хийгээгүй.

8. 2 дугаар хавтаст хэргийн 38 хуудсанд хавтаст хэргийн материалтай О.У- танилцаагүй байсан.

9. Хавтаст хэрэгт гарын мөр илрүүлэх зорилгоор дардас авч ажиллагаа хийсэн байдаг /154-156 хуудас/. Уг ажиллагаанд 13 ширхэг эд мөрийн баримт дээрээс 10 ширхэг хурууны хээ илрүүлж авсан. 10 ширхэг хээнээс 6 ширхэг нь тэнцсэн. Энэ 6 хээнээс 5 дугаартай нь Ц-ийнх гэсэн үлдсэн 5 ширхэг хээ хэнийг вэ гэдгийг нь шинжээчийн дүгнэлтэд тусгаагүй. Магадгүй энэ ажиллагаанаас хэрэгт ач холбогдолтой, нуун дарагдсан зүйл илрэхийг үгүйсгэхгүй. 

 

10. Өмгөөлөгч Батбаярын зүгээс хэрэг мөрдөн байцаалтын шатанд байхаас авахуулаад бүрэлдэхүүнтэй шинжилгээ хийлгэх хүсэлтийг тавьсаар ирсэн байдаг. Гэтэл хамгийн сүүлд уг хүсэлтээ Хэнтий аймгийн прокурорын газарт өгснийг хангахаас татгалзаж 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Улсын ерөнхий прокурорт гомдол гаргасан бөгөөд Улсын ерөнхий прокурор өөр дээрээ 29 хоног байлгаж байгаад энэхүү хүсэлтийг хангасан эсвэл татгалзах асуудлыг шийдсэн эсэх нь тодорхойгүйгээр уг өмгөөлөгчийн гаргасан гомдлыг шүүх рүү явуулсан байдаг. Энэ хариу юу гэж гарсан нь тодорхойгүй  байна. 

 

11. Хавтаст хэргийн 16, 29 дахь хуудсанд авагдсан хөндлөнгийн гэрч Б-н гарын үсэг зөрүүтэй. Хавтаст хэргийн 26 хуудас дахь хөндлөнгийн гэрч А-н гарын үсэг нь 37, 26, 34, 40 дүгээр хуудсанд байгаатай зөрүүтэй.

 

12. 2 хавтаст хэргийн 82-88 хуудсанд сэтгэцийн шинжилгээ хийлгэсэн баримтууд байдаг.

Гэтэл уг О.У-ын сэтгэцийг тодорхойлсон шинжээчийн дүгнэлтэд К, О, Б гэдэг эмч нар байгаа бөгөөд К эмч бол эмэгтэйчүүдийн эмч гэдгийг бүгд мэднэ. Тэгэхээр энэ дүгнэлт нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 4.1.5 дахь хэсэгт заасан “шинжилгээг тал бүрээс нь бүрэн бодитой, шинжлэх ухааны үндэслэлтэй хийнэ”, 6 дугаар зүйлийн 6.1.2 заасан “шинжээч гэж шүүхийн шинжилгээ хийж дүгнэлт гаргахаар хуульд заасан журмын дагуу томилогдсон, тусгай мэдлэг, мэргэжил эзэмшсэн этгээдийг хэлнэ” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж байгаа тул хууль бус үндэслэлгүй, хүчин төгөлдөр бус дүгнэлт байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг прокурорт буцааж дээрх хуулийн эргэлзээтэй нөхцөл байдлыг тодоруулуулахаар ажиллагаа хийлгүүлж, процессын зөрчлүүдийг санаатай болон санамсаргүй гаргасан эсэхийг тогтоолгож, засуулах ажиллагаа хийлгүүлж өгнө үү” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.А- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын зарим хэсгийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Үүнд:

1. Миний бие Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу гэм хорын хохирол буюу оршуулгын зардал 15.989.312, өмгөөлөгчийн хөлс 2.000.000 төгрөг, нийт 17.989.312 төгрөгийг нэхэмжилсэн. Гэтэл анхан шатны шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгч намайг сайн дурын үндсэн дээр гэрээ байгуулан өмгөөлөгч авсан гэж үзэж өмгөөлөгчийн хөлс 2.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Миний хүү бусдын гарт амиа алдаж өмгөөлөгч авах, Монгол заншлаар оршуулах зайлшгүй шаардлагатай болсон учир 17.989.312 төгрөгийг гэм хорын хохирол гэж нэхэмжилсэн. Иймд анхан шатны шүүх нэхэмжилсэн гэм хорын хохирлыг үндэслэлгүй хасч 10.616.336 төгрөг болгосон гэж үзэж байна.

