Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 128/ШШ2022/0028

 

Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мө******* даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б******* /цахимаар/, Б.Э******* /цахимаар/, хариуцагч Э.Г******* /цахимаар/ нарыг оролцуулан “Улаанбаатар хотын банк” ХХК-ийн гомдолтой, Монгол банкны хяналт шалгалтын газрын хянан шалгагч улсын байцаагч Э.Г*******т холбогдох захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Бид эвлэрлийн гэрээний төслийг нь боловсруулаад нөхцөл дээрээ тохиролцсон. Өнөөдөр бид шүүх дээр ирээд гарын үсэг зурах гэсэн боловч хариуцагч нь тусгаарлалтад орсон байгаа гэж байна. Бид тохиролцсон нөхцөлөө шүүхэд хүргүүлсэн. Хариуцагчийн саналыг тусгасан хувилбарыг шүүх рүү хүргүүлсэн ба тус саналыг нь бид хүлээн зөвшөөрч байгаа” гэв.

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Банкнаас эвлэрэлийн гэрээний төслөө явуулаад би буцаагаад ганц хоёр утга найруулгын хувьд засаад буцаад явуулсан байгаа. Шүүхэд гаргаж өгсөн төсөл нь эцэслэгдсэн байдлаар л явуулсан байгаа. Миний хувьд би тусгаарлалтад байгаа учир гарын үсэг зурж чадсангүй. Гэрээг хүлээн зөвшөөрч байгаа” гэв.

Эвлэрлийн гэрээнд: “Энэхүү эвлэрлийн гэрээг нэг талаас Улаанбаатар хотын банк ХХК /эрх залгамжлагч Худалдаа, хөгжлийн банк/, нөгөө талаас Монголбанкны Хяналт шалгалтын газрын хянан шалгагч, улсын байцаагч Э.Г******* нар, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд шийдвэрлэгдэж байгаа Худалдаа, хөгжлийн банкны нэхэмжлэлтэй, Монголбанкны хянан шалгагч, улсын байцаагч Э.Г*******т холбогдох 0050041, 0050071, 0050235 дугаартай Шийтгэлийн хуудсуудыг хүчингүй болгох/илт хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай хэрэгт талуудын эвлэрлийг баталгаажуулах зорилгоор байгуулав.

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Энэхүү гэрээг талууд доорхи урьдчилсан нөхцөлийн хүрээнд байгуулсан болно.

Монголбанкны хянан шалгагч, улсын байцаагч Э.Г******* нь Улаанбаатар хотын банкинд холбогдуулан 2020 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр 2001000015, 2001000016, 2001000018 дугаартай зөрчлийн хэргүүдийг тус тус нээж улмаар 2020 оны 6 дугаар сарын 6-ны өдөр 0050041, 0050071, 0050235 дугаартай Шийтгэлийн хуудсуудыг тус тус ногдуулсан.

Улаанбаатар хотын банк нь дээрх шийтгэлийн хуудсуудыг 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр гардан авсан бөгөөд эдгээр шийтгэлийн хуудсуудыг эс зөвшөөрч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эвлэрлийн талаар зохигч талууд хэлэлцэж, хариуцагчаас “Улаанбаатар хотын банк нь Худалдаа, хөгжлийн банктай 2020 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн Монголбанкны шийдвэрээр нэгдсэнээр 2 банкны хооронд хийгдсэн байсан хамтын санхүүжилттэй холбоотой асуудлууд, тэдгээрээс үүсэж болох эрсдэл үгүй болсон” гэж үзсэнээр хамтын санхүүжилттэй холбоотой асуудлыг зөрчлөөс хасаж, улсын байцаагчийн актаар хийхийг шаардсан тохируулгад өөрчлөлт оруулах боломжтой гэж үзсэн, түүнчлэн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгчийн гаргасан тайлбарыг харгалзан эвлэрэх боломжтой гэж үзсэн.

Худалдаа, хөгжлийн банк нь хариуцагчийн дээрх байр суурийг хүлээн авч хамтын санхүүжилтийн хэлцлүүдтэй холбоотой асуудлыг зөрчил биш гэж үзэж тухайн үеийн Улаанбаатар хотын банкны тайлан мэдээнд хамтын санхүүжилтийн хэлцлүүдийн талаар зохих тохируулгыг хийсний дараа зохистой харьцаа болон Банкны тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан хязгаарлалтууд зөрчигдсөнтэй холбоотой шийтгэлийг хүлээн зөвшөөрөх байдлаар эвлэрэх хүсэлтээ илэрхийлсэн.

Хоёр. Эвлэрлийн нөхцөл

2.1. Гэрээний нийтлэг үндэслэлд дурдсан агуулгын хүрээнд талууд доорхи байдлаар эвлэрэв.

2.1.1. 0050041 дугаартай шийтгэх хуудсаар ногдуулсан “банкны санхүүгийн тайланд, бусад мэдээг үнэн зөв тайлагнаагүй” гэх зөрчлийг 0050071, 0050235 дугаартай шийтгэх хуудсын аль нэгт нь нэгтгэх боломжтой гэж үзсэн;

2.1.2. 0050071 дугаартай шийтгэх хуудсаар ногдуулсан “Банкны тухай хуулийн 17.1, 17.3, 17.4 дэх хязгаарлалтыг зөрчсөн” гэх зөрчлийг банкны тайланд холбогдох тохируулгын дараа Зөрчлийн хуулийн 11.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан зөрчил бус мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасан зөрчилд тооцож 40 сая дөчин сая/ төгрөгийн торгууль ногдуулах ба Худалдаа, хөгжлийн банк уг торгуулийг төлнө;

2.1.3. 0050235 дугаартай шийтгэх хуудсаар нoгуулсан “холбогдох зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг хангаагүй” гэх зөрчлийг хүлээн зөвшөөрч, ногдуулсан 50 сая төгрөгийн торгуулийг Худалдаа, хөгжлийн банк төлнө.

2.2. Дээрх эвлэрлийг талууд харилцан буулт хийх, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг хариуцагч зөвшөөрөх замаар буюу Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлд заасан эрхийнхээ хүрээнд байгуулж, маргаанаа дуусгавар болгож байгаа болно.

2.3. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрхэн шийдвэрлэсэн талаар тухайлан эвлэрлийн захирамжид тусгах шаардлагатай гэж үзвэл талууд эвлэрлээ доорхи байдлаар тодорхойлсонд тооцно.

2.3.1. 0050041 дугаартай шийтгэх хуудсыг хүчингүйд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч 0050071, 0050235 дугаартай шийтгэх хуудсын аль нэгд нь нэгтгэх боломжтой гэж хүлээн зөвшөөрсөн;

2.3.2. 0050071 дугаартай шийтгэх хуудсыг хүчингүйд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагаас Нэхэмжлэгч хэсэгчлэн татгалзах буюу Хариуцагч шийтгэлийн хуудсын зүйлчлэлийг өөрчлөхийг зөвшөөрсөн;

2.3.3. 0050235 дугаартай шийтгэх хуудсыг илт хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлагаас Нэхэмжлэгч бүхэлд татгалзсан.

2.4. Нэхэмжлэгч нь эвлэрлийн дагуу төлөх нийт 90 /ерэн сая/ төгрөгийн торгуулийг 2022 оны 1 дүгээр сард багтаан холбогдох дансанд төлнө.

Гурав. Бусад

3.1. Талууд эвлэрлийн гэрээг 3 хувь үйлдэж талууд тус бүр нэг, шүүхэд нэг хувийг тус тус хадгална” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт “...хариуцагчтай эвлэрэх эрхтэй”, 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх хэсэгт “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх”, мөн хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт “Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно”, 68.2 дахь хэсэгт “Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээг бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна” гэж тус тус заажээ.

Үүний дагуу нэхэмжлэгч “Улаанбаатар хотын банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Т.Б*******, Б.Э******* болон хариуцагч Монголбанкны Хяналт шалгалтын газрын хянан шалгагч, улсын байцаагч Э.Г******* нар нар нь харилцан тохиролцож 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д “...Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно”, 68.4-д “... шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус зааснаар нэхэмжлэгч болон хариуцагчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Харин хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа “Банкнаас эвлэрэлийн гэрээний төслөө явуулаад би буцаагаад ганц хоёр утга найруулгын хувьд засаад буцаад явуулсан байгаа. Шүүхэд гаргаж өгсөн төсөл нь эцэслэгдсэн байдлаар л явуулсан байгаа. Миний хувьд би тусгаарлалтад байгаа учир гарын үсэг зурж чадсангүй. Гэрээг хүлээн зөвшөөрч байгаа, тусгаарлалтаас гарсан дариуд гэрээнд гарын үсэг зурна” гэсэн болохыг дурьдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.4 дэх хэсэгт заасныг баримтлан гомдол гаргагч, хариуцагч, нарын эвлэрлийг баталж, “Улаанбаатар хотын банк” ХХК-ийн гомдолтой, Монгол банкны хяналт шалгалтын газрын хянан шалгагч улсын байцаагч Э.Г*******т холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.   

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.МӨНХ-ЭРДЭНЭ