Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Лхүндэвийн Атарцэцэг |
Хэргийн индекс | 128/2018/0224/з |
Дугаар | 317 |
Огноо | 2018-09-17 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 09 сарын 17 өдөр
Дугаар 317
З.Б-ын нэхэмжлэлтэй,
БХС-д холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь
Шүүгчид: Г.Банзрагч
Д.Мөнхтуяа
П.Соёл-Эрдэнэ
Илтгэгч шүүгч: Л.Атарцэцэг
Нарийн бичгийн дарга: Ш.Мөнхжаргал
Нэхэмжлэлийн шаардлага: “...Батлан хамгаалахын сайдын 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн Б/52 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалдаа эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах”
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 128/ШШ2018/0267 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 221/МА2018/0351 дүгээр магадлал,
Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгч З.Б-, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Буянхишиг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ганзориг,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ганзоригийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 128/ШШ2018/0267 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Монгол Улсын Батлан хамгаалахын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.15, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3, Цэргийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч З.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Батлан хамгаалахын сайдын 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн Б/52 дугаар тушаалыг хүчингүй болгож, өмнө эрхэлж байсан Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагчийн албан тушаалд эгүүлэн томилж,
2 дахь заалтаар Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 28.2.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан З.Б-ын ажилгүй байсан 89 хоногийн буюу 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс хойших хугацааны цалинтай тэнцэх хэмжээний 9,579,779.0 /Есөн сая таван зуун далан есөн мянга долоон зуун далан ес/ төгрөгийн нөхөн олговрыг гаргуулан нэхэмжлэгчид олгуулж, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 221/МА2018/0351 дүгээр магадлалаар: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 128/ШШ2018/0267 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ганзоригийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
Хяналтын журмаар гаргасан гомдол
3. Хариуцагч Батлан хамгаалахын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ганзориг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 221/МА2018/0351 дүгээр магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.
4. Шүүхийн шийдвэрийн Хянавал хэсэгт Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан хууль дээдлэх зарчмыг хариуцагч нь төрийн албан хаагчийн хөдөлмөрлөх эрхийг хөндсөн шийдвэр гаргасан гэсэн нь хуульд нийцээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийг хязгаарлаагүй, хэвээр хадгалагдаж, яамны Төрийн захиргааны удирдлагын газрын мэдэлд байгаа гэдгийг дурдах хэрэгтэй.
5. Мөн Батлан хамгаалахын сайдын 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн Б/52 дугаар тушаал нь Батлан хамгаалах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.15-д “Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч, улсын байцаагчийг томилох, чөлөөлөх”-өөр заасан Батлан хамгаалах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний бүрэн эрхэд болон Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улсын сайд эрх хэмжээнийхээ асуудлаар хууль, Улсын Их Хурлын тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол, тэдгээрээс батлан гаргасан бусад шийдвэрт нийцүүлэн тушаал гаргаж, биелэлтийг хангана” гэж заасныг үндэслэж, Батлан хамгаалахын сайдын хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд гарсан тул шүүх Батлан хамгаалахын сайдын хуулиар олгогдсон бүрэн эрхэд хандсан хууль бус шийдвэр гаргасан гэж үзнэ. Өөрөөр хэлбэл шүүгч шийдвэртээ БХС-д З.Б-ыг Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагчийн албан тушаалд эгүүлэн томилохыг даалгах шийдвэрийг гаргах ёстой атал, Батлан хамгаалахын сайдын хуулиар олгосон заасан бүрэн эрхийг хөндөж, шууд томилсон шийдвэр гаргаж байгаа нь буруу гэж үзэж байна.
6. Мөн шүүх “...Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3, ...тус тус баримтлан нэхэмжлэгч З.Б-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хангасныг дэмжсэн нь Төрийн албаны тухай хуулийн 23.3 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалд тавигдах тусгай шаардлага болон албан тушаалын тодорхойлолт боловсруулах нийтлэг журмыг төрийн албаны төв байгууллага батална” гэсэн заалттай нийцээгүй хуулийн заалтыг хэрэглэж шүүхийн шийдвэрийг гаргасан байна. Өөрөөр хэлбэл уг хуулийн заалт нь албан тушаалын тодорхойлолт боловсруулах нийтлэг журмыг төрийн албаны төв байгууллага батлахтай холбоотой харилцааг зохицуулсан байтал нэхэмжлэгчийн шаардлагатай ямар нэгэн уялдаа холбоогүй хуулийн заалтыг үндэслэж анхан шатны шүүхийн шийдвэр гарсан нь шүүх хуулийг буруу хэрэглэсэн, хууль бус шийдвэр гэж үзэж байна.
7. Харин Батлан хамгаалахын сайдын 2017 оны Б/52 дугаар тушаалаар хошууч генерал З.Б-ыг ажлаас нь буруу халаагүй, өөр ажилд шилжүүлээгүй, зөвхөн үүрэгт албан тушаалаас нь чөлөөлж, Төрийн захиргааны удирдлагын газрын мэдэлд шилжүүлсэн асуудал тул шүүх хуульд нийцүүлж шийдвэр гарган Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
8. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.
9. Нэхэмжлэгч З.Б-ыг Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагчийн албан тушаалаас чөлөөлж, тус яамны Төрийн захиргааны удирдлагын газрын мэдэлд шилжүүлсэн Батлан хамгаалахын сайдын 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн Б/52 дугаар тушаал нь Монгол Улсын Батлан хамгаалах тухай, Цэргийн албаны тухай хуулийн холбогдох заалтуудад нийцээгүй, Батлан хамгаалахын сайд нь Батлан хамгаалах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.15-д “...Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч, улсын байцаагчийг томилох, чөлөөлөх”-өөр заасан эрхээ буруу хэрэгжүүлжээ.
10. Хариуцагч нь нэхэмжлэгчийг маргаж буй ажилд томилогдсоноос хойш өөрчлөлт оруулсан ажлын байрны тодорхойлолтыг үндэслэн “....тухайн албан тушаалд тэнцэхгүй” гэх үндэслэлээр албан тушаалаас нь чөлөөлж, үүнийг “...Төрийн захиргааны удирдлагын газарт шилжүүлсэн, ...ажлаас халаагүй, чөлөөлөөгүй...” хэмээн тайлбарлаж байгаа боловч, “өөр дүйцэхүйц албан тушаал”-д томилоогүй байгаа нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасан “...хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй” байх баталгааг зөрчсөн гэж үзэхээр, үүний улмаас нэхэмжлэгч шүүхэд хандсаныг буруутгах үндэслэлгүй байна.
11. З.Б- нь Батлан хамгаалахын салбарт ажиллаж байгаа төрийн захиргааны албан тушаалтны хувьд түүний хөдөлмөрлөх эрх нь Цэргийн албаны тухай болон Батлан хамгаалахын тухай хуулийн зэрэгцээ, Төрийн албаны хуулиар мөн зохицуулагдана.
12. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, нэхэмжлэгчийг албан тушаалаас нь чөлөөлөх дээрх хуулиудад заасан нөхцөл бий болоогүй, үндэслэл байгаагүй тул шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хангасан анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр зөв байна.
13. Дээр дурдсан Батлан хамгаалахын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.15-д заасан “...Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч, улсын байцаагчийг томилох, чөлөөлөх” шийдвэр гаргах сайдын бүрэн эрх нь холбогдох хуулийн хүрээнд, түүнд нийцэж хэрэгжих учиртай байна.
14. Мөн Цэргийн албаны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д “Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан бөгөөд төрийн албан хаагчийн хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн Батлан хамгаалахын сайдын хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн эрхийг сэргээсэн нь зөв юм.
15. Иймээс “...шүүх сайдын бүрэн эрхэд халдсан хууль бус шийдвэр гаргасан...” гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлгүй.
16. Харин “...албан тушаалд томилсон шийдвэр гаргасан нь буруу гэх” хариуцагчийн гомдол үндэслэлтэй байхын зэрэгцээ, мөн шүүх хэрэглэвэл зохих хуулийг оновчтой зөв хэрэглээгүй алдаа байх тул шийдвэр, магадлалд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 128/ШШ2018/0267 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 221/МА2018/0361 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3” гэснийг тус тус хасч, “...томилсугай...” гэснийг “...эгүүлэн тогтоосугай...” гэж өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Л.АТАРЦЭЦЭГ