Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 2022/ДШМ/47

 

Б.*******д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч В.Цэцэнбилэг, Н.Насанжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Б.Бат-Оргил

Шүүгдэгч Б.*******, түүний өмгөөлөгч Т.Пүрэвдаваа

 Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.Золцэцэг нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж хянан шийдвэрлэсэн шүүгчийн 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 2022/ШЗ/252 дугаар захирамжийг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Пүрэвдаваагийн гаргасан давж заалдах гомдол болон прокурорын бичсэн эсэргүүцлээр Б.*******д холбогдох эрүүгийн 2214000000109 дугаар хэргийг 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Монгол улсын иргэн, Таван тайж овогт Баатарын *******, 1992 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Баянхонгор аймгийн Бөмбөгөр суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл .........гт оршин суудаг, урьд 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 247 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж байсан, /регистрийн дугаар *******/

Шүүгдэгч Б.******* нь 2021 оны 12 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 3 дугаар багийн нутаг Тээг гэх газраас иргэн Т.Бат-Очирын 2 тооны адуу буюу олон тооны малыг хулгайлан авч 1.900.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн Прокурорын газраас Б.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэвэл шүүгдэгч Б.*******д холбогдох хэрэгт цугларсан болон шүүхээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудын хүрээнд шүүх эрх зүйн дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй дараах үндэслэл тогтоогдов. Үүнд:Шүүгдэгч Б.*******ийн... гэрчийн мэдүүлэг өгсөн, бүгдийн үнэн зөвөөр мэдүүлсэн тул яг одоо хуульд заасан яллагдагчийн эрхийн хүрээнд мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна. .... гэх мэдүүлэг /хх-ийн 99-100/

Шүүгдэгч Б.*******ийн гэрчээр ....Ганчулуу бид хоёр замд олон тооны адуу байхаар нь нэг азарга адуу буюу арав гаран тооны адууг салгаад Бөмбөгөр сум руу тууж явж байгаад 15 тооны адуунаас дахиж 3 тооны адуу салгаад бусдыг нь үлдээгээд явсан,... адууг авдаг хүмүүст өгч мөнгө олох зорилготой авч явсан. Би Ганчулуун хамт өөрийн эзэмшлийн мотоциклтой явсан. Би хулгай хийх санааг гаргасан, бид хоёр туугаад явсан,...Баян-овоо сумын цагдаад мэдүүлэг өгөх үедээ сандраад бас айгаад Ганчулуунтай хамт явсан гээд мэдүүлсэн... гэх мэдүүлэг / 23-24, 26-27

Хохирогч Т.Бат-Очирын...тухайн хоёр залуу шөнө хулгай хийгээд тууж явсан гэх 3 тооны адуунаас гадна дахин 14 тооны адууг хамт тууж яваад “Дөрвөлжин худаг” гэх газарт үлдээгээд 3 тооны адууг “Шард бүрд” гэх газарт тууж яваад баригдсан. Нийт 17 тооны адуу хулгай хийсэн. Ер нь 22 тооны адуу байснаас 5 тооны адууг тууж явах замдаа “Цахирын хөндий” гэх газарт үлдсэн байсан тэр хоёр залуу тэгж хэлсэн. Тухайн хоёр залуугийн хулгай хийгээд хөөгөөд явж байсан гэх 3 тооны адуу Сартай чойндон тамгатай манай адуу мөн байсан,...гэх мэдүүлэг /хх-ийн 6-7, 13-14, 17 /

Гэрч Б.Хишигбуянгийн ....Т.Бямбаа гэх айлд очиход хулгай хийгээд авч явж байсан гэх 3 тооны адуу манай адуу мөн байсан,..тэр айлын гадаа 3 тооны адуу байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 19, 46 /гэх мэдүүлэг зэргээс үзэхэд эрүүгийн хэргийн талаар нотлогдвол зохих үйл баримт буюу нотолгооны зүйлсийг бүрэн нотлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж улмаар хэргийг зөв зүйлчлэхэд чухал ач холбогдолтой байна.

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг нь бусдын өмчийг гэмт этгээд хууль бус ямар аргаар өөртөө олж авч, гэм буруугийн санаатай, шунахай сэдэлттэй байгаагаас хамаараад энэ төрлийн гэмт хэрэг нь бусад гэмт хэргүүдээс ялгагдана.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасан... гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ... гэж хуульчилжээ.

Шүүгдэгч Б.******* нь Э.Ганчулууны хамт хохирогч Т.Бат-Очирын, ...3 адууг тууж яваад баригдсан, адууг авдаг хүмүүст өгч мөнгө олох зорилготой авч явсан , шүүгдэгч Б.*******ийн эзэмшлийн мотоцикл буюу машин механизм ашиглаж тууж явсан үйл баримт хэрэгт тогтоогдсон, мөн шүүгдэгч Б.*******ийн, хохирогч, Т.Бат-Очир, гэрч Б.Хишигбуян нарын... Т.Бямбаа гэх айлын гадаа хулгай хийгээд авч явж байсан гэх 3 тооны адуу манай адуу мөн байсан... гэх мэдүүлгээс үзэхэд Э.Ганчулууны уг хэрэгт хамтран оролцсон идэвхтэй үйлдэл байсаар байхад прокуророос Э.Ганчулууны үйлдэлд тэдний мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлгийг хэрэгт авагдсан бусад нотлох баримттай харьцуулан үнэлэлт дүгнэлт өгөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэх боломжтой атал холбогдох ажиллагааг хийгээгүй,

Мөн хохирогч Т.Бат-Очирын ... 2 тооны адуугаа хулгайд алдсан....,гэж гэрч Т.Бямбадоржийн... Т.Бат-төр нь 2 тооны адууг ганцаараа тууж явсан....гэж худал мэдүүлж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 3-т хохирогчийн хуульд заасан үүргийг тусгаж өгсөн бөгөөд мөн хуулийн 8.2 дугаар зүйлийн 3.2-т “хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх”, 4-т “хохирогч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан, мэдүүлэг өгөхөөс санаатайгаар зайлсхийсэн, эсхүл худал мэдүүлэг өгсөн бол түүнд Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.” гэж тус тус хуульчилсан байх ба хохирогч Т.Бат-Очир нь “худал мэдүүлэх” гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргасан гэж үзэхээр байна

Өөрөөр хэлбэл хохирогч Т.Бат-Очир, гэрч Т.Бямбадорж, гэрч Б.Хишигбуян нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт ....Б.*******, Э.Ганчулуун нар нь 3 тооны адууг тууж цуг явсан, манай 3 тооны адуу айлын гэрийн гадаа зүсээрээ байсан талаар ......мэдүүлсэн байхад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дахин авсан мэдүүлгүүд нь Э.Ганчулууныг тухайн гэмт хэрэгт хамтран оролцоогүй, 2 тооны адуу айлын гадаа байсан, Э.Ганчулуун найз охинтойгоо уулзах гээд явсан, дараа нь мотоциклтой ирсэн мэтээр хэргийн нөхцөл байдлыг өөрчилж, түүнийг гэмт хэрэг үйлдээгүй талаар мэдүүлгүүд эрч өөрчлөгдсөн байхад прокурор үндэслэлгүйгээр Э.Ганчулууны үйлдлийг шалгаагүй нь орхигдуулсан байна.

Шүүхээс хохирогч Т.Бат-Очир, гэрч Т.Бямбадорж нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд үнэн зөв эсэх, хохирогч, гэрч нарын мэдүүлгийг дахин нягталж, хохирогч нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлж, түүний үнэн зөв өгсөн мэдүүлгийг үнэлсний үндсэн дээр шүүгдэгч Б.*******, гэрч Э.Ганчулуун нарын гэмт үйлдэл бүр ямар үндэслэл, шалгуур шинж, хэлбэрээрээ гэмт хэрэгт хамтран оролцсон байгаа эсэхэд хууль зүйн дүгнэлтийг зөв хийх, гэмт хэргийг зөв зүйлчлэх зэрэг асуудлыг мөрдөн байцаалтын шатанд дахин шалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Түүнчлэн хохирогч Б.Бат-Очирын.... нийт 22 тооны адууг тууж явж байгаад 15 тооны адуунаас дахиж 3 тооны адууг салгаад бусдыг нь үлдээгээд явсан, ....тэр хоёр залуу надад хүлээлгэж өгсөн 15 тооны адуу болон би замаас олсон 5 тооны адуу нийлээд 20 тооны адууг би хүлээж авсан талаар.....мэдүүлсэн байхад шүүгдэгч Б.******* нь нийт 22 тооны адуу буюу бусдын олон тооны малыг хулгайлсан үйлдэл байхад 2 тооны адуу буюу олон тооны малыг хулгайлан авч 1900000 төгрөгийн хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлгүй, шүүгдэгчийн хулгайлсан 22 тооны адууны үнэлгээгээр гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг тооцож тогтоох нь зүйтэй.

Уг прокурорын яллах дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1-д заасан хуулийн шаардлагыг хангаагүй, Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчим, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1-д “...гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах..” гэж заасныг тус тус зөрчсөн байх тул Э.Ганчулууны холбогдох үйлдэлд Эрүүгийн хуулийн зүйл, хэсэгт заасан ялыг төлөвлөж ирүүлэх шаардлагатай байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд “гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдлыг” хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотлохоор хуульчилсан бөгөөд шүүгдэгч нь мөрдөн байцаалтын ажиллагааны явцад гэмт хэрэг гарсан байдал буюу Эрүүгийн хуульд заасан бусад байдлыг тоогоогүй, түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг бүрэн гүйцэт нотлон тогтоогоогүй , үүнтэй холбоотойгоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан ажиллагааг шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй гэх үндэслэлээр шүүгдэгч Б.*******д холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчийн Б.*******ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал буюу өмнө хулгай хэргээр шийтгүүлж байсан, дахин тухайн төрлийн гэмт хэрэг үйлдсэн зэргийн харгалзан хэргийг прокурорт очтол шүүгдэгч Б.*******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Прокурор Б.Бат-Оргил тус шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ:

Шүүгчийн захирамжийг 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагаа нь явцад хохирогч Т.Бат-Очир нь удаа дараа мэдүүлэг өгсөн байх ба тэрээр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн анхны мэдүүлэгт дурдсан зүйлээ сүүлд өгсөн мэдүүлгээрээ зөвтгөж өөрчилсөн, хохирогч нь өмнө нь алдсан 1 тооны адууг бас авсан байх гэж бодоод тэгж мэдүүлсэн, авсан байх гэж бодсон учраас өмнөх мэдүүлэгт хулгайд алдсан адууны тоог өөрөөр мэдүүлсэн” гэх зэргээр мэдүүлсэн нь худал мэдүүлэг өгсөн гэж үзэх үндэслэлгүй юм.

Мөн хохирогчийн мэдүүлэг нь гэрч Б.Хишигбуянгийн өгсөн “Харин тэр айлын гадаа 3 тооны адуу байсан. Үүний 2 нь манайх, 1 тооны адуу болохоор хулгай хийсэн гэх залуугийн унаж явсан морь юм шиг байна лээ. Би урьд нь буруу мэдүүлсэн байна...” гэх мэдүүлэг,

Гэрч Т.Бямбадоржийн өгсөн “...Төрсайхан гэх ахын гэрээс 23 цагийн үед гараад Баян-Овоо сумын төвийн зүг явж байх замд хээр морь унасан 20 гаран насны нэг залуу 2 тооны адуу туугаад явж байсан. Тухайн залуугийн унаж явсан морь эмээл хазаартай байсан....” гэх мэдүүлэг зэргээр давхар нотлогддог бөгөөд энэ гэмт хэргийг анх илрүүлсэн, хэргийн талаар мэдэх гол гэрч нь Т.Бямбадорж бөгөөд тэрээр мөрдөн шалгах ажиллагааны явцад 1 удаа мэдүүлэг өгсөн нь түүнийг худал мэдүүлэг өгсөн гэж үзэх үндэслэлгүй юм.

Харин хохирогчийн анх мэдүүлсэн 22 тооны адууг хулгайлсан гэх мэдүүлэг нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдоогүй, хохирогч нь удаа дараагийн өгсөн мэдүүлгээр анхны өгсөн мэдүүлгээ өөрчилж мэдүүлсэн, бусад гэрч нарын мэдүүлгээр хохирогчийн анх өгсөн мэдүүлэг няцаагдаж байна.

Мөн шүүгчийн захирамжид заасан Э.Ганчулууны үйлдэл байсныг прокурор шалгаагүй, гэрч хохирогч нар мөрдөн шалгах ажиллагааны явцад санаатай худал мэдүүлэг өгч Э.Ганчулууныг хулгайн хэрэгт хамт яваагүй талаар мэдүүлсэн байхад прокурор холбогдох ажиллагааг хийж гүйцэтгээгүй байна гэж дүгнэсэн нь хэрэгт авагдсан баримтуудаас зөрүүтэй буюу таамаглалд үндэслэн дүгнэлт хийсэн байна гэж үзэхээр байна.

Учир нь гэрч Б.Хишигбуян нь дахин мэдүүлэг өгөхдөө 3 адууны 2 нь манай адуу байсан, 1 нь тухайн хүний унаж явсан адуу байсан байх, би өмнө нь андуураад манай 3 адуу гэж хэлсэн байна гэж мэдүүлснийг үнэлээгүй, гэрч Т.Бямбадорж мөрдөн шалгах ажиллагааны явцад 1 удаа мэдүүлэг өгөхдөө 2 адуу тууж явсан 1 хүнийг барьсан талаар мэдүүлсэн байна.

Мөн нөгөөтэйгүүр Б.*******, Э.Ганчулуун нар нь гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг анх хүлээн авсан мөрдөгчид гэрчээр мэдүүлэг өгөхдөө хэрэгт хамтран оролцсон, хамтран гэмт хэрэг үйлдсэн талаар мэдүүлсэн буюу гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд байхдаа мэдүүлэг өгсөн байдаг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ,эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй...” гэж хуульчилжээ.

Иймд Б.*******, Э.Ганчулуун нар нь тухайн цаг хугацаанд гэмт хэрэг үйлдсэн нь сэрдэгдсэн этгээдүүд байхдаа мэдүүлэг өгсөн нь Б.*******, Э.Ганчулуун нар нь өгсөн мэдүүлгийнхээ үнэн зөвийг нотлох болон үнэн зөв мэдүүлэх үүрэг хүлээхгүй этгээд гэж үзэх үндэслэлтэй байна.

Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан дээрх нотлох баримтууд болох хохирогч Т.Бат-Очир, гэрч Т.Бямбадорж, А.Үүрцайх, Б.Хишигбуян Э.Ганчулуун нарын мэдүүлгүүдээр шүүгдэгч Б.******* нь 2 тооны адууг ганцаараа хулгайлж яваад Т Бямбадоржид баригдаж хулгайн үйлдэл таслан зогсоогдсон байх ба хохирогч нь 2 тооны адуугаа тухайн өдөр Б.*******өөс хүлээн авсан үйл баримт хэрэгт авагдсан тогтоогдож байна.

Хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хийвэл зохих бүхий л ажиллагааг хийсэн буюу мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч нарын мэдүүлгийн зөрүүг арилгах ажиллагааг бүрэн хийж мөрдөн шалгах ажиллагаагаар нотлогдсон хэмжээнд хэргийг шүүхэд шилжүүлсэн ба дээрх захирамжид заагдсан мөрдөн шалгах ажиллагааг бүрэн шалгаж тогтоосон, дахин мөрдөн шалгах ажиллагаа явуулан шалгах шаардлагатай болно.

Шүүхээс шаардлагатай гэж үзвэл хохирогч гэрч нарыг шүүх хуралдаанд оролцуулж тодруулах шаардлагатай зүйлээ асууж хэргийг шийдвэрлэх боломжтой байсаар байхад хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэснийг зөрчсөн байна.

Иймд Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022/ШЗ/252 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Пүрэвдаваа тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

Б.*******ийн өмгөөлөгчөөр эрүүгийн 2214000000109 дугаартай хэрэгт түүний өмгөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 сарын 18-ны 2022/ШЗ/252 дугаартай хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Миний бие тус шүүгчийн захирамжийг 2022 оны 05 сарын 04-ний өдөр гардан авсан болно.

Тус шүүгчийн захирамжид ...хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэвэл шүүгдэгч Б.*******д холбогдох хэрэгт цугларсан болон шүүхээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудын хүрээнд шүүх эрх зүйн дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй дараах үндэслэл тогтоов үүнд Б.*******ийн яллагдагч, гэрчээр өгсөн мэдүүлэг, хохирогч Т.Бат-Очирын мэдүүлэг, гэрч Б.Хишигбуянгийн мэдүүлэг зэргээс үзэхэд эрүүгийн хэргийн талаар нотлогдвол зохих үйл баримт буюу нотолгооны зүйлсийг бүрэн нотлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж улмаар хэргийг зөв зүйлчлэхэд чухал ач холбогдолтой байна гэжээ. ...2 тооны адуу буюу олон тооны малыг хулгайлан авч 1.900.000 төгрөгийн хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлгүй, шүүгдэгчийн хулгайлсан 22 тооны адууны үнэлгээгээр гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг тооцож тогтоох нь зүйтэй. Уг прокурорын яллах дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1-д заасан хуулийн шаардлагыг хангаагүй, өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчим, мөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 д ...”гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах" гэж заасныг тус тус зөрчсөн байх тул Э.Ганчулууны холбогдох үйлдэлд Эрүүгийн хуулийн зүйл, хэсэгт заасан ялыг төлөвлөж ирүүлэх шаардлагатай байна. ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан ажиллагааг шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй гэх үндэслэлээр шүүгдэгч Б.*******д холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ гэжээ.

Дээрх шүүгчийн захирамжид заасан прокурорт буцаахаар дурдаж буй нотлох баримтууд болон үндэслэл нь хэргийг прокурорт буцаах үндэслэл болохгүй юм.

Учир нь уг хэрэг дээр мөрдөн шалгах ажиллагаа хууль ёсны дагуу явагдаж мэдүүлгийн зөрүүг арилгаж, хэргийн бодит байдлыг тогтоосон байдаг. Б.*******ийн бусдын олон тооны малыг хулгайлах гэмт үйлдлийг таслан зогсоосон гэмт хэргийг илрүүлсэн гол гэрч нь Т.Бямбадорж гэх хүн байдаг бөгөөд Т.Бямбадорж гэх иргэн Б.*******ийг 2 тооны адууг тууж явахад нь замд таарч үйлдлийг нь таслан зогсоож, Б.*******ийг ар гэрээсээ хүн дууд гээд өөрийн утсаар аймгийн төвд байх Үүрцайх гэх хүн рүү залгуулж Үүрцайх нь өөрийн хамаатан Э.Ганчулууныг *******ийн байгаа газар руу явуулсан байдаг, мөн Т.Бямбадорж нь адууны эзэн гэх Т.Бат-Очирын утас руу залгаж түүнийг дуудуулсан, хохирогч Т.Бат-Очир түүний эхнэр Б.Хишигбуян нар Э.Ганчулууныг Б.*******ийг хүлээж авахаар тухайн газар ирсний дараа ирсэн байдаг. Энэ талаар гол гэрч Т.Бямбадорж мэдүүлсэн байдаг. Аймгийн прокурорын газраас хэргийн үйл баримтыг зөв тогтоон, зөв зүйлчлэн хэргийг шүүх рүү шилжүүлсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тусгайлан заасан байдаг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагч Б.******* хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг гаргасан. Мөн хуулийн 17.3 дугаар зүйлд зааснаар прокурор хянаж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд шүүгдэгч Б.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, мөн прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээ, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож байгаагаа илэрхийлсэн. Мөн Б.******* нь тууж явсан 2 адууг нь хохирогчид хүлээлгэн өгсөн, хохирогч гомдол санал нэхэмжлэх зүйлгүйгээ мэдүүлэгтээ илэрхийлсэн байдаг. Гэтэл анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд хэрэгт байхгүй зүйлийг тайлбарлан хэргийг хүндрүүлэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн нь шүүгдэгч талын зүгээс хэргийн материал болон шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримттай танилцсан гэхэд эргэлзээ төрж байгаа болно. Хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх бүрэн боломжтой гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа. Мөн анхан шатны шүүхээс хэргийг прокурорт буцааж шийдвэрлэхдээ шүүгдэгч Б.*******д урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж байгаа нь үндэслэлгүй байна.

Иймд давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаж Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 сарын 18-ны өдрийн 2022/ШЗ/252 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

Прокурор тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Б.*******д холбогдох хэрэгт хийгдвэл зохих ажиллагааг бүрэн хийж гэмт хэргийн үйл баримт бүрэн тогтоогдсон тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлнэ үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Пүрэвдаваа тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:Прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй, гаргасан гомдлоо дэмжиж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүхэд бичсэн Прокурор Б.Бат-Оргилын эсэргүүцэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Пүрэвдаваагийн гомдолд тус тус үндэслэн хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасан эрх хэмжээний хүрээнд эсэргүүцэл болон гомдолд дурдсан үндэслэлүүдээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдан анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан судлан үзвэл:

Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.*******ийг 2021 оны 12 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 3 дугаар багийн нутаг Тээг гэх газраас иргэн Т.Бат-Очирын 2 тооны адуу буюу олон тооны малыг хулгайлан авч 1.900.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримтыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцээд хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг Прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид “...хохирогч Т.Бат-Очир, гэрч Т.Бямбадорж, гэрч Б.Хишигбуян нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт ....Б.*******, Э.Ганчулуун нар нь 3 тооны адууг тууж цуг явсан, манай 3 тооны адуу айлын гэрийн гадаа зүсээрээ байсан талаар ......мэдүүлсэн байхад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дахин авсан мэдүүлгүүд нь Э.Ганчулууныг тухайн гэмт хэрэгт хамтран оролцоогүй, 2 тооны адуу айлын гадаа байсан, Э.Ганчулуун найз охинтойгоо уулзах гээд явсан, дараа нь мотоциклтой ирсэн мэтээр хэргийн нөхцөл байдлыг өөрчилж, түүнийг гэмт хэрэг үйлдээгүй талаар мэдүүлгүүд эрс өөрчлөгдсөн байхад прокурор үндэслэлгүйгээр Э.Ганчулууны үйлдлийг шалгаагүй орхигдуулсан..., прокурорын яллах дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1-д заасан хуулийн шаардлагыг хангаагүй, ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд “гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдлыг” хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотлохоор хуульчилсан бөгөөд шүүгдэгч нь мөрдөн байцаалтын ажиллагааны явцад гэмт хэрэг гарсан байдал буюу Эрүүгийн хуульд заасан бусад байдлыг тоогоогүй, түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг бүрэн гүйцэт нотлон тогтоогоогүй , үүнтэй холбоотойгоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан ажиллагааг шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй...” гэх үндэслэлээр шүүгдэгч Б.*******д холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, үндэслэлтэй байна.

Мөн түүнчлэн хавтаст хэргийн 27-28 дугаар талд “...2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр би...Баян-Овоо сум руу мотоциклтой явсан...Үүрцайхын ах нь үл таних эрэгтэйтэй байсан... тэр эрэгтэй ... энэ хүн чинь энэ хоёр адууг хулгай хийсэн байна...ирэхээр нь уулз гэсэн. ...адууны эзэн ирээд... 2 тооны адууг хүлээлгэж өгөөд...Үүрцайхын ахыг аваад Бөмбөгөр сум руу явсан” гэх өмгөөлөгч Т.Пүрэвдавааг байлцуулан гэрч Э. Ганчулуунаас 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 10 цаг 04 минутад Баян-Овоо сумын Цагдаагийн хэсгийн байрны албан өрөөнд авсан мэдүүлэг,

Хавтаст хэргийн 29-30 дугаар талд “...Би 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 14 цагийн үед...******* бид хоёр Баянхонгор аймгаас Бөмбөгөр сум руу явж байх замдаа...21 тооны адууг салгаад...20 гаран км тууж яваад хүнтэй таарсан...” гэх Г.Ууганжаргалыг байлцуулан гэрч Э. Ганчулуунаас 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 10 цаг 04 минутад Баян-Овоо сумын Цагдаагийн хэсгийн байрны албан өрөөнд авсан мэдүүлэг тус тус авагдсан байх бөгөөд гэрч Э.Ганчулуунаас нэг газарт, нэг цаг хугацаанд болон хоёр өөр хүнийг байлцуулан гэрчийн мэдүүлэг авах боломжгүй зэрэг илтэд зөрүүтэй, нөхцөл байдал үүссэн зэргийг харгалзан хэргийг Прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Харин Прокурорын “...Хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хийвэл зохих бүхий л ажиллагааг хийсэн буюу мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч нарын мэдүүлгийн зөрүүг арилгах ажиллагааг бүрэн хийж мөрдөн шалгах ажиллагаагаар нотлогдсон хэмжээнд хэргийг шүүхэд шилжүүлсэн ба дээрх захирамжид заагдсан мөрдөн шалгах ажиллагааг бүрэн шалгаж тогтоосон...” гэх агуулгаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр гаргасан эсэргүүцэл, түүнийг дэмжиж гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Пүрэвдаваагийн гомдол зэргийг дээрх үндэслэлүүдээр тус тус хүлээн авах боломжгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-т заасныг заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 2022/ШЗ/252 дугаар захирамжийг хэвээр үлдээж, Прокурорын эсэргүүцэл болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ

      ШҮҮГЧ Н.НАСАНЖАРГАЛ

                                                                                                       В.ЦЭЦЭНБИЛЭГ