Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 2022/ДШМ/046

 

*******д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч В.Цэцэнбилэг, Н.Насанжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Хохирогч ******* /цахимаар/

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******, *******

/цахимаар/

 Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.Золцэцэг нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж хянан шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 2022/ШЦТ/84 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******гийн гаргасан давж заалдах гомдлоор *******д холбогдох эрүүгийн 2214000000063 дугаар хэргийг 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, ******* овогт *******гийн *******,  Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 94 дүгээр зарлигаар Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагдаж байсан, ял шийтгэлгүй, регистрийн дугаар //

Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ...........тоотод байх гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу өөрийн эхнэр *******г 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр зүүн мөр лүү нь гараараа цохиж, 2021 оны 12 дугаар сард цээж хэсэгт нь хөлөөрөө өшиглөж, хацар луу нь алгадаж, мөн 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр толгой хэсэг рүү нь цохисон, 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр үснээс нь зулгаан нүүр хэсэгт нь гараараа цохих, бие рүү нь хөлөөрөө өшиглөх зэргээр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,

Мөн ******* нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 10 дугаар багийн 324-2 тоотод байх гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу өөрийн эхнэр *******г 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр үснээс нь зулгаан нүүр хэсэгт нь гараараа цохих, бие рүү нь хөлөөрөө өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, шуу, шилбэний цус хуралт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

Баянхонгор аймгийн Прокурорын газраас *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1.1-т тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Ганбал овогт *******гийн *******д гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэрэг үйлдсэн, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1-т зааснаар шүүгдэгч *******г 6 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 2.2, 2.4-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1-т зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож 30 хоногийн хорих ялын нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 7 сарын хугацаагаар хорих ялаар тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 7 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Шүүгдэгч *******гийн эзэмшлийн ... skyword маркийн 43 инчийн LCD маркийн зурагт 1 ширхэг....-ийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх эд зүйлийг хэрэгцээний дагуу эзэмшигч *******д буцаан олгож, Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч ******* гаргасан давж заалдах гомдолдоо: Миний бие нь Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 2022/ШЦТ/84 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Үүнд:

Анхан шатны хуралд хохирогч би уурандаа энэ хүнийг ажилд нь явуулахгүй гээд хэт хэтрүүлэгтэй мэдүүлэг өгсөн. Бодит байдал дээр өөр гэсэн боловч хэт хэтрүүлэгтэй мэдүүлэгт үндэслэж дүгнэлт гаргасан. Мөн миний бие нь 1996 оноос хойш ясны идээт үрэвсэл өвчнөөр өвдөж хэд хэдэн удаа яс хусуулах хагалгаа хийлгэж байсан ба 2021 оны 11 сард дахин сэдэрч албан ажил болох Зэвсэгт хүчний жанжин штабын барилга инженерийн цэргийн удирдах газрын хангалтын мэргэжилтэн ажлаас өвчний учир чөлөөлөгдөж тэрээр байнгын эмчилгээ хийлгэж байсан. Цаашид хагалгаанд орж болзошгүй нөхцөл байдал үүссэн зэргээс үндэслэж хорихоос өөр төрлийн ялаар шийдэж өгнө үү.

Миний бие үйлдэж холбогдсон хэрэгтээ гэмшиж, уучлал гуйж байна. Дахин ийм асуудал гаргахгүй. Цаашид ямар нэгэн зөрчил, гэмт хэргийн шинжтэй хэрэгт холбогдохгүй биеэ зөв зохистой авч явна гэжээ.

Прокурор тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээнэ үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1-т заасан үйлдэл, нөхцөл байдал тогтоогдсон гэхэд эргэлзээтэй, шүүгдэгчид ашигтай байдлаар Эрүүгийн хуулийн 7.6 дугаар зүйлд зааснаар хорихоос өөр төрлийн ял оногдуулна уу гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийн нөхцөл байдал тогтоогдоогүй тул зүйлчлэлийг хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т заасныг анхаарч тэдний цаашдын амьдралыг харгалзана уу гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч *******гийн тус шүүхэд гаргасан гомдолд үндэслэн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасан эрх хэмжээний хүрээнд гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр хавтаст хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******г Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 10 дугаар багийн 324-2 тоот дахь өөрийн гэртээ эхнэр *******г 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр зүүн мөр лүү нь гараараа цохиж, 2021 оны 12 дугаар сард цээж хэсэгт нь хөлөөрөө өшиглөж, хацар луу нь алгадаж, мөн 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр толгой хэсэг рүү нь цохисон, 2022 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр үснээс нь зулгаан нүүр хэсэгт нь гараараа цохих, бие рүү нь хөлөөрөө өшиглөж зодсон,

