Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 182

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Болормаа даргалж, шүүгч Н.Адъяа, шүүгч Т.Энхмандах нарын бүрэлдэхүүнтэй

Нарийн бичгийн дарга Т.Маралмаа      

Улсын яллагч Н.Амаржаргал

Иргэдийн төлөөлөгч П.Өлзийбаатар

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цуурай

Шүүгдэгч О.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт О.Н-д холбогдох 201710010136 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 11 дугаар сарын 15-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, эмэгтэй, дээд боловсролтой, хоол хүнсний эрүүл ахуйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, 3 хүүхдийн хамт амьдардаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгэлгүй, Б овогт О.Н

Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтэнд авагдснаар/

Шүүгдэгч О.Н нь 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг гэртээ хамтран амьдрагч Д.Б-тай согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ маргалдаж, Д.Б-н нуруун тус газарт нь хутгалж, улмаар Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн эмчилгээ хийлгэж байгаад 2017 оны 06 дугаар сарын 03-ны өдөр нас барж, О.Н нь хүнийг алсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч О.Н мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 10 цагийн орчим нөхөр Б 6 настай хүү М, 2 настай хүү А нарын хамт гэрээсээ гарч Юнителийн салбарт дээр очиж симээ сэргээлэгчихээд дэлгүүрээс 2.5 литрийн савалгаатай “Сэрүүн” нэртэй пиво 1 ширхэгийг, 1 ундаатай авч манай гудамжинд гэр нь байдаг Б-н найз Э-н гэрт хүүхдүүдийн хамт 10 цагаас 11 цагийн хооронд очсон биднийг очиход Э гэртээ 2 настай охиныхоо хамт байсан. Э, Б бид гурав дэлгүүрээс авсан пиво хувааж уусан пиво дуусахад Б намайг дэлгүүрээс дахиад архи аваад ир гэж явуулсан. Би гэрийнхээ ойролцоо байх ЭсЭс нэртэй хүнсний дэлгүүрээс архи авах гэж явах замаараа хүү  М-г эмээ, өвөөгийнх нь гэрлүү явуулсан. Дэлгүүрээс 1 шил 0.75 литрийн “Улаанбаатар” нэртэй архи аваад Э-х рүү явж байтал найз эмэгтэй Н надтай уулзах гээд манай гэрт ирчихсэн байна гээд утсаар ярихаар нь гэрээрээ дайрч Н-тай уулзаад Э-д цуг очсон. Н бид хоёр Э-н гэрт очоод дэлгүүрээс авсан архиа задалж Э, Б бид гурав хувааж уусан Н архи, пивоноос уугаагүй бидэнтэй хэсэг сууж байхад түүний нөхөр О ирж авч явсан. Э, Б бид гурвын ууж байсан архи дуусахад Б, Э нар дахин архи авахаар дэлгүүр явсан удалгүй Б, Э нар 1 шил 0.75 литр архи, 2.5 литрийн хуванцар савтай “Сэрүүн” пиво 2 ширхэгийг, “Бидний кола” ундаа 1 ширхэгийг авч ирсэн. Тэр хоёр Э-н найз М гэх залуугийн хамт ирсэн Б, Э, М бид дөрөв авч ирсэн архи, пивоо Э-н гэрийн гадна байх гаржид хувааж уусан. Архи дуусахад Э би согтоод байна гээд гэрлүүгээ унтахаар орсон үлдсэн пивоо Б, М бид гурав хувааж уугаад сууж байхад Б согтоод надад агсам тавих гээд Э-тэй хардсан яриа өгүүлэл гаргаад байхаар нь би Б-н дүү Б-г утсаар дуудсан. Б удалгүй хүрч ирсэн би тэндээс харихаар түрүүлж явсан гудамжны нөгөө талаар Б, Б хоёр, хоёр настай хүү А нар харихаар явж байхыг нь би нөгөө талын гудамжнаас хараад араас нь явж байсан. Тэр гурав түрүүлээд гэрлүүгээ орсон би урд талын хашаагаар дамжаад гэрлүүгээ ороход үүдний амбаарт Б, Б, А нар байсан. Б надтай хэрэлдэж зууралцсан, тэгэхэд хадам дүү Б бид хоёрыг салгасан энэ үед би үүдний амбаараас гэрлүүгээ ороод гал тогооны өрөөрүү юм идэхээр ороод байж байтал араас Б орж ирээд “чамайг муу гичийг алаад хаячихъя, чамайг алчихсан байхад яадаг юм бэ” гэж хэлсэн энэ үед шүүгээн дээр байсан хутгыг аваад нуучихъя гэж бодоод авсан. Б над руу дайрч ирээд миний дээрээс унахад нь түүнийг хутгалчихсан нуруу орчим нь хутгалсан боловуу гэж бодож байна. Яг хааш нь хутгалсанаа би сайн мэдэхгүй байна би Б-д “ахыг чинь хутгалчих шиг боллоо” гэж хэлээд би Б-н утсаар эмнэлэг, цагдаа руу дуудлага өгсөн. Б бас ах Б руугаа утсаар ярьж дуудаж байсан удалгүй цагдаагийн алба хаагч ирж араас нь Б эхнэрийнхээ хамт ирсэн. Удалгүй түргэн ирж Б-г авч явсан цагдаагийн алба хаагч намайг саатуулахаар авч явсан. Б-г хутгалсан тэр хутгаар урд өмнө Б намайг хутгална гээд миний хувцас хунарыг урж тасдаж байсан, би нөхрийгөө хутгална гэсэн санаа бодол огт байгаагүй, тэр хутгыг авч нуух гэж байсан юм энэ үед над руу гүйж ирээд дээрээс дараад уначихсан гэжээ. /хх-ийн 150-152/

