| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 177/2017/0041/э |
| Дугаар | 39 |
| Огноо | 2017-05-23 |
| Зүйл хэсэг | 099.1., |
| Улсын яллагч | П.Удвал |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 39
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалж,
Нарийн бичгийн дарга: Ё.Мөнхгэрэл,
Улсын яллагч: Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор П.Удвал,
Хохирогчийн өмгөөлөгч: Б.Цагцалмаа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Болормаа,
Шүүгдэгч: Ц.Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татах тогтоол батлаж ирүүлсэн Борлууд овогт Цэдэнбалжирын Амгаланд холбогдох 201720000106 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1991 оны 7 дугаар сарын 20-нд Увс аймгийн Тэс суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин мэргэжилтэй, мал малладаг, ам бүл46, эхнэр, 2 хүүхдийн хамт Увс аймгийн Тэс сумын 2-р багт оршин суух, Улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй. Борлууд овогт Цэдэнбалжирын Амгалан. /РД: ОО91072011/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.Амгалан нь 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Увс аймгийн Тэс сумын 2 дугаар багийн нутаг “Сэвхүүл” гэх газарт хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч С.Доржийг зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Хохирогч С.Доржийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр манай хажууханд нэг айл нүүж ирсний гэрийг барилцахаар явах гэж байтал манай хөрш айлын залуу болох Ц.Амгалан ирсэн. Тэгээд бид 2 манайхаас мордоод нүүж ирсэн айл дээр очиход манай нутгийн Жамаа гэх хүн эхнэрийнхээ хамт ээжийнхээ гэрийг барих гэж байсан. Амгалан бид хоёр 12.00 цагийн үед гэр барилцаж дууссан. Жамаа гэр барилцаж өгсөнд баярлалаа гээд Амгалан бид хоёрт нэг шил 0.75 литрийн архи задлаад сөгнөхөд Амгалан бид хоёр ихэнхийг нь уусан. Тэгээд Жамаа, Амгалан бид 3 тэднийхээс мордоод Дорлиг гэдэг айлд буухад Дорлиг ах 2 хүүтэйгээ байсан. Дорлиг ах бид нарыг ирлээ гээд 0.5 литрийн архи гаргаж ирснийг Жамаа ах, Дорлиг ах, Амгалан бид 4 ууж байтал манай нутгийн Н.Батбилэг, Н.Дашаа ирээд уг архийг бүгдээрээ хувааж уусан. Тэгээд Амгалан, Жамсран, Дашням, Дорлиг бид нар хүн бүр 2000 төгрөг мөрийнд тавиад хөзөр /муушиг/ тоглож байтал миний баруун гар талд сууж байсан Амгалан будлиан хийснээс болж бид нар архи уусан согтуу хүмүүс яаж тоглодог юм гээд тоглоомоо больсон. Амгалан будлиан хийснээс болж бид хоёр маргалдаж Амгалан гараараа нэг удаа миний нүүр үрүү цохиход миний хамраас цус гарсныг тогтоохоор дээлээ тайлаад гэрээс гартал Амгалан морьны шонгийн хажууд дээлээ тайлчихаад “зодолдох уу” гээд хүрээд ирсэн. Амгаланг Дорлиг ахын хүү Жамбал болиулах гэхэд Амгалан “Би ахтайгаа учраа олох гэж байна” гэж хэлэхээр нь Жамбал орхиод тэмээгээ унаад малдаа явах гэж байсан. Амгаланг надтай учраа олох байх гээд би яваад очтол Амгалан толгойгоорой миний шанааны хэсэгт хоёр удаа мөргөөд дахиад мөргөх гэхээр нь би Амгаланг барьж аваад цохихгүйгээр газарт унагаад дарж байтал Жамбал буцаж ирж намайг араас тэврээд босгож байтал Амгалан газарт байсан ташуурыг аваад миний баруун талын нүд үрүү нэг удаа хүчтэй цохьсон бөгөөд би нүдээ дараад газарт унасан юм. Харин Амгаланг Жамбал салгаж аваад цаашаа явчихсан юм. Би Ц.