Мөн 2022 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр үснээс нь зулгаан нүүр хэсэгт нь гараараа цохих, бие рүү нь хөлөөрөө өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, шуу, шилбэний цус хуралт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэргийн үйл баримтыг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1.1-т тус тус зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсний дагуу анхан шатны шүүх шүүгдэгч *******г гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хариуцлага хүлээлгэж хуульд заасан ял оногдуулж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Дээрх үйл баримт нь:

-“... 2022 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр ...намайг шууд золбин удамтай гэх мэтээр доромжилж миний үснээс татаж чирээд миний бие рүү өшиглөж нүүр рүү гараараа хэд хэдэн удаа цохисон. ...******* нь 2007 оноос эхлэн намайг байнга зодож доромжилдог мөн хүний уурлахааргүй зүйл дээр уурлаж дайрч догширч элдвээр хэлж зоддог болсон. Тэгээд хүү Мөнхцоожийг үе үе эхдээ хов зөөдөг гэх мэтээр дайрч зоддог. Өмнө нь намайг зодоход нүүр нүд л их хавдаж хөхөрдөг байсан. .

...2022 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр ...бид хоёр маргалдаад нөхөр уурлаад нэлээд олон удаа хөргөгч, ханатай хавсраад толгой руу гараараа нэлээд хэдэн удаа цохисон. Арагш нь толгойгоор хана руу мөргүүлээд цохисон. Тэгээд хамар луу цохисон, баруун талын нүд чих хэсэг рүү цохисон. ...Ерөнхийдөө маш их зоддог.

2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр манай нөхөр намайг зүүн мөр рүү гараараа 2-3 цохисон. Тэр үед нь миний зүүн мөр аймаар хөндүүрлээд хөдөлж чадахгүй болсон байсан.

2021 оны 12 дугаар сард би яг өдрийг нь санахгүй байна миний цээж рүү хөлөөрөө өшиглөсөн. Тэр үед бас хацар луу алгадсан зэргээр зодож байсан.

 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр тархи толгой руу цохиж зодсон. Хананд шахаж байгаад ханатай хавсраад толгой руу цохиж зодсон.

 Би 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр манай нөхөр намайг зодоход нь би цагдаад хандаж шалгуулж байсан. Харин бусад үед нь би цагдаагийн байгууллагад хандаж шалгуулж байгаагүй..... Би нөхөртөө зодуулсан талаар хэн нэгэн хүнд хэлж ярьж байгаагүй. Би өөрөө Завхан аймгийн Их уул сумынх болохоор аймагт надад хамаатан садан байдаггүй. Би энэ талаар хэнд ч хэлж байгаагүй. Би эмчид үзүүлээгүй, эмнэлэгт хэвтэж эмчлүүлээгүй, ямар нэгэн эмчилгээ хийлгээгүй...” гэх хохирогч *******н мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг

Анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлд “... 1 сарын 05-ны өдөр надад гар хүрсэн асуудал байгаа. Бусдыг нь хэтрүүлээд ярьсан асуудал байгаа. бага насны хүүхдээ харахад хүнд байсан.... нөхрөө ажилд явуулахгүй гэж бодоод цагдаад өгчихсөн. Цахим гав зүүгээд ч хамаагүй гэртээ байг гэж бодоод мэдүүлгээ хэтрүүлээд өгчихсөн. ...1 сарын 05-ны өдөр л надад гар хүрсэн. Бусад зүйл дээр гар хүрээд байдаггүй. Хохирол гомдол байхгүй. Энэ асуудлаас хойш эвлэрсэн. Гэр бүлийнхээ хүнээс уучлал гуйж байна. Өмнө ******* 2019 оны 5 сарын 21-ний өдөр зөрчлийн хуулиар шийтгүүлж байсан. ...11 сарын 07-ны өдөр нөхөр намайг түлхсэн. Хана руу унахдаа би мөрөөрөө унасан. Нөхөр намайг зодоогүй маргалдсан. Нөхрөөс ямар нэгэн дарамт байхгүй. Би нөхрийгөө гэртээ байлгах үүднээс мэдүүлгээ хэтрүүлээд өгсөн ...” гэх хохирогч *******н анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлэг

Хэргийн 20-21 дүгээр талд авагдсан “....... Ээжийн нүд нь хөхөрсөн байсан.. ...Аав ээжийг хааяа л зоддог. ...ээж хардаад хэрүүл хийгээд байдаг аавыг ирэхээр нь хардаад гэрийн өрөө өрөө дамжаад араас нь яваад хэрүүл хийгээд байдаг тэгээд аав уурлаад ээжийг цохидог ээж бас зөрүүлээд цохиод байдаг юм. Тэгэхдээ нэг их аймар зодоод байдаггүй. Манай аав бид 3-ыг зодоод байдаггүй... гэх насанд хүрээгүй гэрч ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг

Хэргийн 23-24 дүгээр талд авагдсан “.... *******н биед баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, шуу, шилбэний цус хуралт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, гэмтэл тогтоогдлоо. ... амь насанд аюулгүй... тухайн болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

....шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна .” ..гэх Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 59 тоот дүгнэлт

Хэргийн 123 дугаар тал, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлд” ...      Би хэргийн зүйлчлэл, гэм буруугаа хүлээн зөвшөөрч... гэмшиж байна. ... Би яллагдагчаар татах тогтоолыг хүлээн зөвшөөрч байна... гэх” шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалт болон анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд гэмт үйлдлээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлгүүд болон хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, дээр дурдсан хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, анхан шатны шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй хэргийг шийдвэрлэхэд хангалттай, прокуророос зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Дээрх нотлох баримтуудыг үндэслэн анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцжээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн объектив шинж нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон... байнгын шинжтэй үйлдэл ...нь ...гурав болон түүнээс дээш удаа үйлдэгдсэн байх, дахин давтан буюу байнгын шинжтэй байх... бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан... гэмт хэрэг нь ахуйн хүрээнд буюу гэр бүлийн гишүүдийн хүрээнд, нууц далд аргаар үйлддэг онцлог шинжтэй тул мэдүүлгүүдийг үгүйсгэх нь үндэслэлгүй ...” гэх дүгнэлт үндэслэлтэй юм.

Шүүгдэгч *******гийн 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрөөс 2022 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн хооронд эхнэр *******г мөр болон толгой руу нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөх, хацар луу нь алгадах, зэргээр бие махбодид нь байнга буюу 3-аас дээш удаа халдсан болох нь дээрх нотлох баримтуудаар хөтөлбөргүй тогтоогдож улмаар 2022 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр үснээс нь зулгаан нүүр хэсэгт нь гараараа цохих, бие рүү нь хөлөөрөө өшиглөн зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйл гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх, 11.6 дугаар зүйл.хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргээр давхар зүйлчилж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасантай нийцэж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

Ийнхүү шүүгдэгч ******* нь хэлсэн үг, бие махбодийн үйлдлээрээ эхнэр *******д сэтгэл санааны болон бие махбодийн хүчирхийлэл байнга үзүүлж улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн санаатай үйлдлүүдээс дүгнэхэд гэр бүлийн хүчирхийлэл нь гэр бүлийн хүрээнд нууц үлдсээр, энэ байдал нь даамжирсаар хүний эрүүл мэндийн халдашгүй байдлаас гадна Гэр бүлийн тухай хуульд заасны дагуу гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх туслах, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүйгээр хүчирхийллээс ангид орчинд амьдрах ашиг сонирхол нь ноцтой зөрчигдсөн байх тул шүүх бүрэлдэхүүн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Харин шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгч нараас ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1-т заасан үйлдэл, нөхцөл байдал тогтоогдсон гэхэд эргэлзээтэй, Эрүүгийн хуулийн тухайн зүйл ангид зааснаар хорихоос өөр төрлийн ял оногдуулах, ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” зэргийг харгалзана уу ...” гэх агуулгатай гомдлуудыг хүлээн авах хуулийн үндэслэлгүй буюу анхан шатны шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирч, шударга ёсны зарчимд нийцжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 2022/ШЦТ/84 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч *******гийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн 2022 оны 4 дүгээр сарын 5-ны өдрөөс 6 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 72 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ

 ШҮҮГЧ Н.НАСАНЖАРГАЛ

 В.ЦЭЦЭНБИЛЭГ