Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 37

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

               Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалж, 

                Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ё.Мөнхгэрэл,

                Улсын яллагч: Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор П.Удвал,

                Шүүгдэгчийн өмгөөлөгч: М.Мөнхөө,

                Шүүгдэгч: Б.Домбоо нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар Увс аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Борогчин овогт  Балчаагийн Домбоод холбогдох эрүүгийн 201720000108 дугаартай хэргийг 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв

 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

           Монгол Улсын иргэн, 1981 оны 02 дугаар сарын 21-нд Увс аймгийн Бөхмөрөн суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 4 эхнэр 2 хүүхдийн хамт Бөхмөрөн сумын 2 дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 1999 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 164 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ял шийтгүүлж, 2000 оны Өршөөл үзүүлэх тухай хуулиар суллагдсан, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2006 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 120 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар 7 жил 1 сар хорих ял оногдуулж, ялаа эдэлж байхдаа  Төв аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2008 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 21 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152.1-дэх хэсэгт зааснаар 1 жил 4 сар 4 хоног хорих ялаар, Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 23 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 6 /зургаа/ сар баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан, Борогчин овогт Балчаагийн Домбоо,  РД: ОБ81022114,

Хэргийн товч утга:

Шүүгдэгч Б.Домбоо нь 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Увс аймгийн Бөхмөрөн сумын 2 дугаар багийн нутаг “Наран” гэх газраас иргэн Б.Батмөнхийн нэг тооны даага хулгайлж бусдад бага бус хэмжээний буюу 200.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

                1. Хохирогч Б.Б.Батмөнхийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “Манай 7 тооны унагатай гүүнүүд Цэвээннамжил ахын адуунд байсан юм. 2016 оны 11 дүгээр сарын 13-ны үед Цэвээннамжил ахын хүү Ц.Батбанди “Танай хээр даага алга болчихлоо. Та сайн эрж хайгаарай” гэхээр нь би тухайн үед эрж хайгаад олоогүй. 2017 оны 2 дугаар сард манай сумын хэсгийн төлөөлөгч манай ирээд “Таны алдсан дааганы сураг гарлаа” гээд надаас тайлбар авсан. Манай адуу байсан  Цэвээннамжил ахын хүүхдүүд болох Батбанди, Батхүү нар Бөхмөрөн сумын 2-р багийн нутаг “Наран”  гэдэг газар намаржиж байсан юм. Даага алга болох үе нь нүүдлийн цаг байсан юм. Батхүү өвөлжөө рүү нүүхдээ адуугаа Б.Домбоод захисан гэж надад хэлсэн. Би гомдолтой байна. Миний хохирлыг барагдуулж өгөөгүй байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 11-13-р тал/

2. Гэрч Н.Буянжаргалын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “Манайх хүү Батмөнхийн хамт Бөхмөрөн сумын Ачит багийн нутаг болох “Хөөт” гэдэг газар намаржиж байтал 2016 оны 11 дүгээр сарын дундуур Батбанди манай хүү Батмөнх үрүү утасдаж “Танай хээр даага алга боллоо. Эрж хайгаарай” гэж хэлсэн. Бид нар тэр орчмын газраар хайсан боловч олдоогүй. Хулгайд алдагдсан даага нь хээр зүстэй, им, тамгагүй, содон шинж тэмдэггүй байсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15-р тал/,

3. Гэрч С.Болормаагийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “Манайх хадам аав Н.Буянжаргалын хамт Бөхмөрөн сумын Ачит багийн “Хөөт” гэдэг газарт намаржиж байтал 2016 оны 11 дүгээр сарын 13-ны үед манай адууг маллаж байсан Батбанди манай нөхөр Батмөнх үрүү утасдаж “Танай нэг даага алга боллоо. Наануураа эрж хайгаарай” гэж хэлэхээр тэр орчимдоо хайгаад олоогүй. Даага алга болох үед адуу нь “Наран” гэдэг газарт байсан гэж сонссон” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17-р тал/,

                4. Гэрч Ц.Батхүүгийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “2016 оны 11 дүгээр сарын 13-ны үед манайх ах Батбандийн хамт Бөхмөрөн сумын  2-р багийн нутаг “Наран” гэх газрын хойт талд “Бураа” гэдэг газарт намаржиж байгаад манай өвөлжөө байдаг “Баян Уушиг” гэдэг газар уруу, ах Батбандийнх “Зах” гэдэг газар уруу нүүхэд манай адуу “Наран” гэдэг газарт үлдсэн бөгөөд тэнд намаржиж байсан Балчаагийн Домбоо гэдэг залууд “Манай адуу уул уруу гарвал тал уруу нь эргүүлээд байгаарай” гэж захиад нүүсэн. 2016 оны 11 дүгээр сарын сүүлээр багийн даргын сонгуулиар Батбанди ах надад “Батмөнхийн хээр даага алга болсон байна” гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19-р тал/,

                5. Гэрч Ц.Батбандийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн:  “2016 оны 11 дүгээр сарын 13-ны үед  миний дүү Батхүү бид хоёрын 40-өөд тооны адуу Бөхмөрөн сумын “Наран” гэдэг газарт байсан юм.  Манай гэр тэр үед өвөлжөөндөө буухаар “Зах” гэдэг газар уруу, Батхүүгийн гэр гэр бас нүүсэн юм. Тэгээд 10-аад хоногийн дараа адуугаа очиж эргэхэд адуун дотор байсан Б.Батмөнхийн нэг даага алга болчихсон байсан. Би энэ талаар Б.Батмөнхөд утсаар мэдэгдсэн. Алга болсон даага нь им, тамгагүй, ямар нэгэн содон шинж тэмдэггүй, охин даага байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21-р тал/,

    6. Гэрч Т.Ишбалын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 12.00 цагийн үед гэртээ ганцаараа байж байтал манай нутгийн танил болох Л.Бямбацогт гэх залуу ирээд “Манай нэг найз “Наран” гэх газраас өвөлжөө рүүгээ нүүх гэсэн чинь машин олдоггүй. Чиний машинд 30 литр бензин хийж өгье. Хоёулаа яваад ирье” гэхээр нь би зөвшөөрсөн. Тухайн өдрийн 16.00 цагийн үед бт өөрийнхөө 60-96 УВХ улсын дугаартай УАЗ-469  машинд 30 литр бензин хийлгээд Бямбацогтын хамт Бямбацогтын найзын намаржаа руу явсан. 20.00 цагийн үед Наран гэдэг газарт Домбоо гэх айлд очихол Домбоо нэг залуугийн хамт байсан. Тухайн шөнөө тэндээ хоносон. Маргааш нь 09.00 цагийн үед босож цай ундаа уугаад Домбоогийн гэрийг буулгаж нүүлгэх ажилдаа орсон. Гэрийг ачиж явахдаа Домбоогийн гэрийн хажууд байсан айлын УАЗ-469-ийн чиргүүлийг гуйж авч явсан. Домбоогийн гэрийг өвөлжөөнд нь буулгаад барьж байх үед Домбоогийн ах Ариунаа гэх хүн ирсэн. Гэрээ барьж дууссаны дараа Бямбацогт Домбоогийн мотоциклийг засаж эхэлсэн. Мотоцикль засаж дуусахад орой болсон учраас хоноод маргааш нь явахаар шийдээд хоолоо идчихээд Домбоо, Бямбацогт, Ариунаа бид дөрөв унтаж амарсан. Би маргааш нь буюу 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өглөө 07.00 цагийн үед сэрэхэд Домбоо цай чанаж байсан. Энэ үед Ариунаа “Сарлагаа авч ирнэ” гээд явсан. Домбоо, Бямбацогт бид гурав цай уугаад дуусахад Домбоо “Аргамжаатай морь авч ирнэ” гээд явсан. Бямбацогт бид хоёр миний машиныг засаж байтал Домбоо баруун зүгээс 8-9 тооны бараан зүсний адуу тууж ирээд хээр зүстэй даага барьж авсан. Бямбацогт Домбоотой очоод уулзаад зогсож байтал Ариунаа зүүн зүгээс хэдэн сарлаг туугаад ирсэн. Домбоо, Бямбацогт, Ариунаа 3 тэр даагыг Домбоогийн гэрээс 15-20 метр орчмын зайнд алсан. Би машины радиаторт ус хийчихээд очиж арьсыг нь өвчилцсөн. Дааганы арьсыг өвчиж дууссаны дараа Бямбацогт “ Энэ даагыг Домбоо надад өгч байгаа юм” гэж хэлсэн. Тэгээд уг дааганы арьсыг миний машины хойт талын суудлын хэсэгт дэлгэж тавиад мах болон толгой, шийрийг нь тавьсан. 12.00 цагийн үед Домбоогийн гэрээс явж, машинаа махтай нь өөрийнхөө хашаанд оруулж тавьсан. Бямбацогт өөрийнхөө мотоциклиор мах арьсаа 2 удаагийн явалтаар зөөж авсан. Махаа авч явахдаа надад нэг хоолны мах өгсөн. Орой 19-20 цагийн үед Бямбацогт миний гар утас уруу залгаж “Домбоогийн өгсөн даага хулгайн даага байсан байна. Чи цааш нь хүнд хэлж болохгүй шүү. Хэрэв хэлбэл хоёулаа асуудалд орох юм байна” гэж хэлсэн.  Домбоо адуу тууж ирэхдээ хариун зүстэй  морьтой, орос хар эмээлтэй байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23, 30-31-р тал/, 

    7. Гэрч Л.Бямбацогтын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 15.00 цагийн орчимд гэртээ байтал хуучны танил Домбоо миний 94464726 дугаартай гар утас уруу залгаад “ Ирж мотоцикль янзалж өгөнгөө манай гэрийг нүүлгээд өгөөч. Би ганцаараа гэртээ байна. Эхнэр Улаангом явчихсан байна” гэхээр нь би “Машин олдвол яваад очъё” гэж хэлсэн. Тэгээд 15.00 цагийн үед Ишбалын гэрт очиход Ишбал ганцаараа байсан. Би Ишбалд “Манай найз Домбоо намайг мотоцикль янзалж өгөнгөө гэр нүүлгээд өг гэж утсаар ярьлаа. Чи өөрийнхөө  машиныг унаад “Наран” гэдэг газраас Домбоогийн гэрийг нүүлгэлцээд өгөөч. Би 30 литр бензин хийж өгье” гэхэд зөвшөөрсөн. Ишбал бид 2 Ишбалын УАЗ-469 машинаар 16.00 цагийн үед яваад 21.00 цагийн үед Домбоогийн гэрт очсон. Тэндээ хоноод маргааш 07.00 цагийн үед намайг сэрэхэд Домбоо цай чанаж байсан. Ишбал, Домбоо бид 3 цай уучихаад гэр нүүлгэх ажилдаа орсон. Гэрийг өвөлжөөнд хүргэж бариад дуусахад 15 цаг болж байсан. Гэр бариад дуусаж байхад Домбоогийн ах Ариунаа улаан өнгийн мустанг-5 загварын мотоцикльтой ирсэн. Гэрээ барьж дуусаад Домбоо, Ариунаа бид 3 Ариунаагийн   мотоциклиор Домбоогийн буурин дээр үлдсэн Домбоогийн эвдэрсэн мотоциклийг авч ирэхээр явсан. Эвдэрсэн мотоциклийг засаад асааж аваад ирэхэд ойролцоогоор 20.00 цаг болж байсан. Бид нарыг ирэхэд Ишбал Домбоогийн гэрийн хаяаг манаж байсан. Тэгээд бид 3 хамт гэрийн хаяаг маналцаад гэрт орцгоосон. Орой болчихсон болохоор Ишбал бид 2 хоноод өглөө нь явахаар шийдсэн. Домбоо, Ариунаа, Ишбал бид 4 оройн хоолоо идчихээд унтах гэж байтал Домбоо надад хандаж “Гэр нүүлгэж өгсөн маш их байрллаа. Маргааш чамд нэг мал өгнө” гэж хэлэхээр нь би “За” гэж хэлсэн. Тэгээд бид 4 унтаж амарсан. Маргааш нь буюу 2016 оны 11 дүгээр сарын 17-ны 07.00 цагийн үед сэрэхэд Домбоо босчихсон цай чанаж байсан. Тэгээд би босоод нүүр, гараа угааж байхад Ариунаа, Ишбал 2 боссон. Цай уух гэж байтал Ариунаа “Би яваад сарлагаа олоод ирье” гээд гараад явсан. Бид 3 цай ууж дууссаны дараа Домбоо “Чөдөртэй морио авч ирнэ” гээд явсан. Ишбал бид хоёр гэрээс гараад Ишбалын машиныг асаачихаад руль /жолооны хүрд/-ийг нь янзлах гээд зогсож байтал Домбоо баруун урд зүгээс 8-9 тооны бараан зүсмийн адуу тууж ирээд дотроос нь хээр зүстэй даага барьж авах хооронд Ариунаа зүүн урд зүгээс 3-5 сарлаг туугаад ирсэн. Уг даагыг Домбоогийн гэрээс 15-20 метр зайнд байх хонхорт оруулж хөлийг нь хүлээд Домбоо нугаслаж алсан. Тэгээд Ариунаа сарлагаа айлд хүргэж саалгана гээд туугаад явсан. Дааганы арьсыг өвчиж байх үед Ишбал ирж өвчилцсөн. Ишбалын машины арын суудлын хэсэгт арьсыг нь дэлгэж  тавиад мах, толгой, шийрийг нь дээр нь тавьсан. Махаа ачаад Ишбал бид хоёр Ховд сум уруугаа явж Ишбалын хашаанд машинаа тавьсан. Мах, арьсыг би өөрийнхөө мотоциклиор 2 удаагийн явалтаар зөөж авахдаа Ишбалд нэг хоолны мах өгсөн. Тэгээд орой нь буюу 2016 оны 11 дүгээр сарын 17-ны 19.00 цагийн орчим гэртээ байж байтал Домбоо миний 94464726 дугаар  уруу залгаж “Чамд өгсөн даага хулгайн мал шүү. Хүнд битгий хэлээрэй” гэж хэлсэн. Тухайн үед би хулгайн мал авсан гэдгээ мэдээд айгаад хэнд ч хэлээгүй. Харин Домбоотой ярьж дуусчихаад Ишбалын гар утас уруу залгаж “Домбоогийн надад өгсөн даага хулгайн мал байсан байна. хүнд битгий хэлээрэй” гэж хэлсэн. Уг дааганы махыг хүнсэндээ хэрэглэсэн. Арьсыг нь Ховд сумаар малын арьс авч явж байсан казак залууд 13.000 төгрөгөөр зарсан. 4 туурайг нь гэрийн хаяанд хаясан байсныг нохой зуугаад явсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 24-26, 30-31-р тал/, 

    8. Гэрч Б.Батхуяг /Ариунаа гэх/-ийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “Би өөрийн дүү Домбоогийн холбогдсон хэргийн талаар мэдүүлэг өгөхгүй. Бусад асуудлаар мэдүүлэг өгнө. Миний дүү Домбоод өөрийн гэх морь байхгүй.  2016 оны 11 дүгээр сарын 13-17-ны хооронд миний эзэмшлийн халиун морийг унаж байсан. Домбоо уг морийг унахдаа өөрийнхөө төмөр бүүрэгтэй хуучны орос эмээл тохож хэрэглэдэг байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28-р тал/, 

    9. “Увс Финанс-Аудит” ХХК-ий 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 156 дугаартай шинжээчийн  “Даага үнэлсэн тухай”  дүгнэлт  /хх-ийн 35-р тал/,

 

    10. “Увс Финанс-Аудит” ХХК-ий 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 182 дугаартай шинжээчийн  “Морь болон морьны дагалдах хэрэгслийг үнэлсэн тухай”  дүгнэлт  /хх-ийн 41-р тал/,

    11. Шүүгдэгч Б.Домбоогийн  урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа /хх-ийн 61-р тал/,

    20 Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 57, 59, 60, 63-64, 70-79-р тал/

    21.  Шүүгдэгч Б.Домбоогийн хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би энэ хэргийг үйлдээгүй. Бямбацогт үйлдсэн. Намайг хэрэгт холбогдсон бас бичиг үсэг, тоо мэдэггүй болохоор гүтгэж байна. Би Бямбацогтыг манай гэрийг нүүлгээд өг гэж дуудаагүй. 2016 оны 11 дүгээр сарын 15-ны орой манай нэг танихгүй залуугийн хамт ирээд Барагшууны баас түүх гэж явна гэж хэлээд манайд хоноход нь манай гэрийг нүүлгээд өгөөч гэж гуйсан юм. 2016 оны 11 дүгээр сарын 16-нд манай гэрийг нүүлгэж өгчихөөд Бямбацогт миний морийг гуйж унаад “Барагшуны баас түүнэ” гээд явсан. Орой ирж хоноод өглөө босоод надтай юм ярьж байгаад “Танай гэрийн дээд талын хадан дотор нэг даага авч ирээд уячихсан. Энэ даагыг ална” гэхээр нь би “Энэ даагыг алаад хэрэггүй юм биш үү. Ямар ч байсан би нядлахад оролцохгүй” гэж хэлэхэд “Бид нар өөрсдөө алчихна” гээд Бямбацогт, Ишбал хоёр хээр зүстэй даагыг нядалсан.  Энэ талаар хуулийн байгууллагад мэдэгдээгүй нь миний буруу. Үнэн зөвөөр нь шийдэж өгнө үү” гэх мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн баримтууд болно.

 

         Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэвэл: Шүүгдэгч Б.Домбоо нь 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Увс аймгийн Бөхмөрөн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Наран” гэх газраас хохирогч Б.Батмөнхийн 1 /нэг/ тооны даагыг хулгайлж, 200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Б.Батмөнх, гэрч Н.Буянжаргал, С.Болормаа, Ц.Батхүү, Ц.Батбанди, Т.Ишбал, Л.Бямбацогт нарын мэдүүлэг болон “Увс Финанс-Аудит” ХХК-ий 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 156 дугаартай шинжээчийн  “Даага үнэлсэн тухай”  дүгнэлт зэрэг  бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

         Шүүгдэгч Б.Домбоо нь энэ гэмт хэргийг үйлдээгүй гэж мэдүүлж байгаа боловч энэ нь гэрч Т.Ишбал, С.Бямбацогт нараас хууль сануулан авсан мэдүүлэг, нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл зэрэг баримтуудаар үгүйсгэгдэж байна. Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч гэрч Б.Батхуягийг гэрч Т.Ишбал, С.Бямбацогт нартай нүүрэлдүүлэн байцаах шаардлагатай гэсэн санал гаргасныг хүлээн авах боломжгүй юм.

Учир нь гэрч Б.Батхуяг нь шүүгдэгч Б.Домбоогийн төрсөн ах бөгөөд хавтаст хэргийн 27-28-р талд авагдсан байцаалтын тэмдэглэлд гэрч Б.Батхуяг нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14-д заасан эрхийнхээ дагуу төрсөн дүү Б.Домбоогийн холбогдсон хэргийн талаар мэдүүлэг өгөхөөс татгалзсан тул түүнийг нүүрэлдүүлэн байцаах боломжгүй юм.

 Шүүгдэгч Б.Домбоо нь 2016 оны 11 дүгээр сарын  17-ны өдөр хохирогч Б.Батмөнхийн  1 тооны даага хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон тул түүнийг бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

           Шүүгдэгч Б.Домбоо нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн боловч энэ гэмт хэрэг үйлдсэний дараа үйлдсэн гэмт хэрэгтээ Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 23 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 6 /зургаа/ сар баривчлах ялаар шийтгүүлэн ял эдлэж байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийг журамлан түүний биечлэн эдлэх ялын хэмжээг тогтоох үндэслэлтэй байна.

               Шүүгдэгч Б.Домбоо нь гэмт хэрэг үйлдэхдээ уналга болгон ашигласан хар халиун зүсний морийг Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 23 дугаартай шийтгэх тогтоолоор  өмчлөгч Б.Батхуягт буцаан олгож, түүний үнэ 600.000 төгрөгийг шүүгдэгч Б.Домбоогоос гаргуулан улсын орлого болгохоор заасан байгаа тул уг морь буюу түүний үнийг хураах үндэслэлгүй байна.

Шүүгдэгч Б.Домбоо нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлж барагдуулаагүй байгаа тул түүнээс 200.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Батмөнхөд олгохоор шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгүйг тус тус дурдав.

         Шүүгдэгч Б.Домбоогийн Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 23 дугаартай шийтгэх тогтоолоор баривчлах ял эдэлсэн 63 /жаран гурав/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй.

 

                  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 284 дүгээр зүйлийн 284.1, 286 дугаар зүйлийн 286.1, 294-296,  297 дугаар зүйлийн 297.1-297.5 дахь хэсэг, 298 дугаар зүйлүүдэд  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Борогчин овогт Балчаагийн Домбоог бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар шүүгдэгч Б.Домбоод 2 /хоёр/ сар баривчлах ял шийтгэсүгэй.

            3. . Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.3-д заасныг журамлан шүүгдэгч Б.Домбоод Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 23 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 /зургаа/ сар баривчлах ялаас зарим болох 4 /дөрөв/ сар баривчлах ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 6 /зургаа/ сарын хугацаагаар баривчлах ялаар тогтоосугай.

             4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар шүүгдэгч Б.Домбоод оногдуулсан баривчлах ялыг нийгмээс тусгайрлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч Б.Домбоогийн Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 23 дугаартай шийтгэх тогтоолоор баривчлах ял эдэлсэн 63 /жаран гурав/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

6. Шүүгдэгч Б.Домбоогийн энэ гэмт хэргийг үйлдэхдээ уналга болгон ашигласан хар халиун зүсний морийг Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 23 дугаартай шийтгэх тогтоолоор  өмчлөгч Б.Батхуягт буцаан олгож, түүний үнэ 600.000 төгрөгийг шүүгдэгч Б.Домбоогоос гаргуулан улсын орлого болгохоор заасан байгааг дурдсугай.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.  

            8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Б.Домбоогоос  200.000 /хоёр зуун мянга/ төгрөг гаргуулан хохирогч Б.Батмөнхөд олгосугай

       9.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.6-д зааснаар шүүгдэгч Б.Домбоод шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

         Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүлийн 304.1-д зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ГАНСҮХ