| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 157/2024/00138/И |
| Дугаар | 157/ШШ2024/00168 |
| Огноо | 2024-09-11 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 157/ШШ2024/00168
2024 09 11 157/ШШ2024/00168
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Х аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: У хот Х дүүрэг, Чингисийн өргөн чөлөө 2 дугаар хороо, Б корпорацийн 229 дүгээр байрны 421 тоотод байрлах “А транс” ХХК -ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Х аймгийн Б сумын Засаг даргын Тамгын газарт холбогдох
“Барилгын зураг төслийн төлбөрт 27,258,800 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 157/ЗТ2024/00015 дугаартай “Хэрэг шилжүүлэх тухай” зөвлөгөөний тогтоолоор хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “АНГА” транс ХХК-ийн гүйцэтгэх захирал Б цахимаар, хариуцагч байгууллагын төлөөлөгч Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.1 Нэхэмжлэгч “А ” ХХК нь Х аймгийн Б сумын Засаг даргын Тамгын газарт холбогдуулан зураг төслийн төлбөр 27,258,800 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тэрээр нэхэмжлэлийн шаардлагаа дараах үндэслэлээр тодорхойлж байна. Үүнд:
“Барилгын зураг төслийн А ХХК нь 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Б сумын Засаг даргын Тамгын газартай БХМС-22/19 тоот гэрээг байгуулж, гэрээний дагуу зураг төслийг иж бүрэн гүйцэтгэж Барилгын хөгжлийн төвөөр магадлалд оруулж хүлээлгэн өгсөн.
Б сумын Засаг даргатай удаа дараа утсаар болон албан тоотоор холбогдож төлбөрийг төлөхийг шаардсан боловч одоог хүртэл тус гэрээний 4 дүгээр заалтыг зөрчиж санхүүжилт олгогдохгүй байгаа. Уг гэрээний 5 дугаар заалтад төлбөрийг 2022 онд бүрэн төлөхөөр зааж өгсөн байхад төлбөрийг хугацаандаа төлөхгүй байгаа учир Х аймгийн Б сумын Засаг даргын Тамгын газраас 27,258,800 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд Х аймгийн Б сумын Засаг даргын Тамгын газраас зураг төслийн зардал болох 27,258,800 төгрөгийг гаргуулж өгнө үү. ” гэжээ.
1.2.Нэхэмжлэгч “А” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ё.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжин оролцож байна, асуудлыг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх хүсэлтэй байна...” гэв.
2.Хариуцагч байгууллагын төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Х аймгийн Б сумын Засаг даргын Тамгын газар, “А” ХХКомпанитай 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдөр БХМС-22/19 тоот гэрээг байгуулж, гэрээний дагуу зураг төслийг гүйцэтгүүлж Х аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлогын хэлтэст хүлээлгэн өгсөн. 2020-2024 онд УИХурлын гишүүдийн ажлын алба орон нутагт хийж хэрэгжүүлэх ажлын саналыг эрэмбэлэхэд иргэдээс 8 санал гарсанаас 2 дугаарт ЗДТГ-ын барилгын ажил эрэмбэлэгдсэн. Уг ажлыг хийж хэрэгжүүлэх үндсэн дээрээс тухайн хуулийн этгээдтэй гэрээ байгуулан зураг төсөв хийлгэж, 2022 оны Улсын төсөвт суулгуулахаар ажилласан боловч Ковид цар тахалын улмаас төсвийн хэмнэлтийн тухай хууль гарч хэрэгжих боломжгүй болсон. Тухайн 8 ажлаас 6 ажил нь Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар бүрэн шийдвэрлэгдсэн. 2024-2028 онд үлдсэн 2 ажлыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа тул тухайн зургийн гүйцэтгэгчээр харилцан зөвшилцөж, нэмэлт өөрчлөлт хийлгэж авах хүсэлтэй байна.” гэв.
2.1.Хариуцагчийн байгууллагын төлөөлөгч Б шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа, маргах зүйл байхгүй. Төсвийн асуудал шийдэгдчихвэл төлж барагдуулахад ямар нэгэн татгалзах зүйл байхгүй. Төлөөлөн шүүх хуралдаанд оролцож байгаа тул шүүх хуралдаанаар асуудлыг шийдвэрлүүлье...” гэв.
3.Нотлох баримт: Нэхэмжлэгч талаас:
-“А” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар 1 хуудас /хх-ийн 4 дүгээр хуудас/
-Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хавсралт /хх-ийн 5 дугаар хуудас/
-Х аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б, А т ХХК-ийн захирал Б нарын хооронд байгуулагдсан 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн ХБМС-22-08 дугаартай “Нутгийн удирдлагын ордоны барилгын ажлын зураг төсөв боловсруулах” гэрээ /хх-ийн 6-7 дугаар хуудас/
-Х аймгийн Б сумын “Нутгийн удирдлагын ордоны барилгын зураг төсөл хүлээлцсэн акт” /хх-ийн 8-12 дугаар хуудас/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргасан өгсөн байна.
Хариуцагч байгууллагаас:
-2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Б/21 дугаартай “Амгалангийн Болормааг ажилд эгүүлэн томилох тухай” Х аймгийн Б сумын Засаг даргын захирамж /хх-ийн 19 дүгээр хуудас/ хэрэгт авагджээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч тал нь Х аймгийн Б сумын Нутгийн удирдлагын ордоны барилгын зураг төсөв боловсруулсан ажлын төлбөр 27,258,800 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.
3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч , “...уг ажлыг хийж хэрэгжүүлэх үндсэн дээрээс тухайн хуулийн этгээдтэй гэрээ байгуулан зураг төсөв хийлгэж, 2022 оны Улсын төсөвт суулгуулахаар ажилласан боловч Ковид цар тахлын улмаас төсвийн хэмнэлтийн тухай хууль гарч хэрэгжих боломжгүй болсон... 2024-2028 онд үлдсэн 2 ажлыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд төсвийн асуудал шийдэгдчихвэл төлж барагдуулахад ямар нэгэн татгалзах зүйл, маргаан байхгүй...” гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч байна.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн “Нутгийн удирлагын ордоны барилгын ажлын зураг төсөв боловсруулах” тухай ХБМС-22/08 дугаартай гэрээ, “Нутгийн удирдлагын ордон”-ы барилгын зураг төсөл хүлээлцсэн акт зэргээр “АНГА транс” ХХК нь Х аймгийн Б сумын Нутгийн удирдлагын ордоны барилгын ажлын зураг төсөв боловсруулах ажлыг 27,258,800 төгрөгөөр гүйцэтгэхээр харилцан тохиролцож гүйцэтгэсэн, барилгын зураг төслийг 2021 оны 10 дугаар сарын 08-нд хүлээлгэн өгсөн гэх үйл баримтууд тогтоогдож байна.
5. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний харилцаа үүссэн байх ба талууд ямар нэгэн маргаангүй байна.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан.
“Нутгийн удирлагын ордоны барилгын ажлын зураг төсөв боловсруулах” ХБМС-22/08 дугаартай гэрээгээр “Гэрээний нийт дүн 27,258,800 төгрөгийг төсвийн хөрөнгөөс ажлын гүйцэтгэлийг үндэслэн санхүүжүүлнэ.”, “Санхүүжилтийг захиалагч тал 2022 онд багтаан бүрэн төлнө.”, “Зөвлөх нь Нутгийн удирдлагын ордоны барилгын ажлын зураг төсөв боловсруулах ажлыг 2021 оны 8 дугаар сарын 01-ний дотор гүйцэтгэж хүлээлгэж өгөх”-өөр тус тус харилцан тохиролцжээ.
Ажил гүйцэтгэгч “А” ХХК нь “Нутгийн удирлагын ордоны барилгын ажлын зураг төсөв боловсруулах” ХБМС-22/08 дугаартай гэрээнд заасны дагуу ажлыг гүйцэтгэж, 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр барилгын зураг төслийг актаар хүлээлгэн өгсөн байх ба талууд ямар нэгэн маргаангүй байх тул “АНГА транс” ХХК-ийг хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн байна гэж шүүх дүгнэв.
Харин захиалагч буюу Х аймгийн Б сумын Засаг даргын Тамгын газар нь хууль болон гэрээнд заасан хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж, Х аймгийн Б сумын Засаг даргын Тамгын газраас ажил гүйцэтгэх гэрээний үүрэг буюу барилгын зураг төслийн төлбөрт 27,258,800 төгрөг гаргуулан “А” ХХК-д олгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
6.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч “АНГА транс” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 294,244 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагч Х аймгийн Б сумын Засаг даргын Тамгын газраас улсын тэмдэгтийн хураамжид 294,244 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “А” ХХК-д олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1 дэх хэсэг, 115.2.1 дэх заалт, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Х аймгийн Б сумын Засаг даргын Тамгын газраас ажил гүйцэтгэх гэрээний үүрэг буюу барилгын зураг төслийн төлбөрт 27,258,800 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “А” ХХК-нд олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Х аймгийн Б сумын Засаг даргын Тамгын газраас улсын тэмдэгтийн хураамжид 294,244 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “А” ХХК-нд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Х аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