Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 49

 

А.Ж-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Б, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Лхагвацэрэн, нарийн бичгийн дарга Н.Энхжил нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 660 дугаар цагаатгах тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1049 дүгээр магадлалтай, А.Ж-д холбогдох 1803000010003 дугаартай эрүүгийн хэргийг хохирогч Т.Н-, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Б нарын өмгөөлөгч Г.Наранбаатарын гаргасан гомдол, Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Мөнгөншагайн бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1998 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Говьсүмбэр аймагт төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, эгч, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, Тахилтын 4-746 тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт А-ийн Ж-.

А.Ж- нь 2017 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн оройн 23 цагийн үед Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Их тойруу “Автоплаза” худалдааны төвийн хойд замд Тоёота Приус загварын 47-92 УНП дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 3 дугаар хавсралтын 3 дахь заалт “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар иргэн, албан тушаалтан дараах үүргийг хүлээнэ: а/ стандартын шаардлага хангаагүй буюу замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтад заасан техникийн гэмтэлтэй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Т.Н-, Б.Баттуул нарыг мөргөж, Т.Н-ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, Б.Баттуулын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Мөнгөншагайгаас шүүгдэгч А.Ж-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1803000010003 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч А.Ж-ыг цагаатгаж, шүүгдэгч А.Ж-аас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн оршуулгын зардалтай холбоотой нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх цагаатгах тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад “...Шүүгдэгч А.Ж-аас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн оршуулгын зардалтай холбоотой нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай. ...” гэснийг “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ж-аас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн оршуулгын зардалтай холбоотой нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай. ...” гэж өөрчилж, цагаатгах      тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцэл, хохирогч Т.Н-, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Б нарын өмгөөлөгч Г.Наранбаатарын давж заалдсан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд хохирогч Т.Н-, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Б нарын өмгөөлөгч Г.Наранбаатар гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг хэрэглэхэд эргэлзээ гарвал ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн заалтыг үндэслэж прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна.

А. Ж-ыг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай гэж үзэх хангалттай нотлох баримтууд хуульд заасан үндэслэл журмын дагуу хэргийн материалд авагдсан ба Тухайлбал:

1. Замын цагдаагийн албаны техникийн шинжээчийн 639 дугаартай ... дүгнэлт /1 дүгээр ХХ-ийн 174- 175 тал/,

2. Авто тээврийн үндэсний төв Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 17/42134 дугаартай ... дүгнэлт /ХХ-ийн 128-131 тал/

3. Шинжээч Б.Гомбосүрэнгийн /1 дүгээр ХХ-ийн 177-р тал/, шинжээч Х.Ганбатын /2 дугаар ХХ-ийн 87-88-р тал/, шинжээч П.Мөнхсодномын /2 дугаар ХХ-ийн 94-95-р тал/ мэдүүлгүүд, БЗД-ийн оношлогооны дүгнэлт.

 ...улсын яллагчаас А.Ж-д эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүх үндэслэлгүй хэрэгсэхгүй болгож шүүгдэгчид ял завшуулах боломж олгосон гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна.

4. Хохирогч  Т. Н-ын ... мэдүүлэг /ХХ-ийн 77-78 тал/

5. Гэрч Б.Идэрмөнхийн ... мэдүүлэг /ХХ-ийн 83-84 тал/ ...зэргээс дүгнэхэд жолооч Ж- нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэм, холбогдох хууль тогтоомжийн хэд хэдэн заалтыг зөрчиж нэг хүний алтан амийг хохироож, нөгөө хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан нь нотлогдож тогтоогдсон болно.

Шүүхийн тогтоол, магадлалд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримтууд харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг тодорхой заагаагүй тул магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцааж өгнө үү” гэв.

Мөн шүүхэд тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Мөнгөншагай бичсэн эсэргүүцэлдээ “...Эрүүгийн хэргийн анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн нөхцөл байдал, үйлдлийн нийгмийн хор аюулын шинж чанар, учирсан хохирол гэмт хэрэг үйлдсэн хүний байдалд бодитой дүгнэлт хийгээгүй нь дараах нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна. /хэргийн болсон нөхцөл байдалд бодитой үнэлэлт дүгнэлт өгч чадаагүй, хэрэгт ач холбогдолтой нотлох баримт болон болсон үйл баримтад бодитой үнэлэлт, дүгнэлт өгч чадаагүйн дээр хэрэгт цугларсан яллах талын дараах нотлох баримтуудыг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ нэг бүрчлэн тодорхойлж дүгнээгүй байна.

1. Жолооч А.Ж- нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д заасан “Жолооч ... хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, мөн дүрмийн 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна.Үүнд: Хохирогч Т.Н-ын, гэрч А.Анхбаатарын, гэрч Б.Идэрмөнхийн, Замын цагдаагийн албаны техникийн 412 дугаартай шинжээчийн дүгнэлтийн хариулт-1, Замын цагдаагийн албаны 577 дугаартай 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлтийн хариулт-4, “...Автотээврийн үндэсний төвийн Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 17/42134 дугаартай шинжээчийн дүгнэлт хариулт-6, хариулт-9, Замын цагдаагийн албаны Техникийн шинжээчийн 639 дугаартай дүгнэлтийн хариулт-1, шинжээч Б.Гомбосүрэнгийн, шинжээч Х.Ганбат, П.Мөнхсодном нарын мэдүүлгүүд.

Мөн хэрэгт авагдсан камерийн бичлэгээс явган зорчигч нар нь микро автобусны урдаас замын зорчих хэсгийн 2 дугаар эгнээнд 2-3 метрийн, Тоёота приус маркийн 47-92 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд үзэгдэх орчинд 8-10 метрийн зайтай явганаар алхаж гарч байгаа байдал нь тодорхой харагдана.

Харин Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар хавсралтын 3 дахь заалт “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар иргэн, албан тушаалтан дараах үүргийг хүлээнэ: а/ стандартын шаардлага хангаагүй буюу замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтад заасан техникийн гэмтэлтэй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх” гэсэн заалтыг зөрчсөн болох нь тогтоогдсон байна.

Техникийн гэмтэлтэй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцсон нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдсон гэж үзэж байна. Үүнд: Автотээврийн үндэсний төвийн Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 17/42134 дугаартай шинжээчийн дүгнэлтийн хариулт 3-т.., Замын цагдаагийн албаны 577 дугаартай дүгнэлтийн хариулт-4.., “...Автотээврийн үндэсний төвийн Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 17/42134 дугаартай шинжээчийн дүгнэлт..., Замын цагдаагийн албаны Техникийн шинжээчийн 639 дугаартай дүгнэлтийн хариулт-4 ... бичгийн баримтууд болон шинжээч Б.Гомбосүрэнгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ...мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэхэд А.Ж- нь 47-92 УНП дугаартай Тоёота Приус маркийн автомашин жолоодож хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрмийн 9.1, 9.2, 3 дугаар хавсралтын 3 дахь заалтуудыг зөрчсөн нь осол гарах үндсэн шалтгаан, осол гарахад нөлөөлсөн нөхцөл байдал үүссэн болох нь тогтоогдож байхад шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гээд гэм буруугүй хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй байх ба явган зорчигч Т.Н-ын эрүүл мэндэд хүнд хохирол, Б.Баттуулын амь нас хохирсон нь тогтоогдсон байхад хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийжээ. Иймд цагаатгах тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Лхагвацэрэн хэлсэн саналдаа “Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол үндэслэлтэй гарсан гэж үзэж байгаа учраас хяналтын шатны шүүхэд өмгөөлөгч, прокурорын гаргасан гомдол, эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолд цагаатгах үндэслэл болгосон нотлох баримтуудыг тодорхой заасан байгаа. Шинжээч нарын таван дүгнэлтээс нэг нь А.Ж- буруутай, бусад нь буруутай гэдэг нь тогтоогдохгүй байна, буруутай гэж үзэх боломжгүй байна гэж гарсан. Сүүлийн 7 шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлтэд энэ машины хурдыг тогтоох боломжгүй учраас Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.3-т заасныг зөрчсөн гэх үндэслэл байхгүй. Яагаад гэвэл хохирогч нар микро автобусны урдуур гарч ирсэн нь хурдан хугацааны дотор болсон, 2 метрийн зайд явсан гэж байгаа. Ийм учраас анхан болон давж заалдах шатны шүүхийн цагаатгах тогтоол, магадлал үндэслэлтэй зөв гарсан” гэв.

Прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Техникийн шинжээчийн дүгнэлт болон, Тоёота Приус автомашины жолооч Идэрмөнхийн өгсөн мэдүүлгээр энэ гэмт хэрэгт А.Ж- нь буруутай болох нь нотлогдон тогтоогдсон байна. Учир нь А.Ж- энэ гэмт хэргийг үйлдэхдээ тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж яваагүй болох нь нотлогдсон. Энэ нь микро автобус 2 явган зорчигчийг хараад 10 метрийн зайнаас хурдаа хасч, урдуураа өнгөрүүлж байх үйл явцыг ард нь буюу хажууд нь явсан тээврийн хэрэгслийн Приус маркийн автомашин харж, самбаачлах тодорхой хугацаа, боломж байсан гэж үзэж байна. Мөн бичлэгээс харахад тухайн замыг явган зорчигч өнгөрснөөс хойш 24 метр замыг туулсны дараа  автомашин зогсож байгаа нь зогсоох арга хэмжээ аваагүй гэдгийг хангалттай нотолж байгаа юм. Тухайн зам тээврийн осол гарах үеийн замын нөхцөл байдлын хувьд 07 дугаар сарын 07-ны өдөр цаг агаар тогтуун, бороо ороогүй, халтиргаа гулгаа байхгүй, тухайн зам тээврийн осол гарсан газар нь тодорхой хэмжээний гэрэлтүүлэг сайтай гудамж байгаа. Эдгээр нөхцөл байдлуудаас харахад жолооч нь 19 настай, туршлагагүйгээс энэ зам тээврийн осол буюу Замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж, нэг хүний амь насыг хохироож, нэг хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл буюу хүнд хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийлгүй хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгасан нь хууль зүйн үндэслэлгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийг ноцтой зөрчсөн байх тул прокурорын эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хохирогч Т.Н-, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Б нарын өмгөөлөгч Г.Наранбаатарын гаргасан гомдол, Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Мөнгөншагайн бичсэн эсэргүүцлийг үндэслэн А.Ж-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Ж-д холбогдох хэргийг анхан болон давж заалдах шатны шүүх хянан хэлэлцээд А.Ж- нь хохирогч Т.Н-, амь хохирогч Б.Баттуул нарыг Замын хөдөлгөөний дүрмийн 9.3, 9.1, 9.2, мөн дүрмийн 3 дугаар хавсралтын 3-т заасан заалтуудыг зөрчиж хохирол учруулсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдоогүй гэж хэргийн үйл баримтад хийсэн шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн үндэслэл бүхий болжээ.

Шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх А.Ж-д холбогдох хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдүүдийн мэдүүлэг, хэргийн шийдвэрлэлтэд аливаа нэгэн сонирхолгүй хөндлөнгийн гэрчийн мэдүүлэг,  камерийн дүрс бичлэгийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлж А.Ж-ыг цагаатгасан шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагад нийцсэн байна.

А.Ж- нь “Тоёота приус” загварын 47-92 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад хохирогч Т.Н-, амь хохирогч Б.Баттуул нарт хохирол учруулахдаа Замын хөдөлгөөний дүрмээр тогтоосон хурдны хязгаарыг хэтрүүлсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүйн дээр явган хүний гарцгүй газраар явган зорчигч зэрэгцээ эгнээнд явсан тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гарч ирэх талаар урьдчилан тооцоолох боломжгүй, аюулыг харсан даруйдаа тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авсан боловч жолоочоос үл хамаарах нөхцөл байдлаас шалтгаалж аюулыг зайлуулах боломжгүй нөхцөл байдлууд нь хэрэгт цугларсан нотлох баримт болох гэрч, шинжээч нарын дүгнэлт, мэдүүлэг, хяналтын камерт бичигдсэн дүрс бичлэг зэргээр хөдөлбөргүй нотлогдсон байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл, Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ шөнийн цагаар, явган хүний гарцгүй газраар зам хөндлөн гарч, хөдөлгөөнд саад, аюул, осолтой нөхцөлийг үүсгэн, зорчих хэсгээр зэрэгцэн зорчиж буй тээврийн хэрэгслийн урдуур гүйж гарч, замын дунд орших зорчих хэсэгт гэнэт гарч ирж буй явган зорчигч нарын буруутай үйлдэл нь тухайн зам тээврийн осол гарах үндсэн шалтгаан болсон бөгөөд агшин зуур бий болсон аюулыг урьдчилан мэдэх, сэргийлж самбаачлан ухамсарт үйлдэл хийх бодит цаг хугацаа байгаагүй тохиолдолд зорчих хэсэгт тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцож байгаа жолоочийн хувьд тухайн осол, түүний үр дагаварт хандах гэм буруу үгүйсгэгдэх бөгөөд энэ нь хүний ухамсарт хандлага, хүчин зүйлээс ангид үүсч буй золгүй байдлын нөхцөлд хамаарна.            

Мөн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Иймд цагаатгах тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, хохирогч Т.Н-, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Б нарын өмгөөлөгч Г.Наранбаатарын гаргасан гомдол, Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Мөнгөншагайн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 660 дугаар цагаатгах тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1049 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хохирогч Т.Н-, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Б нарын өмгөөлөгч Г.Наранбаатарын гаргасан гомдол, Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Мөнгөншагайн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

          ШҮҮГЧ                                                         Б.БАТЦЭРЭН

                                                                              Д.ГАНЗОРИГ

                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                              Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН