| Шүүх | Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 2214000660105 |
| Дугаар | 2022/ДШМ/045 |
| Огноо | 2022-06-16 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Бат-Оргил |
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 2022/ДШМ/045
С.Алтантуяад холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч В.Цэцэнбилэг, Н.Насанжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Б.Бат-Оргил
Шүүгдэгч С.Алтантуяа түүний өмгөөлөгч Г.Чингис
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.Золцэцэг нарыг оролцуулан;
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж хянан шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 2022/ШЦТ/99 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Чингисийн гаргасан давж заалдах гомдлоор С.Алтантуяад холбогдох эрүүгийн 2214000660105 дугаар хэргийг 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, Аравнай овогт Сангибатын Алтантуяа, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар /ВЮ76092263/
Шүүгдэгч С.Алтантуяа нь 2021 оны 12 дугаар сарын 12-ноос 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Баяжих-Од нэртэй хүнсний дэлгүүрээс Кет кат, холимог чихэр, бөмбөлөг шоколад гэх мэт 500 граммын савлагаатай 10 ширхэг чихэр, Молоко 1 литр, үзэм 1 килограмм, цэвэр шоколад 1.5 килограмм зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 336.000 /гурван зуун гучин зургаан мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр /
Баянхонгор аймгийн Прокурорын газраас С.Алтантуяад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх: Шүүгдэгч Аравнай овогт Сангибатын Алтантуяаг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Аравнай овогт Сангибатын Алтантуяаг зургаан /06/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч С.Алтантуяад зургаан /06/ сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Шүүгдэгч С.Алтантуяа нь хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн 1-д зааснаар хэрэгт үйл баримтыг бичиж авсан СД-г эд мөрийн баримтаар хураан авсан тогтоолыг хэвээр үлдээж уг СД-ийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч С.Алтантуяад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж түүний эдлэх ялыг 2022 оны 04 дүгээр сарын 26-ний өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Чингис тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
...С.Алтантуяа нь үйлдсэн гэмт хэргийн гэм бурууг хүлээн зөвшөөрдөг ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлгийг удаа дараа өгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч Б.Баясгаланд учруулсан 336,000 төгрөгийн хохирлыг 407,300 төгрөгөөр төлж барагдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд зааснаар гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг биелүүлж байна.
Тухайн гэмт хэрэг гарах болсон нөхцөл байдал шалтгаант холбоо болон шүүгдэгчийн хувийн байдлаас дүгнэвэл тухайн хэргийн шүүгдэгч С.Алтантуяа нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, /шийтгэх тогтоол 4 дэх тал / хэргээ хүлээн мэдүүлж байгаа байдал, үйлдсэн хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан шүүгдэгчид хуульд заасан хорих ял оногдуулахгүйгээр тодорхой хугацаагаар тэнсэж шийдвэрлэх боломжтой байна.
Улсын яллагч нь шүүх хуралдааны явцад хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдаагүй, нотлогдоогүй үйл явдлын талаар гүйцэтгэх ажиллагааны нууц гэх нэрийдлээр нотлогдоогүй үйл явдлыг үндэслэж ялын саналаа дэвшүүлсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан. Мөн шүүгдэгчийн эд хөрөнгийн байдлыг шүүгдэгчийн эрх зүйн байдлын эсрэг гуйвуулан ашиглан эд хөрөнгөтэй боломжтой амьдралтай хүн хулгай хийх ёсгүй гэх үндэслэлийг гаргасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 2-т “гэмт хэрэгт тооцох, ял оногдуулахад хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас. хүйс. нийгмийн гарал байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, боловсрол, хөгжлийн бэрхшээлтэй байдлаар ялгаварлан гадуурхахгүй.” гэх шударга ёсны зарчмыг зөрчиж шүүгдэгчид хорих ял оногдуулах үндэслэл болгосон нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Иймд шүүгдэгч С.Алтантуяагийн дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, хуульд заасан албадлагын арга хэмжээ хэрэглэж өгнө үү гэжээ.
Прокурор тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээнэ үү гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Чингис тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Бичсэн гомдлоо дэмжиж оролцож байна. С.Алтантуяад хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэнэ үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Чингисийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолд үндэслэн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасан эрх хэмжээний хүрээнд гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахдаа тус хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан судлахад:
Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Алтантуяаг 2021 оны 12 дугаар сарын 12-ноос 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Баяжих-Од нэртэй хүнсний дэлгүүрээс Кет кат, холимог чихэр, бөмбөлөг шоколад гэх мэт 500 граммын савлагаатай 10 ширхэг чихэр, Молоко 1 литр, үзэм 1 килограмм, цэвэр шоколад 1.5 килограмм зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 336.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримтад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэний дагуу анхан шатны шүүх шүүгдэгч С.Алтантуяад Эрүүгийн хариуцлага хүлээлгэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэх үндэслэлгүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байна.
Гэмт хэргийн дээрх үйл баримт буюу хавтаст хэргийн 9-10 дугаар талд авагдсан “... 2022 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр 17 цаг өнгөрч байхад ...С.Алтантуяа ... лангуун дээрээс чихэр цүнхэнд хийгээд гараад явсан... тухайн үедээ 19.300 төгрөгийн худалдан авалт хийгээд гарсан. ...камераа шалгахад манай дэлгүүрийн лангуунаас чихэр авч байгаа бичлэг байсан. ...2022 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр ...17 цагийн үед ... лангуун дээрээс чихэр авсан тул түүнийг гарах үед нь шалгахад 500 граммын савлагаатай 5-6 ууттай нийт үнийн дүн нь 67.500 төгрөгийн эд зүйл болон чихэрнүүд байсан. ...сүүлд камерын бичлэгийг шалгаснаар... 2 удаагийн нийт 332.500 төгрөгийн эд зүйл бөгөөд чихэр, молоко зэргийг авсан байсан гэх хохирогч Б.Баясгаланы мэдүүлэг нь:
Хэргийн 19 дүгээр талд авагдсан “...хулгайд алдсан гэх эд зүйлийн нийт үнэ... 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар 336.000 төгрөг...” гэх Баянхонгор аймгийн “Энх нахиа” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт
Хэргийн 39-40 дүгээр талд авагдсан “... тухайн хяналтын камер нь 1 сарын хугацаатай бичлэг хадгалагдах ба хэрэг гарахаас өмнөх хяналтын камерын бичлэг байхгүй устсан байв. ...2022 оны 1 дүгээр сарын 22-ны бичлэг хадгалагдсан өмнөх бусад бичлэг устсан байв..” гэх үзлэг хийсэн тэмдэглэл
Хэргийн 65 дугаар талд авагдсан “... Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр баг Номгон шинэ төгөл 37 дугаар байрны 02 тоот / орон сууц /,Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр баг Номгон шинэ төгөл 37 дугаар байрны 01 тоот /орон сууц, гараж /, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн Есөнбулаг Чандмань Эрдэнэ 1-р гудамж, 106 тоот / гэр бүлийн хэрэгцээний /,Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар багийн Гэгээн шавь 4 дүгээр гудамж 30 тоот /Хувийн сууц/ /худалдагдсан /...гэх Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн эд хөрөнгө бүртгэлтэй эсэхийн лавлагаа:
Хэргийн 88 дугаар талд авагдсан “ ... Эрүүгийн 2214000660105 дугаар хэрэгт Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Баяжих-Од” хүнсний дэлгүүрийн хяналтын камерын 4 минут 15 секундын бичлэгийг хэрэгт ач холбогдол бүхий бичиг баримт, материал /цахим баримт, эд зүйл/-ийг эд мөрийн баримтаар тооцсугай...” гэх мөрдөгчийн тогтоол:
Хэргийн 29-30 , 83-85 дугаар талд тус тус авагдсан “... Би 2021 оны 12 дугаар сарын сүүлээс эхлээд 2022 оны 01 дүгээр сарын дунд үе хүртэл нууцаар эд зүйл авч гарсан. ...Би Баяжих-Од хүнсний дэлгүүрээс анх удаа хулгай хийх үедээ хөдөө явах гээд мөнгө төгрөггүй болчихоод аргагүй эрхэнд хулгай хийсэн. Тэгээд эхний удаа хулгай хийгээд баригдаагүй болохоор дараа нь хулгай хийж болох юм байна гэж бодоод хулгай хийсэн. Энэ миний буруу. Би хийсэн үйлдэлдээ их харамсаж байгаа...гэх,
.... Би Баяжих-Од гэх дэлгүүрээс 4 удаа орж эд зүйл авсан. 2021 оны 12 дугаар сард 2 удаа мөн 2022 оны 01 дүгээр сард 2 удаа орж эд зүйл нууцаар авсан. Би муухай зүйл хийсэн буруугаа ойлгож байна....” гэх шүүгдэгч С.Алтантуяагийн гэмт үйлдлээ мөрдөн байцаалтад хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “...шүүгдэгч С.Алтантуяа нь амьдралын хувьд амьжиргааны баталгаажих түвшингээс дээгүүр орлоготой, Баянхонгор сумын Рашаант багийн Шинэ төгөл 1.177 тоотод амьдардаг талаар багийн даргаас тодорхойлолт гаргасан, мөн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багт 37 дугаар байрны 01, 02 тоотод орон сууц, мөн байрны граж, 9 дүгээр багийн 1 дүгээр гудамжны 106 тоотод гэр бүлийн хэрэгцээний газар, 6 дугаар багийн 4 дүгээр гудамжны 30 тоотод хувийн сууц өмчилдөг зэрэг 5 үл хөдлөх хөрөнгө өмчтэй, ХААН банкид хоёр харилцах данс эзэмшиж тодорхой хэмжээний мөнгөн орлоготой байж бусдын эд хөрөнгийг шунахай сэдэлтээр бусдын эд хөрөнгийг хулгайлсан нь шударга ёсны зарчимд нийцэхгүй учир шүүгдэгч С.Алтантуяаг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн ч шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулж шийдвэрлэх нь шударга ёсонд нийцнэ гэж дүгнэлээ...” гэх дүгнэлт хийж тухайн зүйл ангид заасан ялын төрөл хэмжээний хүрээнд хорих ялын доод хэмжээгээр буюу 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсныг буруутгах боломжгүй юм.
Харин давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд “... хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан... гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг , заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасныг хэрэглэх боломжтой гэж үзсэн болно.
шүүгдэгч өмгөөлөгч Г.Чингисийн “... шүүгдэгч С.Алтантуяа нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хэргээ хүлээн мэдүүлж байгаа байдал, үйлдсэн хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан шүүгдэгчид хуульд заасан хорих ял оногдуулахгүйгээр тодорхой хугацаагаар тэнсэж шийдвэрлэх боломжтой..., Улсын яллагч нь ....шүүгдэгчийг эд хөрөнгөтэй боломжтой амьдралтай хүн хулгай хийх ёсгүй гэх үндэслэлийг гаргасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 2-т “гэмт хэрэгт тооцох, ял оногдуулахад хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас. хүйс. нийгмийн гарал байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, боловсрол, хөгжлийн бэрхшээлтэй байдлаар ялгаварлан гадуурхахгүй.” гэх шударга ёсны зарчмыг зөрчиж шүүгдэгчид хорих ял оногдуулах үндэслэл болгосон нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх хуулийн шаардлагыг хангаагүй....,Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, хуульд заасан албадлагын арга хэмжээ хэрэглэж өгнө үү...” гэх гомдлыг хүлээн авч, хангаж шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 2022/ШЦТ/99 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад
“Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Аравнай овогт Сангибатын Алтантуяаг зургаан /06/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэснийг
“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.3 дугаар зүйлийн 2.5-д тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч С.Алтантуяад хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж, оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, албадлагын арга хэмжээ авсугай” гэж,
3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч С.Алтантуяад зургаан /06/ сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэснийг хүчингүй болгож, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Алтантуяагийн 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл 51 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1-т зааснаар цагдан хоригдож байгаа шүүгдэгч С.Алтантуяаг суллаж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
4. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Н.НАСАНЖАРГАЛ
В.ЦЭЦЭНБИЛЭГ