-Хохирогч Д.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: Би ар гэрээ төлөөлж энэ хэрэгт хохирогчоор оролцоно манай гэрийнхэн ярилцаад Н эгчид ямар нэгэн гомдол саналгүй болсон мөн оршуулгын зардлыг Н-ий ар гэр гаргаж байгаа учраас нэхэмжлэх зүйл байхгүй Н эгч талийгаачийн хүүхэд болох 2 настай А-г Н-ий ээж Х өөр дээрээ өсгөхөөр болсон. Намайг Б ахын гэрт амьдарсан 1 сарын хугацаанд Б ах, Н эгч хоёр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хоорондоо хэрэлдэж маргалдаж Б ах Н эгчийг цохиж зоддог байсан. Би аль болох Н эгчийг зодуулахгүй гэж өмөөрч хамгаалдаг байсан Б ахыг хутгалуулахаас 7 орчим хоногийн өмнө Б ах Н эгчийг согтуудаа цохиж зодож нуруунд хөхрүүлж гэмтээсэн би Н эгчийг зодуулахгүй гэж хамгаалсан боловч чадаагүй тэр өдөр Б ах гэрт байсан хутгыг /Н эгч Б ахыг хутгалсан хутга/ бариад чамайг ална гэж Н эгчийг айлгаж сүрдүүлж байсан би Б ахыг боль гэж уйлж гуйсан боловч тэр Н эгчийг хутгална гээд дайраад байсан. Би цагдаа дуудна гэж хэлээд утсаар дуудлага өгөх гэхэд Б ах гараад зугтачихсан. Н эгч дээгүүрээ бор шаргал өнгийн цамцтай байсан Б ахтай үүдний амбаарт зууралцах үед урагдчихсан тэр цамцаа тайлаад хэрэг болох үед дээгүүрээ левчиктэйгээ л байсан мөн тэр цэнхэр өнгийн жинсэн өмд, цагаан өнгийн гуталтай байсан харин Б ах цагаан өнгийн фудболк, саарал өнгийн биеийн тамирын өмдтэй байсан Б ах хутгалуулсаны дараа эмнэлэг ирж футболкийг нь тайлж боолт хийсэн харин би улаан өнгийн цамцтай байсан Б ахыг хориглож байгаад түүнд цамцаа уруулчихсан тэгээд Б ахыг хутгалуулсаны дараа урагдсан цамцаар цусыг нь дарж тогтоосон. Надад нэхэмжлэх зүйл байхгүй, хохиролын баримт гаргаж өгөхгүй, гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ. /хх-ийн 21-22/

-Гэрч Д.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: ”....Өнөөдөр буюу 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр өглөө 10 цагийн орчим гэрээсээ гараад явсан 14 цаг 40 минутанд бэр эгч Н над руу залгаад ах чинь энд хүнтэй зодолдоод байна. Чи хурдан хүрч ирж хүү бид гурвыг ав бид гурав Э-н гэрт байна гэж хэлсэн. Би Б ах найз Э гэгчийн гэрт очиход Н эгч хүүхдээ тэвэрчихсэн зогсож байсан. Б ах Э гэх залуутай зууралдчихсан байж байсан. Н эгч, Б ах, Э нар гурвуулаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Би Н эгчээс түрүүлээд гэрлүүгээ явж бай гээд гэрлүү нь явуулсан. Тэгээд Б ах Э нарыг салгаад Б ахын хүүхдийг нь тэврээд Б ахыг дагуулаад гэрт нь ирэхэд Н эгч гэртээ ирээгүй байсан. Удалгүй Н эгч араас орж ирсэн. Тэгэхэд Б ах Н эгчид чи ер нь ойрд болохгүй байгаа шүү чиний юу хийгээд байгааг би мэдэж байгаа шүү гэж хэлээд үүдний амбаарт Н эгчийг барьж авахад нь би тэр хоёрын дундуур орж салгасан. Энэ үед Н эгчийн цамцнаас Б зуурч татаад урчихсан. Тэгэхэд Н эгч уурлаад чи яагаад миний хувцсыг урж байгаа юм бэ гээд бие биенээ цохих гээд бие бие рүүгээ дайраад байсан. Энэ үед би тэдний дунд зогсож байсан болохоор хооронд нь зодолдуулаагүй ахыг Н эгчээс холдуулсан. Тэгэхэд эгч уурлаад би ингэж байж чадахгүй гэж хэлээд байшин руу ороод хаалга хаачихсан. Би 1 минут орчим хугацаанд Б ахыг тайвшруулаад эхнэртэйгээ битгий хэрэлдэж маргалд гэж хэлэхэд би дахиж эгчтэй чинь маргалдахгүй болилоо гэж хэлээд гэрлүүгээ орсон. Би ахын араас ороход Н эгч гал тогооны өрөөний зүүн хана дагуу байх шүүгээний хажууд баруун гартаа хутга бариад зогсож байсан. /Хутга нь гэрийнх нь хэрэглэдэг гал тогооны өрөөний шүүгээнд байдаг бор шаргал өнгийн оруулагатай улаан өнгийн цэцэгний зурагтай/ Б ах Н эгч рүү гүйсэн би ахын араас татах гэсэн боловч барьж авч чадаагүй. Н эгч гарт байсан хутгаа ахын цээжний зүүн хэсэг рүү  чиглүүлж хажуугаас нь чичсэн боловч зөрсөн. Тэгэхэд Б ах Н эгчийн дээрээс дарж унахад Н эгч хутгаараа Б ахын нурууны зүүн хэсэг рүү нэг удаа хатгахад ахын нуруу хэсгээс цус гарч байсан. Би өмсөж байсан хүрэн улаан өнгийн цамцыг тайлж ахын нуруунаас гарч байгаа цусыг дарсан. Би бэр эгчид утсаа өгөөд түргэн дууд гэж хэлсэн. Эгч эмнэлэг рүү дуудлага өгсөн....” гэжээ. /хх-ийн 28-29/

-Гэрч Г.Б-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр би БНХАУ-с Замын-Үүдын боомтоор 14 цаг өнгөрч байхад орж ирсэн намайг орж ирж байгааг дүү Б мэдэж байсан юм. Би гэртээ ирээд байж байтал 15 цаг өнгөрч байхад дүү Б над руу залгаж “ахыг Н хутгалчихлаа хурдан ир” гэж хэлсэн би эхнэр Ө-н хамт гэрт нь хүрч ирэхэд ах маань нуруун тус газраа хутгалуулчихсан гал тогооны өрөөний цонхын харалдаа байх паарыг налаад сууж байсан” Н ахын урд сөхрөөд суучихсан байсан, түүний хажууд урд үзүүр нь цус болчихсон улбар шар өнгийн цэцэгтэй хутга байсныг би ишнээс нь бариад үүдний амбаарлуу шидсэн. Би Б-с “түргэн дуудсан юмуу” гэхэд “түргэн дуудсан” гэж хэлсэн манай эхнэр Ө дахин түргэн лүү залгаж дуудлага өгөхөд дуудлага хүлээн авсан гэж хэлсэн удалгүй цагдаагийн алба хаагч ирсэн, араас нь түргэн тусламжийн эмч хүрч ирж ахыг түргэн тусламжийн машинаар эмнэлэг рүү авч явсан. Ах маань эмнэлэг дээр хүрч ирж эмнэлэг яаралтай тусламж аваад дараа нь хагалгаанд орж хагалгаанаас гарч эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаад 2017 оны 06 дугаар сарынг 03-ны өдөр нас барсан. “...Ер нь бол Б ах Н нар архи уух болгондоо хэрэлдэж, маргалдаж зодолддогийг нь би мэддэг хажууд нь тэр болгон байдаггүй болохоор бэртэл гэмтэл учруулж байсан талаар сайн мэдэхгүй байна. Хоорондоо маргалдаж, зодолдох шалтгаан нь хэн хэн нь бие биенээ харддагаас болдог. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй  эрүүл үедээ бол тэдний хооронд ямар нэгэн хэрүүл, маргаан, зодоон болдоггүй. Н цэнхэр өнгийн жинсен өмдтэй байсан өөр ямар хувцас өмссөн байсаныг санахгүй байна, Б ах саарал өнгийн даавуун өмдтэй, дээгүүрээ цээж нүцгэн байсан, Б хүрэн өнгийн срочиктой, саарал өнгийн даавуун өмдтэй байсан. Б ах эмнэлэгт хүргэгдэж хагалгаанд орсоны дараа эмнэлгийн байгууллагаас ах хутгалуулах үедээ өмсөж явсан өмдийг нь бид нар аваад угаачихсан байсаныг цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгсөн. Миний хувьд Н дагавар 2 хүүхэд болон талийгаач ахын маань нэг хүүхэд бүтэн өнчирж үлдэж байгаад харамсаж байна ингээд ээж О, ээжийн дүү О ах, миний төрсөн дүү Б бид нар ярилцаад Н-д ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, талийгаачийг оршуулах оршуулгын зардал мөнгийг Н-ий аав, ээж, ах дүү нар болон манай гэрийн зүгээс нийлж гаргасан учраас ямар нэгэн мөнгө төгрөг нэхэмжлэхгүй гэжээ. /хх-ийн 24-25/

- Гэрч  П.Ө-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...2017    оны 06 дугаар сарын 02-ны өдөр нөхөр БНХАУ-с дөнгөж ирээд байж байсан юм. Тэгэхэд түүн рүү дүү Б нь залгаад “Б ах хутгалуулчихлаа” гэж хэлсэн тэгээд Б бид хоёр гэрт нь яваад очтол Б ах цонхны харалдаа хана налаад сууж байсан, түүний хажууд Н, Б болон 2 настай хүүхэд нь уйлчихсан байж байсан. Б Б-с түргэн дуудсан юм уу гэж асуухад дуудсан гэж хэлсэн би эмнэлэг рүү залгаж дуудлага өгөхөд дуудлага хүлээн авсан гэж хэлсэн. Би Б ахын хүүхдийг нь аваад гэрээс гарсан тэгэхэд цагдаагийн алба хаагч хүрч ирсэн түүний араас түргэн тусламж Б ахыг түргэн тусламжийн машинаар сумын нэгдсэн эмнэлэг рүү авч явсан. Тухайн үед хадам дүү Б болон тэдний 2 настай хүүхэд байсан өөр хүн байгаагүй. Би хутга байгааг эхлээд анзаарч хараагүй хүүхдийг нь авч гараад түргэн лүү дуудлага өгчихөөд эргээд гэрт нь орж ирэхэд үүдний амбаарын баруун хэсэгт цэцэгний зурагтай хутга байхыг харсан. “...Би хадам ах Б болон бэр Н нартай ойр дотно байдаггүй учир дээрх үйл явдлыг сайн мэдэхгүй, харин 2017 оны 04 сард Н эгчийн төрсөн өдрөөр Б ах түүнийг цохиж зодоод цагдаад баригдаж явж байсан. Н цэнхэр өнгийн жинсен өмдтэй, дээгүүрээ левчиктэйгээ, Б ах саарал өнгийн даавуун өмдтэй, дээгүүрээ цээж нүцгэн байсан гэжээ. /хх-ийн 26-27/

- Гэрч Ш.О-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: Миний том хүү Д.Б нь 2013 оноос Дорноговь аймгийн Замын-Үүд суманд ирж ажиллаж амьдрах болсон, тэгээд Замын-Үүд сумын харьяат Н гэж эмэгтэйтэй гэр бүл болж хамт амьдарч 2015 онд тэд хүүхэдтэй болсон. Миний бага хүү Б нь 2017 оны 05 сараас хойш Б-н гэрт амьдарч байсан. Б, Н хоёр над руу байнга утсаар холбогддог байсан Б заримдаа утсаар яриад “Н-г архи уугаад гадуур хоногоор явчихлаа, би хүүхэдтэйгээ хоёулахнаа байна” гэж хэд хэдэн удаа хэлж байсан. Харин Н “танай хүүхэд чинь согтуу ирээд цохиж зодлоо, намайг хэл амаар доромжиллоо” гэж хэд хэдэн удаа хэлж байсан. Тэд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй үедээ бол хоорондоо эвтэй найртай байдаг байсан энэ талаар би утсаар холбогддог байсан болохоор сайн мэдэж байна. Би энэ талаар огт мэдэхгүй байна ямар ч байсан архи уусан үедээ хоорондоо хэрэлдэж маргалддаг, хоорондоо зодолддог талаар би мэднэ. Манай гэр бүлийнхэн хоорондоо ярилцаад хэдийгээр хүүхдээ алдсандаа харамсаж байгаа ч Н-тэй холбоотой ямар нэгэн гомдол санал байхгүй учир нь тэр 3 өнчин хүүхэдтэйгээ үлдэж байгаа талийгаачийн оршуулгын зардлыг Н ар гэрээс нь гаргаж байгаа учраас Н-с нэхэмжлэх зүйл байхгүй. Бидний зүгээс гомдол саналгүй байвал Н-д шүүхээс оноох ял бага авах байх гэсэн бодолтой байна гэжээ. /хх-ийн 30/

- Гэрч  Л.Н-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 11 цагийн орчим найз Н-тэй уулзахаар гэрт нь очсон тэгэхэд Н гэртээ байгаагүй нөхрийнх нь дүү гэх залуу байсан Н-г хаачсан талаар асуухад утасныхаа эрхийг сэргээлгэнэ гээд явсан гэж байсан. Би Н-тэй утсаар яриад гэрт нь ирчихсэн байгаа талаараа хэлэхэд тэр хүрч ирсэн тэгээд бид хоёр гэрийнх нь ойролцоо байх нэг танихгүй айлд очиход тэнд гэрийн эзэн гэх залуу, талийгаач Б нар архи, пиво ууж байсан надад архинаас хийж өгөхөөр нь нөхөр удахгүй ирнэ би уухгүй гэсэн. Тэгээд манай нөхөр над руу залгаад хаана байгаа талаар асуухад нь “Н-д байна” гэж хэлэхэд “яваад очъё” гэхээр нь би тэр айлаас гарахад нөхөр Н-ий гэрийн гадна ирчихсэн байсан. Тэгээд би нөхөртэйгээ цуг гэрлүүгээ харьсан түүнээс хойш юу болсоныг мэдэхгүй байна. Би энэ хоёрыг яг хэзээ гэр бүл болсоныг нь сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан дундаасаа нэг хүүхэдтэй, талийгаач Б нь вагон, машинд ачаа ачдаг байсан Н-тэй хааяа уулзахад манай нөхөр Б намайг архи уухаараа их зоддог гэж хэлж байсан. Би түүнийг чи энэ талаараа ээждээ хэлсэн юм уу гэхэд хэлсэн гэж байсан. Н нь арван жилдээ бусадтай нийтэч, илүү дутуу зангүй, хичээл сурлагадаа дунд зэрэг, ямар нэгэн гаж муу зуршилгүй хүүхэд байсан сургуулиа төгсөөд хүнсний чиглэлээр дээд сургуульд элсэн суралцаж дээд сургуулиа төгсөөд Замын-Үүдийн мэргэжлийн хяналтын газарт бичиг хэргийн ажилтанаар  хэсэгхэн хугацаанд ажиллаж байгаад ажлаасаа гараад Улаанбаатар луу явчихсан Улаанбаатар хотод байхдаа нэг хүнээс хүүхэдтэй болоод аав, ээж дээрээ хүүхдээ үлдээгээд буцаад Улаанбаатар хот руу явж тэнд нэг залуутай танилцаад түүнтэйгээ гэр бүл болж хүүхэдтэй болсон тэр залуутайгаа Замын-Үүдэд хүрч ирж хэсэг амьдарсан тэгээд нөхөр нь салаад явчихсан түүнээс хойш Н архи  уудаг болчихсон юм шиг санагдаад байдаг. Н нь зан байдлын хувьд хүнд тусархуу сайн эмэгтэй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй гэжээ. /хх-ийн 31/

- Гэрч  Л.Х мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: Миний охин Н 1984 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Дархан хотод төрсөн, бага насандаа Дархан хотын 3 дугаар цэцэрлэгт хүмүүжиж байгаад түүнийг 8 настай байхад нь буюу 1992 онд  манай гэр бүл Дорноговь аймгийн Замын-Үүд суманд шилжин ирж тэр жилдээ Замын-Үүд сумын 1 дүгээр 8 жилийн сургуульд элсэн орж 2002 онд тус сургуулийг бүрэн дунд боловсрол эзэмшиж төгсөөд, 2002 оны 09 сард Улаанбаатар хотын Заябандида хүнсний технологийн дээд сургуульд хоол хүнсний эрүүл ахуйчийн ангид элсэн орж 2006 онд тус сургуулийг хоол хүнсний эррүл ахуйчаар дээд боловсрол эзэмшин төгсөж, 2006 оны 08 сард Замын-Үүд сумын Хилийн мэргэжлийн хяналтын газарт бичиг хэргийн ажилтанаар 3 сар ажиллаад Улаанбаатар хотын нэг залуутай суугаад Улаанбаатар хот руу явсан тэр залуугаасаа бие давхар болж том хүү А 2008 онд том хүүгээ төрүүлээд над дээр үлдээчихээд 2009 онд Улаанбаатар руу ажил хийнэ гэж явсан тэр хувийн байгууллагад ажиллаж байна гэж хэлдэг байсан бөгөөд тэндээ О гэж залуутай хамтран амьдардаг байсан тэд 2010 оны 12 сард хүүхэдтэй болж 4 жилийн хугацаанд цуг амьдарсан Н Замын-Үүдэд ирээд О хөдөө амьдарч чадахгүй гээд 2013 онд салаад явчихсан үүнээс хойш Н нөхөр сүүдэргүй амьдрах юм байна гээд сэтгэл санаагаар унаад найз нөхөдтэйгөө нийлж дарвиж гадуур дотуур дэмий явж архи уух болсон 2014 онд Б-тай танилцаж гэр бүл болон хамтран амьдарч 2015 оны 05 сард бага хүү А нь мэндэлсэн. Б, Н хоёрыг гэр бүл болж амьдарна гэхээр нь нөхөр бид хоёр байшингаа тэдэнд өгч тэр хоёр бидний бидний байшинд амьдарч байсан Н том хүү А нь нөхөр бид хоёр дээр байдаг байсан дунд хүү М, бага хүү А нар нь Б, Н нар дээр байдаг байсан. Б эхний үед гайгүй байдаг байсан тэр ачаа ачдаг ажил хийж байсан юм 2016 оны намраас цуг ачаа ачдаг найз нөхдөө гэр орондоо авчирч тэдэнтэй архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг / Энэ үед Н ч цуг архи уучихдаг байсан/ архи уусан үедээ Б цуг архи уусан найз нартайгаа шалтгаангүй хардаж Н-г цохиж зоддог болсон хэд хэдэн удаа Н намайг Б-д зодууллаа гэж намайг дуудаж байсан. Миний охин Н нь зан байдлын хувьд их цайлган,өрөвч сэтгэлтэй архи уугаад согтчихоорой зан авир нь эвдэрчихдэг юм. Охин маань одоохондоо сэтгэл санааны гүн хямралтай байгаа батлан даалтанд гараад гэр орондоо ирээд талийгаачийн зураг хөргийг хараад сэтгэл санаагаар унаж архи дарс ууж хэрэглэж, зохисгүй зан авир гаргах вий гэхээс санаа зовж байна тийм болохоор хэсэг хугацаанд сэтгэл санаа нь тогтвортой болтол батлан даалтанд авах хүсэлгүй байна гэжээ. /хх-ийн 32-33/

- Гэрч Д.А-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: Би О.Н-г таньж мэднэ Н нь1992 оноос 1995  билүү 1996 он хүртэл миний анги даасан бага ангийн сурагч байсан юм. Н нь 1 дүгээр ангийн дунд үеэс өөр аймгаас манай ангид шилжиж ирж суралцаж байсан юм. Н манай ангид шилжиж ирэхдээ их цовоо сэргэлэн сурлага сайтай, ар гэрийн анхаарал халамж сайн мөн гэр бүлийн хүмүүжлийн ямар нэгэн доголдолгүй аав, ээж хоёр нь хоёулаа Замын-Үүд сум дахь хилийн цэргийн байгууллагад ажилладаг амьдрал ахуй сайтай хүүхэд байсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй гэжээ. /хх-ийн 34/

- Гэрч Д.С-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: Би О.Н-г таньж мэднэ Н-ий дунд ангийнх нь анги удирдсан багш нь байсан юм. Н хичээл сурлагадаа сайн, нийгмийн идэвх сайтай, хамт олонтойгоо нийтэч, олон нийтийн ажилд сайн оролцдог, цовоо сэргэлэн, янз бүрийн гаж муу зуршилгүй, эцэг эхийн зүгээс ар гэрийн анхаарал халамж сайтай хүүхэд байсан. Н суралцаж байх хугацаандаа ямар нэгэн сахилга, хүмүүжлийн доголдол огт гаргаж байгаагүй. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй гэжээ. /хх-ийн 36/

- Гэрч  А.С-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр цагийн сайн санахгүй байна гэмтэлтэй хүний хагалгаанд орж байхад хүлээн авах тасгаас цээжний шархтай хүн байна гэж мэдэгдсэн яаралтай хагалгаанд орж байсан учраас унтуулгын эмчээ бууж үзүүлсэн хагалгаагаа дуусгаад хүлээн авах тасаг дээр ирэхэд унтуулгын эмч өвчний түүх нээчихсэн байсан яаралтай хагалгаанд орох шаардлагатай байсан учраас хагалгаанд ороход өвчтөний цээжний зүүн талд суганы дунд шугамаар 8,9 дүгээр хавирганы завсраар дамжин хэвлийн хөндий рүү хатгагдан нэвтэрсэн шархтай байсан. Өвчтөний хатгагдаж цус алдаж байгаа эрхтэнүүдийг оёж цус тогтоолт хийж сэхээний эмчийн хяналтанд үлдээсэн. Өвчтөн эмнэлэгт ирэхдээ маш их цус алдаж ирсэн байсан учраас цус алдалтын улмаас нас барсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй гэжээ. /хх-ийн 37/

- Гэрч Ч.Г-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 15 цаг 15 минутанд утаснаас Н гэж эмэгтэй дуудлага өгсөн би дуудлагын утсыг нь авсан юм тэр эмэгтэй би нөхрийгөө хутгалчихлаа цус гараад байна гэсэн “би дуудлагын хуудсан дээр хутгалуулсан хүн байна гэж бичсэн байгаа” энэ дуудлагын дагуу 15 цаг 17 минутанд эмнэлгээс гарч Замын-Үүд сум 2 дугаар баг  тоотод 15 цаг 19 минутанд очиход байшингийн гал тогооны өрөөний урд талын ханыг түшээд цонхны доор паар налсан хувцас нь нилэнхүйдээ цусаар бохирлогдсон 30 орчим насны эрэгтэй хүн ёолсон байдалтай байсан өвчтөний хажууд түүний эхнэр нь гэх эмэгтэй болон дүү нар нь гэх хоёр эрэгтэй нэг эмэгтэй нийт дөрвөн хүн байсан бөгөөд цагдаагийн нэг алба хаагч байсан. Өвчтөний биед үзлэг хийхэд цээжний зүүн доод хэсэгт зүсэгдсэн шархтай шархнаас цус гарч байсан учраас шарханд даралттай боолт хийсэн яаралтай эмнэлэгт хүргэх шаардлагатай байсан тул түүнийг шууд дуудлагын машинд зөөвөрлөж эмнэлэг рүү тээвэрлэсэн, тээвэрлэх явцдаа өвчтөний амин үзүүлэлтүүдийг үзэж цус тогтоох тариаг хийж эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн хэсэгт хүрэгсэн. Өвчтөний биед үзлэг хийхэд биеийн байдал маш хүнд байсан бөгөөд тэр ямар нэгэн зүйл яриагүй ёолж л байсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй гэжээ. /хх-ийн 39 /

-Шинжээчийн 3328  дугаартай дүгнэлт: 1.Шинжилгээнд ирүүлсэн Д.Б-н богино ханцуйтай цагаан өнгийн цамцны ард 35мм хурц иртэй зүйлийн үйлчлэлээр гарсан шинэ зүсэлт гарсан байна. 2.О.Н-ний гэх богино ханцуйтай бор шаргал өнгийн цамцанд 260мм, 390мм, Д.Б-н гэх цагаан өнгийн цамцанд 10мм, улаан хүрэн өнгийн цамцанд 250мм татах чангаах хүчний үйлчлэлийн улмаас гарсан шинэ ханзралтууд гарсан байна. 3.Д.Б-н гэх богино ханцуйтай цагаан өнгийн цамцанд гарсан зүсэлт нь хэргийн газраас хураан авсан гэх хутгаар үүсгэгдсэн байж болно гэжээ. /хх-ийн 41-46/

-Шинжээчийн 5692 дүгнэлт: 1.Шинжилгээнд ирүүлсэн “Сэжигтэн О.Н-ний цус” гэсэн хаягтай цусанд 0,7 промилли спиртийн агууламж илрэв. 2.Цусанд 0.7 промилли спиртийн агууламж илэрч байгаа нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 87/

-Шинжээчийн 3329 дугаартай дүгнэлт: 1.Шинжилгээнд ирүүлсэн хутганы гадаргуугаас гарын мөр илрээгүй. 2.Шинжилгээнд ирүүлсэн Г овогтой Б, О овогтой Н, Д овогтой Б нарын гарын хээний дардас харьцуулах шинжилгээнд тэнцэнэ. 3.Шинжилгээнд ирүүлсэн Г овогтой Б, О овогтой Н, Д овогтой Б нарын гарын хээний дардас санд байх эзэн холбогдогч нь тогтоогдоогүй эзэнгүй хэргийн гарын мөрүүдтэй тохирохгүй байна. 4.Шинжилгээнд тэнцсэн О овогтой Н-н гарын хээний дардас санд MN003510004860, MN005110002053 дугаараар 2 удаа бүртгэгдсэн байна. /хх-ийн 91-96/

-Шинжээчийн 5691 дугаартай дүгнэлт: 1.Шинжилгээнд ирүүлсэн гэрч Б-н гэх 2ш цамц, хохирогч Б-н гэх цагаан футболк, Хэргийн газрын үзлэгээр хураагдсан гэх хутган дээр цус илэрсэн. 2.Гэрч Б-н гэх 2ш цамц болон хохирогч Б-н гэх цагаан футболк дээрх цус нь АВО системээр А /П/ бүлгийн харьяалалтай хүний цус байна. 3.Хутган дээрх цусны бүлгийн харьяалалыг тогтоох боломжгүй байна. 4.Сэжигтэн Н-ий гэх бүх хувцаснууд, хохирогч Б-н гэх саарал өнгийн өмд болон хөшиг дээр цус илрээгүй. /хх-ийн 100/

