Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 2022/ДШМ/048

 

Н.*******д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Насанжаргал, В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Яллагдагч Н.*******, түүний өмгөөлөгч *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.Золцэцэг нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж хянан шийдвэрлэсэн шүүгчийн 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 2022/ШЗ/282 дугаар  захирамжийг эс зөвшөөрч прокурорын бичсэн эсэргүүцлээр Н.*******д холбогдох эрүүгийн 2214000000103 дугаар хэргийг 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, ******* овогт *******гийн *******,  улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгэлтэй, урьд Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 553 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, /регистрийн дугаар *******/

Н.******* нь 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутаг дэвсгэрт иргэн *******д өөрийн найз онлайнаар бараа захиалга авч Хятадаас явуулдаг гэж итгүүлэн бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, мөнгийг нь хамтран эзэмших эрхтэй Хаан банкны тоот дансаар 653,900 төгрөгийг шилжүүлэн авч бусдад 653,900 төгрөгийн хохирол учруулж, залилах гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн Прокурорын газраас Н.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид:

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэвэл шүүгдэгч Н.*******д холбогдох хэрэгт цугларсан болон шүүхээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудын хүрээнд шүүх эрх зүйн дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй дараах үндэслэл тогтоогдов. Үүнд:

шүүгдэгч Н.*******д холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар “Нотолбол зохих байдал”-ыг бүрэн гүйцэт эргэлзээгүй байдлаар тогтоож чадаагүй байна.

шүүгдэгч Н.******* нь Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 553 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжээр буюу 450.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэжээ.

Хэрэгт дээрх шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ял төлөгдсөн талаарх баримт буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэг материал хэрэгт огт авагдаагүй, шүүгдэгч Н.*******д авсан торгуулийн ял дуусгавар болсон эсэх нь тодорхойгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тогтоож чадаагүй гэж үзэх бөгөөд энэ нь цаашид шүүхийн шийдвэрт нөлөөлөх, нөлөөлж болохуйц нөхцөл байдал үүсгэж байх тул энэ талаар дахин мөрдөн шалгах ажиллагааг хийсний эцэст хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй тул хэргийг прокурорт буцааж  шийдвэрлэжээ.

Прокурор ******* 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 14 дүгээр эсэргүүцэлдээ:

Шүүгчийн захирамжийг 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар “Нотолбол зохих байдал” гэдэгт гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн санаа сэдэл, зорилго, гэм буруугийн хэлбэр, Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг тогтоосноор тухайн хэргийн нотолбол зохих байдал хангагдана гэж заасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал гэдэгт

1.1. тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн;

1.2. гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн;

1.3. бие махбодын, сэтгэл санааны албадлагын, эд хөрөнгийн, албан тушаалын, бусад байдлаар эрхшээлд орсны улмаас гэмт хэрэг үйлдсэн;

1.4. хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн;

1.5. өөрийгөө илчилсэн, бусдын үйлдсэн гэмт хэргийг илрүүлэх, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг олоход тусалсан;

1.6. нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэн;

1.7. байнгын хүчирхийлэл, дарамтад өртсөний улмаас өөрийгөө хамгаалах зорилгоор хохирогчид халдаж гэмт хэрэг үйлдсэн байхын бол хөнгөрүүлэх нөхцөл байдал гэж үзнэ гэж хуульчилсан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйл дугаар зүйлийн эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал гэдэгт:

1.1. бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовуурь үүсгэж онц харгис хэрцгий аргаар, тохуурхан доромжилж үйлдсэн;

1.2. энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн, эсхүл гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн;

1.3. нийтэд аюултай аргаар үйлдсэн;

1.4. өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор үйлдсэн;

1.5. албан үүргээ гүйцэтгэх, олон нийтийн үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хохирогч, түүний ойр дотны хүний эсрэг үйлдсэн;

1.6. хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж, эрхшээпдээ байгаа хүний эсрэг үйлдсэн;

1.7. онц байдал, гамшиг, аюулт үзэгдэл, нийтийн эмх замбараагүй байдлыг далимдуулан үйлдсэн;

1.8. гэм буруугаа хүлээж хохирлоо төлөх үүрэг хүлээсэн хүн шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй байхын бол эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал гэж үзнэ гэж хуульчилсан.

Шүүгдэгч Н.*******д торгуулийн ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолын ялын биелэлтийн талаарх баримт материал хэрэгт авагдаагүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тогтоож чадаагүй гэж дүгнэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан дээр дурдсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх 7 заалт, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх 8 заалтад дурдагдаагүй буюу заагаагүй байх бөгөөд энэ нь эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаан дээр шүүгдэгчид оногдуулах ялын тухай асуудлыг нэмж нэгтгэх тухай асуудал тул хэргийг мөрдөн байцаалтад буцаах үндэслэл болохгүй гэж үзэж байна.

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх бол” хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэнэ гэж заасан бөгөөд шүүгдэгчид оногдуулсан торгуулийн ял буюу шүүхийн шийтгэх тогтоолын ялын биелэлтийн баримт бичиг, ял шийтгүүлсэн этгээдийн хувийн байдалтай холбоотой баримт бичгийг заавал мөрдөн шалгах ажиллагааг хийж байж авах ажиллагаа биш шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжтой, шүүх хуралдааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдоос гарган өгөх боломжтой баримт бичиг гэж үзэж байгаа тул хэргийг дахин нэмэлт мөрдөн байцаалтад буцаах үндэслэлгүй гэж дүгнэж байна.

Мөн Эрүүгийн хуулинд эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх... зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино гэсэн Эрүүгийн хуулийн зорилго, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилтуудыг хангахгүй байна гэж үзэж байна.

Иймд шүүгчийн №2022/ШЗ/282 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

Прокурор  ******* тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Бичсэн эсэргүүцлээ дэмжин оролцоно.Шүүгчийн  захиармж үндэслэлгүй, хэргийг мөн шүүхэд буцааж, шийдвэрлүүлнэ үү гэв.

Яллагдагчийн өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

Үйлчлүүлэгчийнхээ эрх зүйн байдлыг дээрдүүлэх шаардлагаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, дахин  хэлэлцүүлнэ үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүхэд прокурор  *******гийн бичсэн эсэргүүцэлд  үндэслэн  хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт  тус тус заасан эрх хэмжээний хүрээнд  эсэргүүцэлд  дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу  авагдан анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан судлан үзвэл:

Баянхонгор аймгийн Прокурорын газраас  яллагдагч  Н.*******ыг 2021 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутаг дэвсгэрт иргэн *******д өөрийн найз онлайнаар бараа захиалга авч Хятадаас явуулдаг гэж итгүүлэн бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, мөнгийг нь хамтран эзэмших эрхтэй Хаан банкны тоот дансаар 653,900 төгрөгийг шилжүүлэн авч бусдад 653,900 төгрөгийн хохирол учруулсан,  гэмт хэргийн үйл баримтыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн, анхан шатны шүүх Н.******* нь  Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 553 дугаар шийтгэх тогтоолоор/ шүүгчийн захирамжид Баянхонгор гэж буруу бичсэн/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжээр буюу 450.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн  торгох ял төлөгдсөн талаарх баримт буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэг материал хэрэгт огт авагдаагүй, яллагдагч Н.*******д авсан торгуулийн ял дуусгавар болсон эсэх нь тодорхойгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тогтоож чадаагүй гэж үзэх бөгөөд энэ нь цаашид шүүхийн шийдвэрт нөлөөлөх, нөлөөлж болохуйц нөхцөл байдал үүсгэж байх тул энэ талаар дахин мөрдөн шалгах ажиллагааг хийсний эцэст хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй тул хэргийг прокурорт буцааж  шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, зөв байна.

Яллагдагч Н.******* нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 553 дугаар шийтгэх тогтоолоор бусдын гар утсыг хуурч залилан авч 350 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжээр буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,  торгох ялын 450 000 төгрөгийг шийтгэх тогтоол   хүчин төгөлдөр болмогц төлөхөөр тогтоосон, шийтгэх тогтоол хуулийн  хүчин төгөлдөр болоод 4 жил орчим болжээ. /  хавтаст хэргийн 85-86 дугаар тал /

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 286 дугаар албан бичигт “...гүйцэтгэх хуудсыг Шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн, хүн нь ирээгүй гэх шалтгаанаар гүйцэтгэх хуудсыг буцаан хүргүүлсэн...Н.******* нь дуудсан цагт ирээгүй, утаснууд нь холбогдох боломжгүй...мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч одоог хүртэл ирээгүй тул гүйцэтгэх хуудсыг Шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлээгүй болно” гэжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий  5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “ ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын  арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солино” гэж,  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 156 дугаар зүйлд заасан хорихоос өөр төрлийн ялыг хорих ялаар солих зохицуулалтуудын хүрээнд үүсэх үр дагаврын асуудлуудыг анхаарах   эсэхийг шийдвэрлэх шаардлага үүссэн  байна..

 Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид “...шүүгдэгч Н.*******д холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар “Нотолбол зохих байдал”-ыг бүрэн гүйцэт эргэлзээгүй байдлаар тогтоож чадаагүй ,

...шүүгдэгч Н.*******д авсан торгуулийн ял дуусгавар болсон эсэх нь тодорхойгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тогтоож чадаагүй гэж үзэх бөгөөд энэ нь цаашид шүүхийн шийдвэрт нөлөөлөх, нөлөөлж болохуйц нөхцөл байдал үүсгэж байх тул энэ талаар дахин мөрдөн шалгах ажиллагааг хийсний эцэст хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй...” гэх  дүгнэлт  нь  үндэслэлгүй буюу  Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.5, 6.6  дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудын зохицуулалтуудтай хамааралгүй, энэ талаар  Прокурорын эсэргүүцэлд бичсэн хэсэг үндэслэлтэй байна.

Харин Прокурорын “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх бол” хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэнэ гэж заасан бөгөөд шүүгдэгчид оногдуулсан торгуулийн ял буюу шүүхийн шийтгэх тогтоолын ялын биелэлтийн баримт бичиг, ял шийтгүүлсэн этгээдийн хувийн байдалтай холбоотой баримт бичгийг заавал мөрдөн шалгах ажиллагааг хийж байж авах ажиллагаа биш шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжтой, шүүх хуралдааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдоос гарган өгөх боломжтой баримт бичиг гэж үзэж байгаа тул хэргийг дахин нэмэлт мөрдөн байцаалтад буцаах  үндэслэлгүй...” гэх хэсгийг дээр дурдсан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэсэн болно.

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид  Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гэхийг Баянхонгор аймаг дахь  Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гэж, яллагдагч Н.*******ыг шүүхэд шилжүүлсэн шүүгчийн захирамжгүй атал шүүгдэгч Н.******* гэж,  шүүх хуралдааны тэмдэглэлд мөн адил бичигдсэн,  шүүгчийн захирамжийн удиртгал хэсэгт  Б.******* гэж тус тус бичсэн, шүүгчийн 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 260 дугаар захирамжаар урьдчилсан хэлэлцүүлгийн товыг 2022 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 10 цаг 00 минутад хийхээр тогтоосон байж шүүх хуралдааныг мөн өдрийн 14 цаг 30 минутад эхлүүлсэн зэрэг алдаануудыг   дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 2022/ШЗ/282 дугаар  захирамжийг хэвээр үлдээж, Прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд  нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ

                                                                            ШҮҮГЧ Н.НАСАНЖАРГАЛ

                                                                   В.ЦЭЦЭНБИЛЭГ