Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пунцагийн Золзаяа |
Хэргийн индекс | 102/2015/6435/И |
Дугаар | 001/ХТ2016/00901 |
Огноо | 2016-09-13 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2016 оны 09 сарын 13 өдөр
Дугаар 001/ХТ2016/00901
Д.Ган-Эрдэнийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШШ2016/00804 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 1001 дүгээр магадлалтай,
Д.Ган-Эрдэнийн нэхэмжлэлтэй
“Камдер” ХХК-д холбогдох
Орон сууцны талбайн зөрүү 14 154 860 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан хяналтын гомдлоор
шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Ган-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтанбагана, хариуцагчийн өмгөөлөгч М.Бадрал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2012 оны 6 дугаар сарын 27-ны өдөр “Камдер” ХХК-ийн барьсан Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Encanto town” хотхоны 305 дугаар байрны 2 дугаар орц, 10 дугаар давхар, 67 тоотод 3 өрөө 105.32 м.кв талбайтай орон сууцыг 1 м.кв талбайн үнийг 1620 ам.доллароор тооцон нийт 170 618 ам.доллароор 801/2/67 тоот орон сууцны захиалгын гэрээний дагуу худалдан авсан. Орон сууцны захиалгын гэрээний дагуу “Камдер” ХХК нь 2013 оны 2 дугаар улиралд орон сууцыг ашиглалтанд оруулах байсан хэдий ч 4 дүгээр улирал буюу 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр уг орон сууцыг улсын комисст хүлээлгэн өгч ашиглалтанд орсны дараа 12 дугаар сард манайх байрандаа нүүж орсон. 2014 оны 3 дугаар сарын 14-ний өдөр улсын бүртгэлийн Ү-2204059465 дугаарт бүртгэгдсэн, 000314556 тоот өмчлөх эрхийн гэрчилгээг гэр бүлийн гишүүдийн хамтаар өмчилж авсан. Орон сууцандаа орсны дараа бусад оршин суугчид байрны талбай хэмжээ дутаж байна, компаниас хохирлоо барагдуулж авлаа гэдгийг сонссон тул би Монгол Улсад барилгын зохион байгуулалтын зураг төсөл хийх, хэмжих үйл ажиллагаа эрхлэх ЗТ19-359/12 тоот тусгай зөвшөөрөлтэй, улсын бүртгэлийн 9011221125 дугаарт бүртгэгдсэн, 5357985 тоот регистрийн дугаартай “Мөнх хос шилтгээн” ХХК-д хүчин төгөлдөр мөрдөгдөж буй стандартын дагуу хэмжилт хийж манай орон сууцны талбайгаас 6.55 м.кв талбай дутаж байна гэсэн дүгнэлт гарсны дагуу “Камдер” ХХК-ийн борлуулалтын албаны дарга н.Мөнхбатад бичгээр мэдэгдсэн, мөн хэмжилт хийсэн зураг ажлын тайлангийн хамт өгсөн боловч хариу өгөхгүй байна. Иймд “Камдер” ХХК-аас орон сууцны 6.55 м.кв-ын зөрүү 10 611 ам.доллар буюу гэрээ байгуулсан өдрийн ханшийг төгрөгт шилжүүлэн тооцоход 14 218 740 төгрөг, хэмжилт хийлгэсэн төлбөр 197 540 төгрөг, нийт 14 154 860 төгрөгийг гаргуулж хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Камдер” ХХК нь иргэн Д.Ган-Эрдэнэтэй 2012 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 801/2/71 дугаартай Орон сууц захиалгын гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Энканто таун” хотхоны 305 дугаар байрны 67 тоотод байрлах 105.32 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг барьж ашиглалтанд оруулж өгөхөөр харилцан тохиролцсон. Манайх гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байрыг Д.Ган-Эрдэнийн өмчлөлд шилжүүлсэн. Д.Ган-Эрдэнэ нь 801/2/71 дугаартай Орон сууц захиалгын гэрээ байгуулахдаа гэрээний нөхцөл, зураг төсөл болон орон сууцны танилцуулгатай бүрэн танилцсаны дараа гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсан. Мөн гэрээний 5.3-т “орон сууцны худалдах талбайн хэмжээг барилгын зураг төсөлд үндэслэн орон сууцны гадна ханын дотор талаас тооцоолсон ба уг талбайд сууцны ба сууцны бус зориулалттай талбай, түүний бүрдэл хэсэг орно” гэсэн гэрээний нөхцөлийг Д.Ган-Эрдэнэ зөвшөөрсөн. Д.Ган-Эрдэнийн захиалсан орон сууцны талбайг гэрээний 5.3-д заасны дагуу “ханын дотор талаас хэмжихэд зураг төсөл болон гэрээнд заасан хэмжээндээ байгаа” бөгөөд өрөөнүүдийг тусгаарласан ханын дотор байгаа талбай ч Д.Ган-Эрдэнийн худалдан авч байгаа орон сууцны талбайд мөн хамаарна. Манай компани уг гэрээгээр Д.Ган-Эрдэнэд дан ганц 105.32 м.кв талбайг бус харин дуу чимээ тусгаарлах, ая тухтай амьдрах орчныг бүрдүүлсэн зориулалтын зузаантай, барилгын норм, дүрэм, стандартад нийцсэн өрөө хоорондын хана, цонх, хаалга, бүхий иж бүрэн орон сууцыг барьж ашиглалтанд оруулан хүлээлгэж өгөх үүрэг хүлээсэн. Манай компани орон сууцны захиалгын гэрээний 8.1-д “захиалагч нь гэрээний 2.2-т заасан хуваарьт хугацаандаа төлбөрөө төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд үлдэгдэл төлбөрийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлнө” гэсэн заалтын дагуу сөрөг нэхэмжлэл гаргах болно. Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэж байна. Өнөөдөр захиалагчийн зүгээс хүлээн авсан байр доголдолтой байна, дутуу байна гэсэн нэхэмжлэл гаргажээ. Доголдолтой байна уу үгүй юу гэдгийг гэдгийг Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.2-т зааснаар тодорхойлдог. Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.2-т гэрээнд заасан тоо хэмжээ, чанарт тохирч байвал ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэнэ гэж заасан. 105.32 м.кв талбайны 1 м.кв талбайг нь 1.620 ам.доллар гэж тохирсон байгаа. 105.32 м.кв талбай нь гэрээний нэхэмжлэгч маань нэхэмжлэлдээ орон сууцны талбайг тооцох стандартын дагуу хэмжээнд гэрээнд заасан 105.32 м.кв талбайд хүрсэнгүй гэж хэлж байна. Стандартын дагуу хэмжвэл 105.32 м.кв талбай гарахгүй гэдгийг хариуцагч тал зөвшөөрч байгаа. Тийм учраас энэ зөрүүг мөнгөөр нөхөн төлөх үндэслэлгүй байна. Шинжээчийн дүгнэлт нь 98.96 м.кв талбайтай байна гэсэн хариу гарсан. Харин гэрээний дагуу хэмжвэл 105.32 м.кв талбайтай байгаа буюу гэрээний 1.2-т заасан тоо хэмжээндээ хүрч байна гэдэг нь харагдаж байна. Нэхэмжлэгч маань тайлбартаа гэрээний 5.3-д заасныг уншаагүй гэсэн байна. Гэрээг бичгээр байгуулсан. Насанд хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай хүнтэй гэрээ байгуулсан. Өөрөө болж байна гэж гэрээ байгуулсан. Гэрээ байгуулсны дараа ийм заалт байсан юм уу гэж хандаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ханын шавардлага, өнгөлгөө хийгдээгүй байх үед нь шалнаас дээш 1 метр зайнд хэмжилтийг хийнэ гэж заасан. Гэтэл гэрээ байгуулж байх цаг хугацаа нь барилга баригдаагүй үед захиалагчтай гэрээ байгуулсан. Хариуцагчийн хувьд 2013 оны 06 сард нэхэмжлэгчтэй гэрээ байгуулах үед энэ орон сууцны зураг л байсан. Зургийг нь ашиглаад стандартыг ашиглаад хэмжилт хийх боломжгүй. Яагаад гэвэл баригдаагүй байгаа байр нь дээр стандартаа хэмжих боломжгүй. Стандартаар барилга баригдсаны дараа хэмжилт хийх боломжтой. Гадна ханын дотор талаас хэмжилт хийх аргачлалыг яагаад хэрэглэсэн гэвэл тухайн орон сууц нь 3 өрөө байгаа өрөөнүүд нь дотор ханатай, дотор ханыг байлгах уу, нураагаад өрөөгөө томсгох уу гэдэг бол өмчлөгчийн өөрийн мэдэх зүйл. Тэгэхээр ханыг бариад өмчлөгчид шилжүүлж өгч байгаа нь ханын үнийг энэ талбайдаа шингээж төлж байгаа гэсэн агуулгаар хэмжсэн. Иргэний хуулийн ажил гүйцэтгэх гэрээний зохицуулалтын дагуу захиалагчийн гомдлын шаардлага гаргах хугацааны 6 cap, 1 жил өнгөрсөн байна. Энэ нь Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-д заасан хугацаа хэтэрсэн байна. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШШ2016/00804 дүгээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 349 дүгээр зүйлийн 349.1, 349.2, 352 дугаар зүйлийн 352.1-т зааснаар хариуцагч “Камдер” ХХК-аас орон сууцын талбайн зөрүүнд 13 744 262 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Ган-Эрдэнэд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 410 598 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 228 724 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 226 671 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, шинжээчийн зардалд хариуцагчаас 196 000 төгрөг, нэхэмжлэгчээс 19 600 төгрөгийг тус тус гаргуулж “Эм Эм инженеринг” ХХК-д олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 1001 дүгээр магадлалаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШШ2016/00804 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 349 дүгээр зүйлийн 349.1, 349.2, 352 дугаар зүйлийн 352.1 дэх хэсэгт зааснаар...” гэснийг “Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.3-д зааснаар...” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчаас төлсөн улсын тэмдэгтийн хураамж 226 700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.3-т заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн. Нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэгчид төлбөл зохих хөлсийг бууруулах шаардлага гаргаагүй бөгөөд ажил гүйцэтгэгчид үндсэн төлбөрөө бүрэн төлсөн. Иймд шүүх Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.3-т заасныг хэрэглэх үндэслэл байхгүй. Нэхэмжлэгч нь орон сууцны талбайн хэмжээ МNS6058:2009 стандартын дагуу хэмжихэд 105,32 м.кв гарахгүй гэдгийг анхнаасаа мэдэж байсан ч ямар нэг гомдол гаргалгүй орон сууцаа хүлээн авсан, мөн 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдөр өмчлөх эрхийн гэрчилгээгээ ямар нэг гомдол гаргалгүй авсан тул Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.4-т зааснаар 352.2-т заасан шаардлага гаргах эрхээ алдсан байхад шүүх энэ талаар зөв дүгнэлт өгсөнгүй. Нэхэмжлэгч орон сууцны талбайн хэмжээ дутсан тухай “Мөнх хос шилтгээн” ХХК-аар хэмжүүлэн 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдөр дүгнэлт гаргуулснаар анх мэдсэн, түүнээс хойш гомдлын шаардлага гаргах 3 жилийн хугацааг талуудын хооронд байгуулсан гэрээний 6.1-т зааснаар тооцно гэсэн шүүхийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй. Гэрээний 6.1-т заасан 3 жилийн хугацаа нь зөвхөн барилгын ажлын чанартай холбоотой гомдлын шаардлага гаргах хугацаа тул энэ хэрэгт хамааралгүй. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, шийдвэрт өөрчлөлт оруулсан нь үндэслэл бүхий болжээ. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна.
Нэхэмжлэгч Д.Ган-Эрдэнэ нь хариуцагч “Камдер” ХХК-д холбогдуулан гэрээнд зааснаас дутуу талбай бүхий, биет байдлын доголдолтой орон сууц хүлээлгэн өгсөн тул илүү төлсөн 14 154 860 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, орон сууцны талбайн хэмжээг тогтоох аргачлалыг гэрээгээр тохирсон гэсэн үндэслэлээр татгалзжээ.
Зохигчдын хооронд 2012 оны 6 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдсан орон сууцны захиалгын гэрээгээр нэхэмжлэгч Д.Ган-Эрдэнэ нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Энканто таун” хотхоны 305 дугаар байрны 2 дугаар орцны 67 тоотын 105.32 м.кв талбай бүхий орон сууцыг 1 м.кв талбайг 1620 ам.доллароор тооцон нийт 170 618 ам.доллароор захиалан бариулах, хариуцагч “Камдер” ХХК нь барилгыг 2013 оны 2 дугаар улиралд багтаан хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсон, талууд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан талаар шүүх зөв дүгнэсэн байна.
Хэрэгт цугларсан баримтаар захиалагч буюу Д.Ган-Эрдэнэ нь гэрээнд заасан төлбөрийг бүрэн төлж, орон сууцыг 2013 оны 12 дугаар сард хүлээн авч, өмчлөгчөөр бүртгэгдсэн үйл баримт тогтоогджээ.
Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.2.-т зааснаар гэрээнд заасан тоо, хэмжээ, чанарт тохирч байвал ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэж үзэх бөгөөд ажил гүйцэтгэгчийн хүлээлгэн өгсөн орон сууцны талбай 6.36 м.кв хэмжээгээр дутуу болох нь шинжээч “Эм Эм инженеринг” ХХК-ийн дүгнэлтээр тогтоогдсоноор ажлын үр дүнг биет байдлын доголдолтой гэж үзэх үндэслэл бий болсон байна. Гэрээнд орон сууцны талбайн хэмжээг 105.32 м.кв гэж тохиролцсон, үнийг 1 м.кв талбайн хэмжээ тутамд тогтоосон байх ба талбайн хэмжээ нь сууцны үнийг тодорхойлоход ач холбогдолтой байжээ. Гэрээний 5.3-т “Орон сууцны худалдах талбайн хэмжээг барилгын зураг төсөлд үндэслэн орон сууцны гадна ханын дотор талаас тооцоолсон ба уг талбайд сууцны болон сууцны бус зориулалттай талбай, түүний бүрдэл хэсэг орсон, харин орон сууцны доторх дундын өмчлөлийн /бохирын ба агааржуулалтын хоолой г.м/ хөрөнгө байрлаж байгаа талбайг оруулаагүй болно.” гэж заасан боловч захиалагчийн зүгээс зураг төслийг зөвшөөрсөн нь нотлогдоогүйгээс гадна орон сууцны нийт талбайг тогтоосон аргачлал нь MNS 6058:2009 стандартад нийцээгүй байна.
Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1.-д зааснаар талууд гэрээндээ орон сууцны өрөөг тусгаарласан ханын доорх талбайг орон сууцны нийт талбайд багтааж тооцохоор заасан байж болох боловч стандартад нийцүүлэн орон сууцны талбайн хэмжээ өөрөөр тогтоогдох, энэ үндэслэлээр талбайн хэмжээ өөрчлөгдөх талаар тодорхой зүйл заагаагүй, гэрээгээр тогтоосон үнэ өөрчлөгдөхгүй байх үндэслэл, шалтгаанаа тохироогүй байна. Барилгын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.-д зааснаар барилгын норм, норматив баримт бичгийг заавал мөрдөх журамтай тул талуудын аливаа тохиролцоо тогтоосон норм, стандартыг зөрчөөгүй байх ёстой юм.
Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.-т зааснаар ажлын үр дүн доголдолтой бол захиалагч доголдлын улмаас ажлын үр дүнгийн үнэ нь буурсан хэмжээнд хувь тэнцүүлэн ажил гүйцэтгэгчид төлбөл зохих хөлсийг бууруулахаар шаардлага гаргах эрхтэй тул шүүх нэхэмжлэлийг хангасан нь үндэслэлтэй.
Түүнчлэн Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.4.-т зааснаар ажлын үр дүнг хүлээж авах үед түүний доголдлыг захиалагч мэдэж байсан боловч ямар нэгэн гомдол гаргаагүй тул түүнийг энэ хуулийн 352.2.-т заасан шаардлага гаргах эрхээ алддаг бөгөөд ийм нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Иймд орон сууцны талбайн хэмжээг гэрээгээр тогтоосон тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулахыг хүссэн хариуцагчийн өмгөөлөгч М.Бадралын хяналтын гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 1001 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч М.Бадралын гаргасан хяналтын гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.4-т зааснаар хариуцагчийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр төлсөн 226 700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЦАГААНЦООЖ
ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА