Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 735

 

 

 

 

 

 

 

 

 

П.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2020/00471 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч П.Б-ын цагаатгалын нөхөн олговорт 40 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Учралгэрэл, өмгөөлөгч М.Цогтбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Миний ээж Цэвээн овогтой Хандаа нь 1932 онд төрсөн. 2018 оны 11 дүгээр сарыг 09-нд өөд болсон. Миний ээжийн эцэг Жадамбын Цэвээн нь 1937 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 4 дүгээр хурлын тогтоолоор шүүх цаазны бичгийн 43, 47 дугаар зүйлээр 10 жил хорих ялаар шийтгүүлсэн. Хэргийг хянаад Дээд шүүхийн коллегийн 1991 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 147 дугаар магадлалаар цагаатгагдсан. Ээж маань нэг дүүтэй байсан. 1970-аад онд өөд болсон. Ээж Ц.Хандаа нь эцэг эхээс хоёулаа бөгөөд айлын бага хүүхэд нь Ц.Хандаа юмаа. Ээж маань өтөл наснаасаа өөд болох хүртлээ бидний халамжид манай гэр бүлийн нэг гишүүн болж бидэнтэй амьдарч байсан. Энэ хугацаанд ах маань анхнаасаа ээжтэйгээ хол хөндий харьцаатай байсан. Биднийг ээжийг харж халамжилж байсан гэдгийг бүрэн ойлгож байгаа учраас доор нөхөн олговроос татгалзаж эзэмших бүх эрхийг надад олгосон. Татгалзсан албан ёсны баримтыг 027 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээний ард тусгасан байгаа. Иймд миний бие нь хөгшин аав Ж.Цэвээний нөхөн олговрын мөнгийг өвлөж авах хүсэлтэй байгаа тул Н.Баясах надад оногдох нөхөн олговрын мөнгө болох 40 сая төгрөгийг олгож өгнө үү гэжээ.

 

Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд тавих хяналт хариуцсан хяналтын прокурор П.Ганбаатар би, Монгол улсын Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйл, 21 дүгээр зүйлийн 21.10 дахь хэсэг, төрийн ашиг сонирхлыг хамгаалж шүүх хуралдаанд оролцож байна. Нэхэмжлэгч П.Б- нь Цэвээн овогтой Хандаа миний ээж Жадамба овогтой Цэвээний охин. Ж.Цэвээн нь 1937 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 4 дүгээр хурлын тогтоолоор шүүх цаазны бигчийн 43, 47 дугаар зүйлд заасны дагуу 10 жилийн хорих ялаар шийтгэгдсэн. Уг шийдвэрийг 1991 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 147 дугаартай магадлалаар цагаатгаж шийдвэрлэсэн тул өвгөн аав Ж.Цэвээний нөхөн олговор болох 40.000.000 төгрөгийг өвлөн авах талаар холбогдох төрийн байгууллагын бичиг баримтыг бүрдүүлсэн тул Улс төрийн хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнл нөхөн олговор олгох тухай хуулийн 13.2.2 дахь хэсэгт заасны дагуу надад олгож өгнө үү гэх нэхэмжлэлийг гаргасан. Хэлмэгдэгч Ж.Цэвээний охин Цэвээний Хандаа 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр нас барсан болох нь түүний нас барсны гэрчилгээгээр тогтоогдсон тул хэлмэгдэгчийн ач, зээ дээрх мөнгийг Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн цагаатагах, тэдэн нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4 дэх хэсэгт заасны дагуу авах нь зүйтэй гэж үзэж байна. Пүрэвжав овогтой Цэвээний ач хүү болохыг тогтоосон хуулийн байгууллагуудын шийдвэрүүд хэрэгт авагдсан байх тул түүнд Улс төрийн хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 13.2.2 дахь хэсэгт заасны дагуу 40 сая төгрөгийг олгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэжээ.

 

Шүүх: Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2.-т зааснаар Нийслэлийн Сүхбаатар дүүргийн төрийн сангаас 40 000 000 /дөчин сая/ төгрөгийг гаргуулан өгнө үү гэсэн Пүрэвжавын Баясахын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар нэхэмжлэгчийн гаргасан энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, дараах гомдлыг гаргаж байна. Миний эх Цэвээн овогтой Хандаагийн эцэг Жадамбын Цэвээн нь 1937 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 4 дүгээр хурлын тогтоолоор шүух цаазын бичгийн 43, 47 дугаар зүйлээр 10 жил хорих ялаар шийтгүүлсэн бөгөөд БНМАУ-ын Дээд Шүүхийн Цэргийн коллегийн хяналтын шатны шүүх хурлын 1979 оны 9 дүгээр сарын 24-ний 147 дугаар магадлалаар цагаатгагдсан билээ. Эх маань эцэг, эхээс хоёулаа ба дүү нь 1970 онд нас барсан. Миний эцэг Магсарын Пүрэвжав нь 1999 онд нас барсан. Миний эх Цэвээн овогтой Хандаа нь 2018 онд насан өөд болох хүртлээ миний асран хамгаалалт, халамжинд манай гэр бүлийн нэг гишүүн болж бидэндтэй амьдарч байсан. Ах маань эхээсэз хол хөндий өссөн, намайг эхийгээ асарч халамжилж байгаа учир нөхөн олговроос татгалзах тухай хүсэлтээ өвлөх эрхийн гэрчилгээ олгох үед өгсөн учраас миний бие улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид олгох нөхөн олговрыг нэхэмжлэх эрх бүхий этгээд мөн гэж үзэж байна. Гэтэл анхан шатны шүүхээс намайг нөхөх олговор болох 40 000 000 төгрөгийг нэхэмжлэх эрхгүй этгээд гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд маш их гомдолтой байна. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2 дах хэсэгт “улс төрийн хилс хэрэгт холбогдуулан хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч, хэлмэгдэгч нас барсан бол түүний эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж аасан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд..." олгохоор заасан. Иймд миний эх Цэвээний Хандаа нь өөрийн эцэг улс төрийн хилс хэрэгт холбогдуулан хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч Жадамбын Цэвээний нөхөн олговрыг авах эрхтэй бөгөөд тэрээр 2017 оноос хойш нөхөн олговрын нэхэмжлэлээ бүрдүүлж Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисст өгсөн бөгөөд "Зууны мэдээ'' сонины 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 131 тоот дугаарт хэвлэгдсэн "нөхөн олговрын нэхэмжлэлээ бүрдүүлсэн иргэдийн нэрсийн жагсаалт"-нд бичигдсэн билээ. Миний эх Цэвээн овогтой Хандаа нь 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр нас барсан тул 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатч П.Гэрэлмаагиин 027 дугаар өвлөх эрхийн гэрчилгээгээр"улс төрийн хэрэгт хэлмэгдсэн эцэг Жадамбын Цэвээний цагаатгалын нөхөх олговор болох 40 000 000 төгрөг"-ийг өвлөн авсан. Иймд иргэний хуулийн 520 дугаар зүйлд заасны дагуу миний бие өөрийн өвөг эцэг болох Ж.Цэвээний улс төрийн хилс хэрэгт холбогдуулан хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчид олгох нөхөн олговрыг нэхэмжлэгх эрхтэй гэж үзэж байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

            Нэхэмжлэгч нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч өвөг эцэг болох Ж.Цэвээний нөхөх олговор 40 000 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шүүх хуралдаанд төрийг төлөөлөн оролцсон прокуророос Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4-т заасны дагуу нэхэмжлэгчид 40 000 000 төгрөгийг олгох үндэслэлтэй гэсэн тайлбар гаргажээ.

 

            "Зууны мэдээ'' сонины 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 131 тоот дугаарт Ц.Хандаа нь хэлмэгдэгч Ж.Цэвээнийн төрсөн хүүхэд нь гэж зарлагдсан, Ц.Хандаа нь 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр нас барсан, П.Б- нь 40 000 000 төгрөгийг өвлөх эрхийн гэрчилгээг 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр авсан, бусад өвлөгчид өвөөс татгалзсан талаарх баримтууд хэрэгт авагдсан/хэргийн 18, 21-22 дугаар тал/ байхад шаардлага гаргах эрхгүй этгээд гэж үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу.

 

Тодруулбал, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт “нөхөн олговрыг нэхэмжлэх эрхтэй этгээд хууль хүчин төгөлдөр болсноос хойш нэхэмжлэлийн бүрдүүлбэрээ хангаж байх хугацаандаа эсхүл шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа нас барсан бол түүний эрх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйл, Иргэний хуулийн 24, 515, 518 дугаар зүйлүүдэд зааснаар хууль ёсны буюу гэрээслэлээр өв залгамжлагчид шилжинэ” гэсэн зохицуулалтын дагуу нөхөх олговрын 40 000 000 төгрөгийг нэхэмжлэх эрх П.Б-ад шилжсэн эсэх үйл баримтын талаар шүүх хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай.

 

Түүнчлэн, анхан шатны шүүх Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2, 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг зөв уялдуулан хэрэглээгүйн улмаас нотлох баримт бүрдүүлэх журмыг ноцтой зөрчсөн байна.

 

Учир нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зохицуулалтад заасан журмын дагуу буюу хэлмэгдэгч, түүний эхнэр урьд нь хэлмэгдүүлэлттэй холбоотойгоор орон сууцаар хангагдсан эсэх үйл баримт тодорхойгүй байна.

 

Тодруулбал, дээрх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2-т “хилсээр хорих ял шийтгүүлж хэлмэгдсэн хүмүүст болон түүний төрөл төрөгсөд болох төрсөн хүүхэд нь нэхэмжлэл гаргах эрхтэй” талаар заасан бөгөөд уг заалт нь мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар хэлмэгдсэнтэй холбоотойгоор өмнө орон сууц улсаас авч байгаагүй хүмүүст зориулагдсан заалт юм. Энэ хуулийн заалтыг хэрэглэхийн тулд нэхэмжлэгчийн өвөг эцэг болон түүний гэр бүлийн хүн Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасан журмын дагуу “орон сууцаар хангагдаж байсан” эсэх нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай. Өөрөөр хэлбэл, шүүх онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэх хэргийн тухайд уг хэрэгт хамааралтай үйл баримтыг тодруулахын тулд зохих байгууллагаас лавлагаа авах зэргээр нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг өөрийн санаачилгаар хийх учиртай.

 

Мөн хэрэг авагдсан 1998 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Улсын аюулгүй байдлыг хангах газрын тусгай архивыг лавлагаа нь хуулбар, нотариатаар гэрчлэгдээгүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй тул мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, дүгнэлт хийх боломжгүй байна.

 

            Давж заалдах шатны шүүх нотлох баримт бүрдүүлэх ажиллагаа хийх эрх хуулиар олгогдоогүй бөгөөд дээр дурдсан үйл баримт тодорхой бус байгаа нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2020/00471 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д  зааснаар нэхэмжлэгч П.Б- нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ, ШҮҮГЧ                             Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                              ШҮҮГЧИД                              Б.НАРМАНДАХ

                   

                                                                                            С.ЭНХТӨР