Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 2022/ДШМ/56

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Л.Б-т холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

 

226/2022/0050/Э

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч С.Оюунтунгалаг, Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,

Прокурор Д.Чулуунпүрэв,

Шүүгдэгч Л.Б-,

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Баяраа/ онлайн/, 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Г-,  

Хохирогчийн өмгөөлөгч Б.Төгсбаяр,  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Урантуяа нарыг оролцуулан,

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж, шүүгч Р.Б-, Э.Одхүү нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 2022/ШЦТ/108 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч О.Баяраагийн гаргасан давж заалдах гомдлоор Л.Б-т холбогдох эрүүгийн 2239000000037 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 

Шүүгдэгч Л.Б- нь Л.Н-ийн 5 ханатай монгол гэрт 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 19 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “группийн зээл авхуулах гэлээ” гэх шалтгаанаар төрсөн дүү Л.Н-той маргалдаж, улмаар Л.Н-ийн цээжин тус газар нь хутгалж цээжний зүүн хөндий рүү нэвтэрч зүрхний үнхэлцэг хальс, зүрхийг гэмтээсэн хатгагдсан шарх, цээжний зүүн хөндийд цус хуралдалт бүхий хүнд гэмтэл учруулж алсан,

 

Мөн Хэнтий аймгийн Баянхутаг сумын 2 дугаар багийн нутаг “Х” гэх газар 2021 оны 12 дугаар сарын 20-ны үед согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Т.О-ийг архинд согтоод унтсан, биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж Т.О-ийг 9 удаа хутгаар зүсэж түүний биед зүүн шанаа, ар нуруу, цээжний зүүн хажуу хэсэг, зүүн гуянд сорви, зүүн гуя, өвдөгт шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад заасан “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэвээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Л.Б-ийг хүнийг алсан,  хохирогчийг биеэ хамгаалж  чадахгүй болохыг мэдсээр байж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 /найм/ жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Хэнтий аймгийн Хэрлэн сумын төвөөс гарч явахгүй байх үүргийг хүлээлгэж, 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус  шийтгэж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар  шүүгдэгч Л.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож, нийт 3 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялын хэмжээг 8 жил 3 сарын хугацаагаар тогтоож, оногдуулсан 8 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг хаалттай   хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Л.Б-ийн цагдан хоригдсон 111 /нэг зуун арван нэг/   хоногийг  эдлэх ялд нь оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутга, цагаан өнгийн пудволк, цахилгаантай хар саарал өнгийн ноосон цамц, жинсэн өмд, хар хөх өнгийн ноосон өмд, 1 хос түрийтэй гутал, ноосон оймс 1 хос, ханцуйгүй ногоон өнгийн ноосон майк, цамц, босоо захтай, хагас ханцуйтай, хөх цагаан өнгийн судалтай цамц, саарал өнгийн өмд, хөх өнгийн женсэн өмд,  өвлийн куртек, хар өнгийн 1 хос гутал зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,  1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Баяраа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тайлбартаа: Л.Б- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн ба үйлдсэн гэмт хэргийн гэм бурууг хүлээн зөвшөөрч маргаагүй, хохирогчид учирсан хор уршиг, хохирлыг төлж барагдуулсан.

Анхан шатны шүүх Л.Б-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жилийн хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 сарын зорчих эрх хязгаарлах ял оноож, зорчих эрх хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцон, нийт 3 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялын хэмжээг 8 жил 3 сарын хугацаагаар тогтоосон.

Л.Б- нь үйлдсэн гэмт хэргийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн, учирсан хохирлыг төлж барагдуулсан, түүний хувийн байдал, эрүүл мэндийн 80 хувийн хөдөлмөрийн чадвар алдагдсан /2 хөл, 1 гараа тайруулсан/ зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг хэрэглэн шийдвэрлэж өгнө үү. Давж заалдах гомдлоо дэмжиж байна, хоёр гэмт хэрэг өөр цаг хугацаанд үйлдэгдсэн гэв.

 

Прокурор Д.Чулуунпүрэвийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Баяраа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсгийг хэрэглэх үндэстэй гэсэн гомдол гаргасан байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд хамруулахын тулд хохирлыг бүрэн төлсөн байх ёстой, энэ хэрэгт хохирол төлөгдөөгүй байгаа тул давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож,  анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч Л.Б-: Би маш их гэмшиж байна, надад хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Г-ийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмгөөлөгч О.Баяраа нэхэмжлэл гаргаагүй, хохиролгүй гэж байна. Би 4 хүүхэдтэйгээ амьдардаг, Л.Б- хохирлоо төлсөн зүйл байхгүй. Би маш их гомдолтой байна гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Төгсбаяр:  Шүүх хуралдаанд хэлэх тайлбаргүй гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгч О.Баяраагийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч  Л.Б- нь Л.Н-ийн гэрт 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 19 цагийн үед согтуугаар хувийн таарамжгүй харилцааны улмаас төрсөн дүү Л.Н-той маргалдаж, цээжин тус газар нь хутгалж цээжний зүүн хөндий рүү нэвтэрч зүрхний үнхэлцэг хальс, зүрхийг гэмтээсэн хатгагдсан шарх, цээжний зүүн хөндийд цус хуралдалт бүхий хүнд гэмтэл учруулж алсан,

Мөн Хэнтий аймгийн Баянхутаг сумын 2 дугаар багийн нутаг “Х” гэх газар 2021 оны 12 дугаар сарын 20-ны үед согтуугаар Т.О-ийг архинд согтоод унтсан, биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж 9 удаа хутгаар зүсэж, түүний биед зүүн шанаа, ар нуруу, цээжний зүүн хажуу хэсэг, зүүн гуянд сорви, зүүн гуя, өвдөгт шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь:

 

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх-ийн 7-18 тал/

 

- Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх-ийн 29-33, 246-249 тал/,

 

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Г-ийн: “...Л.Б- ахын хувьд ер нь архи уучихаараа хорон үгтэй, агсан зантай, эрүүл дээрээ бол ямар нэгэн зан гаргаад байдаггүй юм. Хоёр хүүхэд маань тэжээгчээ алдсан болохоор 2 хүүхдийнхээ тэжээгчээ алдсан мөнгийг нэхэмжилнэ. Мөн талийгаач маань малчны зээлтэй байсан болохоор малчны зээлийг нь төлүүлмээр байна,  гомдолтой байна...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 43-44 тал/

 

- Гэрч П.Б-н: “2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Л.Н-, Л.Б- бид 3 хамт архи ууж сууж байхдаа Л.Б- Л.Н- нар нь хоорондоо мөнгө төгрөгний асуудлаас болж маргалдаад байсан, гэхдээ хоорондоо зодолдож ноцолдоогүй...хоорондоо хэрэлдээд, хашхичаад л байсан...Тэгсэн гэнэт л Л.Б- гараа далайх шиг болоход талийгаач Л.Н- сууж байсан газартаа хойшоо унаж харин Л.Б- гэрээсээ гүйхээр хурдан гараад явсан. Тэгэхээр нь би юу болов гээд босож харахад талийгаач дээшээ харж амнаас нь цус гарч байхаар нь “Л.Н-оо миний дүү яасан бэ” гээд сэрээхээр сэгсрэхэд хариу үйлдэл үзүүлээгүй. Тэгсэн талийгаачийн цээжин тус газраас цус их хэмжээгээр гарч, талийгаачийн хажууд ясан иштэй том хутга харагдсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 82-85, 87-89, 91-92 тал/,

 

- Гэрч Э.Л-н: “...2022 оны 01 дүгээр сарын 12-ны 19:54 цагт “манай нөхөр гэртээ цусандаа хутгалдсан  байна” гэх дуудлагын дагуу очиход Л.Н- хойд талын гэрийн зүүн баганын хажууд урагшаа харсан, их хэмжээний цус алдсан, цээжин тус газраа хутгалуулсан байдалтай байсныг үзэхэд нас барсан байсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 49-50 тал/,

 

- Гэрч Б.Ц-н: “...талийгаачийн эхнэр М.Г- 19 цаг өнгөрч байсан байх Б-ын утас руу залгаад хурдлаарай Б ахаа Н цусаараа холилдсон байна гэсэн, тэгээд нөхөр бид хоёр гүйгээд очиход түргэний тэрэг ирсэн байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 66-67 тал/,

 

- Гэрч М.Г-ийн: “...таксиндаа суугаад гэр рүүгээ очиход үүдний гэрийн хаалга онгорхой, чимээгүй, гэрэлтэй байсан. Хойд талын гэр рүү орох үед Л.Н- газарт хэвтсэн байхаар нь би тухайн үед тасарчихсан байна гэж бодоод Л.Н-ийг Н гэж дуудахад хөдлөхгүй байхаар нь би дөхөж харахад тэр хавиар цус болчихсон байхаар нь би сандраад орилоод гарсан. Би гэрээс гараад 103 руу залгаж дуудлага өгөөд Б- ах руу залгасан...” гэх мэдүүлэг / 1 хх-ийн 74-77 тал/,

 

- Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн №07 дугаартай: “...Талийгаачийн цогцост цээжний зүүн хөндий рүү нэвтэрч зүрхний үнхэлцэг хальс, зүрхийг гэмтээсэн хатгагдсан шарх, цээжний зүүн хөндийд цус хуралдалт /2150 мл/, духны зүүн хэсгийн зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо...Дээрх цээжний зүүн хөндий рүү нэвтэрч зүрхний үнхэлцэг хальс, зүрхийг гэмтээсэн хатгагдсан шарх, цээжний зүүн хөндийд цус хуралдалт /2150 мл/ бүхий гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэг, бусад гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтэл болно... талийгаач нь дээрх цээжний зүүн хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шархны улмаас цээжний зүүн хөндийд дотуур цус алдаж нас баржээ...” гэх шинжээчийн дүгнэлт /1 хх-ийн 131-134 тал/,

 

- Хохирогч Т.О-ийн: “...2021 оны 12 дугаар сарын сүүлчээр байсан байх гэж бодож байна...тухайн үед бид гурав 0.75-н 3 шил архи хувааж, уусан, тэгээд би архиндаа согтоод тасраад уначихсан бөгөөд маргааш өглөө нь босоход Л.Б- нь миний зүүн чихний доор, дал, цээжний орчим, гуяны хэсгүүд рүү нийтдээ 9 удаа хутгаар хутгалсан байсан ба энэ талаар Л.Б- нь өөрөө надад хэлж ярьсан. Тухайн үед миний хувцас хунар маань нэлэнхүйдээ цус болчихсон бие маань нил хөндүүр болчихсон байсан. Тэгээд би Л.Б-т хандан чи чинь яагаад намайг хутгалж байгаа юм бэ гэхэд Л.Б- нь уучлаарай гээд надаас уучлалт гуйгаад надад архи авчирч өгөхөөр болсон...Л.Б- намайг архиндаа согтоод тасарсны дараа хутгалсан байсан...гэх мэдүүлэг / 2 хх-ийн 2-3 тал/,

 

- Гэрч П.Б-ын: “...Тэгээд бид гурав кино үзэнгээ 0.75 граммын 2 шилтэй архийг тойруулж уугаад суусан..өглөө 10 цагийн үед сэрэхэд О, Л.Б- хоёр сэрчихсэн О ах Л.Б-т “чи өчигдөр орой намайг нэлээн олон хутгалчихсан байна лээ ш дээ” гэж хэлэхэд Л.Б- “та хоёр гар хоёр хөлтэй байж надаас өөрийгөө хамгаалахгүй яасан юм” гэхэд О ах чи яагаад хутгалж байгаа юм гэхэд Л.Б- харин тиймээ дүү нь санахгүй байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг / 2 хх-ийн 8-9 тал/,

 

- Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 14-ны өдрийн №74 дугаартай: “...Т.О-ий биед зүүн шанаа, ар нуруу, цээжний зүүн хажуу хэсэг, зүүн гуянд сорви, зүүн гуя, өвдөгт тавласан шарх гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь тус бүрдээ ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь тус бүрдээ болон нийтдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт /2 хх-ийн 14-15 тал/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.

 

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн хуулийн шаардлагад нийцжээ.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Л.Б-ийн үйлдсэн гэмт хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж хүнийг алсан, хохирогчийг биеэ хамгаалж  чадахгүй болохыг мэдсээр байж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Баяраа “Л.Б-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх заалтыг хэрэглэх” тухай давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах  үндэслэлгүй байна. Учир нь:

Энэ гэмт хэргийн улмаас Л.Н-ийн амь нас хохирсон ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Г- хүүхдүүдийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн мөнгө, малчны зээлийн 50 сая төгрөг нэхэмжилснийг  анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтаар нэхэмжлэлийг шийдвэрлэх боломжгүй гэж үзэж нотлох баримтаа бүрэн бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  журмаар шийдвэрлүүлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн хүний тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулж шүүх хорих ялыг хөнгөрүүлж болохыг заасан ба шүүгдэгч Л.Б-ийн хувьд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар шүүгдэгчийн  үйлдсэн гэмт хэрэг  нотлогдсон, түүний үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, анхан шатны шүүх шүүгдэгч Л.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршиг, шүүгдэгчийн эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жил,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 сарын зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж...нийт эдлэх ялын хэмжээг 8 жил 3 сараар тогтоож,  хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр  шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

Иймд  анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан  давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Анхан шатны шүүх хуралдаанд Л.Б-, Ч.С нар гэрчээр оролцсон байхад шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт бичилгүй орхигдуулсан байгааг цаашид анхаарахыг магадлалд дурьдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 2022/ШЦТ/108 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч О.Баяраагийн гаргасан “ял хөнгөрүүлэх” агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол гарснаас хойш Л.Б-ийн цагдан хоригдсон   75 /далан тав/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Б.ДЭНСМАА

 

                           ШҮҮГЧИД                                         С.ОЮУНТУНГАЛАГ

           

                                                                                     Г.БОЛОРМАА