Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 118/ШШ2024/0013

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд-Очир даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:  С.                     

Хариуцагч: Завхан аймгийн сумын Засаг дарга нарын хоорондын газрын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., хариуцагч Завхан аймгийн сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж. /онлайнаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бямбасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: Завхан аймгийн Засаг даргын 1997 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/27 дугаартай захирамжийн Б.т холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, сумын Хар чулуу нэртэй өвөлжөөний газрыг Б.т эзэмшүүлсэн гэрчилгээг хүчингүй болгохыг даалгах гэжээ.

2. Хэргийн нөхцөл байдал: Нэхэмжлэгч С. нь 2016 онд Хар чулууны бууцан дээр малын хашаа, өвсний саравч барьсан ба тус өвөлжөөний газрыг эзэмшихээр хүсэлт гаргахад нутгийн захиргааны байгууллагаас газар олгохоос татгалзсан байна. Үүний дараа Завхан аймгийн Засаг даргад нутгийн захиргааны байгууллагын татгалзлын талаар гомдол гаргахад Завхан аймгийн сумын Засаг даргын 1997 оны А/27 дугаар захирамжаар Шургах багийн нутаг дэвсгэрт байршилтай Хар чулуу нэртэй өвөлжөөний 0.2 га газрыг түүний ээж Б.т эзэмшүүлэхээр шийдвэрлэж 1999 оны 12 дугаар сарын 28-ний өдрийн ******* дугаартай газар эзэмших гэрээ байгуулагдаж,  эрхийн гэрчилгээ олгогдсон байна.

3. Нэхэмжлэгч “Улаан хадны өвөлжөөний газарт манай аавынх өвөлждөг, зарим үед Хар чулууны доод үзүүрт буучихдаг байсан. Бид ах дүүсээрээ хамтран  хашаа барсан байхад С.ид өв залгамжлалаар шилжүүлж байгаа үйлдэл нь хуульд нийцэхгүй”, хариуцагч тал “Хар чулуу нэртэй өвөлжөөний газрын эзэмшигч Б. нь отгон хүү С.ид уг өвөлжөөгөө эзэмшүүлж, шилжүүлэхээр гэрээ бусад бичиг баримт хийгдсэн боловч хүү нь нас барсан тул уг гэрчилгээг хүчингүй болгох шаардлага байхгүй” хэмээн тус тус маргасан.

 4. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Миний бие 2016 онд Завхан аймгийн сумын нутаг Арын хар чулуу гэдэг газар намаржааны хашаа барьсан. Энэ нь Нөмрөг, сумын нутгийн зааг дээр байдаг хүн эзэмшээгүй, ар завсар газар юм. Миний аав нь Улаан хадны өвөлжөөнд өвөлждөг, зарим цагдаа Хар чулууны доод үзүүрт буудаг байсан. 1995-1996 онуудад манайх аавынхтайгаа цуг намаржиж байсан газар учир хашаа барьж намар өөрийн ах , , дүү , , ******* нартай хамтран барьж танайх намаржиж байхгүй юу өвөлжөөнд олон айл байгаа учир мал их байгаа гэж ярилцан барьсан юмаа. Тухайн үед өвөлжөө босгох гээд Засаг захиргаанд хандсан боловч өвөлжөөний газар олгохгүй 2-3 жилээр өргөдөл авахгүй зогсоосон гэсэн хариу хэлээд тухайн үеийн багийн засаг дарга н. болон сумын эрх бүхий албан тушаалтнууд хүлээж аваагүй. Мөн татвар төлөх гэхэд хаваржаа, намаржааны газар төлбөр төлөхгүй гээд байсан. Хашаа нь 10 том саравчтай хашаа, тугалын пүнз, гэрийн хашаа, тэжээлийн хашаа, өвсний хашаа гэх мэт хашаанууд барьсан. Энэ асуудлаар Завхан аймгийн Засаг даргад өргөдөл гаргасан бөгөөд өргөдлийн хариу болох Завхан аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 417 дугаартай албан бичгийг 2023 оны 11-р сарын 30-ны өдөр Завхан аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын мэргэжилтэн Д.*******аас гардаж аваад эс зөвшөөрч энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Тус албан бичигт сумын нутагт оршдог "Хар чулуу" нэртэй өвөлжөөний газрыг сумын Засаг даргын 1997 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 27 дугаартай захирамжаар манай ээж Б.т эзэмшүүлсэн бөгөөд газар эзэмших эрхээ С. ид шилжүүлсэн байна. Дээрх байдал нь үндэслэлгүй тул сумын Засаг даргын 1997 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/27 дугаартай захирамжаас Б.т холбогдох хэсгийг хүчингүй болгох, сумын нутагт оршдог "Хар чулуу" нэртэй өвөлжөөний газрыг Б.т эзэмшүүлсэн гэрчилгээг хүчингүй болгохыг сумын Засаг даргад даалгуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С. нь 2016 онд сумын нутаг “Арын хар чулуу” гэх газар намаржааны хашаа барьсан. Энэ газар нь Нөмрөг, сумын зааг дээр байдаг. Хүн эзэмшээгүй байдаг. ын аав , ээж нар нь “Улаан хад”-ны өвөлжөөнд өвөлждөг. “Арын хар чулуу”-ны доод үзүүрт буудаг байсан. 1995, 1996 онуудад аавынхтайгаа цуг намаржиж байсан учир ах , *******, , , ******* нартай хамтран хашаа барьж танайх намаржиж байхгүй юу, өвөлжөөнд олон айл байгаа учир мал хэцүү байна гээд хашаа хороо барьж, өвөлжөөний газар болгосон байдаг. Сумын Засаг дарга болон бусад холбогдох хүмүүст тухайн газрыг эзэмших тухай өргөдөл өгсөн боловч өвөлжөөний газрын өргөдөл авахгүй гээд аваагүй байдаг. 2019 онд сумын хуралд энэ асуудлыг шийдвэрлэж өгөөч гэж хүсэлт тавьсан боловч газар зохион байгуулалтынхаа төлөвлөгөөнд тусгаагүй байдаг. Гэтэл С.ын ээж Б.т газар эзэмших гэрчилгээ гарсан байдаг. Энэ гэрчилгээ нь хуульд заасан журмын дагуу гарсан эсэх нь эргэлзээтэй байдаг. Хашаа хороог С. барьсан нь тодорхой. Тухайн газрыг өмч хувьчлал, сүүлд дуудлага худалдаагаар авсан эсэх нь тодорхойгүй байдаг. 1997 оны 27 дугаартай захирамжийг үндэслээд 1999 онд газрын гэрчилгээ бичигдсэн байдаг. 1997 онд захирамж гарсан юм бол яагаад тухайн ондоо гэрчилгээ гараагүй нь анхаарал татахуйц байна. 1997 оны захирамжийн хавсралтад Б.т тухайн газрыг эзэмшүүлсэн нь үг үсгээрээ байдаггүй. Учир энэ гэрчилгээг хууль ёсны гэж үзэх боломжгүй юм. Б. гуайн С. гэх хүүхэд нь хашаа хороо барьсан байхад, С. гэх хүүдээ нь өвлүүлж байгаа үйлдэл нь бусдын барьсан зүйлийг үгүйсгэж хуульд нийцэхгүй байна. Хэдийгээр төрсөн ээж дээр нь гарсан боловч өв залгамжлалаар шилжүүлж байгаа үйлдэл нь хуульд нийцэхгүй байна гэж үзэж энэхүү захирамжийг хүчингүй болгуулж, гэрчилгээг хүчингүй болгохыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Б. гуай “Хар чулуу”-ны өвөлжөөг хууль ёсны дагуу эзэмшиж байгаагүй гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Газрын тухай хууль тогтоомжид зааснаар өмч хувьчлалаар авсан нь нотлогдохгүй байна. Тухайн өвөлжөөг дуудлага худалдаагаар авч байгаагүй нь мөн тогтоогдож байна. 2016 онд “Улаан хад”-ны өвөлжөөний бичиг баримтыг “Хар чулуу” болгон бичүүлсэн нөхцөл байдал тогтоогдож байна. Хууль бус захиргааны акт гарсан цагаасаа хойш хүчингүй байх ёстой. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэж байна гэв.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: ...Шургах багийн нутагт оршдог “Хар чулуу” нэртэй өвөлжөөг С.ын төрсөн ээж *******ын 1997 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/27 дугаар захирамжаар эзэмшиж байгаа бөгөөд ******* дугаартай гэрчилгээ авсан. Одоо амьд сэрүүн Улаанбаатар хотод амьдарч байгаа болно. н., Б. нар нь гэр бүл болж 10 хүүхэд төрүүлж өсгөн тусад нь гаргасан. Хамгийн бага хүү С.ид ээж Б. болон ах, эгч нар нь “Хар чулуу” нэртэй өвөлжөөг эзэмшүүлж, шилжүүлэхээр гэрээ бусад бичиг баримт хийгдэж байсан боловч С. нь 2023 оны 08-р сард золгүй явдлаар нас барсан. Иймд Б.т эзэмшүүлсэн “Хар чулуу” нэртэй өвөлжөөг эзэмшүүлсэн сумын Засаг даргын 1997 оны 11 сарын 12-ны өдрийн А/27 дугаартай захирамжийг хүчингүй болгох шаардлага байхгүй болно ...гэжээ.

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Тухайн өвөлжөө нь 1997 онд гэрчилгээтэй байсан. Манай зүгээс ах дүү хүмүүс хоорондоо тохиролцоод учраа ол гэсэн. Бууцыг нь болохоор Б. гуай отгон хүүдээ өв залгамжлуулан өгөх гэрээслэл нь байгаа. Гэрчилгээтэй газар учир ахиж гэрчилгээ гаргах боломжгүй гэсэн хариуг өгсөн. Хашааг нь С. барьсан. Төрсөн ах дүү хүмүүс хоорондоо тохиролцох талаар зөвлөхөд бид нар тохиролцож чадахгүй гэхээр нь шүүхийн байгууллагадаа ханд гэсэн гэв.

8. Гуравдагч этгээд Б. шүүхэд ирүүлсэн тайлбартаа:... Шургах багийн нутагт байрлах Хар чулуу нэртэй өвөлжөөний газар миний эзэмшлийн газар байгаа юм. Би уг газраа өөрийн бага хүү болох С.ид өгөхөөр амьд сэрүүн байхад нь бичиг баримтаа бүрдүүлж байсан боловч хүү маань зуурдаар нас барсан юм. Миний хүү С.ийн 4 хүүхэд нь одоо Завхан аймгийн сумандаа ээжтэйгээ хамт амьдарч байгаа. Би уг өвөлжөөг ийнхоо том хүүд өвлүүлж өгөх бодолтой байгаа. Уг өвөлжөө С.т бол огт хамаагүй, өөрөө Өгөөмөр багт Баадгайн өвөлжөөнд өвөлждөг байсан. Миний бие шүүх хуралдаанд оролцох боломжгүй байгаа тул намайг байхгүйгээр шүүх хуралдааныг хийж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч С. нь Завхан аймгийн сумын Засаг даргын 1997 оны 11 дугаар сарын 12-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/27 дугаар захирамжаас Б.т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, сумын нутагт оршдог “Хар чулуу” нэртэй өвөлжөөний газрыг Б.т эзэмшүүлсэн гэрчилгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Нэхэмжлэгч нь сумын Шургах багийн Хар чулууны өвөлжөөний газрыг эзэмших асуудлаар Завхан аймгийн Засаг даргад өргөдөл гаргаж аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 417 дугаартай албан бичгийг 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр тус газрын мэргэжилтэн Д.*******аас гардан авч 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаснаар хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлээгүй байна

3. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

4. Нэхэмжлэгч нь сумын Шургах багийн нутагт орших Хар чулууны бууцан дээр 2016 онд өвөлжөөний зориулалтаар хашаа, саравч 10-ийг барьсан. Тухайн үед засаг захиргаанд уг өвөлжөөний газрыг эзэмшихээр хүсэлт гаргаж байсан боловч өвөлжөөний газар олгохгүй гэсэн хариу авсан. Ингээд аймгийн Засаг даргад хандахад манай ээж Б.т сумын Засаг даргын 1997 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/27 дугаартай захирамжаар эзэмшүүлсэн нь миний газар эзэмших эрхийг хөндсөн гэж маргаж байна.

5. сумын Засаг даргын 1997 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/27 дугаар захирамжаар сумын  Шургах багт газар эзэмшүүлэх зөвшөөрлийг 2 дугаар хавсралтаар баталсугай гэж заасан боловч уг хавсралт сумын болон Завхан аймгийн архивд хадгалагдаагүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх боловч Б.т олгогдсон ******* дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ, газар эзэмших гэрээ зэргээс үзэхэд түүнийг Хар чулууны өвөлжөөний газрыг эзэмшигч гэж үзэх үндэслэлтэй байна.

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэгт авагдсан сумын Шургах багийн Засаг даргын хөтөлсөн “Шургах багийн иргэдийн газар эзэмшлийн бүртгэл” хэмээх баримтын 67 дугаарт Б.т эзэмшүүлсэн Улаан хад гэх  газрын гэрчилгээний дугаар Хар чулууны гэх өвөлжөөний гэрчилгээний дугаартай давхцаж байна. Б. гуай Хар чулууны өвөлжөөг хууль ёсны дагуу эзэмшиж байгаагүй гэдэг нь тогтоогдож байна. Улаан хадны өвөлжөөний бичиг баримтыг 2016 онд Хар чулуу болгон бичүүлсэн гэж үзэх нөхцөл байдал байна гэж маргаж байна.

7. Завхан аймгийн сумын Засаг даргын 1997 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/27 дугаар захирамжийг үндэслэн уг хэргийн гуравдагч этгээд Б.т 1999 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ******* дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг сумын дунд шургахын Хар чулуу гэх газарт 0.2 га хэмжээгээр 40 жилийн хугацаатай эзэмшүүлж, мөн өдөр Монгол улсын иргэний газар эзэмших гэрээг ******* улсын бүртгэлийн дугаарт бүртгэсэн ба энэхүү гэрээний загвар Байгаль орчны сайдын 1995 оны 112 дугаар тушаалаар батлагдсан байна.

8. Газрын тухай /1994 он/ хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Монгол Улсын иргэнд … төрийн өмчийн газрыг энэ хуульд заасан хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр эзэмшүүлнэ”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сум, дүүргийн Засаг даргын томилсон албан тушаалтан тухайн иргэнтэй …, газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ олгох, уг гэрээг улсын бүртгэлд бүртгэнэ” гэж зааснаар сумын Засаг даргын 1997 оны Газар эзэмшүүлэх тухай А/27 дугаар захирамж, Б.ын ******* дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэсэн Монгол улсын иргэний газар эзэмших гэрээг хууль ёсны гэж үзэх үндэслэлтэй байна.

9. сумын Шургах багийн Засаг даргын хөтөлсөн “Шургах багийн иргэдийн газар эзэмшлийн бүртгэл”-д Улаан хадны өвөлжөө гэх газрын байршилд Б.-*******, түүний хүүхдүүд болох С.-*******, С.-*******, С.*******-******* гэж 4 газар эзэмших эрхийн гэрчилгээг 60 жилийн хугацаатай, Хар чулууны өвөлжөөний газар эзэмших эрхийн гэрчилгээний ******* дугаарыг Улаан хадны өвөлжөөний газар эзэмших эрхийн гэрчилгээний дугаарт бүртгэсэн нь газар эзэмших хугацааны хувьд зөрүүтэй, хэзээ хөтөлсөн нь тодорхойгүй, баталгаажуулсан тэмдэггүй тул уг баримтыг үнэн зөв, эргэлзээгүй гэж үнэлэх боломжгүй байна.

10. Түүнчлэн хариуцагчаас тус шүүхэд ирүүлсэн сумын Засаг даргын 1997 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/27 дугаар захирамж, Б.ын ******* дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэсэн Монгол улсын иргэний газар эзэмших гэрээ зэрэг баримтаас бусдаар тус шүүхийн үзлэгийн явцад сумын газрын даамалд хадгалагдаж буй газар эзэмшигчийн хувийн хэргийн бүртгэл, хадгаламжийн байнгын нэгжид нэхэмжлэгч С., гуравдагч этгээд Б.т нарт холбогдох бүртгэл байхгүй болохыг дурдах нь зүйтээ байна.

11. Нэхэмжлэгч С. нь өөрийн хүү Б.*******д Хар чулууны өвөлжөөний газрыг эзэмшүүлж өгнө үү гэж 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр сумын Засаг даргын Тамгын газарт болон иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүсэлт гаргаж байсан байна. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлд газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлагыг тодорхойлсон ба 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заажээ.

12. Нэхэмжлэгчийн хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага болох маргаан бүхий А/27 дугаар захирамж, уг хэргийн гуравдагч этгээд Б.т олгосон ******* дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэсэн Монгол улсын иргэний газар эзэмших гэрээ зэрэг баримтаас үзэхэд нэхэмжлэгч С.ын эзэмших хүсэлт гаргасан газрын байршил нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байх шаардлагыг зөрчиж байх тул энэхүү үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтээ байна.

13. Нэхэмжлэгч нь Хар чулууны бууцан дээр 2016 онд өвөлжөөний зориулалтаар малын хашаа, саравч 10-ийг барьсан гэж нэхэмжлэлдээ дурдсан боловч уг газарт хийсэн шүүхийн үзлэгээр өвсний хашаа 1, малын саравч 1 байх ба эдгээрийг С. барьсан гэдэгтэй хариуцагч, гуравдагч этгээд маргахгүй байх ба нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасны дагуу бусдын хууль бус эзэмшлээс өөрийн барьсан өвсний хашаа, малын саравчийг шаардан гаргуулах эрхтэй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг баримтлан “Завхан аймгийн сумын Засаг даргын 1997 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/27 дугаар захирамжаас Б.т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, сумын нутагт оршдог Хар чулуу нэртэй өвөлжөөний газрыг Б.т эзэмшүүлсэн гэрчилгээг хүчингүй болгуулах” шаардлага бүхий С.ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ч.ЦЭНД-ОЧИР