-Шинжээчийн 183 тоот дүгнэлт: 1.О.Н-ний биед баруун гарын шууны гадна дээд хэсэгт шинэ зулгаралт, хүзүүний ар доод талд эдгэрч буй зулгаралт, хэвлийн баруун хажуу хэсэгт эдгэрч буй цус хуралт, баруун гарын 2-р хурууны 2-р үений ар талд, зүүн гарын 2-р хурууны 2-р үений ар талд эдгэрч буй зулгаралт, духны зүүн талд ташуу сорви, зүүн шууны дотор доод хэсгээр сорви гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүдийн баруун гарын шууны гадна хэсэгт шинэ зулгаралт, хүзүүний ар доод талд эдгэрч буй зулгаралт, хэвлийн баруун хажуу хэсэгт эдэгрч буй цус хуралт, баруун гарын 2-р хурууны 2-р үений ар талд, зүүн гарын 2-р хурууны 2-р үений ар талд эдгэрч буй зулгаралт, духны зүүн талд ташуу сорви гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр, зүүн шууны дотор доод хэсгээр олон тооны хөндлөн сорвинууд нь ирмэгтэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байна. 3.Дээрх гэмтлүүдийн баруун гарын шууны гадна хэсэгт шинэ зулгаралт, хүзүүний ар доод талд эдгэрч буй зулгаралт, хэвлийн баруун хажуу хэсэгт эдэгрч буй цус хуралт, баруун гарын 2-р хурууны 2-р үений ар талд, зүүн гарын 2-р хурууны 2-р үений ар талд эдгэрч буй зулгаралт гэмтлүүд нь дан дангаараа болон нийлээд “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэг тогтоогдохгүй, духны зүүн талд ташуу сорви, зүүн шууны дотор доод хэсгээр олон тооны хөндлөн сорвинууд нь дан дангаараа болон нийлээд “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болно. 4.О.Н-ний биед учирсан гэмтлүүдийн баруун гарын шууны гадна дээд хэсэгт дэх зулгаралт нь 12-24 цагийн өмнө үүссэн шинэ зулгаралт, хүзүүний ар доод талд эдгэрч буй зулгаралт, хэвлийн баруун хажуу хэсэгт эдгэрч буй цус хуралт, баруун гарын 2-р хурууны 2-р үений ар талд, зүүн гарын 2-р хурууны 2-р үений ар талд эдгэрч буй зулгаралт гэмтлүүд нь үүсээд 4-6 хоног болсон гэмтлүүд байна. Харин духны зүүн талд ташуу сорви, зүүн шууны дотор доод хэсгээр олон тооны хөндлөн сорвинууд нь 1-2 жилийн өмнө үүссэн байх боломжтой. 5.Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 6.Шинээр илэрсэн зүйлгүй болно. /хх-ийн 105/

-Шинжээчийн 5688 тоот дүгнэлт: 1.Шинжилгээнд ирүүлсэн “-Цус- Д.Б 28 нас эр” гэсэн хаягтай цусанд спиртийн агууламж илрээгүй. /хх-ийн 109/

-Шинжээчийн 5689 тоот дүгнэлт: 1.Шинжилгээнд ирүүлсэн Д.Б-н гэх цус нь А /II/ бүлгийн харьяалалтай байна. /хх-ийн 110/

-Шинжээчийн 18 тоот дүгнэлт: 1.Талийгаачийн биед цээж, хэвлий рүү нэвтэрсэн шарх: Цээжний зүүн ар талд суганы дунд шугамаар 8,9 хавирганы завсраар цээжний хөндий рүү нэвтэрч өрцний зүүн талаар хэвлий хөндий рүү нэвтэрч дэлүүний нэвтэрсэн шарх, ходоодны их бага махиа хэсгийг сэтэрсэн шарх, элэгний зүүн дээд хэсэг дэх шарх гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. 3.Талийгаачийн биед үүссэн гэмтэл нь босоо хэвтээ аль ч байрлалд үүссэн байх боломжтой. Өөрөөр хэлбэл тухайн хүн ухаантай /амьтай/ байсан, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан зэвсэг орох зам болон гарах зам өөр өөр байдаг учир эрхтэнүүд янз бүрийн байрлалд орсоноос олон тооны эрхтнүүд гэмтсэн байна. 4.Талийгаачийн биед үүссэн гэмтлээс харахад гэмт хэрэг үйлдэхэд ашигласан зэвсэг хэрэгсэлийн чиглэл нь цээжний зүүн ар талаас элэг рүү чиглэсэн буюу цээжний зүүн ар талаас баруун урд руу ташуу чиглэлтэй байна. 5.Талийгаач нь дээрх гэмтлүүдийн улмаас цочмог цус алдаж, цус алдалтын дараах цус багадалтын улмаас нас баржээ. 6.Талийгаач нь элэгний өөхөн  хувирал /элэгний өөхлөлт/ гэсэн архаг хууч өвчтэй байсан ба энэ нь үхэлд шууд нөлөөлөөгүй байна. 7.Д.Б-н гэх цус нь А /II/ гэсэн харьяалалтай байсан байна. 8.Талийгаач нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан байна. 9.Шинжилгээгээр шинээр илэрсэн зүйлгүй болно. /хх-ийн 111-114/

-Шинжээч П.Г-н мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт: Өвчтөнд цус болон шингэнийг их хэмжээгээр сэлгэх эмчилгээ хийлгэсэний дараа цусны дээж авсан тохиолдолд цуснаас спиртийн агууламж илрэхгүй байх тохиолдол байдаг гэжээ. /хх-ийн 196/

-Цогцост задлан шинжилгээ хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 116-123/

-Эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тогтоол /хх-ийн 1/

-Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/

-Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3-12/

-Шүүгдэгчийн ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-ийн 162 ар тал/

- Шүүгдэгчийн цахим иргэний үнэмлэх, хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 163-179/

-Хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 223-224/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгээр судалсан болно.   

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгч О.Н-ний үйлдсэн хэргийн зүйлчлэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 буюу Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэж мэтгэлцэж зүйлчлэлийг өөрчлөх санал гаргасаныг шүүх үндэслэлгүй гэж үзлээ. Санаа сэтгэл нь гэнэт хүчтэй цочрон давчидсан үед бусдыг алах санаа гэнэт, хоромхон зуур төрдөг юм. Шүүгдэгч О.Н нь өөрийн үйлдлийн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах боломжтойг урьчилан мэдсэн атлаа хүсэж үйлдсэн буюу уг хор уршгийг хүсээгүй боловч түүнд зориуд хүрэгсэн шууд бус санаатай үйлдлийг гаргасан байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч О.Н нь талийгаач Д.Б-тай гэрийнхээ үүдний амбаарт зууралдан маргалдаж байгаад талийгаачийн дүү, хохирогч Д.Б тэднийг салгасны дараа О.Н нь гал тогооны өрөөнд орж хутга авч барьж байсан хутгаараа талийгаачийг айлгах зорилгоор чичсэн боловч зөрсөн, талийгаач шүүгдэгчийг дарж унахад талийгаачийн нуруун тус газар хутгалсан байдал нь хохирогч болон гэрчээр мэдүүлэг өгсөн Д.Б-н мэдүүлэгээр тогтоогдож байна. Уг гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь согтууруулах ундааны зүйл байнга хэрэглэдэг, талийгаач Д.Б-н зүй бус үйлдэл нөлөөлсөн боловч талийгаачийг О.Н хутгалах тэр мөчид шүүгдэгчийн санаа сэтгэл хүчтэй цочрон давчдах ямар үйлдлийг талийгаачийн зүгээс хийсэн, тэр үйлдлийн улмаас шүүгдэгчид  ямар хор уршиг учирсан, эсхүл учирч болох байсан зэрэг нь хэрэгт тогтоогдохгүй байна. Иймд шүүгдэгч О.Н-ийг санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Шүүгдэгч О.Н нь 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг гэртээ хамтран амьдрагч Д.Б-тай согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ маргалдаж, Д.Б-н нуруун тус газарт нь хутгалж цээж, хэвлий рүү нэвтэрсэн шарх бүхий гэмтэл учруулж, улмаар цус алдаж, цус алдалтын дараах цус багадалтын улмаас 2017 оны 06 дугаар сарын 03-ны өдөр нас барж, О.Н-г хүнийг алсан гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны шатанд өгсөн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б-н “...тэр өдөр Б ах гэрт байсан хутгыг /Н эгч Б ахыг хутгалсан хутга/ бариад чамайг ална гэж Н эгчийг айлгаж сүрдүүлж байсан би Б ахыг боль гэж уйлж гуйсан боловч тэр Н эгчийг хутгална гээд дайраад байсан. Би цагдаа дуудна гэж хэлээд утсаар дуудлага өгөх гэхэд Б ах гараад зугтаачихсан.” гэх мэдүүлэг, гэрч Г.Б-н “...Би гэртээ ирээд байж байтал 15 цаг өнгөрч байхад дүү Б над руу залгаж “ахыг Н хутгалчихлаа хурдан ир” гэж хэлсэн, би эхнэр Ө-н хамт гэрт нь хүрч ирэхэд ах маань нуруун тус газраа хутгалуулчихсан гал тогооны өрөөний цонхны харалдаа байх паарыг налаад сууж байсан” Н ахын урд сөхрөөд суучихсан байсан, түүний хажууд урд үзүүр нь цус болчихсон улбар шар өнгийн цэцэгтэй хутга байсныг би ишнээс нь бариад үүдний амбаарлуу шидсэн.” гэх мэдүүлэг, шинжээчийн 18 тоот дүгнэлт, цогцост задлан шинжилгээ хийсэн тухай тэмдэглэл зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь талийгаач Д.Б-н зүй бус үйлдэл нөлөөлсөн, шүүгдэгч О.Н-г удаа дараа зодож биед нь гэмтэл учруулж байсан болох нь шинжээчийн 183 тоот дүгнэлт /хх-ийн 105/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б /хх-ийн 21-22/, гэрч Л.Н /хх-ийн 31/, гэрч П.Ө /хх-ийн 26-27/ нарын мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-г журамлан шүүгдэгчийн “...эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасны дагуу Сум дундын Прокурорын газраас шүүгдэгч О.Н-д зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 хэсгийн 1.1, 1.2, 1.4, 1.7-д зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалсан, байнгын хүчирхийлэл, дарамтад өртсөний улмаас өөрийгөө хамгаалах зорилгоор хохирогчид халдаж гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг харгалзан үзлээ. Шүүгдэгч О.Н нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол болох оршуулгын зардлыг гаргасан байдлыг үндэслэн оногдуулах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хөнгөрүүлэх нь зүйтэй юм.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ягаан цэцэгтэй иштэй хутга 1 ширхэгийг устгах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:   

1. Шүүгдэгч Б овогт О.Н-г хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч О.Н-г 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-г журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 /тав/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч О.Н-д оногдуулсан 5 жил 6 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.10 дугаар зүлийн 1-д зааснаар шүүгдэгч О.Н-ий цагдан хоригдсон 134 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 5. Шүүгдэгч О.Н-ий нь энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хуванцар цагаан иштэй хутга 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Н-ий урьд авсан хязгаарлалт тогтоох болон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймаг Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Э.БОЛОРМАА

ШҮҮГЧИД                                         Н.АДЪЯА

                                                                   Т.ЭНХМАНДАХ