2. О.У- анхнаасаа хэргээ хүлээж байсан. Мөн түүний аав, ээж нь бидэн дээр ирээд “миний хүүгийн буруу хохирол төлбөрийг төлнө” гэж байсан. Талийгаач хүүг маань нас барахад О.У- “найзыгаа уучлаарай, охиноо бодооч ээ, миний буруу” гээд хэргээ хүлээж байсан. Одоо 10 сар болоход хэргээ хүлээхгүй байна. Анхан шатны шүүх хуралдаан дээр О.У- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, хохирол төлбөр төлөөгүй. Шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж улсын яллагч О.У-ыг 15 жил хорих ял оногдуулах санал оруулсан. Гэвч анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэсэн атлаа шүүгдэгч О.У-т 10 жилийн хорих ял оногдуулсан нь үндэслэлгүй эрүүгийн хариуцлагыг хүндрүүлсэн гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь хэсэгт “...10 жилийн хугацаагаар...” гэснийг “....15 жилийн хугацаагаар...” гэж, 5 дахь хэсэгт “...10.616.336....” гэснийг “...17.989.312 төгрөгийг...” гэж өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү.

Анхан шатны шүүх нь О.У-ыг хүнийг алсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй юм. ” гэв.

 

Хэнтий аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Б.Ганзориг давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “О.У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Шинжээчийн дүгнэлтээр амь хохирогч их тархины суурь, баруун зүүн чамархайн дэлбэнгийн суурь, бага тархины аалзан хальсан доторх тархмал цус харвалтын улмаас нас барсан нь тогтоогдсон. Мөн өвчүүний хугарал, бусад хөнгөн гэмтлүүд тогтоогдсон.

Хэрэгт мөрдөгч нотлох баримтыг цуглуулж бэхжүүлээд прокурор нотлох баримтыг үнэлээд О.У-ын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлээр зүйлчилсэн.

Хэрэгт  нэг ангийн 4 хүүхэд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж, нэгийгээ хочоор дуудсаны улмаас маргаан үүссэн. Маргалдаад шүүгдэгч О.У- нь талийгаачийг цохиход газар дээрээ унаад босож ирээгүй үйл баримт тогтоогдсон.

Гол гэрчүүд бол Ц-, О-, Н нар юм. Н нь унтаж байсан тул тухайн процессыг сайн санадаггүй, гэрч Ц- “О.У- нь талийгаачийг алгадсан” гэж, гэрч О- “О.У- нь талийгаачийг цохиход талийгаач машины ард унасан” гэж тус тус мэдүүлдэг. Иймээс удаа дараа цохисон гэж дүгнэсэн.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт авагдсан баримтуудтай харьцуулан үзээд ямар нэгэн эргэлзээтэй зүйл байхгүй учир хяналтын прокурор, дээд шатны прокурорууд дахин шинжээч томилохоос татгалзсан.

Хэргийн газрын үзлэгийн гэрэл зураг 35 биш 36 байгаа. Сайн харахад албан хаагч нэг зургаа 2 дугаарласан байдаг. Энэ нь техникийн шинжтэй алдаа юм.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 2.4-т “бүх насаар хорих ял оногдуулж болох гэмт хэргийн яллагдагчийн сэтгэцийн байдлыг тодорхойлох” гэж заасан. Шүүгдэгчийн хэрэгт авагдсан хувийн байдлыг харахад сэтгэцийн өөрчлөлт байхгүй. Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь 15 жилийн хорих ялтай. Тиймээс сэтгэцийн дүгнэлт гаргуулахгүй байж болно.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Нарангэрэл давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхээс шүүгдэгчийг 2021 оны 07 дугаар сарын 31-ний шөнө 23 цагаас 23 цаг 30 минутын орчим гэмт хэрэг үйлдсэн гэж тогтоосон нь үндэслэлтэй байна.

О.У- талийгаачтай маргалдаад нэг удаа цохиход Ц- салгасан, дараагийн удаа дахин цохьсон болох нь гэрч нарын  болон хохирогчийн өгсөн мэдүүлгээр тогтоогдсон. Эдгээр үйл баримтуудаар О.У- нь талийгаачийг удаа дараа цохисон гэх дүгнэсэн нь үндэслэлтэй.

Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй гэж үзэх үндэслэлгүй. Учир нь шинжээчийг байлцуулан Батбаяр өмгөөлөгч, прокурор миний бие оролцсон. Батбаяр өмгөөлөгч нь шинжээчээс дүгнэлттэй холбоотой хэрэгтэй мэдээллүүдээ асууж, хариулт авч байсан.

Талийгаачийн биед дагзны хуйханд цус хуралт, их тархины суурь, баруун зүүн чамархайн дэлбэнгийн суурь, бага тархины аалзан хальсан доторх тархмал цус харвалт, дух, зүүн дээд зовхи, 2 хөмсөгний гол хэсэг, хамар цус хуралт бүхий шарх гэмтэл үүссэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон.

 Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээчийг байцаасан, шинжээч шүүх хуралдаанд оролцсон. Шинжээчийн дүгнэлттэй холбоотойгоор талийгаач нь хахсан байж болзошгүй, цус хуралтыг зузаан гэж дүгнэсэн гэж байна. Анхан шатны шүүх хуралдаан дээр эдгээр зүйлийг дурдаагүй. Ямар үндэслэлээр ингэж яриад байгаа нь ойлгомжгүй байна.

 Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг бүрэн шалгасан.  

Талийгаач Ж.М-ыг О.У- цохисон гэдгийг гэрч О- нь мөрдөн шалгах ажиллагааны аль үе шатанд мэдүүлсээр ирсэн, энэ нь хэрэгт авагдсан бусад баримтаар тогтоогдсон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч О.У- давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “Манай гурван өмгөөлөгч давж заалдах гомдлын үндэслэлийг тайлбарласан. Хэрэг болох үед би машины баруун хойд талд байсан, гэтэл бүгдээрээ хүүе, хаая гээд ирсэн тэр үед талийгаач машины урд унасан байсан. Хажуу талд манай нөгөө гурав гэрч байсан. Байгаа байдлыг харахад талийгаач хахаж байгаа мэт байдалтай байсан. Бодит байдал тийм байхад гэрчүүд яагаад намайг өөрөөр яриад байгааг би ойлгохгүй байна. Гэрчийн мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй байгаа. Эхлээд цохисон, алгадсан урагшаа унасан, дараа нь арагшаа унасан гэдэг. Шинжээчийн дүгнэлт тодорхойгүй, Бодит үнэнийг тогтоохгүй байгаад маш гомдолтой байна.” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Батбаяр давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: ”Анхан шатны шүүх хуралдаанд оролцсон гэрч С нь 00 цагт сэхээн амьдруулалтыг бүрэн зогсоосон. Талийгаачийн нас барсан цаг нь 00 цаг юм” гэж мэдүүлсэн /1 хавтаст хэргийн 91 хуудас/.

Шинжээч эмч Ж “...өвчний улмаас үүссэн тохиолдолд аалзан доторх тархмал цус харвалт нь голомтлог байдлаар үүсдэг, талийгаачийн хувьд аалзан хальсан доторх цус харвалт нь том талбайн хэмжээг хамарсан гэмтлийн гаралтай үүсэх өвчин...” гэсэн нь шинжлэх ухааны ямар үндэслэлээр яаж дүгнэсэн гэдэг нь хэрэгт авагдаагүй.

Анхан шатны шүүх гэм буруугийн талаар дүгнэхдээ гэрч Ц-, О- нарын 4 удаагийн мэдүүлэг, гэрч Н-н 3 удаагийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтийг дурддаг.

Тархин дахь цус хуралт нь цус харвасан ч цохилтоос үүссэн нь шүүрэлтээр явагддаг. Гэтэл шинжээч эмч ямар шинжээр нь гэмтлийн гаралтай гэж үзэж байгаагаа тайлбарлаагүй.

Шийтгэх тогтоолд О.У- нь талийгаачийг нэг л удаа цохисон үүнээс болж талийгаачийн амь нас хохирсон гэж дүгнэсэн. Гэтэл хаанаас нь яаж цохиж ямар гэмтэл учирсан бэ, тэр гэмтэл нь шинжлэх ухааны ямар үндэслэлтэй  талаар үндэслэл бүхий шийдвэрийг гаргаагүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал нотлогдоогүй. Эрүүгийн  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэсэн шинжийг агуулаагүй байгаа учир шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэл давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “Гэрч О- тухайн хэрэг явдлыг харсан ганц гэрч юм. О-ийн мэдүүлэг үнэн гэдэг нь эргэлзээтэй. Иймээс мэдүүлгийн зөрүүг дахин шалгах шаардлагатай.

Задлан шинжилгээний тэмдэглэлээс харахад аарцаг ясан доорх тархмал байдалтай зузаан цус хуралт гэсэн. Зузаан цус хуралтын хэмжээ байх ёстой. Энэ хэмжээнээс шалтгаалан үхэлд хүргэхээр цохилт байсан уу гэдгийг тогтоох ёстой. Улаан хоолой нээхэд шингэн болон махан агууламжтай гэж дүгнэсэн. Гадна биет улаан хоолойнд байна гэх асуудал нь хахалт үүссэнийг нотлох нотолгоо юм. Үүнийг бүрэн шалгах байсан.

Шанаа руу цохисон гээд байгаа гэтэл зургаас харахад гавлын яс, гавлын хөндий гэх гадаргуунууд бүтэн байхад бага тархины аалзан хальсан дотор байгаа тархмал цус харвалт үүссэн, энэ нь цохилтоос үүссэн гэхэд эргэлзээтэй, шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулах шаардлагатай. Иймд хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд буцааж өгнө үү” гэв.

 

Хохирогчийн өмгөөлөгч П.Амгаланбаатар давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “Хэрэг маргааныг шийдэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шийддэг. Гомдол гаргахад мөн адил анхан шатны шүүхийн шийдвэр, хэрэгт авагдсан нотлох баримттай холбоотойгоор гомдол гаргах ёстой. Давж заалдах гомдолд анхан шатны шийтгэх тогтоол болон хэргийн хүрээнд яригдаагүй зүйлүүд тусгагдсан байна.

Зөрүүтэй мэдүүлгийг арилгах гэж гэрчүүдийг шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр дуудаж, улсын яллагчийг байлцуулан мэдүүлэг авсан. Гэрчийн мэдүүлэгт зөрүүтэй зүйл байхгүй. Өөрөөр хэлбэл мэдүүлэг тус бүрд нэмж мэдүүлэг өгснийг зөрүүтэй гэж яриад байна.

Өвчүүний хугарал, нүүрэнд учирсан шархнаас болж нас барсан гэх ойлголт байхгүй. Өвчүүний хугарлыг анхны тусламж үзүүлэхдээ Ц- учруулсан гэдэг нь тогтоогдоогүй. Үхэлд хүргэсэн гэмтлийг шүүх эмнэлгийн дүгнэлтээр тогтоосон. Шинжээч эмчээс мэдүүлэг авахад шүүгдэгчийн өмгөөлөгч байлцсан. Анхан шатны шүүх хуралдаанд шинжээч эмч оролцож, шүүгдэгчийн өмгөөлөгчийн асуусан асуултад хариулсан байхад асуулт асуугаагүй мэт өөр зүйлийг гомдолд бичээд байгаа нь ойлгомжгүй байна.

Мөн гомдолд түргэн дуудсан бол талийгаачийн амь насыг нь аврах боломжтой байсан гэж байна. Хэрэг болсны дараа түргэн дуудаад эмч нар зүрх дэмжих тариа хийгээд анхны түргэн тусламжийг үзүүлээд талийгаачийг аварч чадахгүй нас барсан. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч О.У-ыг хүн алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь үндэслэлтэй гэж үзэж байна.

 

Хохирогчийн хууль ёсны  төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хувьд шүүгдэгчийг гэм буруутай гэж тооцсон нь үндэслэлтэй. Гэхдээ шийтгэх тогтоолд хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй гэсэн атлаа шүүгдэгч О.У-т 10 жил хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлсэн гэж үзэж байна.

Шүүх бүрэлдэхүүн дотоод итгэл үнэмшлээр хандана гэхдээ 10 жилийн хорих ялаар шийтгэсэн нь багадаж байна. Учир нь шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрдөггүй, хохирол төлбөрөө төлөөгүй, мөн шүүгдэгчид хүнлэг ёс, хүн чанар гэх зүйл байхгүй байна. Иймээс улсын яллагчийн 15 жилийн хорих ял оногдуулах саналыг дэмжиж байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хувьд оршуулгын зардалд 15.989.312, оршуулгын зардалд 2.000.000, нийт 17.989.312 төгрөгийг нэхэмжилсэн. Анхан шатны шүүх нэхэмжилсэн гэм хорын хохирлыг үндэслэлгүй хасаж, 10.616.336 төгрөгийг ханган шийдвэрлэсэн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.А- нь гэмт хэрэг гараагүй байсан бол хүүгээ алдахгүй, өмгөөлөгч авах шаардлагагүй байсан. Иргэний хуульд заасан гэм хорын хохирлыг нэхэмжилсэн. Иймээс хууль ёсны төлөөлөгчийн гаргасан гомдлыг ханган шийдвэрлэж, харин шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүчингүй  болгож, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Жавхлан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.А- нарын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч О.У- нь 2021 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 01-нд шилжих шөнө 00 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн “Б”-ын гэр хорооллоос баруун хойд талд талийгаач Ж.М-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүний толгой хэсэгт цохиж, улмаар дагзны хуйханд цус хуралт, их тархины суурь, баруун зүүн чамархайн дэлбэнгийн суурь, бага тархины аалзан хальсан доторх тархмал цус харвалт дух, зүүн дээд зовхи, 2 хөмсөгний гол хэсэг, хамарт цус хуралт бүхий шарх гэмтэл үүсгэж алсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 хавтаст хэргийн 4 хуудас/,

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хавтаст хэргийн 7-14 хуудас/,

- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1 хавтаст хэргийн 15-16 хуудас/,

- Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1 хавтаст хэргийн 21 хуудас/,

- Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хавтаст хэргийн 22-25, 27-33, 35-36, 38-39 хуудас/,

- Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /1 хавтаст хэргийн 26, 34, 37, 40 хуудас/,

 

- Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 41-43, 45-47, 49-52 хуудас/,

 

- Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 хавтаст хэргийн 3-9 хуудас/,

 

- Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 84 дугаартай “...Талийгаач Ж.М-ын биед дагзны хуйханд цус хуралт, их тархины суурь, баруун зүүн чамархайн дэлбэнгийн суурь, бага тархины аалзан хальсан доторх тархмал цус харвалт дух, зүүн дээд зовхи, 2 хөмсөгний гол хэсэг, хамар, зүүн хацар, уруул, баруун чих, өвчүүний хөндлөн шууд хугарал, зүүн баруун бугалга, шуунд зулгаралт, зүүн тохойд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо, учирсан гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

Дээрх гэмтлүүд нь их тархины суурь болон баруун зүүн чамархайн дэлбэнгийн суурь, бага тархины аалзан хальсан доторх тархмал цус харвалт нь шууд үхэлд хүргэсэн хүнд гэмтэл...хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр буюу толгой хэсэгт цохигдох үед үүснэ. алийгаач нь гэмтлийн шалтгаант үүссэн их, бага тархины аалзан хальсан доорх цус харвалтын улмаас үхэлд хүрчээ...” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 хавтаст хэргийн 13-24 хуудас/,

 

- Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 34 дугаартай Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /2 хавтаст хэргийн 84-86 хуудас/,

 

- Хохирогч Ж.А-ын: “... Миний том хүү Ж.М- нь 2021 оны 07 дугаар сарын 31-ний өдөр найзууд болох О.У-, Ц-, Н, О- нартай архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. ...тухайн үед хамт байсан найз нөхөд нь “талийгаачийг маань О.У- 1 удаа цохиод газар унагаасан, тэгээд сэрээгүй” гэж ярьж байсан, миний хувьд гомдолтой байна. Би талийгаачийн оршуулгын зардал, 2 хүүхдийн тэтгэмжийг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 59-61 хуудас/, 

 

- Гэрч Л.Ц-ийн: “...намайг машины жолооч талын хаалгыг онгойлгоод түлхүүр хайж байхад О-ийг “Чи яаж байгаа юм бэ” гээд орилохоор нь машины хаалгыг хаагаад гараад машины ар талд очиж хартал талийгаач Ж.М- нь машины хойд хэсэгт газар уначихсан, түүний дэргэд О.У- “сэрээч ээ” гээд хажууд нь суусан байдалтай хацрыг алгадсан, О- мөн талийгаачийн хойд хэсэгт буюу О.У-ын эсрэг талд хагас суусан байдалтай, Мандахаа босооч ээ, О.У-аа чи яаж байгаа юм бэ гээд сэгсэрсэн байдалтай, Нармандах нь О-ийн дэргэд хараад зогсож байсан. Ингээд би очоод цээжин дээр нь дарж үзэхэд ямар нэгэн амьсгал мэдрэгдэхгүй байхаар нь хажуу тал руу нь харуулж нэг үзээд болохгүй болохоор нь урдаас нь 2 суга доогуур гараа хийгээд өргөж сэгсрэхэд мөн л хариу үйлдэл гараагүй, бие нь суларсан байсан. ...би талийгаачийг сэгсрээд болохгүй болохоор нь буцаж газар хэвтүүлээд машины баруун хойд хэсэгт толгойг нь урд зүгт харуулан дээш нь харуулж хэвтүүлсэн. Ингээд би болохгүй болсон байна гэдгийг ойлгоод нөгөө хэддээ “Түргэн дуудаарай” гэж хэлчхээд юуны магад гээд цээжин дээр нь зүрхний үйл ажиллагааг дэмжихээр массаж хийсэн. Энэ үед О.У- нь хажуугаас талийгаачид хиймэл амьсгаа хийж байсан. Харин О-, Н 2 дуудлага өгч бусад руу утасдаж сандарсан байдалтай хажууд зогсож байсан. Миний санаж байгаагаар цаг 23 цаг өнгөрсөн байсан. Ингээд удалгүй 5-10 минутын дараа түргэний машин ирж дотроос нь эмч бууж ирээд талийгаачид зүрх дэмжигч массаж хийж 3 тариа хийсэн... талийгаач Ж.М-ын амнаас цус, шүлс, шингэн зүйлс холилдсон зүйл гарахад нь машины арын суудал дээр байсан цайвар саарал өнгийн даавуугаар амыг нь арчсан... эмч нар ирээд талийгаач нас барсан байна гээд даавуугаар бүтээх үед О.У- нь газарт хэвтчихээд чи хүүхдээ бодооч ээ, найзаа босооч ээ, найзынх нь буруу, уучлаарай, сэргээч дээ гээд л орилж байсан. ...О- нь О.У- талийгаач Ж.М-ын нүүр рүү нь цохисон гэж байсан...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 68-71, 98-101хуудас/,

 

Гэрч Э.О-ийн “...тухайн үед ер нь бүгд нэлээн согтсон байсан. ...бид хэд архиа тойруулаад Н бид хоёр машины багажийн зүүн хойд буланд, харин нөгөө гурав машины баруун хойд талд зогсож байхад Ц- рүү О.У- жоохон агсрах хандлагатай маргалдаад байсан юм, тэгсэн Ц- О.У-ыг бүгдээрээ өнөөдөр ууж идсэн, жоохон согтсон байна, одоо болно бүгдээрээ аштайхан байя гэж О.У-т хандаж хэлж байсан, талийгаач мөн хажуугаас нь О.У-ыг “харин тиймээ чи одоо болио, түрүүнээс хойш далдганаад байх юм, одоо жоохон аштайхан бай” гэж хэлж байсан, харин О.У- бид хэдээс 2-3 алхмын зайд талийгаачийн хажууд буюу машины баруун хойд талд зогсож байсан, тэгсэн О.У- “би чамайг шаачих уу” гэж хэлэхэд талийгаач “шаа л даа пизда минь, чамайг харъя” гэж хэлэхэд О.У- талийгаачийг шууд хажуу талаас нь шанаа руу нь хүчтэй цохисон, тэгэхэд талийгаач шууд арагшаа саваад унасан. Тэгээд талийгаач босож ирэхгүй, ...амнаас нь шингэн юм гарахаар нь Ц- талийгаачийг цээжээр нь тэврээд сэгсэрч, мөн цээжин дээр нь массаж хийсэн, харин О.У- хиймэл амьсгаа хийгээд байсан, харин Нармандах шууд түргэн дуудахад түргэн удаагүй ирсэн, эмч Ж.М-ыг өнгөрчихлөө гэж хэлсэн. ...О.У- би найзыгаа алчихлаа, яагаад ийм болчхов оо гээд уйлаад, хашхичаад байсан...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 72-76 хуудас/,

 

Гэрч Г.Н-н: “...Ц- түргэн дуудаарай гэхэд нь сэргэхэд бид хашааны зүүн урд хэсэгт машинаа урд зүгт харуулж тавьсан, машины баруун талд талийгаач Ж.М- дээшээ харж газар хэвтсэн, түүний дэргэд Ц-, О.У- 2 суучихсан Ц- нь цээжин дээр нь массаж хийж, О.У- нь амаар нь хиймэл амьсгаа хийж байсан. Тэр үед мөн О- нь “О.У-аа яаж байгаа юм бэ,чи найзыгаа цохиод алчихлаа ш дээ” гээд уйлаад байсан. ...нэг нь түргэн тусламж дууд гэж хэлэхээр нь би 103 дугаарын утсанд залгаж дуудлага өгсөн. ...талийгаачийг эмч үзээд зүрхэнд нь иллэг хийгээд байсан, О.У- амаараа хиймэл амьсгаа хийгээд байсан. ...түргэний эмч Ж.М-ыг өнгөрчихлөө гэсэн, миний мэдэхийн ямар нэгэн маргаан болоогүй.” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 82-84, 102-105 хуудас/,

 

- Гэрч Б.С-н:  “... 2021 оны 07 дугаар сарын 31-ний шөнө 23 цаг 33 минутад 103-ын яаралтай түргэн тусламжийн утсанд иргэнээс “манай найз хөдлөхгүй сонин болчихлоо” гэж дуудлага, мэдээлэл ирсэн. 6-7 минутын дараа Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багт Булгаас хойшоо ойролцоогоор 300 метрийн зайд очиход нэг жижиг тээврийн хэрэгслийн баруун талд 30-40 орчим насны эрэгтэй хүн дээшээ харсан байдалтай, урагш толгойгоо харуулаад хэвтэж байсан. Тэгээд үзлэгээ эхлүүлэхэд тэр хүний судас нь ямар нэгэн цохилтгүй, дуудахад хариу үйлдэлгүй байсан. ...адерналин 3 удаа булчинд тарьж хийсэн. Мөн зүрхний шууд бус иллэг 20 гаран минут хийгээд 00 цагт сэхээн амьдруулалтыг бүрэн зогсоож нас барсан талаар хэлсэн. Анх очиход талийгаачийн нүүр хэсэг тэр чигээрээ бөөлжис болчихсон, нүүр, уруул нь тэр чигтээ хар хөх өнгөтэй болчихсон байсан...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 92-93хуудас/,

 

Шинжээч эмч Ж.Ж-н: “...Шинжилгээ хийхэд гадна үзлэгээр талийгаачийн биед дух, зүүн дээд зовхи, 2 хөмсөгний гол хэсэг, хамар, зүүн хацар, уруулын зүүн хэсэг, баруун чихний ар хэсэг, зүүн гарын шуунд зулгаралт, баруун бугалганы дотор хэсэгт мөн зулгаралт, зүүн тохойны хэсэгт арьсны өнгөц давхарга хууларсан цус хуралт, баруун шилбэнд хүрэн өнгийн тав бүхий зарим хэсгээр нөсөө үүссэн, зүүн шилбэнд олон тооны тав бүхий хуучин зулгаралт гэмтлүүд тогтоогдсон. ...Талийгаачийн биед учирсан аалзан хальсан доорх цус харвалт нь том талбайн хэмжээг хамарсан гэмтлийн гаралтай үүсгэгдсэн байна. ...Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Нүүрний хэсгийн зулгаралтууд нь маажих болон самардах үед үүсэх боломжгүй. Хэрэв маажиж самардсан бол дээрх зулгаралтын хэмжээ хэлбэрийн хувьд өөр байна. Маажигдсан үед үүссэн зулгаралтууд нь ихэвчлэн урт, байрлалын хувьд зэрэгцээ үүсэн байдаг... Дээрх зулгаралт гэмтлүүд нь гавал тархины гэмтэл болон бусад гэмтлүүдтэй нэг цаг хугацаанд үүсгэгдсэн байна. Дээрх нүүрэнд учирсан олон тооны зулгаралтууд нь цохилтын улмаас үүсэх боломжгүй. Нүүрний хэсгийн зулгаралтууд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй, харин гадна үзлэгээр тогтоогдсон гэмтлүүд нь бүхэлдээ хөнгөн зэрэгт хамаарна...их, бага тархины аалзан хальсан доорх цус харвалтын гэмтлийг авсан хүн ямар нэгэн хөдөлгөөн хийх боломжгүй...” гэх мэдүүлэг /2 хавтаст хэргийн 58-61, 182 хуудас/,

 

Яллагдагч О.У-ын: “...2021 оны 07 дугаар зарын 31-ний өдөр аймагт байгаа ангийнхантайгаа уулзалт зохион байгуулъя гэж ярьж тохиролцсон...тэнд байсан хүмүүс адил хэмжээнд согтсон байсан. Ж.М- нь ууж сууж байхдаа уурлах гээд байгаа аястай байхаар нь би очиж миний найз битгий ингээд уурлах гээд бай, гэж аргадчихаад Ц-тэй сууж байсан газраасаа бага зэрэг холдож машины эсрэг талд гараад Ц-тэй юм ярьж байгаад Ц-ийг багадаа барилддаг байсан болохоор нь би чи хуучин шигээ барилдаж байгаа юу гээд 2 суганых нь доогуур гараа оруулж дээш өргөж хавсарч газар унагасан. Тэгсэн Ц- босож ирээд зөрүүлээд намайг газар унагасан. Ер нь бол бид 2 барилдаад л байсан. Тэрнээс бид 2 муудалцаагүй, тоглоом шоглоомоор барилдаад л байсан. Тэгээд хэсэг барилдаж байтал Ц- миний баруун гарыг санаандгүйгээр мушгичих шиг болсон. Ингээд би барилдахаа болиод машины хойд хэсэгт буюу жолоочийн эсрэг талын хойд хэсэгт нэлээн удаан суусан. Учир нь миний гар нэлээн өвдөөд байсан юм. Намайг ингээд сууж байхад Ц- газраас нэг зүйл хайгаад байсан. Тэгээд сууж байтал гэнэт машины цаад талаас болохоо болчихлоо гэж хашхирч байсан. Тэгэхээр нь би тэр хэд дээр очиход Ц-, О-, Н 3 сандарсан байдалтай харин Ж.М- газар дээшээ харсан хөдөлгөөнгүй хэвтэж байсан. Тэгсэн Ц- “Амьсгахгүй байгаад байна, У-аа 2 уулаа хиймэл амьсгаа хийе, би цээжин талаас нь даръя, харин чи амаар нь амьсгал хий” гэхээр нь би Ж.М-т амаар нь хиймэл амьсгаа хийсэн. Харин Ц- цээжин дээр нь дарж байсан. Тэгсэн төд удалгүй түргэний машин болон цагдаагийн машин ирсэн. Ингээд эмч Ц-ийг холдуулж өөрөө цээжин дээр нь дарж харин намайг амаараа амьсгал өгч бай гэж хэлсэн. Ингээд эмч нарыг ирснээс хойш 2 удаа хиймэл амьсгал хийсэн. Мөн эмч баруун болон зүүн гарт 2-3 удаа тариа хийсэн... Ингээд сүүлдээ эмч найдваргүй болсон байна гэдгийг хэлсэн. Тухайн үед бидний дунд ямар нэгэн муудалцаж зодолдох цохилцох зүйл болоогүй, миний хувьд ч Ж.М-ын биед халдаж цохиж зодсон болон биед нь хүрсэн зүйл байхгүй... Би өөрийгөө удирдан жолоодож явах чадвартай байсан. Тухайн үед болсон бүхий л үйлдлийг санаж байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 175-178 дугаар тал/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.

 

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн хуулийн шаардлагад нийцжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Жавхлан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.А- нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авах  үндэслэлгүй байна. Учир нь:

- Шүүгдэгч О.У- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ж.М-тай маргалдаж, О.У- гараараа Ж.М-ын толгой хэсэгт хүчтэй цохьсоны улмаас Ж.М- газарт унасан, эргэж босоогүй болохыг тухайн үйл баримт болоход тэнд байсан гэрч Э.О- мэдүүлсэн, талийгаачийн биед үүссэн их тархины суурь болон баруун зүүн чамархайн дэлбэнгийн суурь, бага тархины аалзан хальсан доторх тархмал цус харвалт бүхий гэмтэл нь шууд үхэлд хүргэсэн хүнд гэмтэл ба цус харвалт нь толгой хэсэгт цохигдох үед үүснэ, талийгаач нь гэмтлийн шалтгаантай үүссэн их, бага тархины аалзан хальсан доорх цус харвалтын улмаас нас барсан болох нь шинжээч эмчийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн №84 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон, талийгаачийн биед үүссэн гэмтлүүд нь нэг цаг хугацаанд  үүсгэгдсэн ба үхэлд хүргэсэн цус харвалт бүхий гэмтлүүд нь нэг удаагийн цохилтоос үүсэх боломжтой талаар шинжээч эмч Ж.Жаргалтуяа мэдүүлсэн, яаралтай  түргэн тусламжийн дуудлага аваад 6-7 минутын дараа ирэхэд 30-40 орчим насны эрэгтэй нас барсан байсан талаар гэрч Б.С мэдүүлсэн, улмаар гэмтлийн улмаас  Ж.М- нас барсан хэргийн үйл баримт  мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар  тогтоогдсон байна.

 

Өөрөөр хэлбэл мөрдөн шалгах ажиллагаагаар шүүгдэгч О.У- Ж.М-ын толгой хэсэгт хүчтэй цохьсоны улмаас  тархмал цус харвалт бүхий үхэлд хүргэсэн хүнд гэмтэл учирч Ж.М- нас барсан, талийгаачийн биед үүссэн гэмтлүүд нь нэг цаг хугацаанд  үүсгэгдсэн тул шүүгдэгчийн үйлдэл, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон, хэргийн бодит байдлыг нотолсон байна.

 

- Анхан шатны шүүх шүүгдэгч О.У-  Ж.М-ын толгой хэсэгт цохиж алсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, гэмт хэргийг шууд санаатай үйлдсэн, тухайн гэмт хэрэгт гэм буруутай талаар үндэслэл бүхий дүгнэсэн, хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэгт үндэслэн  яллах дүгнэлтэд дурдагдсан гэмт хэрэг гарсан цаг хугацаа болон шүүгдэгчийн нэг удаагийн цохилтын улмаас гэмтэл авч талийгаач нас барсан гэж үзсэн дүгнэлтийг буруутгах үндэслэл байхгүй байна.

 

- Шинжээчийн дүгнэлтэд талийгаач хахсан, энэ нь үхлийн шалтгаанд хамааралтай талаар дурдагдаагүй, энэ талаар ямар нэг нотлох баримт хэрэгт авагдаагүй тул талийгаачийн амнаас шингэн зүйл гарахад хахсан, энэ хахалт  цус харвахад нөлөөлсөн эсэхийг шалгуулах өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

- Шүүгдэгч О.У- “би  Ж.М-ыг цохиогүй, гэмт хэрэг үйлдээгүй” гэж мэдүүлдэг боловч яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээдэггүй бөгөөд харин анхан шатны шүүх эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар үнэлж, хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангажээ.

 

- Анхан шатны шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10  жилийн  хорих ялаар шийтгэж, оногдуулсан ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.А-ын гаргасан иргэний нэхэмжлэлээс нотлох баримтаар тогтоогдсон 10.616.336 төгрөгийг  шүүгдэгч О.У-аас гаргуулж Ж.А-д олгож, өмгөөлөгчийн хөлс 2.000.000 төгрөгийг  гэмт хэргийн улмаас учирсан зайлшгүй зардалд тооцох үндэслэлгүй гэж үзэж  хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг нотлох баримт бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр 1 дэх хэсгийн 1.1, 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 29-ны өдрийн 2022/ШЦТ/98 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Жавхлангийн “хэргийг прокурорт буцаах”, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.А-ын “ял хөнгөдсөн, хохирлыг бүрэн гаргуулах” агуулга бүхий  давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.У-ын цагдан хоригдсон 61 /жаран нэг/ хоногийг  ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ                           Г.БОЛОРМАА

 

                           ШҮҮГЧИД                              Г.ТЭГШСУУРЬ

           

                                                                          О.БААТАРСҮХ