Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 464

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.Г, Э.Ө, Ч.Д, Д.Ч, Б.Э, Ц.М, П.Т, Б.М, Д.Г, Л.Л

Хариуцагч: Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн ***дүгээр тушаалыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга В.Э, нэхэмжлэгч Э.Ө, Ч.Д, Д.Ч, Б.Э, Ц.М, П.Т, Д.Г, Л.Л нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Г, Э.Ө, Ч.Д, Д.Ч, Б.Э, Ц.М, П.Т, Б.М, Д.Г, Л.Л нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр Засгийн газрын тохируулагч агентлаг Төрийн өмчийн хорооны чиг үүргийг Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Төрийн захиргааны төв байгууллага хариуцахаар хуульчилж үүний дагуу Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн “Засгийн газрын агентлаг, төрийн байгууллагын бүтэц, зохион байгуулалтын талаар авах арга хэмжээний тухай” 501 дүгээр тогтоолоор Засгийн газрын 2014 оны *** дугаар тогтоолын Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлагийн жагсаалтаас Төрийн өмчийн хороо гэснийг хассан.

Засгийн газрын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 5 дугаар тогтоолоор Төрийн өмчийн хороог татан буулгаж, эрхэлж байсан чиг үүргийг Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Төрийн захиргааны төв байгууллагад шилжүүлсэн.

Улмаар Төрийн өмчийн хороо татан буугдаж Төрийн өмчийн хорооны 27 ажилчдыг Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга Х.Г холбогдох хууль тогтоомжийн дагуу мэдэгдэл өгөлгүйгээр 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн ***дүгээр тушаалаар үүрэгт ажлаас чөлөөлснийг 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдөр гардаж аваад, Төрийн албаны зөвлөлд 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдөр гомдол гаргасан.

Төрийн албаны зөвлөлөөс 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдөр “Төрийн албаны зөвлөлийн хянан шийдвэрлэх маргаанд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасны дагуу төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан, эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн, түүнчлэн өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсантай холбогдон гарсан маргаан хамаардаггүй тул харъяалан шийдвэрлэх боломжгүй байна”, “Та энэ асуудлаар харъяаллын захиргааны хэргийн шүүхэд эрхтэй” гэсэн хариуг бидэнд ирүүлсэн.

Иймээс бид Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн ***дүгээр тушаал нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 “аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн” тохиолдолд ажил олгогчийн санаачлагаар гэрээг цуцлахаар зохицуулсан байдаг. Гэвч Төрийн өмчийн хорооны ажилтнуудыг Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга чөлөөлсөн бөгөөд Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга нь Төрийн өмчийн хорооны ажилтнуудыг чөлөөлөх эрхгүй этгээд, ажил олгогч биш юм.

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна” гэж заагаад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д “Ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх бөгөөд аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсаны улмаас ажилтнуудыг бөөнөөр халах тохиолдолд ажилтны төлөөлөгчдөд 45 хоногийн өмнө мэдэгдэж, энэ хуульд заасны дагуу хэлэлцээ хийнэ” гэж тус тус зохицуулсан байдаг.

Гэвч Төрийн өмчийн хорооны 27 ажилтныг чөлөөлөхөд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д зааснаар 45 хоногийн өмнө мэдэгдэл өгөөгүй, хэлэлцээ хийгээгүй.

3. Мөн ажилтнуудыг чөлөөлөхдөө ээлжийн амралтын тооцоо хийгээгүй, 6 сарын тэтгэлэг олгохдоо үндсэн нэмэгдэл болох төрийн алба хаасан хугацаа, зэрэг дэвийн нэмэгдлийг тус тус олгоогүй эс үйлдэхүй нь ажилтнуудад хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн гэж үзэж байна.

Иймд Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн ***дүгээр тушаал нь гаргах эрх зүйн үндэслэл байхгүй тул тус актыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Даваажаргал шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 501 дүгээр тогтоол, 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 5 дугаар тогтоолуудаар Төрийн өмчийн хороог татан буулгаж, тус хорооны эрхэлж байсан чиг үүргийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад шилжүүлж, зохион байгуулалтын өөрчлөлттэй холбогдуулан шаардлагатай арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Б, Сангийн сайд Б.Б нарт даалгасан.

Мөн 2016 оны 5 тоот тогтоолын 1 дэх хэсгийн 1.а-д заасны дагуу Төрийн өмчийн хороог татан буулгах ажлын хэсгийг байгуулж тус ажлын хэсгийн ахлагчаар Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Гыг томилсон.

Ажлын хэсэг нийтдээ 3 удаа хуралдаж ажлын хэсгийн тайланг 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Б болон Сангийн сайд Б.Б нарт танилцуулсан юм.

Тус тайланд дурдсаны дагуу үүссэн нөхцөл байдлыг харгалзан үзэж Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Б болон Сангийн сайд Б.Б нараас 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 14/33 тоот хамтарсан тушаал гарч төрийн өмчийн хорооны нэр бүхий ажилчдыг ажлаас нь чөлөөлөх тухай тушаал гаргах, тэтгэлэг, тэтгэмж олгох эрхийг Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Год олгосон болно.

Дээрх тушаалаар олгогдсон эрхийн дагуу Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын ***тушаалаар нэхэмжлэл гаргасан нэр бүхий иргэдийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн билээ.

Хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Төрийн албаны тухай хуулиар бүтцийн өөрчлөлтийн улмаас ажилчдыг ажлаас хэрхэн чөлөөлөхийг хуульчилж тусгаагүй, дээрх этгээдийг томилсон бөгөөд чөлөөлөх эрх бүхий Төрийн өмчийн хорооны дарга Н.Нанзаддоржийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн зэрэг нөхцөл байдлын улмаас Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар дээрх этгээдүүдийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн болно.

Нөгөөтэйгүүр нэхэмжлэл гаргасан нэр бүхий иргэд нь үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөнөө хүлээн зөвшөөрч 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэлэг хүссэн тухай өргөдлөө Сангийн яамны Санхүүгийн албанд ирүүлсэн тул дээрх иргэдэд 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг олгосон байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Г, Э.Ө, Ч.Д, Д.Ч, П.Т, Ц.Мөнжаргал, Б.М, Д.Г, Л.Л, Б.Э нар нь “Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б14 дүгээр тушаал хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байна.

Шүүх хуралдааны ирцийн тухайд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Даваажаргалд шүүх хуралдааны товыг шүүхээс мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр шүүх хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1-д “Аппаратыг чадваржуулан хямдруулж боловсронгуй болгох шаардлагад нийцүүлэн төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, энэ талаар гарсан шийдвэрийг хэрэгжүүлнэ” гэж Засгийн газрын бүрэн эрхийг, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол агентлагийг Улсын Их Хурлаас зөвшөөрсөн төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийн дагуу тухайн үйл ажиллагааны зохих хүрээ, Ерөнхий сайд, сайд /цаашид “сайд”гэх/-ын саналыг үндэслэн Засгийн газар байгуулна”, 6 дугаар зүйлийн 6.3-д “Хуульд өөрөөр заагаагүй бол агентлагийг өөрчлөн байгуулах, татан буулгах асуудлыг Улсын Их Хурлаас зөвшөөрсөн төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийн дагуу Засгийн газар шийдвэрлэнэ” гэж тус тус заасан байна. 

Дээрх хуулийн зохицуулалтуудын дагуу Монгол Улсын Их Хурлын 11 дүгээр сарын 13-ны өдрийн 100 дугаар тогтоолын 2-т “Монгол Улсын Их Хурлын 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 75 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч”-ийн Засгийн газрын тохируулагч агентлаг гэсэн хэсэгт Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд “2.Төрийн өмчийн хороо” гэснийг хассугай” гэж заасан байна. 

Дээрх Монгол Улсын Их Хурлын 2015 оны 100 дугаар тогтоолд үндэслэн Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн “Засгийн газрын агентлаг, төрийн байгууллагуудын бүтэц, зохион байгуулалтын талаар авах зарим арга хэмжээний тухай” 501 дүгээр тогтоол гарч Төрийн өмчийн хороог татан буулгаж, чиг үүргийг нь Сангийн яаманд шилжүүлсэн байна. 

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн “Төрийн өмчийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 05 дугаар тогтоолоор Төрийн өмчийн хороог татан буулгах, чиг үүргийг нь шилжүүлэх ажлыг зохион байгуулах үүрэг бүхий комиссыг Сангийн яам, Хууль зүйн яам, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Төрийн өмчийн хороо /хуучин нэрээр/, Архивын ерөнхий газрын төлөөлөлтэйгээр байгуулан ажиллуулж, Төрийн өмчийн хороо нь татан буугдаж байгаатай холбогдуулан төрийн өмчийн хувьчлал, дуудлагын худалдаа, төрийн өмчийн төлөөлөл, төрийн өмчийн бүртгэл, тооллого зэрэг асуудлыг хариуцсан 15 ажилтныг чиг үүргийн дагуу Сангийн яаманд зохих журмын дагуу шилжүүлэхээр шийдвэрлэх гэх мэт арга хэмжээ авахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргад даалгасан байна. 

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн “Комисс байгуулах тухай”  01 дүгээр тушаалаар Төрийн өмчийн хороог татан буулгах, чиг үүргийг нь шилжүүлэх ажлыг зохион байгуулах үүрэг бүхий комиссын бүрэлдэхүүнийг баталж, даргаар нь Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Гыг томилсон байна. 

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Сангийн сайдын хамтарсан 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн “Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга эрх олгох тухай” 14/33 дугаар тушаалаар “Төрийн өмчийн хороо /хуучин нэрээр/ татан буугдсантай холбогдуулж бүтцийн өөрчлөлтөөр чөлөөлөгдөх ажилтнуудад холбогдох хууль тогтоомжид заасны дагуу урьдчилан мэдэгдэх, ажил олгогчтой байгуулсан гэрээг цуцалж, хэлэлцээр байгуулах, ажлаас чөлөөлөх тухай тушаал гаргаж албан хаагч нарт танилцуулах, чөлөөлөгдсөн ажилтнуудад батлагдсан төсвийн хүрээнд хуульд заасны дагуу тэтгэлэг, тэтгэмж олгох, Засгийн газрын 2015 оны 05 дугаар тогтоолд заасан холбогдох ажилтнуудыг шилжүүлэх” зэрэг эрхийг Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга олгосон байна. 

Дээрх тушаалаар эрх олгосны дагуу Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б14 дүгээр тушаал гарч Төрийн өмчийн хороог татан буулгасантай холбогдуулж нэхэмжлэгч нарыг 2016 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

 Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Сангийн сайдын хамтарсан дээрх тушаалаар ажлаас чөлөөлөх тухай тушаал гаргах эрхийг Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргад олгосон байх тул Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга нь Төрийн өмчийн хорооны ажилтнуудыг чөлөөлөх эрхгүй гэсэн үндэслэлээр маргаж байгаа нэхэмжлэгч нарын тайлбар үндэслэлгүй байна. 

Дээрх үйл баримтуудаас үзэхэд Монгол Улсын Их Хурлын болон Засгийн газрын тогтоолуудын дагуу Төрийн өмчийн хороо татан буугдсан болох нь нотлогдож байх бөгөөд Төрийн өмчийн хороо татан буугдсан нь нийтэд илэрхий үйл баримт тул Монгол Улсын Их Хурлын болон Засгийн газрын тогтоолуудад үндэслэж гарсан нэхэмжлэгч нарыг ажлаас чөлөөлсөн Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б14 дүгээр тушаалыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэх боломжгүй байна.

Хэдийгээр нэхэмжлэгч нар хуульд заасан тодорхой хугацааны өмнө ажлаас чөлөөлөх талаар мэдэгдэл өгөөгүй гэсэн үндэслэлээр маргаж байгаа боловч энэ нь нэхэмжлэлийг хангах үндэслэл болохгүй юм.

Учир нь Монгол Улсын Их Хурлын болон Засгийн газрын тогтоолуудын дагуу Төрийн өмчийн хороо татан буугдсан учраас Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б14 дүгээр тушаалыг шүүхээс хэрвээ хүчингүй болгосон тохиолдолд ч нэхэмжлэгч нарын эрх сэргэхгүй юм.

Нэхэмжлэгч нар нь Төрийн өмчийн хорооны чиг үүрэг Сангийн яаманд шилжсэнтэй холбогдуулан бид Сангийн яаманд чиг үүргийн дагуу шилжин ажиллах ёстой гэсэн үндэслэлээр маргаагүй, Сангийн яамны холбогдох албан тушаалд зохих чиг үүргийн дагуу шилжүүлэн томилуулах талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул шүүх зөвхөн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэлт өгч, хэргийг шийдвэрлэх нь зүйтэй.

Иймд Монгол Улсын Их Хурлын 2015 оны 100 дугаар тогтоол, Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 501 дүгээр тогтоол, 2016 оны 05 дугаар тогтоолуудад үндэслэн Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б14 дүгээр тушаалыг гаргасан байх тул тус тушаал хуульд нийцсэн байна. 

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

Нэхэмжлэгч Д.Г нэхэмжлэлээсээ татгалзаж, үүнийгээ бичгээр илэрхийлсэн  байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээс татгалзсаныг баталж, Д.Гд холбогдох хэргийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.3, 43 дугаар зүйлийн 43.4-д заасныг тус тус баримтлан хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.9-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 6 дугаар зүйлийн 6.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Э.Ө, Ч.Д, Д.Ч, П.Т, Ц.Мөнжаргал, Б.М, Д.Г, Л.Л, Б.Э нарын “Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б14 дүгээр тушаал хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.3, 43 дугаар зүйлийн 43.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Доржийн Г нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Доржийн Гд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д заасны дагуу тус шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                М.БАТЗОРИГ