Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 810

 

 

 

 

 

 

 

 

 

“Т- ББСБ” ХХК-ийн

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Ч.Цэнд, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

            Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2020/00365 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “Т- ББСБ” ХХК-ийн хариуцагч Г.А-д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 17 868 826 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.А- нь “Үлэмж ноолуурын бүтээгдэхүүнээ Итали Улсад экспортлохоор явах гээд байна, гэрээ хэлэлцээр хийх гэж байна, замын зардлын мөнгөгүй байна, зардлын мөнгө та яаралтай гаргаж өгөөч, танайхаас зээл авъя, зардлаа хийх гэсэн юм” гэж хүсэлт тавьж, 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 104/ЗГ дугаар Зээлийн гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу Г.А-ын хүсэлтээр 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 1 350 000 төгрөгийг, 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 7 000 000 төгрөгийг, 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 100 000 төгрөгийг, 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 100 000 төгрөгийг, 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр 1 100 000 төгрөгийг, 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 200 000 төгрөгийг, нийт 9 850 000 төгрөгийн зээл олгосон. Ингээд 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар үндсэн зээл 9 850 000 төгрөг, зээлийн хүү 7 339 266 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 293 684 төгрөг, нийт 19 482 950 төгрөг байснаас Г.А- нь 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр “Т- ББСБ” ХХК-ийн дансанд 9 800 000 төгрөгийг төлсөн. Үүнээс хойш төлбөр төлөөгүй тул 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 9 682 950 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 13 326 553 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 4 127 510 төгрөг, мэдэгдэл шуудангаар хүргүүлсэн зардал 8 199 төгрөг, нотариатын хөлс 5 000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 256 550 төгрөг, 95 014 төгрөг, нийт 17 868 826 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Лхамсүрэн шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Зээлийн гэрээнд хариуцагч гарын үсэг зурсан боловч тус зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч нь хариуцагчид ямар нэгэн мөнгө зээлээгүй. Өөрөөр хэлбэл “Т- ББСБ”-аас Г.А-д зээл олгоогүй бөгөөд иргэн Н.Эрдэнэ-Очироос 2 850 000 төгрөгийн зээлийг Г.А-д олгосон. Ч.Цэрэннадмидийн дансанд шилжүүлсэн 7 000 000 төгрөг нь Г.А-д хамааралгүй юм. Харин “Т- ББСБ” нь талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээгээ зөрчиж, зээлээ олгоогүй тул Г.А- нь хохирсон. Иймээс “Т- ББСБ”-тай байгуулсан гэрээний дагуу Г.А-д зээл олгоогүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан “Т- ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Г.А-д холбогдох, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 17.868.826 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг баримтлан “Т- ББСБ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр төлсөн 256 550 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр төлсөн 95 014 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 50 333 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Хариуцагч нь “Т- ББСБ” ХХК-аас зээл аваагүй бөгөөд Н.Эрдэнэ-Очироос 2 850 000 төгрөгийн зээл авсан би андуураад 7 000 000 төгрөг илүү төлчихсөн гэж тайлбарлаж мэтгэлцдэг. “Т- ББСБ” ХХК нь Ариунжаргалд 9 850 000 төгрөгний зээл олгосон гэж, н.Ариунжаргал нь Н.Эрдэнэ-Очироос 2 850 000 төгрөг зээлсэн гэж, Н.Эрдэнэ-Очир нь би н.Ариунжаргалд хувиасаа зээл олгоогүй “Т- ББСБ” ХХК-ийн н.Ариунжаргалд олгох ёстой байсан зээлийн төлбөрөөс түүнд шилжүүлсэн гэж тайлбарлаж мэтгэлцдэг. Хэргийн үйл баримтын талаар 3 өөр зөрүүтэй тайлбар хийж байх атал анхан шатны шүүх хэн хэний хооронд ямар ямар эрх зүйн харилцаа үүссэн талаар дүгнэлт хийгээгүй атлаа нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь ойлгомжгүй. Учир нь Г.А- нь ББСБ-аас нэг ч төгрөг зээлээгүй гэсэн атлаа “Т- ББСБ” ХХК-тай байгуулсан гэрээний үнийн дүнгийн хэмжээгээр байгууллагын данс руу 9 800 000 төгрөг 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр шилжүүлсэн байдаг. Хэрэв үнэхээр Г.А- нь ББСБ-аасс зээл аваагүй бол байгууллагын данс руу зээлийн эргэн төлөлтийг хийх шаардлагагүй юм. ББСБ-ийн данс руу зээлийн эргэн төлөлтийт хийсэн нь түүнийг ББСБ-аас зээл авсан болохыг нь илэрхийлж байх атал анхан шатны шүүх энэ үйл баримтад дүгнэлт хийхгүйгээр орхигдууллаа. Түүнчлэн, Г.А- нь ББСБ-аас нэг ч төгрөг аваагүй Н.Эрдэнэ-Очироос 2,850,000 төгрөг авсан гэж тайлбарладаг боловч 7 000 000 төгрөгийг хэнээс хэрхэн яаж авсан талаараа үндэслэл бүхий тайлбарладаггуй атлаа ББСБ-ын данс руу 9 850 000 төгрөгийн эргэн төлөлт хийж зээл авсан болохоо хүлээн зөвшөөрдөг. Түүнчлэн, хариуцагчаас 7 000 000 төгрөгийг андуураад нэмээд шилжуүлчихсэн гэж тайлбарладаг боловч 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр ББСБ-ийн данс руу 9 800 000 төгрөгийг шилжүүлсэнээс хойш өнөөдрийг хүртэл андуураад 7 000 000 төгрөг нэмээд шилжүүлчихжээ гэж маргаж байгаагүй байх атал анхан шатны шүүх ББСБ-аас Г.А-д зээл олгоогүй гэсэн дүгнэлт хийж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн явдалд гомдолтой байна. Түүнчлэн Г.А- нь би Ч.Цэрэннадмидаас зээл авцан надад өгөх төлбөрөөсөө 7 000 000 төгрөгийг Ч.Цэрэннадмидад өгчих гэсэн хүсэлтийнхэн дагуу ББСБ-аас гүйлгээний утга дээр нь Г.А-ын төлбөрөөс гэж бичин шилжүүлсэн байдаг. Гэвч хариуцагч Ч.Цэрэннадмидыг огт танихгүй хамааралгүй мэт худал тайлбар гарган мэтгэлцэж байх атал анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй тал бүрээс нь үнэлэхгүйгээр хэргийг өнгөцхөн дүгнэж шийдвэрлэсэн байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж Г.А-аас үндсэн төлбөрт 7 000 000 төгрөг, зээлийн хүүнд 9 490918 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1 911 412 төгрөг нийт 11 480 830 төгрөгийг гаргуулж “Т- ББСБ” ХХК-д олгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

            Нэхэмжлэгч “Т- ББСБ” ХХК нь хариуцагч Г.А-д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 17 868 826 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нэхэмжлэгч байгууллагаас мөнгө зээлж аваагүй гэж маргажээ.

 

            Талуудын хооронд 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, зээлдүүлэгч “Т- ББСБ” ХХК нь 10 000 000 төгрөгийг сарын 7 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай зээлдэгч Г.А-д зээлдүүлэхээр тохиролцсон нь хэрэгт авагдсан гэрээ, зохигчдын тайлбараар тогтоогдож байна./хэргийн 11-13 дугаар тал/

 

            Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбарыг харьцуулан үзэхэд иргэн Н.Эрдэнэ-Очир нь өөрийн эзэмшлийн Хаан банкны 5028084723 тоот данснаас хариуцагч Г.А-ын Хаан банкны 5003794221 тоот данс руу 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 1 350 000 төгрөг, 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 100 000 төгрөг, 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 100 000 төгрөг, 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр 1 100 000 төгрөг, 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 200 000 төгрөг, нийт 2 850 000 төгрөгийг шилжүүлсэн байна. Хариуцагч Г.А-ыг зээл хүсэх үед нэхэмжлэгч “Т- ББСБ” ХХК-ийн дансанд бэлэн мөнгө байгаагүй тул өмнөөс нь түүнд мөнгө шилжүүлсэн гэх Н.Эрдэнэ-Очирын тайлбарыг хариуцагч үгүйсгэсэн баримтыг шүүхэд ирүүлээгүй тул дээрх мөнгийг нэхэмжлэгч гэрээний дагуу шилжүүлсэн гэж үзнэ.

 

Харин нэхэмжлэгч байгууллагын данснаас 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 7 000 000 төгрөгийг Ч.Цэрэннадмидын данс руу шилжүүлсэн байх бөгөөд уг мөнгийг дээрх гэрээний дагуу хариуцагчид зээлүүлэх зорилгоор шилжүүлсэн гэх үйл баримт тогтоогдоогүй гэж анхан шатны шүүх дүгнэснийг буруутгахгүй.

 

Өөрөөр хэлбэл, хариуцагчийн зөвшөөрснөөр зээлийг өөр этгээдэд шилжүүлсэн гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх зааснаар баримтаар нотлох үүргээ нэхэмжлэгч хэрэгжүүлээгүй байна.

 

            Мөн хариуцагч нэхэмжлэгч байгууллагын Хаан банкны 5115039840 тоот данс руу 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 9 800 000 төгрөгийг “Зээлийг бүтэн хаав” гэх утгатайгаар шилжүүлсэн /хэргийн 65 дугаар тал/ зэргээс үзэхэд дээрх гэрээний зээлийн гэрээний төлбөр төлөх үүргийг хариуцагч биелүүлсэн гэх үндэслэлтэй.

 

            Түүнчлэн, Тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол тусгай зөвшөөрлийг 3 жилээс доошгүй хугацаагаар олгоно.” гэж заажээ.

 

            Хариуцагчид зээл олгох үед буюу 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэгч байгууллага нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй байсан эсэх талаар баримт хэрэгт авагдаагүй байна. Тодруулбал, хэргийн 8 дугаар талд авагдсан 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хугацаа нь Тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр дууссан гэж үзэхээр байна. Уг гэрчилгээ нь хавсралтын хамт хүчин төгөлдөр гэж бичигдсэн байх боловч нэхэмжлэгч гэрчилгээний хавсралтыг шүүхэд өгөөгүй. Иймд нэхэмжлэгч байгууллага нь хариуцагчаас Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй болох нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

            Иймд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 21 дүгээр зүйлийн 21.2, 21.4, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 104/ЗГ дугаар “Зээлийн гэрээ”-ний дагуу зээлдүүлэгч “Т- ББСБ” ХХК-иас 9 850 000 төгрөгийг зээлдэгч Г.А-д шилжүүлсэн болох нь тогтоогдоогүй тул уг гэрээний үүргийн гүйцэтгэлд 17 868 826 төгрөгийг нэхэмжлэгч “Т- ББСБ” ХХК нь хариуцагч Г.А-аас шаардах эрхгүй юм.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2020/00365 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 199 000 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Д.ЦОГТСАЙХАН

 

                                   ШҮҮГЧИД                                     Ч.ЦЭНД

 

                                                      С.ЭНХТӨР