| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 102/2024/05080/И |
| Дугаар | 102/ШШ2024/03855 |
| Огноо | 2024-08-05 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 05 өдөр
Дугаар 102/ШШ2024/03855
2024 оны 08 сарын 05 өдөр Дугаар 102/ШШ2024/03855 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Богд-Ар Хатанбаатар Магсаржавын гудамжны 22-А дугаар байрны 200 тоотод байрлах Прогресскапитал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй
Нэхэмжлэлийн шаардлага: Хангал овогт Баясгалангийн Отгонтуяаг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянаад
Шүүх хуралдаанд оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Түмэнцас
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мартбаярын хүсэлтээр хэргийг эзгүйд хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Прогресскапитал ББСБ ХХК, Б.Отгонтуяаг эрэн сурвалжлуулах нэхэмжлэлийг гаргажээ.
2.Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлж байна. Үүнд:
3.Нэхэмжлэгч Прогресскапитал ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
3.1.Манай банк бус санхүүгийн байгууллагатай иргэн Б.Отгонтуяад 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 71-220103515 дугаартай Зээлийн гэрээ байгуулж, 2.299.900 төгрөгийг, сарын 3.3 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлсэн.
Зээлдэгч гэрээний үүргээ биелүүлэхгүй зөрчсөний улмаас шүүхэд хандахад Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШЗ2024/12531 дугаартай Шүүгчийн захирамжаар хариуцагч хаягтаа оршин суудаггүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Б.Отгонтуяаг эрэн сурвалжилж өгнө үү, гэжээ.
4.Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтууд:
5.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, Д.Мартбаярт олгосон итгэмжлэл, хариуцагчийн иргэний үнэмлэхний лавлагаа, 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 71-220103515 дугаартай зээлийн гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШЗ2024/12531 дугаартай Шүүгчийн захирамжийг өгчээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч Прогресскапитал ББСБ ХХК нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлээ хариуцагчийг зээлээ төлөхийг шаардахад хаягтаа оршин суудаггүй амьдардаггүй байгаа тул эрэн сурвалжлуулах хүсэлтийг гаргасан гэж тайлбарлав.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгохоор шаардах эрхтэй.
4.Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар дараахь үйл баримт тогтоогдож байна.
5.Нэхэмжлэгч Прогресскапитал ББСБ ХХК, хариуцагч Б.Отгонтуяад холбогдуулан 2.767.838 төгрөг 3 мөнгийг гаргуулах нэхэмжлэлийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байх бөгөөд шүүхээс нэхэмжлэлд дурдагдсан хаягаар ажиллагаа явуулахад хариуцагч хаягтаа оршин суудаггүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байна.
6.Иймээс иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Б.Отгонтуяа мөн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, зээлийн гэрээ, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШЗ2024/12531 дугаартай Шүүгчийн захирамж зэрэг бичгийн баримтаар тогтоогдож оршин суух хаяг тодорхойгүй, хаана амьдарч байгаа нь мэдэгдэхгүй байх тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.
7.УШ88121729 регистрийн дугаартай, Б.Отгонтуяа Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, Алтайн 9 дүгээр гудамжны 259-Б тоотод оршин суудаг, гар утасны дугаар 8960-0921, 8029-0201, 8943-1240 гэх мэдээлэлийг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст мэдэгдэх нь зүйтэй байна.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээхээр шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан Хангал овогт Баясгалангийн Отгонтуяаг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний эрх зүйн харилцаанд оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
4.Шийдвэрийг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Амартуяад даалгасугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА