Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 2022/ДШМ/55

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Х-, В.С-,

Х.Э- нарт холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

226/2022/0055

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Г.Болормаа даргалж, шүүгч С.Оюунтунгалаг, Б.Дэнсмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,

Прокурор Д.Чулуунпүрэв,

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Дүүриймаа, Л.Наранчимэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Урантуяа нарыг оролцуулан,

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 2022/ШЦТ/113 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Х-, шүүгдэгч Х.Э-, түүний өмгөөлөгч Л.Наранчимэг нарын гаргасан давж заалдах гомдлоор Б.Х-, В.С-, Х.Э- нарт холбогдох эрүүгийн 2139002610125 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Дэнсмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Б.Х- нь Хэнтий аймгийн Батноров сум 3 дугаар багийн нутаг “Ц” гэх газар 2021 оны 08 дугаар сарын 11-ны өдөр 21 цагийн үед В.С-, Х.Э- нартай бүлэглэж, Б.Ж-ыг “амгалан тайван байдал алдагдууллаа” гэх шалтгаанаар Б.Ж-ын хамар хэсэгт нь 1 удаа өшиглөж, түүний биед баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, баруун дээд зовхинд мэс заслын оёдол бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад заасан “бүлэглэж” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн,

 

Шүүгдэгч В.С- нь Хэнтий аймгийн Батноров сум 3 дугаар багийн нутаг “Ц” гэх газар 2021 оны 08 дугаар сарын 11-ны өдөр 21 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Х-, Х.Э- нартай бүлэглэж, Б.Ж-ыг “хэл амаар доромжилсон, М.Б-ийг хавсарч унагаасан” гэх шалтгаанаар Б.Ж-ын нүүр хэсэгт нь 1 удаа өшиглөж, түүний биед баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, баруун дээд зовхинд мэс заслын оёдол бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад заасан “бүлэглэж” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн,

 

Шүүгдэгч Х.Э- нь Хэнтий аймгийн Батноров сум 3 дугаар багийн нутаг “Ц” гэх газар 2021 оны 08 дугаар сарын 11-ны өдөр 21 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ В.С-, Б.Х- нартай бүлэглэж, Б.Ж-ыг “ээж шигээ хүнтэй хэрэлдсэн” гэх шалтгаанаар Б.Ж-ын баруун нүд хэсэгт нь 1 удаа өшиглөж, түүний биед баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, баруун дээд зовхинд мэс заслын оёдол бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад заасан “бүлэглэж” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэвээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Х-,  В.С, Х.Э-  нарыг бүлэглэж  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан  буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар  зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар  зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч В.С-ыг  Хэнтий аймгийн Батноров сумын төвөөс 4 сарын хугацаанд гарч явахгүй байх үүргийг хүлээлгэж, зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч Б.Х-, Х.Э- нарыг Хэнтий аймгийн Батноров сумын төвөөс  2 сарын хугацаанд гарч явахгүй байх үүргийг хүлээлгэж, зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус  шийтгэжээ.

 

Шүүгдэгч Б.Х- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Миний бие 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Хэнтий аймгийн Батноров сумын 3 дугаар багт шинэ гэрийн найр хийсэн. Хохирогч Б.Ж- нь 18-19 цагийн үед найранд ирж, улмаар архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж, найранд ирсэн хүмүүстэй муудалцаж, хэл амаар доромжлон, агсан согтуу тавьсан. 21-22 цагийн үед гэрийнх гадаа хүмүүс шуугилдаад байхаар нь гэрээс гараад хартал зодоон болж байсан.

Ингээд тухайн зодооныг салгаж, Б.Ж-ыг түшиж босгоод А-ын гэр рүү оруулсан.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болох гэрчүүдийн мэдүүлгээр Б.Х- намайг Б.Ж-ын биед гэмтэл учруулсан гэх үйл баримт тогтоогддоггүй бөгөөд шүүх гэрчүүдийн мэдүүлгийг бодитойгоор үнэлээгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тул хэргийг дахин хянаж, Б.Х- надад холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч Х.Э-, түүний өмгөөлөгч Л.Наранчимэг нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Миний бие 2021 оны 08 дугаар сарын 11-ний орой найр болж байгаа гэрийн гадаа болсон бүжгэн дээр Б.Ж-т хандаж ээж шигээ хүнтэй муудаж муудалцаж болохгүй шүү гэж хэлсэн, түүнээс биш би түүнийг зодсон зүйлгүй, намайг Б.Ж-т ээж шигээ хүнтэй маргаж муудаж болохгүй шүү гэж хэлж байснаас хойш Б.Ж- нь найр хийж байсан Б.Х-ын гэрт буцаж ороод архи дарс ууж наргиж цэнгэж байсан талаар хохирогч Б.Ж- өөрөө мэдүүлдэг /хх 17-18, 13-14/ мөн бусад гэрчүүд болох В.С-ын /хх 63, 20-21/, Ар-гийн /хх 41, 56-67/, Б-гийн /хх 77-78/, гэрч О-ын /хх 61-62/ нарын мэдүүлгээр нотлогддог.

Мөн хохирогч Б.Ж- нь мөрдөн шлгах ажиллагаан явцад 2 удаа мэдүүлэг өгсөн бөгөөд тухайн мэдүүлэгтээ 2 өөр утга санааг агуулсан мэдүүлгүүдийг өгсөн эхний мэдүүлэгтээ 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр ...тухайн үед би халамцуу байсан тул газарт унасан чинь дээрээс толгой түрүүгүй өшиглөж цохиж байсан тухайн үед би толгойгоо гараараа хамгаалаад биеэ хураагаад хэвтсэн. Зодуулж байх зуур хальт харахад манай сумын Омбо, Согоо, Базаа нар байсан. Тэгээд би зодуулж байснаас хойш юу болсоныг санахгүй байна гэсэн мэдүүлгийг өгсөн бөгөөд 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 2 дахь удаагаа мэдүүлэг өгөхдөө ....Ингээд жоохон сууж байгаад уур хүрээд байхаар нь 22 цагийн орчимд Б.Х-ын гэрээс гараад явсан чинь хажуугаар нэг хүн над руу хараад өнгөрөхөөр нь тухайн үед М.Б-ийг гэж мэдэлгүй Б.Х-тай андуураад хавираад унагаасан чинь ар дагз хэсгээс нэг хүн цохих шиг болсон тухайн үед унаж байхдаа харахад миний ард В.С- зогсож байсан. Тэгээд намайг унасан чинь В.С- миний цээж хэсэгт 2-3 удаа дэвссэн харин Б.Х- миний толгой хэсэгт зогсож байснаа яг хамар хэсэгт минь өшиглөхөд хамраа дараад манараад хэвтэж байсан чинь Омбо буюу Х.Э- ах миний баруун нүд рүү өшиглөсөн. Харин В.С- дахин нэг дэвсэх үедээ миний зүүн нүдний дээд хөмсөг хэсэгт дэвсээд хөмсгийг минь язалчихсан гэсэн 2 өөр утга санааг илэрхийлсэн мэдүүлэг өгсөн.

Хохирогч Б.Ж- нь анхны мэдүүлэгтээ тухайн үед хэн хэн байсан биеийн аль хэсэг нь хэдэн удаа цохиж байсан болон В.С-ыг зодсон талаар огт мэдүүлээгүй бөгөөд тухайн үед Базаргүр болон намайг байсан талаар худал мэдүүлэг өгсөн.

Б.Ж-ын хохирогчоор өгсөн 2 мэдүүлэг нь хоорондоо эрс зөрүүтэй, мөн 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 2  дахь удаагаа хохирогчоор өгсөн мэдүүлэг нь гэрч Базаргүр, Б-, О-, Д-, Н-, М.Б-э, Б-, А- нарын мэдүүлгээр үгүйсгэгддэг бөгөөд дээрх гэрчүүд нь Б.Ж-ыг бусдад зодуулж байх үед намайг хажууд нь байгаагүй талаарх мэдүүлгүүдийг өгсөн байдаг.

Тухайн үед Б.Ж- нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан тул хэнд зодуулсан талаар хэлж мэдэхгүй байна гэж өөрийн эх Х-, Б- нарт ярьсан байдаг, мөн 2021 оны 08 дугаар сарын 11-ний орой зодоон болж байхад шөнө харанхуй болж үзэгдэх орчин муу байсан хэн хэнийг зодож байгаа ьн харагдахгүй найранд байсан бүх хүмүүс бужигналдаад Б.Ж-ын хажууд байсан талаар М.Б-э мэдүүлэг өгсөн, мөн хохирогч Б.Ж- нь тухайн үед намайг толгой түрүүгүй өшиглөж цохьж байсан би толгойгоо гараараа хамгаалаад биеэ хураагаад хэвтсэн гэх мэдүүлгүүдээс дүгнэн үзэхэд хохирогч Б.Ж- нь болсон асуудлын талаарх мэдүүлгийн эх сурвалжаа тодорхойлон зааж өгч чадахгүй байдалтай байсан болох нь харагддаг.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналыг прокурорт 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр, 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр тус тус гаргасан боловч хяналтын прокурор нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан гэрч нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар оролцогч нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн саналыг хүлээн авахаас татгалзаж хэрэг бүртгэлтэд буцааж шийдвэрлэсэн байдаг.

Гэтэл хохирогч Б.Ж- нь 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр өгсөн анхны мэдүүлгээс 6 сарын дараа хэрэгт хамаарал бүхий бүх гэрчүүдийг 1-2 удаа мэдүүлэг авсаны дараа Б.Ж-аас дахин 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хохирогчоор мэдүүлэг авч тухайн ганцхан мэдүүлэгт үндэслэн намайг гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэж байгааг миний бие хүлээн зөвшөөрөхгүй байна.

/Жич: Мөрдөгч хохирогч Б.Ж-аас мэдүүлэг авахдаа хэргийн нөхцөл байдалтай тааруулж хөтөлж мэдүүлэг авсан/

Иймд миний бие анхан шатны шүүх хуулийн зүйл, хэсэнг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж давж заалдах гомдол гаргаж байна” гэв.

 

Прокурор Д.Чулуунпүрэв шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэнтий аймгийн Прокурорын газраас Б.Х-, В.С-, Х.Э- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  яллах дүгнэлт үйлдэж шүүх рүү шилжүүлсэн. Шүүгдэгч Х.Э- хэрэг болох үед тасарсан болсон үйл явдлыг санахгүй байгаа мэдүүлсэн боловч шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ болсон үйл баримтыг ярьдаг. Хохирогчийн мэдүүлэг тогтвортой  хуульд заасан журмын дагуу авагдсан юм.  Шүүгдэгч Х.Э-, Б.Х- нар нь яллагдагчаар татахаас өмнө  хохирогчид 3.000.000 төгрөгийг өгсөн бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байсан.Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул өмгөөлөгч нарын гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үгүй... гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Наранчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Х-, Х.Э- нарын өмгөөлөгчөөр оролцож байгаа. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Хохирогч Б.Ж- нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 2 удаа мэдүүлэг өгсөн байдаг. Эхний мэдүүлэг нь 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр мэдүүлэг өгөхдөө “би тухайн үед зодуулаад газар унасан. Ингэхэд дээрээс өшиглөөд байсан. Тухайн үед толгойгоо хамгаалаад хэвтэж байсан. Ингэж зодуулаад хэвтэж байхдаа харахад Г, З, Ц 3 харагдсан” гэж хэлсэн байдаг. Үүнээс хойш хэрэгт хамааралтай гэрчүүд бүгд мэдүүлэг өгсөн байдаг. Үүний дараа 2 дахь удаагаа мэдүүлэг авахад Б.Ж- нь “В.С- миний зүүн мөр рүү 2-3 удаа өшиглөсөн, Б.Х- өшиглөсөн, В.С-  над руу өшиглөсөн” гэж болсон асуудлын талаар зөрүүтэй мэдүүлсэн байдаг. Өмгөөлөгчийн зүгээс хохирогч мэдүүлгийнхээ эх сурвалжийг нэрлэн зааж чадахгүй байгаа учраас хохирогчийн мэдүүлэг нь дангаараа нотлох баримтын шаардлага хангахгүй гэсэн байр суурьтай оролцож байна. Хохирогчийн мэдүүлэг нь гэрч Б, Ар-, О нарын мэдүүлгээр үгүйсэгддэг. Х.Э-ыг мөн хэрэг маргаан болох бусдад үед буюу Б.Ж-ыг бусдад зодуулах үед хажууд нь байсан талаар гэрчээр өгсөн хүмүүс нэг ч мэдүүлээгүй. Хохирогч мэдүүлгийнхээ эх сурвалжийг нэрлэн зааж чадахгүй байгаа учраас хохирогчийн мэдүүлэг нь нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна. Хэрэг гарах үед гадаа харанхуй болсон байсан. Хүн бужигналдаад хэн юу хийсэн талаар хараагүй гэрч нар Б.Ж-ыг хэнд зодуулсан талаар мэдэхгүй байна гэж мэдүүлдэг. Дээрх үндэслэлээр миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдохгүй байгаа тул гэм буруугүйд тооцож өгнө үү... гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Дүүриймаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 113 дугаартай шийтгэх тогтоолыг шүүгдэгч Б.Х- нь дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Хохирогч Б.Ж-т гэмтэл учруулаагүй гэдэг. Шүүгдэгч Б.Х- нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, хэрэглэдэггүй, харин хохирогч Б.Ж-ын хувьд айлын найр нь дээр очиж согтууруулах ундааны зүйл хэрэглээд хүмүүстэй маргалдаж муудалцаж агсам согтуу тавьсан. Анхан шатны шүүхийн шийдвэрт үндэслэл болгосон гэрч нарын мэдүүлгүүд зөрүүтэй байгаа тул миний үйлчлүүлэгч Б.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ шүүгдэгч Б.Х-, шүүгдэгч Х.Э-, түүний өмгөөлөгч Л.Наранчимэг нарын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудын талаар шалгасан байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд хэрэгт авагдсан хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгийг бусад нотлох баримтуудтай харьцуулан хэргийн үйл баримтыг тогтоож, хууль зүйн дүгнэлт хийн хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

Шүүгдэгч В.С- нь ганцаараа Хэнтий аймгийн Батноров сум 3 дугаар баг “Ц” гэх газар 2021 оны 08 дугаар сарын 11-ны өдөр 21 цагийн үед “хэл амаар доромжилсон, М.Б-ийг хавсарч унагаасан” гэх шалтгаанаар Б.Ж-ын  нүүр хэсэгт нь 1 удаа өшиглөж, түүний биед баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, баруун дээд зовхинд мэс заслын оёдол бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

   Хохирогч Б.Ж-ын 2021 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад  өгсөн:”...би тухайн үед халамцуу байсан учир газар унасан дээрээс толгой түрийгүй өшиглөж цохиж байсан... хальт харахад О,С,Б байсан.. Б.Х- байсан байж магадгүй..” гэх мэдүүлэг/х-ийн 14 тал/, мөн түүний 2022 оны 3 дугаар сарын 7-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад  өгсөн: “...тэгээд...жоохон сууж байгаад уур хүрээд байхаар нь 22 цагийн орчимд Б.Х-ын гэрээс гараад явсан чинь хажуугаар нэг нөхөр над руу хараад өнгөрөхөөр нь тухайн үед М.Б-ийг гэж мэдэлгүй Б.Х-тай андуураад хавираад унагаасан чинь ар дагз хэсгээс нэг хүн цохих шиг болсон. Тухайн үед унаж байхдаа харахад В.С- миний ард зогсож байсан. Тэгээд намайг унасан чинь В.С- цээж хэсэгт минь 2-3 удаа дэвссэн харин Б.Х- миний толгой хэсэгт зогсож байснаа яг хамар хэсэгт минь өшиглөхөөр нь би хамраа дараад манараад хэвтэж байсан чинь О /Х.Э-/ ах миний баруун нүд рүү өшиглөсөн, харин В.С- дахин нэг дэвсэх үедээ миний зүүн нүдний дээд хэсэгт хөмсөг хэсэгт дэвсээд хөмсгийг минь язалчихсан. Тухайн үед би архиныхаа халуунаас болоод өвдөлт мэдрэхгүй нүдний дээд хөмсөг хэсгээс цус гараад, зүүн нүд бага зэргийн зовуурьтай, хамар минь харин янгинаад амьсгалахад хэцүү байгаад байсан. Тухайн үед А- нүүрийг минь угаалгаж байх шиг байсан ...харин маргааш өглөө нь сэрээд Х.Э- ахын гэрт орсон чинь Х.Э- /О/ ах намайг өшиглөсөн тухайгаа надад хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 тал/

 

Гэрч Г.Х-ийн  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Тэгээд хартал нүүр, нүд нь хавдсан хөмсөг нь язарсан байсан...Гэртээ ирээд цусыг нь арчиж цэвэрлэсэн чинь хөмсөг дээр нь хоёр язарсан байсан...оёдол тавиулсан...хүүгийн маань нүд нь цус хурчхаад дээрдэхгүй болохоор нь ..хот руу очоод Нэгдүгээр эмнэлэгт очиж нүдний ухархайн хагалгаанд орж 1.800.000 төгрөгөөр нүдний ухархайн зөөлөн эд авч хагалгаанд орсон. Мөн хамрын салст хугарсан учир хамрын хагалгаанд орсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 тал/

 

Гэрч Э.А-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Тэгэхээр нь би гэрээс гараад хартал Б.Ж- газар хэвтэж байсан. Тухайн үед Б.Ж-ын хажууд Б.Х- ах, С хоёр байж байсан. Тэгээд би очоод хартал Б.Ж-ын хөмсөгнөөс нь цус гарчихсан Б.Х-, С хоёр намайг арай хэтрүүлчихлээ гэж орилоод байж байсан... Б.Х-ыг дарж унаад байж байхад нь С өшиглөсөн гэж маргааш өглөө нь энд байсан хүмүүс ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 тал/

 

Гэрч Э.А-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн: “... Б.Х-ын гэрийн хүмүүс орилоод бөөн шуугиан болсон. Тэгэхээр нь гадаа гартал Б.Ж-ыг В.С- гэх залуу нүүрэн тус газарт нь өшиглөөд эргэж байсан. Б.Ж-ын хажууд Б.Х- байсан... тэр үед Б.Ж- хэлэхдээ Б.Х-, В.С- хоёр намайг арай л хэтрүүлчихлээ гээд орилоод уйлаад байсан. Би Б.Ж-ын нүүрийг угаасны дараа хартал хөмсөг хавьцаа язарсан байдалтай цус гоожоод байгаа харагдсан... харахад В.С- цагаан дээлтэй Б.Ж-ын нүүрэн тус газарт нь 1 удаа өшиглөж байгаа нь харагдсан... харин Б.Ж- дээр очиход Б.Х-, В.С- хоёр хажууд нь байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 тал/

 

Гэрч Б.Б-ын  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...гадаа гарахад Б.Ж- газар хэвтэж, хөмсгөөс нь цус гоожсон байдалтай хажууд нь Б.Х-, В.С- нар зогсож байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 48-49 тал/

 

Гэрч М.Б-ийн  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Тэгээд би гэрт нь түр суугаад удаагүй гарсан чинь Б.Ж- нь гэрийн гадаа надтай таараад намайг барьж аваад хоёр удаа хавсарч унагаасан. Тэр үед хүмүүс бид хоёрыг салгасан чинь... манай туслах малчин В.С- нь гэрээс гарч ирээд Б.Ж-тай муудалцаад зодолдсон... Тэгээд би зодоон намжсаны дараа өөрийн малчин В.С-ыг аваад харьсан... Би В.С- цохиж байхыг харсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52 тал/

 

Гэрч Н.О-ын  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...гэрийн гадна М гэх залуу нь М.Б-э гэх залууг 2 ч удаа хөлөөрөө ташиж газарт унагасан. Тэр үед В.С- гэрээс гарч ирэх таараад яагаад М.Б-ийг унагаагаад байгаа юм бэ гээд хүчтэй гүйж ирээд М-г үсэрч өшиглөөд унагаасан. В.С- нь М-г унагаачхаад дээрээс нь цээжин хэсэгт хөлөөрөө дэвслээд байгаа харагдсан... Б.Ж- нь миний нүд харахгүй байна гээд бахираад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 61-62 тал/

 

Гэрч Б.Б-гийн  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Ингээд Б.Ж- ямар нэгэн үгийн солиогүй М.Б-ийг барьж аваад дэгээдээд газар унагаасан. Тэгтэл В.С- гэрээс гарч ирээд манай найз М.Б-ийг яаж байна гээд гүйж ирээд үсрээд хөлөөрөө Б.Ж-ыг жийж унагаагаад дээр нь суугаад цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 77-79 тал

 

Гэрч Д.О-н  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Тэгээд л гэрийн гадаа Б.Ж- нь М.Б-э гэж залууг барьж аваад 1-2 удаа тонгорч унагаагаад орхисон. Тэр үед В.С- нь баруун гэрээс гарч ирээд Б.Ж-ыг өшиглөсөн чинь Б.Ж- газар ойчсон... Харин өглөө нь Б.Ж- манай гэрт орж ирчхээд Б.Х-, В.С- хоёр намайг арай хэтрүүллээ дээ гэж өөрөө хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 83-85 тал/

 

Гэрч Б.Н-гийн  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... тэнд байсан хэдэн хүн В.С- Б.Ж-ыг зодсон л гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 88-90 тал/

 

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 461 дугаартай: “...Б.Ж-ын биед баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, баруун дээд зовхинд мэс заслын оёдол бүхий шарх гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 103-104 тал/

 

Яллагдагчаар В.С-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна... Би хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна...” гэх /хх-ийн 149-150 тал/ мэдүүлэг зэрэг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ. Ийм учраас нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн прокуророос В.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт зааснаар яллахаар дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинжид нь тохируулан   Эрүүгийн   хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчилж, ялыг багасгахаар тогтов.

 

Шүүгдэгч Х.Э-, Б.Х- нар нь В.С-той бүлэглэж, Б.Ж-ыг “хэл амаар доромжилсон, М.Б-ийг хавсарч унагаасан” гэх шалтгаанаар Б.Ж-ын баруун нүд, хамар хэсэгт нь өшиглөж, түүний биед баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, баруун дээд зовхинд мэс заслын оёдол бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад заасан “бүлэглэж” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэх гэмт хэргийн талаар анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байгаа бөгөөд  хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16,15  дугаар зүйлд “2.Шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ. 3.Хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана.” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3-т Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэж тус тус   заажээ.

 

Хохирогч, Б.Ж-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн 2 удаагийн мэдүүлэг нь хоорондоо зөрүүтэй, түүний мэдүүлэг өөр бусад нотлох баримтаар нотлогдохгүй байх тул Х.Э-, Б.Х- нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт “хэргийн шинжгүй”  гэсэн үндэслэлээр  хэрэгсэхгүй болгож, цагаатгах нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр 1 дэх хэсгийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

1.Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 2022/ШЦТ/113 дугаартай тогтоолын тогтоох хэсэгт

Хэнтий аймгийн Прокурорын газраас Х.Э-, Б.Х- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, цагаатгасугай.” гэсэн нэмэлт заалтыг оруулж, шийтгэх тогтоолын тэдэнд холбогдох заалтуудыг тус тус хүчингүй болгосугай.

 

2.Шийтгэх тогтоолын 1 дэх заалтыг “В.С-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан  буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай“ гэж, тогтоолын 2 дах заалтын “11.6 дугаар зүйлийн 2 дахь “гэснийг “11.6 дугаар зүйлийн 1 дэх” гэж  “4 сарын” гэснийг “3 сарын” гэж тус тус өөрчлөн, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

4.Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрх

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Г.БОЛОРМАА

 

                           ШҮҮГЧИД                                           С.ОЮУНТУНГАЛАГ

           

                                                                                       Б.ДЭНСМАА