Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 128/ШШ2022/0025

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Адилбэрх овогтой Хашномин /РД: УК91041703/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Энхзаяа, Б.Будсүрэн

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Засаг дарга

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Чанагнянгар, Д.Жаргалсайхан нарын хоорондын газрын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхзаяа, Б.Будсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Чанагнянгар, Д.Жаргалсайхан, нарийн бичгийн дарга С.Ёндон нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч А.Хашномин нь Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан ...Баянзүрх дүүргийн засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай А/369 дүгээр захирамжийн А.Хашноминд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах-аар маргаж байна.

Анх Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн А/170 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Хонхорт аж ахуйн зориулалтаар А.Хашноминд 12453 метр квадрат газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр олгосон байна.

2. Үүний дараагаар Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн А/369 дүгээр захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3, б, г, 29.2, 31 дүгээр зүйлийн 31.1.3, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6, 40.2, 60 дугаар зүйлийн 60.1, Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 49 дүгээр зүйлийн 49.1.3 дахь заалтуудыг тус тус үндэслэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй, гэрээнд заасан нөхцөл болзлыг биелүүлээгүй, газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй, дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулж эзэмшүүлээгүй гэсэн үндэслэлээр хүчингүй болгожээ.

3. А.Хашномин нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн А/369 дүгээр захирамжийг хүчингүй болгуулахаар дээд шатны албан тушаалтан болох Нийслэлийн Засаг даргад хандсан боловч Нийслэлийн Засаг даргаас Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд шилжүүлж 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 03-06/5176 дугаар албан бичгээр ...Газрын тухай хуулийн 60.2-т заасны дагуу хууль хяналтын байгууллагад хандан шийдвэрлүүлнэ үү гэх хариуг авсны дагуу 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр тус шүүхэд хандсан байна.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхзаяа, Б.Будсүрэн нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Монгол Улсын Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэн газрыг хуульд заасны дагуу эзэмшиж, ашиглана гэж заасны дагуу Монгол Улсын иргэн Адилбэрх овогтой Хашномин миний бие захиргааны байгууллагад газар эзэмших хүсэлт гаргаснаар нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн "Газар эзэмших эрх олгох тухай А/170 дугаар захирамж гарч тус дүүргийн 11 дүгээр хороо, Хонхорт 1333106938 нэгж талбарын дугаартай 12453 метр квадрат газрыг аж ахуйн зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмших эрхтэй болсон билээ. Дүүргийн Засаг даргын уг захирамжийг үндэслэн харьяа дүүргийн Газрын албанаас газар эзэмших эрхийн гэрчилгээ авч, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан. Гэтэл Баянзүрх дүүргийн Засаг дарга надад огт мэдэгдэлгүйгээр 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн "Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай" A/369 дүгээр захирамж гаргаж, иргэн миний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байна. Энэ талаар мэдсэн даруйдаа дүүргийн Засаг даргын хууль бус шийдвэрийг хянуулахаар дээд шатны байгууллага, албан тушаалтан болох нийслэлийн Засаг даргад хандан гомдол гаргасан. Гомдлын хариуд нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 03-06/5176 тоот албан бичгээр хууль хяналтын байгууллагад хандан шийдвэрлүүлнэ үү гэсэн хариу өгсөн тул шүүхэд хандаж байна.

Нэхэмжлэгч А.Хашномин миний бие газар эзэмших эрхтэй болсон цагаас эхлэн газраа бусдын эзэмшил, ашиглалтаас тусгаарлан төмөр хашаа хатгаж, уг газар дээрээ аж ахуйн агуулах, засварын төв ажиллуулах зорилгоор санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэж, төрийн захиргааны байгууллагуудын зөвшөөрлийг авахаар холбогдох бичиг баримтуудыг бүрдүүлж, жил бүрийн газрын төлбөрөө төлж, газар эзэмшүүлэх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж ирсэн. Энэ хугацаанд үйл ажиллагаагаа эрхлэх зорилгоор төрийн байгууллагуудад хандаж, барилга барих тухай хүсэлт гаргаж, газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны дүгнэлт гаргуулан Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны даргаар баталгаажуулж улмаар нийслэлийн Байгаль орчны газраар байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ тус тус хийлгэж ажилласан юм. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох 7 үндэслэлийг нэрлэн заасан байх бөгөөд хариуцагчийн зүгээс маргаан бүхий актад Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгийг тус тус үндэслэжээ. Маргаан бүхий захиргааны актаар нийт 86 иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн байх бөгөөд эдгээр 86 иргэн, аж ахуйн нэгж байгууллага бүгдээрээ Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6 дахь заалтыг зөрчсөн эсэх эсхүл аль нэг үндэслэл бүрдсэн эсэх, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг эдгээр үндэслэлүүдээс чухам аль үндэслэлээр хүчингүй болгосон зэрэг нь тодорхойгүй, ойлгомжгүй байна. Хариуцагч нь сөрөг нөлөөлөл бүхий шийдвэр гаргахдаа эрх ашиг сонирхол нь зөрчигдөж болзошгүй этгээдэд заавал сонсох ажиллагаа явуулж, тайлбар саналыг нь авах боломжоор хангах үүрэгтэй атал нэхэмжлэгчид мэдэгдэлгүйгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь үндэслэлгүй бөгөөд энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан хөдлөх , үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, хувийн аж ахуй эрхлэх иргэний үндсэн эрхэд халдсан хууль бус үйлдэл гэж үзэж байна. Иймд маргаан бүхий акт нь Монгол Улсын Захиргааны ерөнхий хууль, Монгол Улсын Газрын тухай хууль болон түүнийг дагалдан гарсан олон хууль, дүрэм, журмыг илт зөрчсөн байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн "Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай "A/369 дүгээр захирамжийн А.Хашноминд холбогдох хэсгийг хүчингүй болгож, иргэн миний газар эзэмших эрхийг сэргээж өгнө үү гэжээ. 

5. Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жаргалсайхан нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Тус шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа иргэн А.Хашномингийн нэхэмжлэлтэй Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт хариуцагчийн зүгээс дараах хариу тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч нь "Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн A/369 дугаар захирамжийн А.Хашноминд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай" нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Хариуцагчийн зүгээс дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгч нь Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 12453 метр квадрат газрыг дүүргийн Засаг даргын 2015 оны 5 дугаар сарын 12 -ны өдрийн А/170 дугаар захирамжаар эзэмшжээ. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т "газар мөрийн хяналт, хамгаалалтад байх" зарчмыг баримтлана гэж заасан.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйл. Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох.

40.1.1 эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн;

40.1.5 эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй;

40.1.6 хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй бол" гэж заасан.

Мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэгт Газар эзэмшигчийн үүргийг зааж өгсөн ба 35.3-т "Газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх-ийг үүрэг болгосон байна. Харин хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ" гэж газар эзэмшүүлэх нөхцөлийг заажээ. Нэхэмжлэгч нь 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн А/170 дугаар захирамжаар газар эзэмшиж эхэлснээс хойш 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн А/369 дугаартай "Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай" захирамж гарах хүртэл 6 жилийн турш тухайн газраа зориулалтын дагуу ашиглаагүй болох нь тогтоогдсон байна. Дээрх хуулийн хүрээнд А.Хашноминтой газар эзэмшүүлэх гэрээг байгуулсан байх ба уг гэрээний 5.2-ийн "е"-д зааснаар гэрээг хүчингүй болгох үндэслэлтэй байна. Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д Иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ 0,07-гаас илүүгүй байна гэж заасан бөгөөд бусад аж ахуйн зориулалтаар газар эзэмших тохиолдолд зайлшгүй төлбөр төлөхөөр зохицуулсан. Мөн хуулийн 36 дугаар зүйлд газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг төлөхөөр зохицуулсан бөгөөд 36.2 -т Дуудлага худалдаагаар тогтоогдсон үнэ нь эрхийн гэрчилгээний бодит үнэ байна гэж заасан. Дээрх хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор Нийслэлийн Засаг дарга 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Төсвийн орлогын бүрдүүлэлтийг хангах зарим арга хэмжээний тухай" A/697 дугаар захирамжийг баталсан бөгөөд тус захирамжийн 1.4 дэх хэсэгт "нийслэлийн нутаг дэвсгэрт дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтаас бусад хэлбэрээр газар эзэмшиж, ашиглаж буй иргэн, хуулийн этгээд газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах, нэр шилжүүлэх, зориулалтыг өөрчлөх хүсэлт гаргасан тохиолдолд зохих журмын дагуу дуудлага худалдааны анхны үнийг нөхөн авч төсөвт төвлөрүүлэх, анхны үнийг нөхөн төлүүлсний үндсэн дээр холбогдох эрхийг баталгаажуулан ажиллахыг" Нийслэлийн газрын алба болон бусад газруудад үүрэг болгосон байна.

Сонсох ажиллагааны тухайд: Нэхэмжлэгч А.Хашноминд дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 13/724 дугаартай албан бичгээр газар эзэмших эрхийг гэрчилгээг хүчингүй болгох талаарх сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлсэн боловч нэхэмжлэгчийн зүгээс тухайн асуудлаар тайлбар, саналаа ирүүлээгүй бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасантай нийцсэн байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх заалтад заасны дагуу нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

6. Хариуцагч Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Чанагнянгар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн A/170 дугаар захирамжийг үндэслэн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 12453 метр квадрат газрыг аж ахуйн зориулалтаар эзэмших эрхийг олгосон байна. Гэвч тус иргэн нь тухайн газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил ашиглаагүй бөгөөд дуудлага худалдааны үнэ төлөөгүй нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйл 40.1.1 /эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн/, 40.1.6 /хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй/ заалтуудын үндэслэл бүрдсэн тул Захиргааны ерөнхий хуулийн дагуу 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 137724 дүгээр албан бичгээр 2021 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийг хүртэлх хугацаатай зөрчлөө арилгаагүй тохиолдолд газар эзэмших эрх хүчингүй болгох болсныг мэдэгдэн мэдэгдэл хүргүүлсэн бөгөөд уг мэдэгдлийг иргэн А.Хашномингийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ядамдорж хүлээн авсан. Тухайн иргэн дээрх хугацаанаас хойш манай албанд тайлбар санал гаргаагүй тул дүүргийн Засаг даргын 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн А/369 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийг хүчингүй болгосон болно гэжээ.  

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянаад нэхэмжлэгч А.Хашномингийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т газар эзэмших гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахаар, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, 40.1.6-д  хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан  ашиглаагүй бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор, цаашлаад хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1-д газар эзэмшигч нь газар эзэмших гэрээнд заасан нөхцөл болзлыг биелүүлэх үүрэгтэй байхаар, нэхэмжлэгчийн 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн газар эзэмших гэрээний 4.1, 4.5-д гэрээний нөхцөлийн дагуу газрыг эзэмших, газрын төлбөрийг хугацаанд нь төлөхөөр заажээ.

2. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д  эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй үндэслэлийн тухайд:

Газрын тухай хуульд заасны дагуу эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь, бүрэн төлөөгүй гэсэн хоёр урьдчилсан нөхцлийг шалгах шаардлагатай байна.

Нэхэмжлэгч газрын төлбөрөө төлсөн гэж маргаж, Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 13/3916 тоот албан бичгээр А.Хашномингийн газрын төлбөрийн тооцоо нийлсэн актыг ирүүлжээ.

Газрын тухай хууль болон газар эзэмших гэрээний үүргээ биелүүлээгүй, газрын төлбөрийг гэрээнд заасан графикт хугацаанд нь төлөөгүй буюу 2019 оны 6,666,506 төгрөгийн газрын төлбөр, 2020 оны 7,172,928 төгрөгийн газрын төлбөр, 2020 оны газрын төлбөрийн алданги нийт 506,422 төгрөг, 2021 оны 1 дүгээр улиралд 14,345,856 нийт 19,848,862 төгрөгийн газрын төлбөр болон алдангийг төлжээ. Тодруулбал нэхэмжлэгч нь газрын төлбөрөө бүрэн төлсөн хэдий ч хууль болон гэрээнд заасан хугацаанд төлөөгүй байна.

Нэхэмжлэгч Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэгт Газар эзэмшигч дараахь үүрэг хүлээнэ: 35.3.1-д Газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх, 35.3.3-т газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх; гэж тус тус заасныг зөрчсөн, дүүргийн газар зохион байгуулалтын албатай байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байгаа хэдий ч маргаан бүхий захиргааны акт гарахаас өмнө нэхэмжлэгч газрын үндсэн төлбөрөө бүрэн төлсөн байгааг дурдах нь зүйтэй.

3. Газрын дуудлага худалдааны анхны үнэ төлсөн эсэх тухайд:

Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно гэж заасны дагуу дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар олгох ёстой бөгөөд дуудлага худалдааны анхны үнэ төлүүлээгүй нь хариуцагч байгууллагын буруутай үйлдэл хэдий ч мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т Энэ хуулийн 33.1.2-т заасан шийдвэрийн дагуу газар эзэмших эрх авсан этгээд нь заасан хугацаанд газар эзэмших эрхийн гэрчилгээний үнийг төлөөгүй бол уг эрхийн гэрчилгээг дахин дуудлага худалдаанд оруулна гэж заасны дагуу нэхэмжлэгч нь дуудлага худалдааны анхны үнийг төлөх үүргийг хүлээнэ. Түүнчлэн маргаан бүхий акт нь дуудлага худалдааны анхны үнэ төлөөгүй үйл баримтыг үндэслэж гараагүйг дурдах нь зүйтэй байна.

4. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д  хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан  ашиглаагүй үндэслэлийн тухайд:

Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.41-д хүндэтгэн үзэх шалтгаан" гэж: 6.1.41.a эмнэлгийн өвчтөний гар картад бичигдсэн бөгөөд лаборатори болон багажийн шинжилгээгээр эмчлүүлэх шаардлагатай нь нотлогдож, эмч, эмнэлгийн байгууллагын гаргасан магадлагаагаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа; 6.1.41.б эмч, эмнэлгийн байгууллагын гаргасан магадлагаагаар энэ хуулийн 6.1.41.a-д заасны дагуу эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа өвчтөнийг асарсан; 6.1.41.в хуульд заасан эрх бүхий этгээдийн зарласан нийтийг хамарсан дайчилгаанд хамрагдсан; 6.1.41.г хуульд заасан эрх бүхий этгээдийн зарласан нийтийг хамарсан аюулт халдварт өвчний улмаас хорио цээр тогтоосон бүсэд хоригдсон; 6.1.41.д хуульд заасан эрх бүхий этгээдээс албан ёсоор зарласныг нотолсон галын болон байгалийн гэнэтийн аюул, эсхүл давагдашгүй хүчин зүйл /усны үер, ган, зуд, аюултай цасан болон шороон шуурга, газар хөдлөлт/ зэрэг шалтгааныг; хүндэтгэн үзэх шалтгаан болохыг хуульчилжээ.

Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаар тогтоолоор Газрын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарласан байх бөгөөд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан ... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ... гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно. Мөн зүйл, хэсэгт заасан  зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй/ байхыг ойлгоно гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаан гаргасан нэмэлт тайлбартаа ...Нэхэмжлэгч нь өөрийн эзэмшлийн газраа зориулалтын дагуу ашиглаагүй үндэслэлээ Америкийн Нэгдсэн Улсад 2016 оны 01 дүгээр сараас эхлэн суралцаж 2018 оны 09 дүгээр сард дипломоо гардан авсан. Энэ хугацаанд өөрийн эзэмшил газраа өөрийн төрсөн эх Л.Баясгаланд хариуцуулан үлдээсэн байсан боловч 2017 оны дундаас Л.Баясгалан нь хөхний хорт хавдраар өвчилж, 2017 оны 11 дүгээр сард Бүгд Найрамдах Хятад Ард Улсад хөхийг бүхэлд нь тайрч авах мэс засалд орсон бөгөөд 2018 оны туршид сард 3 удаа Америкийн Нэгдсэн Улсаас Бээжинд очиж хагалгааны дараах нөхөн сэргээх химийн эмчилгээ хийлгэж байсан. 2015 оноос Улиастайн гүүрнээс Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20,9 километр авто замыг шинэчлэн барих тухай Засгийн газрын тогтоол шийдвэр гарч, 2016 оноос төсөл, хөрөнгө оруулалтын асуудал хийгдэж явсаар 2018 оны хавар 4 сараас эхэлж, уг авто зам засвар, шинэчлэлийн ажилтай холбогдуулан нэхэмжлэгчийн хөрөнгө гарган барьсан хашааг буулгаж, нэхэмжлэгчийн эзэмшил газрын зарим хэсэг авто замын зорчих хэсэг болж, эзэмшлийн газарт түр шороон зам үүссэн. 2020 оны 01 дүгээр сараас Монгол Улсад Короновируст цар тахлын улмаас хатуу хөл хорионд орсноос шалтгаалж гэдийн засгийн хүнд байдалд орч газраа дахин хашаалж чадаагүй ч замын ажил хийгдсэн 2 жил зэрэг бүхий л хугацаанд газрын төлбөрөө төлсөөр ирсэн гэж тайлбарласан.

Гэвч 2016 оны 01 дүгээр сараас 2018 оны 09 дүгээр сар хүртэлх хугацаанд гадаад улсад суралцсан үндэслэл нь нэхэмжлэгчийн өөрийн хүсэл зоригоос хамаарсан тул Газрын тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.1.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаан гэдэгт хамаарахааргүй байна.

Тодруулбал Татварын ерөнхий хуулийн зорилт нь Монгол Улсад татвар бий болгох, тогтоох, татвар төлөгчийг бүртгэх, татвар ногдуулах, тайлагнах, төлөх, хянан шалгах, хураах, хөнгөлөх, чөлөөлөх, суутган тооцох, буцаан олгох эрх зүйн үндсийг тогтоож, Монголын Татварын алба /цаашид "Татварын алба" гэх/, татвар төлөгч болон энэ хуулийн дагуу татварын албаны өмнө үүрэг хүлээсэн бусад этгээдийн эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлон, тэдгээрийн хооронд үүсэх харилцааг зохицуулахаар зааж өгсөн байх тул уг хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.41-д заасан сургалтад хамрагдсан нь хүндэтгэн үзэх шалтгаан гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд Татварын ерөнхий хуулийн дээрх заалтыг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь ...газраа ашиглаагүй... заалтад хамааруулан хэрэглэх боломжгүй байна.

Харин 2017-2018 оны хооронд төрсөн эхээ асарсан нь Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.41.б-д заасан эмч, эмнэлгийн байгууллагын гаргасан магадлагаагаар энэ хуулийн 6.1.41.a-д заасны дагуу эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа өвчтөнийг асарсан хүндэтгэн үзэх шалтгаанд тооцогдоно.

Мөн Авто замын хөгжлийн газрын 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 2/7 тоот албан бичгээр ...1333106938 нэгж талбарын дугаар бүхий газар нь Улиастайн гүүрнээс Налайх-Чойрын уулзвар хүртэлх авто замын улаан шугам, Улиастайн гүүрнээс Налайх-Чойрын уулзвар хүртэлх түр замын трасст орсон байна гэсэн хариуг кадастрын зургийн хамт ирүүлснээс үзэхэд тус зам нь 2018-2019 онд бүрэн ашиглалтад орсон нь тогтоогдож байх тул дээрх хугацааг мөн хүндэтгэн үзэх шалтгаанд тооцож үзэх нь зүйтэй байна.

Харин 2015 оны 03 дугаар сараас буюу газар эзэмших эрх үүссэн үеэс 2017 оны 11 дүгээр сар хүртэл буюу төрсөн эхээ асрах хүртэл хугацаа, 2020 оноос хойш газар эзэмших эрхийг цуцлах хүртэлх хугацаа, Хил хамгаалах ерөнхий газрын 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2-4в/5013 тоот албан бичгээр нэхэмжлэгчийн 2016 оноос хойшхи улсын хилээр нэвтэрсэн тухай лавлагаанаас үзэхэд олон удаа хилээр орж, гарсан нь тогтоогдож байх тул тухайн газрыг дээрх хугацаанд эзэмшиж ашиглах боломжтой байсан гэж шүүх үзлээ.

5. Газраа зориулалтын дагуу ашигласан эсэх тухайд нэхэмжлэгчийн зүгээс тус маргаан бүхий газарт хашаа барьсан байсныг түр зам барихтай холбоотойгоор буулгасан гэж маргаж байгаа хэдий ч энэ үйл баримт нь хэрэгт авагдсан баримтууд буюу 2019 оноос 2021 он хүртэлх хугацаанд 2 жил дараалан ашиглаагүй нь Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 13/3935 тоот албан бичгээр ирүүлсэн 2015 оны 7 дугаар сараас 2021 оны 9 дүгээр сар хүртэлх сансрын зургаар, мөн шүүхээс 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хийсэн газрын үзлэгээр тогтоогдоогүй учир газар эзэмшүүлэх гэрээнд заасан зориулалтын дагуу ашигласан гэж үзэх үндэслэлгүй байна.

Маргаан бүхий газарт хашаа барьсан байсан гэх үйл баримт нотлох баримтуудаар тогтоогдохгүй байгаа боловч хашаа барьсан байсан гэх үндэслэлээр газрыг зориулалтын дагуу ашигласанд тооцох боломжгүйг дурдах нь зүйтэй.

 

6. Мэдэгдэх, сонсох ажиллагаа явуулсан эсэх тухайд:

 

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т ...Энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу түүнийг барьцаалсан этгээдэд мэдэгдэнэ гэж заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...Хариуцагч сөрөг нөлөөлөл бүхий шийдвэр гаргахдаа эрх ашиг сонирхол нь зөрчигдөж болзошгүй этгээдэд заавал сонсох ажиллагаа явуулж, тайлбар саналыг нь авах үүрэгтэй атал нэхэмжлэгчид мэдэгдээгүй гэж маргаж байгаа боловч Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 13/724 тоот мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр ...Тус газрын газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнэ-ийн төлбөрийг төлөөгүй байгаа тул 2021 оны 04 дүгээр 05-ны өдрийн дотор төлж барагдуулна уу. Дээрх хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд Газрын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох болсныг мэдэгдье гэжээ.

Тухайн маргаан бүхий акт гарах үед мэдэгдэх, сонсгох ажиллагаа явуулсан талаар баримт тогтоогдохгүй байх боловч дээр дурдсан газраа зориулалтын дагуу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр дараалан 2 жил ашиглаагүй, газрын төлбөрөө тогтоосон хугацаанд нь бүрэн төлөөгүй зэрэг үндэслэлүүдээс харахад сонсох ажиллагаа хийсэн ч газар эзэмших эрхийг цуцлах үр дагаврыг өөрчлөхгүй байсан нь хэрэгт авагдсан баримт, хариуцагчийн тайлбараар тогтоогдож байх тул зөвхөн мэдэгдэх сонсох ажиллагаа хийгээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүйг дурдах нь зүйтэй байна.

7. Мөн нэхэмжлэгчийн зүгээс ...Маргаан бухий газартай холбогдуулан Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны А/170 дугаар захирамжийг үндэслэн нэхэмжлэгчтэй 2 удаа гэрээ байгуулж, 2 удаа газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байдаг. Гэтэл Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн А/369 дүгээр захирамжаар нэхэмжлэгчийн дээрх газар эзэмших эрхийн аль гэрээнд үндэслэн, аль гэрчилгээг хүчингүй болгож буйгаа мөн тодорхой дурдаагүй болно гэж маргаж буй үндэслэлийн тухайд:

Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 13/4113 тоот албан бичгээр ...Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.9, 23.4.6 дах заалт /Газар эзэмших, ашиглах эрхийг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 28.1-д заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх/, 23.6 дах заалт /Аймаг, нийслэл, дүүргийн газрын алба, сумын газрын даамал нь газар эзэмших , ашиглах эрхийн гэрчилгээнд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 28.3-т заасан эрхийн улсын бүртгэлийн дугаарыг тэмдэглэнэ/-ууд нэмэлтээр орсон бөгөөд уг заалтын дагуу газар эзэмших эрхийг гэрчилгээг улсын бүртгэлд бүртгүүлж улсын бүртгэлийн газраас Э дугаартай шинэчилсэн гэрээ, гэрчилгээг олгосон бөгөөд өмнөх шийдвэр, хуулийн нөхцөл хэвээр байгаа болно гэх хариуг ирүүлснээс үзэхэд шинэчлэсэн гэрээний нөхцөл нь өмнөх гэрээний хуулийн нөхцөлийг хэвээр үлдээсэн байх тул аль гэрээнд үндэслэсэнд шүүх дүгнэлт өгөх шаардлагагүй бөгөөд нэхэмжлэгчийн гэрээний дагуу хүлээх үүргийн харилцаа үргэлжлэнэ .

8. Дээрх нөхцөл байдлуудыг дүгнэн үзвэл хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох хуулиар тогтоосон үндэслэл бүрдсэн гэж үзэж, өөрт олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд нэхэмжлэгч А.Хашномингийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байх бөгөөд маргаан бүхий Баянзүрх дүүргийн засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай А/369 дүгээр захирамжийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч А.Хашномингйн нэхэмжлэлийг нь бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хуульд нийцнэ гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан А.Хашномингоос Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан ...Баянзүрх дүүргийн засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай А/369 дүгээр захирамжийн А.Хашноминд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй. 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ц.ОДМАА