Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 221/МА2017/0765

 

 

 

 
2017 оны 11 сарын 01 өдөр     Дугаар 221/МА2017/0765             Улаанбаатар хот


“М с” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Адилмаа, нэхэмжлэгч “М с” ХХК-ийн захирал Д.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э нарыг оролцуулан, Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 123/ШШ2016/0017 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, гуравдагч этгээд “Н а с” ТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ж-ны гаргасан давж заалдах гомдлоор, “М с” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 123/ШШ2016/0017 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2, 31 дүгээр зүйлийн 31.3, 35 дугаар зүйлийн 35.3.5, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг дарга нь 2009 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 266 тоот захирамжаар “Н а” ТББ-д 116 га газрыг ашиглуулах шийдвэрийн … дугаар бүхий 920304 га газрын нэхэмжлэгчийн газартай давхцалтай хэсэг болох 59,178246 га газрын ашиглах эрх олгосонд холбогдох хэсгийг хүчингүй болгож, Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын 2011 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/283 дугаар захирамжийн дагуу давхцал бүхий газрыг чөлөөлөх гэсэн шийдвэрээ биелүүлэхийг хариуцагч Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргад даалгаж шийдвэрлэжээ.
Гуравдагч этгээд “Н а с” ТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 сарын 28-ны өдрийн 132/ШШ2016/0017 дугаартай шийдвэрийг Холбооны 46 дугаар салбараас 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүлээн аваад дараах үндэслэлээр эс зөвшөөрч заалдах гомдол гаргаж байна. Үүнд:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл ... шүүх хуралдааны үед тогтоогдвол ... хэргийг хэрэгсэхгүй болгож нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэснийг шүүх зөрчсөн. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1.6-д Нэхэмжлэлд заасан үйл баримтаар шүүхийн шийдвэр шүүгчийн захирамж байгаа бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэжээ. Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “М с” ХХК гаргасан нэхэмжлэлийнхээ шаардлагыг 2012 оны 06 сарын 14-нд шүүхэд гаргаж, шүүх хэргийг хэрэгсэхгүй болгож шүүгчийн 820 дугаартай захирамж гарсан байдаг. Үүнийг хүчин төгөлдөр захирамж гэж үзэх ёстой бөгөөд түүнийг хүчингүй болгосон ямар нэгэн баримт хэрэгт авагдаагүй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.4-д шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг тодорхой заагаад өгчихсөн байдаг. “М с” ХХК 2012 оны 820 дугаартай шийдвэрээр дээд шатны захиргааны байгууллагад хандах ёстой гэдгээ мэдсэн байдаг. Гэтэл үүнээс хойш 4 удаа иргэний шүүхэд хандаж байснаас захиргааны байгууллагад хандаж асуудал тавьж байгаагүй байдаг. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 1.6-д хөөн хэлэлцэх хугацааг нөхөн сэргээлгэх хүсэлтийг Захиргааны хэргийн шүүхэд баримттай гаргах бөгөөд шүүх нөхөн сэргээж болох заалт байдаг ч үүнийг хэрэгжүүлээгүй байхад шүүх хэргийг шууд хүлээн авч шийдвэрлэж байгааг ашиг сонирхлын зөрчил байсан гэж харж байна.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай 2002 оны хуулийн 6 дугаар зүйлд 30 хоногийн дотор дээд шатны байгууллага албан тушаалтанд гомдол гаргахаар заасан байдаг гэтэл 4 жилийн дараа захиргааны байгууллагад хандаж шийдвэрлүүлээгүй байхад нэхэмжлэлийг хүлээн  авч шийдвэрлэж байгаа нь Хуулийг хамгаалах тангарагтай шүүгч нар хуулийн дээрх зохицуулалтын хаагуур нь үнэлэлт дүгнэлт өгөөд байна.
Урьдчилан шийдвэрлэсэн юм шиг шийдвэрт тусгасан байгаа “М с” ХХК Эрдэнэ сумын Засаг даргын дээд талын албан тушаалтан болох Төв аймгийн засаг даргад хандаж хүсэлт гаргаж байгаагүй. Харин миний бие Төв аймгийн Засаг даргад хандаж байсны хариуг “М с” ХХК -ний хаягаар явуулсныг урьдчилан шийдвэрлэсэн гэж үзэж байгаа юм болов уу? Шүүх “М с” ХХК урьдчилан шийдвэрлүүлэх талаар ямар алхам хийснийг Төв аймгийн засаг даргын тамгын газраас гаргуулж аваагүй нь нотлох баримт цуглуулах үүргээ дутуу биелүүлсэн гэж үзэж байна.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд “М с” ХХК Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас зөвшөөрөл авсан байхад Эрдэнэ сумын Засаг даргад харьяалуулж хэрэг маргааныг шийдвэрлэж байгаа нь ойлгомжгүй. Нутаг дэвсгэрийн харьяалал Эрдэнэ сумынх гэдэг дээр маргаагүй байхад Налайх дүүргээс өгсөн зөвшөөрлөөр олгосон тусгай зөвшөөрлийг хамаатуулж шийдвэрлэж байгаа нь хуульд хир зэрэг нийцэж байгаа шийдвэр юм бол? Үүнийг шийдвэр гаргасан хүмүүс л тайлбарлах байх шүүхийн шийдвэрт энэ тухай үнэлэлт дүгнэлт байхгүй.
Нэгэнт шүүх Эрдэнэ сумын Засаг даргад даалгаж байгаа юм болохоор Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зөвшөөрөлтэй үүдэлтэй асуудлаар жичдээ маргаан үүсэг гэсэн үг юм болов уу
Эрдэнэ сумын Засаг дарга Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн дагуу өөрийн сумын нутаг дэвсгэрт өөрийн мэдээллийн санд давхцал байхгүй нөхцөлд газар олгох асуудлыг шийдвэрлэх бүрэн эрхтэй байдаг. Хариуцагч шүүх хурал дээр гаргасан тайлбартаа танай мэдээллийн санд ямар нэг давхцал байхгүй учир “Н А с” ТББ-д ирээдүйгээ бодож мод мариалахад зориулан газар олгосон хуульд нийцсэн үйл ажиллагаа гэж тайлбарладаг.
Эрдэнэ сумын нутаг дэвсгэр мөн болохыг Монгол улсын Ардын их хурлын тэргүүлэгчдийн 1982 оны 06 дугаар сарын 131 дүгээр зарлиг, Монгол улсын Их хурлын 1998 оны 04 сарын 23-ны өдрийн 42 дугаар тогтоолоор батлагддаг.
Харин Налайх дүүрэг Ашигт малтмал эрэх хайх асуудлаар зөвшөөрөл өгөх эрх зүйн үндэс байхгүй. Нутаг дэвсгэрийн харьяалал биш
“Н А” ТББ Сүбон хотын иргэдийн хандиваар 9900 төгөл байгуулан тариалсан мод сөөг бутлаг ургамал бие даан ургах чадвартай болсон тохиолдолд хууль журмын дагуу тухайн орон нутагт шилжүүлэн өгөхөөр олон улсын эрх зүйн хүрээнд хийгдсэн гэрээний нэг төрөл болох санамж бичгийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа болно. Солонгосчууд бид уг тарьсан зүйлээ аваад явахгүй нь ойлгомжтой гэдэг.
Уг газар 1.295.500.000 воны хөрөнгө оруулсан үүнийгээ Монгол улсын Засгийн газраас нэхэмжлэхээс өөр арга байхгүй юм.
Шүүх нөлөөнд автагдаж шийдвэр гаргадаг улс оронд шударга ёс тогтоохын тулд Олон улсын шүүх хүртэл асуудлыг шат дараалалтай тавих болно.
Бид хууль зүйн дагуу газар ашиглах гэрээгээ сунгуулах асуудлыг хугацаанд нь тавьсны дагуу Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуралдаад гэрээг 5 жилээр сунгаж шийдвэрлэхийг засаг даргад даалган шийдвэрлэсэн юм. Гэтэл шүүхээс дээр удаа дараа маргаан үүсгэн шийдвэр гаргахад саад учруулаад байсан нь хугацаа дууссан гэдгээр дөрөөлж газрыг өөрийн болгох гэсэн далд санаа байжээ. Үүнийг нь Захиргааны хэргийн шүүх гүйцэлдүүлж өгснийг хуйвалдаан гэж л нэрлэх байх.
Шүүхийн шийдвэрт Сумын засаг даргын А-283 дугаар захирамж хууль зөрчсөн захиргааны акт болохыг Налайх дүүргийн шүүхийн 2012 оны 820 дугаартай захирамжид дүгнээд өгсний дагуу засаг даргын тамгын газар уг захирамжаа хэрэгжүүлэлгүй өдийг хүрсэн байдаг.
Шүүх хурал дээр хариуцагч шүүгчийн асуултад хариулахдаа 266 хүчинтэй харин Сумын засаг даргын А-283 захирамж хүчингүй хэрэгжих боломжгүй гэдгийг хэлдэг. Өөрөөр хэлбэл А-283 дугаартай захирамжийг хүчингүй болгох боломжгүй дандаа шүүхээр яваад байгаа болохоор хүлээж азнасан байдалтай байдаг.
А-283 дугаартай захирамжийг эс зөвшөөрч “Н а” ТББ маргаагүй байхад хариуцагчийн тайлбар үндэслэлгүй юм гэдгийг үндэслэх хэсэгтээ заасан байгаа нь өөрөө үндэслэлгүй харин шүүхийн хүчин төгөлдөр 820 дугаартай захирамжид А-283 дугаартай захирамж хууль бус болохыг үндэс болгосон байхад түүнийг зөрчөөд маргаан үүсгээд байх хэрэг үү
А-283 дугаартай захирамж өөрөө хуулийн шаардлага хангаагүй байдаг тухайлбал уг захирамжаар 266 дугаартай захирамжаа хүчингүй болсонд тооцох заалт байдаггүй нь маргаан дагуулсан юм.
Иймд Төв аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 132/ШШ2017/0017 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх “М с” ХХК-ийн “Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын 2009 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 266 дугаар захирамжаар “Н А” ТББ-д ашиглуулахаар олгосон 116 га газрыг манай компанийн тусгай зөвшөөрлийн талбайд давхцуулан олгосон холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, мөн Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын 2011 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/283 дугаар захирамжаар манай компанийн тусгай зөвшөөрлийн талбайтай давхацсан “Н А” ТББ-д газрыг чөлөөлөхөөр шийдвэрлэсэн ба уг шийдвэрийг гүйцэтгэхийг Засаг даргад даалгах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай /2002 оны/ хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээд захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны хууль бус акт нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор тухайн байгууллага, албан тушаалтныг шууд харьяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гомдлоо гаргана”, 12 дугаар зүйлийн 12.1-д “Иргэн, хуулийн этгээд дараахь тохиолдолд энэ хуулийн 6.1-д заасан хугацаанд захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй” гэж шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг тодорхойлон заажээ.
Хуулийн дээрх заалтаас үзвэл “Мэдсэнээс хойш” гэдэг нь эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь зөрчсөн гэх захиргааны актын талаар иргэн, хуулийн этгээдэд захиргааны байгууллага, албан тушаалтан өөрт нь хаяглан, албан ёсоор мэдэгдсэнийг ойлгох юм.
Тиймээс Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын 2009 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 266 дугаар захирамж нь “М с” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаа талаар Төв аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 07/160 дугаар албан бичгээр нэхэмжлэгч хуулийн этгээдэд мэдэгдсэнийг уг захиргааны актыг мэдсэн гэж үзэхээр байна.
Өөрөөр хэлбэл, Налайх дүүргийн шүүхийн шүүгчийн 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 820 дугаар захирамжийн “Үндэслэх” хэсэгт “Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын 2009 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 266 дугаар захирамж, 2011 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/283 дугаар захирамжийг тус тус бичсэнийг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн захиргааны актын талаар “М с” ХХК нь 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш мэдсэн гэж үзэхгүй бөгөөд энэ талаарх гуравдагч этгээдийн гомдол үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Нэхэмжлэгч “М с” ХХК нь Налайх дүүргийн Элстэй нэртэй 129.91 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг 2008 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын геологи, уул уурхайн кадастрын албанд хандаж гаргажээ.
Улмаар Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 37 дугаар тогтоол, нийслэлийн Засаг даргын 2009 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 1/1479 тоот албан бичиг болон бусад холбогдох баримтыг үндэслэн Ашигт малтмалын газраас 2009 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Налайх дүүргийн нутагт орших Элстэй нэртэй газар орших 129.91 гектар талбайд хайгуулын … дугаартай тусгай зөвшөөрлийг “М с” ХХК-д олгожээ.
Хэрэгт Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 14/9462 дугаар албан бичгээр “Н а” нийгэмлэг ТББ-ын хувийн хэргийн хуулбарын хувь нотлох баримтаар шүүхэд ирүүлсний дотор зөвхөн “Н а” нийгэмлэгийн дүрэм болон хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлэхээр 2005 оны 03 дугаар сарын 31-ний өдөр гаргасан “Н а” нийгэмлэг ТББ-ын өргөдөл байх боловч уг “Н а” нийгэмлэг ТББ-д олгосон хуулийн этгээдийн гэрчилгээ байхгүй байна.
Харин БНСУ-д төвтэй “Н а с” ТББ-д Монгол Улсад олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар төлөөлөгчийн газар нээн ажиллуулах зөвшөөрлийг Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын дарга 2013 оны 03 дугаар сарын 20-ны өдөр олгосон байна.
Газрын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2-т “гадаад улс, олон улсын байгууллага, гадаадын хуулийн этгээдэд газрыг тодорхой хугацаагаар түрээс, концессын гэрээгээр ашиглуулах талаар шийдвэр гаргах” гэж газрын харилцааны талаарх Улсын Их Хурлын бүрэн эрхийг тусгайлан заасан, мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.6-д хуулийн 17.1.2-т заасан газрын зааг, ашиглах журмыг Засгийн газар тогтоохоор тусгайлан заасан бөгөөд гуравдагч этгээд “Н а” ТББ-д дээрх газрыг ашиглуулахаар Монгол Улсын Их Хурлаас гаргасан шийдвэр байхгүй байна.
Гэтэл Газрын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2-т заасныг үндэслэн БНСУ-ын харьяат … тоот регистрийн дугаартай “Н а” ТББ-ын хүсэлтийг үндэслэн тус сумын 1 дүгээр багийн нутагт Элстэй зуун модонд 116 га газрыг цөлжилтийн эсрэг мод тарих зориулалтаар 5 жилийн хугацаатай ашиглуулахаар Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг дарга 2009 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 266 дугаар захирамжийг гаргажээ.
Улмаар Төв аймгийн Эрдэнэ сумын газрын асуудал эрхэлсэн албан тушаалтан Д.Э болон “Н а с” ТББ-ын Монгол дахь салбарын дарга Б.Б нар 2009 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Гадаадын иргэн, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах гэрээг байгуулсан болох нь хэрэгт нотлох баримтаар авагджээ.
2009 онд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн 21 дүгээр зүйлд Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газар ашиглуулах гэрээг тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Тэргүүлэгчдийн зөвшөөрснөөр гадаадын хөрөнгө оруулагчтай байгуулна гэж заажээ.
Дээрх хууль болон нотлох баримтаас үзэхэд Төв аймгийн Эрдэнэ сумын газрын асуудал эрхэлсэн албан тушаалтан гадаадын хөрөнгө оруулалттай “Н а с” ТББ-тай газар ашиглуулах гэрээг байгуулсан нь Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн 21 дүгээр зүйлийг зөрчсөн байна.
Мөн Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.7-д “Гадаадын иргэн, харьяалалгүй хүн газар ашиглах тухай хүсэлт гаргахын өмнө гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн эрх бүхий байгууллагаас тодорхойлолт авсан байна”, 44.8-д “Газар ашиглах тухай хүсэлт гаргах, түүнийг хянаж шийдвэрлэх, газар ашиглах гэрээний агуулгыг тогтоох, түүнийг байгуулахад энэ хуулийн 32, 33.1.2, 33.2, 34.1-34.5, 34.6.1-34.6.8, 34.6.10, 34.6.11, 34.7-34.10-д заасан журмыг баримтална” гэж заасны дагуу Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн байгууллагаас тодорхойлолт аваагүй, газар ашиглах хүсэлт, түүнийг хуульд заасан журмын дагуу шалгалгүйгээр Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг дарга гуравдагч этгээд “Н а” ТББ-д газар ашиглуулах зөвшөөрөл олгосон хариуцагчийн шийдвэр нь хуульд нийцээгүй гэж үзлээ.
Дээрхээс дүгнэхэд Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутагт Элстэй зуун мод гэх газарт 116 га газрыг цөлжилтийн эсрэг мод тарих зориулалтаар 5 жилийн хугацаатай “Н а” ТББ-д ашиглуулахаар гаргасан Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын 2009 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 266 дугаар захирамж нь гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газар ашиглуулах талаар Газрын тухай хууль болон Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн, хууль ёсны дагуу гаргасан захиргааны акт биш болох нь нотлогдсон.
Нэгэнт хууль ёсны дагуу үүсээгүй “Н а” ТББ-ын газар ашиглах зөвшөөрөл нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн тул “Н а” ТББ-д ашиглуулахаар олгосон газрын 59.17 га газрыг хүчингүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.
Мөн Монгол Улсын нутаг дэвсгэрт ашигт малтмал эрэх, хайх, ашиглах тухай зөвшөөрөл олгох эрхийг Ашигт малтмалын тухай хуульд зааснаар Ашигт малтмалын газарт олгосон бөгөөд Налайх дүүргийн Элстэй нэртэй 129.91 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэхэмжлэгч “М с” ХХК-д олгосон байхад орон нутгийн захиргааны байгууллага нь гуравдагч этгээд “Н а” ТББ-д газар ашиглуулахаар шийдвэр гаргахдаа Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасан “хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэснийг зөрчжээ.
Тодруулбал, нэгэнт гуравдагч этгээд “Н а” ТББ-ын газар ашиглах эрх нь хууль ёсоор үүсээгүй байгаа тохиолдолд түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх асуудал яригдахгүй бөгөөд Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын саналыг аваагүй гэх үндэслэлээр Ашигт малтмалын газрын шийдвэрийг буруутгах үндэслэлгүй байна.
Учир нь нэхэмжлэгч “М с” ХХК-д олгосон тусгай зөвшөөрөл бүхий талбай нь Төв аймгийн Эрдэнэ сум, Налайх дүүргийн нутагт дэвсгэрт харьяалагддаг бөгөөд “М с” ХХК-д тусгай зөвшөөрөл олгохдоо Ашигт малтмалын тухай хуульд зааснаар нийслэлийн Засаг даргаас санал авсан байх тул Засаг даргын саналыг аваагүй гэж үзэх боломжгүй юм.
Тиймээс нэхэмжлэгч “М с” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий Налайх дүүргийн Элстэй нэртэй 129.91 гектар талбайд 59.178246 га газрыг “Н а” ТББ-д ашиглуулахаар Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын 2009 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 266 дугаар захирамжийн холбогдох хэсэг нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэжээ.
Мөн Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг дарга нь “тус сумын 1 дүгээр багийн нутагт Элстэйн зуун модонд мод үржүүлгийн зориулалтаар 116 га газар ашиглагч “Н А” ТББ-ын ашиглаж байсан газар нь Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын … дугаартай лицензийн газартай давхацсан тул уг газрыг чөлөөлсүгэй” гэсэн 2011 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А283 дугаар захирамжийг гаргасан атлаа уг захиргааны актаа хэрэгжүүлэхгүй эс үйлдэхүйг гаргасан болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон гэж үзлээ.
Эдгээр болон бусад асуудлаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх тул гуравдагч этгээд “Н а с” ТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 123/ШШ2016/0017 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд “Н а с” ТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар гуравдагч этгээдиийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ж-с давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 


ШҮҮГЧ                  Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ                  Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ                  Э.ХАЛИУНБАЯР