Амгаланд зодуулж өөрийн биедээ гэмтэл авсан бөгөөд би эмчилгээ болон бусад зардалд 8.186.600 төгрөг зарцуулсан ба уг мөнгийг би өөрийн ах дүү хамаатан садангуудаасаа зээлчихсэн байгаа юм. Мөн Ц.Амгалан надад учирсан хохирлыг төлж барагдуулаагүй учир би Ц.Амгаланд гомдолтой байна” гэх мэдүүлэг / хх-ийн 19-20, 21-р тал/,
2. Гэрч Д.Жамбалдоржийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “2017 оны 3 дугаар сарын 14-ний орой 16 цаг өнгөрч байхад Тэс сумын 2-р багийн нутаг “Сэвхүүл” гэх газарт манай гэр байхад манай 2 дугаар багийн хүмүүс болох Ц.Амглан, С.Дорж, Жамаа гурав морьтой манайд ирсэн. Тухайн үед манай гэрт эгч Дэлгэрмаа, аав Дорлиг бид гурав байсан. Аав Ц.Амгалан, Жамаа хоёрыг цагаан сар хийж ирээгүй гээд надаар авдраас 1 шил 500 граммын Улаанбаатар нэртэй архи авхуулаад задлаж байтал гаднаас Дашаа, Батбилэг гээд 2 хүн орж ирээд тэд нар хувааж ууцгаасан юм. Ц.Амгалан, С.Дорж, Жамаа нар ирэхдээ халамцуу байсан. Би тэд нарыг архи ууж байх хооронд гэрээс гарч малаа эргэж хурга тавьчхаад хэсэг хугацааны дараа ороод ирэхэд дахин 1 шил 750 граммын архи уугаад дуусчихсан байсан. Намайг гэрт ороход Дорж ахын хамраас цус гарчихсан сууж байхаар нь яасан талаар асуухад “Ц.Амгалан намайг зодчихлоо” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Амгалан ахыг “Та харьж амар” гэхэд С.Дорж ах наад хүнээ орхичих битгий юм хэл гэж хэлсэн. Тэгэхээр нь гараад хонио эргүүлчихээд тэмээгээр гэр лүү ирж шон дээр буухад шонийн хажууд байх үнсний дэргэд С.Дорж ах Ц.Амгланг газар унгаагаад дараад авчихсан зодолдож байсан. Би тэр хоёрыг салгаж байтал гэрээс Дашаа ах болон манай эгч Дэлгэрмаа хоёр гарч ирээд Дашаа ах надтай хамт тэр хоёрыг салгасан юм. Харин Дэлгэрмаа эгч хараад зогсож байсан. С.Дорж ах Ц.Амгаланг чи миний баруун нүд рүү цохиод гэмтээчихлээ нүд юм харахгүй байна гээд орилоод байсан. Тэгэхээр нь би С.Дорж ахын морийг шонгоос аваад гэрээс холдуулж байгаад С.Дорж ахыг моринд нь мордуулж гэр лүү нь явуулсан. Түүний баруун талын нүд нь хавдаж хөхөрсөн байсан. Тэр гурав манайд ирэхэд С.Дорж ахын нүд нүүр зүгээр байсан. Би тэр хоёрыг юунаас болж маргалдсаныг мэдээгүй. Дорж ахыг Амгалан ташуураар цохисон зүйл байхгүй. Харин гараараа нүд рүү нь цохисон юм” гэх мэдүүлэг /хх-ийн 24-27-р тал/,
3. Гэрч Ц.Жамсрангийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “Би Ц.Амгаланг танина. Нэг нутгийн хүмүүс бөгөөд садан төрлийн холбоо байхгүй. 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр 12 цагийн үед манай гэрт нутгийн залуучууд болох Ц.Амгалан, С.Дорж нар манайд ирсэн юм. Тэр 2 манайд ирээд архи уун гэсээр байгаад 500 граммын Улаанбаатар нэртэй архи хагас шилийг авч уугаад манай ээжийн гэр барилчихаад ээжийг шалсаар байгаад 500 граммын 1 шил архи аваад манай гэрт авч орж ирээд бид гурав хувааж уусан. Ц.Амгалан, С.Дорж хоёр манай гэрт анх ирэхдээ халамцуу ирсэн. Тэгээд манай гэрээс С.Дорж, Ц.Амгалан бид гурав мориор мордож Ц.Амгалангийн адууг гэр лүү нь эргүүлж хөөсөн. Тэгээд замд байсан айл Дорлигийн гэрт хамт буусан. Бид гуравыг Дорлиг ахын гэрт буухад Дорлиг ах, түүний хүү Жамбалдорж, охин нь байсан. Тэгээд нэг шил архи уугаад сууж байтал гаднаас Дашаа, Батбилэг нар ирээд бид нар архиа хувааж уусан. Тэгж байтал Дашаа, С.Дорж, Ц.Амгалан гурав мөнгөө нийлүүлж байгаад Дорлиг ахаас гуйж байгаад 1 шил 750 граммын архи аваад түүнийг уугаад хөзөр тоглосон юм. Тэгж байгаад бид нар бүгд гэрээс гарч бие засах нь засаад тэр хооронд Дашаа, С.Дорж, Ц.Амгалан нар хоорондоо ээлжлээд барилдсан юм. Тэгж байгаад тэд нар тэрхүү ороод би гадна бие засаж аваад С.Дорлиг ахын гэрт ороход С.Дорлигийн хамраас цус гарсан суусан тэгээд юу болсныг асуухад С.Дорж Амгаланг яатуу гэж хэлснээс болж зодолдсон байсан. Тэгээд тэр хоёрыг гэрт битгий маргалд гээд гэрээс гаргасан юм. Тэгээд гадаа хүмүүс орилоод байхаар нь гартал тэд нар шонгийн дэргэд зодолдож байсан ба Дашаа, Жамбалдорж хоёр салгасан зогссон. Тэгтэл С.Дорж Ц.Амгаланг чи миний нүд рүү цохичихлоо нүд юм харахгүй байна гээд орилоод байсан. Тэгэхэд С.Доржийн баруун нүд нь хавдаж хөхөрсөн байсан. С.Дорж, Ц.Амгалан нар харилцан зодолдож байгаад Амгалан түүний нүд рүү цохисон нь үнэн. Тэгээд Амгалан гэр рүү гээ явчихсан юм. Ц.Амгалан С.Доржийн нүд рүү яг юугаар цохисныг би хараагүй” гэх мэдүүлэг / хх-ийн 28-31-р тал/,
4. Гэрч Г.Бадамхандын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “Би Ц.Амгаланг танина. 2017 оны 3 дугаар сарын 14-ний өглөө манайх Увс аймгийн Тэс сумын 2 дугаар багийн нутаг сэвхүүл гэх газарт байхад нутгийн үалуу Ц.Амгалан адуу хайж явна гээд манайд ирсэн юм. Тухайн үед манай нөхөр С.Дорж, Пүүжээ нар нэг шил архи уусан суусан бөгөөд тэр архийг тэр гурав хувааж уучихаад Пүүжээ адуугаа аваад гэрлүү гээ явсан харин С.Дорж, Ц.Амгалан хоёр Жамаа гэх айлын гэр барилцхаар морьтой явцгаасан. Тэгээд харуй бүрий болж байтал манай нөхөр нэлээн согтуу нүүр нь цус болчихсон ирсэн. Тэгээд хартал баруун талын нүд нь хөхөрч хавдаад бүтчихсэн байсан. Тэр орой манай нөхрийн нүд зовиурлаж хоноод нүд нв өвдөөд болохгүй болохоор нь аймаг явсан. Би нөхөр С.Доржтой маргалдаж нүд рүү нь цохисон зүйл байхгүй. Манай нөхөр Ц.Амгалантай зодолдсоноос хойш өөр хүнтэй маргаж зодолдсон зүйл байхгүй нүд нь зовоогоод гэртээ хэвтээд байсан” гэх мэдүүлэг / хх-ийн 32-33-р тал/,
5. Гэрч Д.Дэлгэрмаагийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “Би Ц.Амгаланг танина. Садан төрлийн холбоо байхгүй. 2017 оны 3 дугаар сарын 14-ний орой 17 цагийн үед хонь тавьж байтал манайд нутгийн залуучууд ирсэн юм. Тэд нар манайд нэг шил архи хувааж ууцгаасан юм. Би хонь хургаа хөхүүлчихээд гэрлүү орох гээд явж байтал шонгийн хажууд С.Дорж, Ц.Амгалан хоёр дээлээ тайлчихсан зодолдож байтал манай дүү Жамбалдорж, Жамаа ах хоёр салгасан. Тухайн үед би тэд нарын хажууд зогсож баисан бөгөөд С.Дорж ахын баруун талын нүд нь хөхөрч хавдсан Ц.Амгаланг гараараа цохисон гэж хэлж байсан. С.Дорж ах манай аавын гэрт ирэхдээ нүүр нүд нь хавдаж хөхөрсөн зүйл байгаагүй. Харин Ц.Амгалантай зодолдож байгаад нүдэндээ зодуулж нүд нь хавдаж хөхөрсөн юм” гэх мэдүүлэг / хх-ийн 34-35-р тал/,
6. Гэрч М.Батбилэгийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “С.Дорж, Ц.Амгалан хоёр хоорондоо зодолдоол С.Доржийн нүд хөхөрч хавдчихсан Жамбалдорж моринд нь мордуулаад явуулж байсан. Тухайн үед С.Дорж, Ц.Амгалан хоёр нэлээн согтуу байсан. Тэр хоёрыг юунаас болж яаж зодолдсон гэдгийг би мэдээгүй, хараагүй болно” гэх мэдүүлэг / хх-ийн 36-37-р тал/,
7. Гэрч Н.Дашнямын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “2017.03.14-ний орой 17 цагийн орчим би тэмээ хайж яваад нутгийн айл болох Дорлиг ахын гэрт ороход Дорлиг ах, хүү Жамбалдорж, охиэ Дэлгэрмаа, Батбилэг, Дорж, Амгалан, Жамаа нар байсан. Намайг ороход Жамбалдорж, Батбилэг, Дэлгэрмаа нар хонинд хурга тавихаар гараад Дорлиг ах, Дорж, Амгалан. Жамаа нар 1 шил архи уусан. Тэгэж байгаад дахин 1 шил архи уугаад бид нар хөзөр тоглож байтал Амгалан, Дорж хоёр хөзөрнөөс болж маргалдаж эхэлсэн тэр үед би гэрээс гарч бие засчихаад ороод ирэхэд Дорж, Амгалан хоёр зодолдохоор болоод надтай зөрөөд гарсан. Тэгэхээр нь би гэрт хэсэг сууж байгаад тэр хоёрыг их их дугараад байхаар нь араас нь гарахад Дорж, Амгалан хоёр шонгийн хажууд ноцолдоод нэг нэгэнтэйгээ маргаад байсан тэгэхээр нь би цааш эргээд хүрээд иртэл Амгалан, Дорж хоёр зодолдож байхаар нь салгах гээд очиход Жамбалдорж цаанаас ирээд бид хоёрыг салгахад Дорж ахын нүд хавдаж хөхөрсөн байсан. Тэгэхээр нь тэр хоёрыг салгаад би мордоод явчихсан юм” гэх мэдүүлэг / хх-ийн 38-40-р тал/,
8. Гэрч Б.Удвалын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “Ц.Амгалан бид хоёр 2014 оны намар гэрлэсэн бөгөөд одоо 1-2 насны 2 хүүхэдтэй Тэс сумын 2-р багт хадам аавынтай айл хошооны мал мал маллаж амьдарч байгаа манай нөхөр архи дарс нэг их хэрэглээд байдаггүй хааяа найз нөхөдтэйгээ уучихдаг. Архи уусан үедээ гэртээ ирээд хэл ам хийлгүй унтаад өгдөг хүн юм. Хувь хүний хувьд даруу төлөв хүн юу гэж хэлнэ хүний үгээр байдаг хүн юм” гэх мэдүүлэг / хх-ийн 42-43-р тал/,
9. Гэрч Э.Нанжидын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “Би Тэс сумын Эрүүл мэндийн төвийн даргаар 2015 оноос ажиллаж эхэлсэн юм. 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр ажил дээрээ байтал Тэс сумын 2 дугаар багийн иргэн Сонимпил овогтой Дорж гэх хүн үзүүлэхээр ирсэн. Тэгээд С.Доржид бүтэн биеийн үзлэг хийхэд биеийн аль нэг хэсэгт гэмтэл байхгүй. Харин баруун нүд нь хавдаж хөхөрсөн юм үзэж хархааргүй болчихсон хавдсан хэсэг дээр дархад өвдөлттэй. Биеийн байдал дунд, асуусан асуултанд тодорхой хариулж байсан. Юу болсон талаар асуухад 2017 оны 3 дугаар сарын 14-ний орой Цэдэнбалжир овогтой Амгалан гэх хүнээр зодуулсан гэж хэлж байсан. Би С.Доржид биеийг нь үзсэн талаар тодорхойлолт бичиж өгөөд явуулсан болно” гэх мэдүүлэг / хх-ийн 44-45-р тал/,
10. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 4458 дугаартай шинжээчийн: “Доржийн биед баруун ухархайн дотор болон доод ханын хугарал, баруун зовхинд цус хуралт зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба түүнээс удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх гэмтэл ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлэгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 54-р тал /,
11. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 548 дугаартай шинжээчийн: “Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шинжээч эмч Т.Номинцэцэгийн 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 4458 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. С.Доржийн биед баруун ухархайн доод хана, дотор хананы цөмөрсөн хугарал, баруун нүдний зовхи салстад цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний ухархайн хананы хугарлыг имплантаар нөхсөн мэс ажилбар, баруун нүдний хараа бууралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нэг цаг хугацаанд үүссэн байна. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлэгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. Баруун нүдний хараа бууралт нь цаашид биеийн эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 5% нөлөөлнө. С.Доржийн харааны эрхтэнд урд өмнө нь гэмтлийн зэрэгт нөлөөлөхөөр ямар нэгэн гэмтэл бэртэл, өвчин байсан эсэх нь тогтоогдсонгүй” гэх дүгнэлт /хх-ийн 60-62-р тал /,
12. Хохирогч С.Доржийн өвчний түүх /хх-ийн 66-74-р тал/,
13. Хохирогч С.Доржийн амбулаториор эмчлүүлэгчийн карт /хх-ийн 75-94-р тал/,
14. Шүүгдэгч Ц.Амгалан урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа / хх-ийн109 -р тал /,
15. Шүүгдэгч Ц.Амгалангийн хувийн байдал тогтоосон баримтууд /хх-ийн 41, 42-43, 107-р тал/,
16. Шүүгдэгч Ц.Амгалангийн хэрэг бүртгэлтийн шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би гэмт хэрэг үйлдсэндээ харамсаж байна. Миний буруугаас болж С.Дорж ахын нүд гэмтсэн гэдгийг ойлгож байгаа. Дорж намайг хөзөр тоглож байгаад зүй бус үгээр доромжлож, гарынхаа араар нүүр үрүү цохисноос болж бид хоёр муудалцаж зодолдоод би гараа хамар уруу нь нэг удаа, баруун нүд үрүү нь бас нэг удаа цохисноо хүлээн зөвшөөрч байна. Би буруу ойлгож Дорж ахаас уучлалт гуйсан, аавтай хамт очиж уулзаж хохирол барагдуулах талаар ярилцсан боловч тохиролцож чадаагүй өдий хүрч байна. би 2.500.000 төгрөг бэлнээр өгсөн. Үлдсэн мөнгийг нь дараа өгье, мал оролцуулаад боловч өгье гэсэн боловч бэлнээр 8 сая төгрөг авна гэсэн. Надад бэлэн 8 сая төгрөг байхгүй болохоор хохирлоо төлж барагдуулж чадаагүй байна. Энэ хүнд учирсан хохирлыг төлж барагдуулж өгөх болно” гэх мэдүүлэг зэрэг болно.
Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг үнэлэн дүгнэхэд : Шүүгдэгч Ц.Амгалан нь 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Увс аймгийн Тэс сумын 2 дугаар багийн нутаг “Сэвхүүл” гэх газарт хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч С.Доржийг зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт үйлдсэн болох хавтаст хэрэгт авагдсан хохирогч С.Дорж, гэрч Д.Жамбалдорж, Ц.Жамсран, Г.Бадамханд, Д.Дэлгэрмаа, М.Батбилэг, Н.Дашням, Э.Нанжид нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 4458 дугаартай шинжээчийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 548 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Хэрэг бүртгэлтийн болон прокурорын хяналтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн ноцтой зөрчил гараагүй, хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Ц.Амгаланг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэх үндэслэлтэй байна.
Хохирогч 8.186.600 төгрөгийн хохирол нэхэмжилсэн боловч 6.750.500 төгрөгийн хохирол нь баримтаар тогтоогдож байна.
Үүнд:
1. Эмчилгээ, оношлогоо, шинжилгээ – 6.370.100
2. Тээврийн зардал – 271.900
3. Эм, эмнэлэгийн хэрэгсэл -15.000
4. Бусад зардал /ор хоног, нотариат, дүгнэлт гаргуулах/ - 93.500
Үүнээс 2.500.000 төгрөгийн хохирол төлөгдсөн болох нь шүүгдэгчийн мэдүүлэг, хохирогчийн 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр гаргаж өгсөн “Мөнгө хүлээн авсан тухай” тодорхойлолт, хохирогчийн өмгөөлөгчийн тайлбар зэргээр тогтоогдож байгаа тул түүнийг хасаж 4.250.500 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгох үндэслэлтэй байна.
Хохирогч, түүний өмгөөлөгч нэхэмжлэлээс үлдэх 1.436.100 төгрөгийг Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэж байх хугацаандаа хэрэглэсэн хоол болон хот дотор явсан тээврийн зардал гэж тайлбарлаж байгааг хүлээн авч шүүгдэгчээс уг зардлыг гаргуулах боломжгүй байна.
Учир нь хохирогч тухайн гэмт хэрэгт өртөгдсөн эсэх, хаана байгаагаас үл хамааран хоол унд хэрэглэдэг, унаа хөсгөөр зорчих бүрт заавал гардаг зардал юм. Иймээс энэ зардлыг гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзэхгүй тул 1.436.100 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгч Ц.Амгалан нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.
Мөрдөн байцаалтын шатнаас иргэний нэхэмжлэлийг хангах зорилгоор шүүгдэгч Ц.Амгалангийн 9 настай, цавьдар зүстэй нэг тооны морь битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг 4.250.500 төгрөгийн төлбөрийг барагдуулахтай холбоотой шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж дуусах хүртэл хэвээр үлдээж шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгч Ц.Амгаланд ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал, сонтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн гэх хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзсэн болно.
Эрїїгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 284 дүгээр зүйлийн 284.1, 286 дугаар зүйлийн 286.1, 294-296, 297 дугаар зүйлийн 297.1-297.5 дахь хэсэг, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Борлууд овогт Цэдэнбалжирын Амгаланг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан шүүгдэгч Ц.Амгаланд 1 /нэг/ сар баривчлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар шүүгдэгч Ц.Амгаланд оногдуулсан баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч Ц.Амгалан нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Ц.Амгалангаас 4.250.500 /дөрвөн сая хоёр зуун тавин мянга таван зуу/ төгрөг гаргуулан хохирогч С.Доржид олгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 291 дүгээр зүйлийн 291.1-д зааснаар нэхэмжлэлээс 1.436.100 /нэг сая дөрвөн зуун гучин зургаан мянга нэг зуу/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-д зааснаар шүүгдэгч Ц.Амгалангийн өмчлөлийн 9 настай, цавьдар зүстэй морь битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг 4.250.500 төгрөгийн хохирол төлөхтэй холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж дуусах хүртэл хэвээр үлдээсүгэй.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д зааснаар шүүгдэгч Ц.Амгаланд өмнө авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГАНСҮХ