| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 177/2017/0048/э |
| Дугаар | 45 |
| Огноо | 2017-06-15 |
| Зүйл хэсэг | 215.3., |
| Улсын яллагч | П.Удвал |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 45
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гансүх даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ё.Мөнхгэрэл,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор: П.Удвал,
Хохирогч: Ж.Оюунчимэг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Дамдинсүрэн,
Шүүгдэгч: Х.Бяруузана нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Зөөд овогт Хүүхээгийн Бяруузанад холбогдох 201720000107 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: 3өөд овогт Хүүхээгийн Бяруузана 1975 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Увс аймгийн Өлгий суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт Увс аймгийн Өлгий сумын Хулст нуур багт оршин суух, урьд ял шийтгэлгүй /РД:ОИ75072210/,
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: Х.Бяруузана нь 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Увс аймгийн Наранбулаг сумын нутаг “Хар чулуут” гэх газарт 74-96 УВА улсын дугаартай УАЗ-34514 загварын авто машин жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 21.1, 21.8 дахь заалтуудыг тус тус зөрчсөний улмаас уг автомашинд зорчиж явсан Д.Сарнай, Б.Сувд-Эрдэнэ нар нь авто машинаас унаж улмаар 1 нас 6 сартай Б.Сувд-Эрдэний амь насыг хохироосон гэх гэмт хэрэг үйлдсэн.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
6. Хохирогч Ж.Оюунчимэгийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Х.Бяруузана бол миний нөхөр байгаа юм. Бид гэр бүл болоод 21 жил болж байгаа бөгөөд энэ хугацаанд 3 хүүхэд төрүүлж өсгөсөн. Манайх 2017 оны 4 сарын 10-ны өглөө 9 цагийн орчим Наранбулаг сумын Уушгийн үзүүр гэх газраас Харчулуут гэх газар уруу нүүсэн юм. Тухайн үед манайхтай айл байсан Даваанямынх хамт нүүсэн. Бид хүн хүч цөөхөн байсан тул Даваанямын эхнэр бид хоёр хургатай хонь, сувай малаа тусад нь тууж явсан. Харин Давааням, Бяруузана нар өөрсдийн автомашин болон чиргүүлд тус тусын гэрээ ачаад түрүүлээд буух газарлуугаа явсан юм. Тэр үед Бяруузаны машинд Даваанямын охин Сарнай сууж өвөр дээр нь миний бага охин Сувд- Эрдэнэ сууж явсан юм. Сувд-Эрдэнэ 1 нас 6 сартай охин хүүхэд байсан юм.Үдээс хойш 14-15 цагийн орчим би мал туугаад явж байтал Бяруузана машинтай давхиж ирсэн. Би төл ачих гэж байгаа юм байх гэж бодож байтал машинаас манай нөхөр бууж ирээд яанаа гээд орилоод уйлаад байсан нөгөө хаалгаар Давааням миний охин Сувд-Эрдэнийг тэвэрчихсэн бууж ирсэн бөгөөд Сувд-Эрдэнэ хөдлөхгүй дуугарахгүй байсан. Би хүүхэд рүүгээ очих гэхэд Давааням намайг ойртуулахгүй байсан. Тэгж байгаад намайг гуйхад үзүүлсэн. ... Тэгээд Даваанямын эхнэр ирээд наад хүүхдээ эмнэлэгт авч очиж үзүүлээч гэсэн тул сэхээ орж машинд Давааням хүүхдийг тэвэрч суугаад Бяруузана машин жолоодоод би хажууд нь суугаад чиргүүлээ хээр орхиод Улаангомд ирж нэгдсэн эмнэлэгт үзүүлэхэд эмч нар үзээд тариа хийгээд нас барсан байна гэж хэлсэн. Биднийг Улаангом уруу хөдлөх гэж байхад Давааням надад машины хаалга онгойгоод хүүхэд уначихаж гэж гэж хэлсэн. Миний нөхөр үг дуу цөөтэй, төлөв даруу зантай, архи дарс уугаад байдаггүй, олон таван үг яриад байдаггүй, гол юмаа цэгцтэй цөөн үгээр хэлчихдэг, ар гэртээ халамж анхаарал сайн тавьдаг элэв муу зуршилгүй хүн байгаа юм. Би нөхөртэйгээ 21 жил хамт амьдарсан бөгөөд 3 хүүхэд төрүүлж өсгөсөн юм. Том нь 17 настай эмэгтэй, дараагийн хүүхэд 9 настай бөгөөд тэр 2 тухайн үед байгаагүй Улаангомд сургуульд сурч байсан, бага охин Сувд-Эрдэнэ 1 нас 6 сартай хүүхэд байсан бөгөөд нөхөр бид 2 түүнийг сүүлд төрсөн учир амь шигээ хайрлаж эрхлүүлдэг байсан юм. Ар гэрийн хувьд манайх 500 гаруй бог малтай, 3 морь, 9 үхэр тугалтай айл байгаа юм. Манайх мал маллаж, малын ашиг шимээр аж ахуйгаа зохицуулдаг айл байгаа юм. Уг явдал санамсар болгоомжгүй, золгүй байдлаас болсон тул надад нэмж хэлэх зүйл гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Нэгэнт золгүй явдал болоод үр хүүхэд маань эндсэн учраас дахиад нөхрөө шоронд явуулмааргүй байна. Ял шийтгэлгүй салгаж өгч бидний амьдралд туслалцаа үзүүлэхийг та бүхнээс хүсэж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27-р тал/,
7. Гэрч Х.Баярсайханы мөрдөн байцаалтад өгсөн: “2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 15 цаг орчимд манайд Халзаа буюу Давааням УАЗ-469 машинтай болон чиргүүлдээ гэрээ ачсан байдалтай манайхаас холгүй тэгширхэг газарт машинаа зогсоогоод өөрөө хоёр орчим насны хүүхэдтэйгээ гэрт орж ирсэн юм. Тэгээд цай ууж байтал Бийраа буюу Бяруузана шар өнгийн УАЗ 469 маркын автомашинтайгаа чиргүүлдээ гэрээ ачаад Даваанямын машин зөрөөд урд талд нь эргээд зогссон юм. Давааням Х.Бяруузанаагаас түрүүлээд манайхаас явж машинруугаа очсон юм. Х.Бяруузана манайд ирээгүй машиныхаа хажууд зогсож байсан юм. Би тэр хооронд ээжийн хамт ямаа хөхүүлээд явж байгаад хартал Бяруузаны машин зогсож байсан газраасаа эргээд цааш нь жаахан яваад зогссон байсан. Намайг хархад араас нь Давааням хөдлөөд машинтай нь зэрэгцэж очоод зогссон юм. Тэгсэнээ Давааням машины хаалгаа онгорхой орхисон чигтээ Бяруузаны машинд суугаад явчихсан. Даваанямын 2 хүүхэд манайхруу чиглээд алхаж байсан бөгөөд ээж очиж дагуулж ирэхэд том охин болох Сарнай уйлаад байсан учрыг нь асуухад сая машинаас унасан. Миний тэвэрч байсан хүүхэд бас унасан, чихнээс нь цус гарч байсан гэж хэлсэн юм гэх ”гэх мэдүүлэг / хх-ийн 30-р тал /,
8. Гэрч Н.Даваанямын мөрдөн байцаалтад өгсөн: “Би өнөөдөр 10,00 цагийн орчимд Наранбулаг сумын Цорго гэх газраас өөрийн гэрийг болон саахалт байсан Х.Бяруузаны гэрийг нүүлгэхээр хөдөлсөн юм. Тухайн үед би өөрийнхөө 79-45 УВА улсын дугаартай саарал өнгийн УА3-469 маркийн машинтай, Х.Бяруузана өөрийнхөө эзэмшлийн шарга өнгийн УАЗ-469 маркийн машинтай гэрээ болон гэрийнхнээ ачаад хөдөлсөн юм. Бид буух газар аа сонгож Наранбулаг сумын нутаг Хар чулуут гэх газарт очиж зогсоод буйр сонгоод Бяруузана түрүүлж миний машины урд зогсож байгаад хөдөлсөн юм. Тэгснээ тэр дороо зогсоод Бяруузана машинаасаа буухаар нь би машинаасаа буугаад очиход машины арын дугуйны ар талд Бяруузаны 2 хүүхэд уначихсан байсан бөгөөд бага хүүхэд нь болох 1 ой 6 сартай нярай нь ухаангүй чих амнаас цус гарсан байдалтай байсан юм. Машин хөдлөх үед Бяруузана машин жолоодож хажуу талын суудалд 6 настай хүүхэд нь 1 ой 6 сартай хүүхдийг тэврээд сууж байсан юм. Машин дөнгөж зөөлөн хөдөлтөл машины хаалга онгойж 2 хүүхэд давхар унасан гэж хэлж байсан. Тухайн үед нярай хүүхдийг би тэвэрсэн бөгөөд уртаар санаа алдаж байгаа юм шиг эхэрч дуугарч байсан юм. Бяруузана уйлаад машин мөргөөд байсан юм. Тэндээсээ эхнэрийг нь аваад Бяруузаны машинаар эмнэлэгт хүргэсэн юм. Миний эхнэр болон Бяруузаны эхнэр мал тууж явсан. Миний машинд 2 ой хүрч байгаа хүүхэд ганцаараа суусан арын суудалд болон чиргүүлд гэр ачсан байсан. Бяруузаны машины урд суудалд 2 хүүхэд сууж том нь нярай хүүхдийг тэвэрсэн явсан юм. Арынхаа суудалд гэр ачсан чиргүүлдээ бас гэр ачсан байсан. Өөр хүн байгаагүй юм. Бусад хүмүүс мал тууж явсан юм. Бяруузана бид хоёр эрүүл байсан. Нүүхээр машинд суух үед тэдний хүүхдүүд эрүүл гэмтсэн зйүлгүй байсан. Машинаас унаснаас болж нярай хүүхэд эндсэн, 6 настай хүүхэд нь гэмтсэн шинжгүй босож зогсож байсан. Ил харагдах гэмтэл ажиглагдаагүй” гэх мэдүүлэг / хх-ийн 31-32-р тал /,
9. Гэрч Т.Оюунбатын мөрдөн байцаалтад өгсөн: “Би болсон явдлын талаар тэр өдөр охиныхоо өрлөг авч байх үедээ мэдсэн юм. Тэр оройгоо Улаангомд ирж тэр хүмүүстэй уулзаж болсон явдлын талаар мэдсэн юм. Бяруузана тухайн үед маш их уйлсан, шоконд орж сандарсан сэтгэлээр унасан байсан. Болсон явдлын талаар ярихдаа нүүж явсан бөгөөд урд суудалд бага охиноо 5 настай хүүхдийн өвөр дээр суулгаад явж байтал машины хаалга онгойж хоёр хүүхэд хамтдаа унасан тэгээд бууж охиноо хараад цочирдсон тул түүнээс хойш юу болсныг санахгүй байна. Нэг мэдэхэд эмнэлэгт ирсэн байсан гэж хэлсэн. Х.Бяруузана нь хувийн зан байдлын хувьд даруу төлөв, үг дуу цөөтэй, үнэнч шудрага, архи хэрэглэдэггүй, тамхи татдаг, мал маллаж амьдрал аа залгуулдаг тул малын бэлчээр дагаж байнга нүүдэллэж амьдардаг, малын ашиг шимээр амьдрал аа залгуулдаг. Илүү дутуу муу зуршил байхгүй, урьд өмнө нь хэрэг зөрчилд холбогдож байгаагүй. Хувьдаа 500 гаруй малтай, шар өнгийн УАЗ- 469 маркийн чиргүүлтэй машинтай, түүгээрээ нүүдэл суудал хийхдээ гэр орон оо ачиж явдаг юм. Машин техникт нямбай ханддаг, засвар үйлчилгээ сайн хийдэг тул машин нь ямар нэгэн эвдрэл, доголдол байхгүй цэмбэгэр машин байдаг юм. Надад өөр нэмж хэлэх зүйлгүй” гэх мэдүүлэг / хх-ийн 36-р тал /,
10. Гэрч Д.Түмэнбаярын мөрдөн байцаалтад өгсөн: “Х.Бяруузана нь миний аавын дүү буюу миний авга ах байгаа юм. Бяруузаныг бага байхаасаа мэднэ. Бяруузана нь эхнэр хүүхдүүдийн хамт хөдөө мал маллаж амьдардаг. Хувь хүний хувьд уян сэтгэлтэй тайван зан араншинтай, илүү дутуу шалчигнасан зан байхгүй. Шудрага зан араншинтай малч хичээнгүй, хүнд тусархуу зантай, ар гэртээ халамжтай, ах дүү нартай түшигтэй, нэр төр удам судар аа их хичээж хүндэлж явдаг. Ах дүү нараасаа бага нь байгаа юм. Мөн ядарсан хүн ирж тусламж гуйхад чадах хэрээрээ тус дэм үзүүлдэг хүн чанар сэтгэл сайтай, нутаг усны хүмүүсийн дунд нэр хүнд сайтай Бяраа гэхээр нутаг усных нь андахгүй. Ар гэрийн амьдралын хувьд 500 орчим малтай, хувьдаа УАЗ-469 маркийн машинтай, дутагдах гачигдах зүйл байхгүй. Малын ашиг шимээр амьдралаа залгуулдаг, жилийн дөрвөн улиралд малын бэлчээр дагаж нүүж явдаг, нэг бууриндаа удсан үедээ 1 сар орчим л болдог хүн байгаа юм. Талийгаач хүүхэд хамгийн бага нь бөгөөд 3 хүүхэдтэй байсан хоорондоо 8 жилийн зайтай төрсөн хүүхдүүд бөгөөд талийгаач хүүхдэд оройтож төрсөн 1 ой 6 сартай хүүхэд бөгөөд Бяруузана ахын амьд бурхан байсан. Талийгаач хүүхдийг манай буурал өвөөгийн хойд дүрээр дахин төрсөн гэж үзэж амь шигээ хайрладаг бидэнд тэгж ярьдаг байсан юм. Уг хүүхэд нь сэргэлэн цовоо хүүхэд байсан юм. Бяруузанад элдэв муу зуршил байхгүй, урьд өмнө нь хэрэг зөрчилд холбогдож байгаагүй, архи дарс уугаад байдаггүй, тамхи татдаг хүн байгаа юм” гэх мэдүүлэг / хх-ийн 37-р тал /,
11. Шинжээч Ц.Бямбажаргалын мөрдөн байцаалтад өгсөн: “Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1-р зүйлийн 1.4-д зам болон замын хөдөлгөөний талаар тодорхойлсон байдаг. Үүнд: Зам гэдэгт "Тээврийн хэрэгслээр зорчиход зориулсан зурвас газар, зорчих хэсэг болон түүний хажуугийн хөвөө, таримал зүлэг, явган хүний зам, тусгаарлах зурвас замд хамаарна" гэж заасан. Гэтэл осол болсон гэх газарт тээврийн хэрэгсэл явахад зориулсан зурвас газар байхгүй байсан. Мөн замын хөдөлгөөн гэж "Нийтийн хэрэгцээний зам дээрх явганаар болон тээврийн хэрэгслээр хүн ба ачаа шилжих үйл явц, ажиллагаа" гэж тодорхойлсон байдаг. Ийм учраас замын хөдөлгөөнд оролцсон гэж үзэх боломжгүй. Харин жолооч Х.Бяруузана нь замын хөдөлгөөнд оролцоогүй боловч тээврийн хэрэгслийг жолоодож тээврийн хэрэгслийг ашигласан гэж үзэж дүгнэлтийг гаргасан. Жолооч Х.Бяруузана нь замын хөдөлгөөний дүрмийн 21.1-д заасан заалт буюу "жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зорчигчдыг тээвэрлэхэд шаардагдах аюулгүй байдлыг хангагдсан эсэхийг шалгаж үзсэн байвал зохино" гэж заасан. Хэрэв зориулалтын нэмэгдэл суудал, бэхэлгээ хийсэн байсан бол хаалга онгойсон ч гэсэн хүүхэд унаж осол гарахгүй байх боломжтой байсан. Мөн дүрмийн 21.8-д хүн тээвэрлэхийг хориглосон заалт байдаг. Үүнд "3 хүртэл насны хүүхдийг зориулалтын нэмэлт суудал бэхэлгээ хийхгүйгээр тээвэрлэхийг хориглодог". Харгалзах хүн байхгүй гэж үзсэн. Хэдийгээр талийгаач хүүхдийг 5 настай хүүхдийн өвөр дээр суулгаж явсан боловч 5 настай хүүхдийг харгалзах хүн гэж үзэхгүй 5 настай хүүхэд нь эрх зүйн чадамжгүй юм. Мөн автомашины хаалга болон түгжээг бүрэн ажиллагаатай эсэхийг тогтоох боломжгүй байсан. Учир нь ОХУ-д үйлдвэрлэсэн ялангуяа УАЗ-34514 маркийн автомашинууд нь элэгдэл хорогдлоос шалтгаалж хэдийгээр хаалга цоожтой байсан боловч хөдөлгөөн эхлэх, донслох үед хаалга өөрөө онгойх тохиолдол түгээмэл гардаг юм. Осол гарахад хүргэсэн шууд шалтгаан нөхцөлд замын хөдөлгөөний дүрмийн 21.1-д заасан заалт буюу жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зорчигчдыг тээвэрлэхэд шаардагдах аюулгүй байдлыг хангагдсан эсэхийг шалгаж үзсэн байвал зохино гэж заасан. Энэ заалтыг жолооч Х.Бяруузана зөрчсөнөөс осол гаргасан байна. Жолооч нь Замын хөдөлгөөний дүрмийн 2-р хавсралтанд доорхи эвдрэл гэмтэл байвал тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглоно гэж заасан байдаг. Жнь: 6.4-д хаалга, тэвшний цоож түгжээ эвдэрсэн, гүйцэт хаагдаж нээгдэхгүй болсон ...г.м заалтууд байдаг юм” гэх мэдүүлэг / хх-ийн 38-р тал /,
12. Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 17/19 дугаартай шинжээчийн: “ Шинжилгээнд хүргүүсэн талийгаач Б.Сувд-Эрдэнэний нас барах үед өмсөж байсан цэнхэр өнгийн дээлний урд энгэр болон баруун мөрний хэсэгт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байна. Харин бусад хувцаснууд дээр ач холбогдол өгөх бохирлогдсон зүйл байхгүй байна. Шинжилгээнд хүргүүлсэн хувцаснуудад ямар нэгэн урагдалт, цооролт, зүсэлт, тасралт, ханзралт байхгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн хувцаснууд дээр авто машины явагч хэсгийн ул мөр байхгүй байна” гэх дүгнэлт / хх-ийн 41-43-р тал/,
13. Увс Финанс-Аудит" ХХК-ийн 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн 170 дугаартай “Автомашин үнэлсэн тухай” дүгнэлт /хх-ийн 48 тал/,
14. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 16 дугаартай шинжээчийн “Талийгаач Б.Сувд-Эрдэний биед гэмтэл учирсан байна. Баруун чамархай, зулай яс, суурь ясны хугарал, духны баруун хэсгийн заадас салалт, их тархины баруун тал бөмбөлөгийн чамархай,зулай дагз хэсгийн тархины эдийн няцрал, зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт, хуйханд доор, дух, баруун чихний дээд хэсэгт цус хуралт, дух зүүн хацарт зулгаралт гэмтэл үүссэн байна. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаач Б.Сувд-Эрдэнэ дээрх гавал тархины гэмтэлүүдийн улмаас амьсгал зүрх судасны хурц дутагдлаар нас барсан байна. Талийгаач Б.Сувд-Эрдэний биед үхэлд нөлөөлөх архаг хууч өвчин тогтоогдоогүй. Талийгаач Б.Сувд-Эрдэнэ нь О I бүлгийн цустай байна” гэх дүгнэлт / хх-ийн 53-54 тал/,
15. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 194 дугаартай шинжээчийн “Иргэн Д.Сарнайгийн биед гэмтэл тогтоогдсонгүй”гэх дүгнэлт / хх-ийн 59-р тал/,
16. Увс аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 3 дугаартай шинжээчийн: “Осол болсон гэх газар нь нийтийн хэрэгцээний замд харьяалагдахгүй. Хүүхээ овогтой Бяруузана нь В ангилалын 517403 дугаарын жолодох эрхийн үнэмлэхтэй. Замын хөдөлгөөний дүрмийн 1.4-д “замын хөдөлгөөн” гэж нийтийн хэрэгцээний зам дээрх явганаар болон тээврийн хэрэгслээр хүн ба ачаа шилжих үйл ажиллагаа гэж заасан. Жолооч Х.Бяруузана нь Замын хөдөлгөөний дүрэмд заасан замын хөдөлгөөнд оролцоогүй боловч тээврийн хэрэгслийн ашиглалтын журам зөрчсөн байна. Замын хөдөлгөөний дүрмийн 21.1 дэх заалт “Зорчигчыг хүн тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслээр тээвэрлэнэ. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зорчигчдыг тээвэрлэхэд шаардагдах аюулгүй байдлыг хангасан эсэхийг шалгаж үзсэн байвал зохино”, 21.8-дахь заалт. Хүн тээвэрлэхийг хориглосон тохиолдол “е/ 3 хүртэл насны хүүхдийг/ харгалзах хүнгүй тохиолдолд/ зориулалтын нэмэгдэл суудал, бэхэлгээ хийлгүйгээр” Зорчигч Б.Сувд-Эрдэнэ нас барсан үйлдэл нь жолооч Х.Бяруузана автомашины хаалга, цоожны бүрэн бүтэн байдал, аюулгүй байдлыг хангагдсан эсэхийг шалгаж үзээгүй нь нөлөөлсөн. Авто машинд эвдрэл гэмтэл тогтоодоогүй. Жолооч дээр дурьдсан замын хөдөлгөөний дүрмийн заалтыг биелүүлээгүй нь осол гарахад шууд нөлөөлсөн” гэх дүгнэлт / хх-ийн 66-67-р тал /,
17. Увс аймгийн Цагдаагийн газрын 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн шүүгдэгч Х.Бяруузанааг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгасан магадлагаа / хх-ийн 82-р тал /,
18. Шүүгдэгчийн хувийн байдал тогтоосон баримтууд / хх-ийн 83-100, 103-108-р тал /,
19. Шүүгдэгч Х.Бяруузана-г урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа / хх-ийн 101-р тал /,
20. Шүүгдэгч Х.Бяруузанагийн мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 2017 оны 04 сарын 10-ны өдөр манайх Наранбулаг сумын нутаг “Оошгийн үзүүр” гэх газраас “Хар чулуут” гэх газар луу өглөө 09:00 цаг орчимд хамт байсан айл болох Даваанямынхтай хамт нүүсэн юм. Тухайн үед би гэрээ өөрийнхөө эзэмшлийн 74-96 УВА услын дугаартай УАЗ-469 маркийн машины арын суудлыг авч мөн чиргүүл дээрээ хувааж ачаад эхнэр маань бог малаа туугаад морьтой явсан тжл бага охин болох 1 нас 6 сартай Сувд-Эрдэнийг Даваанямын 5 настай охин Сарнайд тэврүүлж машины урд суудалд суулгаж явсан юм. Давааням надтай адил өнгийн УАЗ-469 машин болон чиргүүлдээ гэрээ ачиж хажуудаа 2 настай хүүхдээ суулгаж явсан юм. Даваанямын эхнэр бас мал хариулж явсан. Би Харчулуут гэх газарт 15:00 цагийн орчимд түрүүлж очоод зогсож утсаар ярих шаардлага гарсан тул хоёр хүүхэдтэй хамт ойролцоо байсан толгой дээр гарч утсаар яриад ирж байхад Давааням хүрч ирээд миний машин дээр зогссон оо цааш хөдөлж уулын аманд байсан айлруу ойртож очиж зогссон юм. Би машиндаа хүрч ирээд Сарнайг суулгаад өвөр дээр нь Сувд-Эрдэнийг суулгаж тэврүүлээд кабины хаалгыг би өөрөө хааж өгөөд машинтайгаа Даваанямын машин дээр ирж хажуугаар нь зүүн гар тийш хагас эргэж уулруу тонгойж зогссон юм. Намайг машинаас бууж ирэхэд Давааням машин дээрээ ирчихсэн байсан бөгөөд хаана буух тухай товчхон яриад урд талын хар толгойн өвөрт буухаар болж би түрүүлж машиндаа суухад 2 хүүхэд суудал дээрээ сууж байсан юм. Би машинаа асааж зүүн гар тийш эргэж хөдөлтөл машины баруун урд хаалга савж онгойгоод хоёр хүүхэд давхартаа унасан. Би тоормоз дарж зогсоод машинаа унтрааж араанд хйиж орхиод машины зүүн чиргүүлийн араар тойрч гарч иртэл Сарнай босоод зогсчихсон миний охин Сувд-Эрдэнэ машины баруун ард дугуйны харалдаа гадна талд 70 орчим см зайд дээшээ хараад толгойн баруун урд зүгрүү чиглэж хөл нь чиргүүл рүү чиглэсэн байдалтай хэвтэж байсан юм. Түүний нүүр нь цайгаад сонин болчихсон байсан тул цочоод миний хайран хүүхэд гэж нэг хашгирсан аа санаж байна. Цааш нь юу санахгүй байна. Би их цочирдож шоконд орсон байсан. Давааням миний хүүхдийг тэвэрчихсэн байсан. Тэндээсээ хүүхдээ аваад мал тууж байсан эхнэр дээрээ очиж болсон явдлыг хэлээд эхнэрээ болон Даваанямыг суулгаж машинтайгаа Улаангом сум орж ирж эмнэлэгт үзүүлэхэд нас барсан байна гэж хэлсэн юм. Наранбулаг сумын Алдар багийн унтаг хар чулуут гэдэг газарт өдрийн 15:00 цаг орчимд уг явдал болсон. Намайг уг явдал болохын өмнө толгой дээр гарч утсаар ярихдаа цаг харахад 14:38 минут болж байсан юм. Тухайн үед цаг агаар хэвийн нартай, салхи шуурга болоогүй тогтуун өдөр байсан бөгөөд үзэгдэх орчин чөлөөтэй байсан. Осол болсон газарт цасгүй шороотой хайрган хөрстэй хатуу хөрстэй газар байсан юм. Машиныг би өөрөө жолоодож явсан. Би эрүүл байсан юм. Миний машины жолооч талын хаалга донсолгоонд хааяа онгойчихдог боловч бусад хаалганууд өөрөө онгойно гэж байдаггүй, заавал түгжээ ручка дарж онгойдог юм. Хамгийн сүүлд би утсаар ярьж ирээд өөрөө хаалгыг хааж өгсөн. Сүүлд буух газар аа Даваанямтай зөвлөөд орж ирэх хугацаанд хүүхдүүд машинаас буугаагүй. Би тэр үед хөдлөхдөө хүүхдүүд сууж байсан талын хаалгыг шалгаагүй. Надад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх байгаа. Би 2008 БМ авто дамжаа төгсгөж В ангилалын жолоодох эрхийн үнэмлэх авсан юм. Би ачаа тээвэрлэх журмын талаар мэднэ. Уг автомашин миний өөрийн автомашин бөгөөд одоогоос 10 жилийн өмнө 7.5 сая төгрөгөөр худалдан авсан юм. Миний буруугаас болж л ийм хэрэг гарсан. Ийм гэмт хэрэг үйлдсэндээ маш их харамсаж, гэмшиж байна. Надад хөнгөн шйитгэл оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтууд болно.
Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг үнэлэн дүгнэхэд: Шүүгдэгч Зөөд овогт Хүүхээгийн Бяруузана нь 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Увс аймгийн Наранбулаг сумын нутаг “Хар чулуут” гэх газарт 74-96 УВА улсын дугаартай УАЗ-34514 загварын авто машин жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 21.1, 21.8 дахь заалтуудыг тус тус зөрчсөний улмаас уг автомашинд зорчиж явсан 1 нас 6 сартай Б.Сувд-Эрдэнэ авто машинаас унаж улмаар амь нас нь хохирсон гэмт хэрэг үйлдсэн болох нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйл хураан авах тогтоол, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч Ж.Оюунчимэг, гэрч Х.Баярсайхан, Н.Давааням, Т.Оюунбат, Д.Түмэнбаяр, шинжээч Ц.Бямбажаргал нарын мэдүүлэг, Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 17/19 дугаартай шинжээчийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 16 дугаартай шинжээчийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 194 дугаартай шинжээчийн дүгнэлт, Увс аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 3 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Х.Бяруузана нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөнөөс хохирогч Б.Сувд-Эрдэний амь нас хохирсон нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-д зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.
Амь хохирогч нь шүүгдэгч Х.Бяруузаны төрсөн хүүхэд бөгөөд хохирогчоор түүний эхнэр Ж.Оюунчимэг тогтоогдож, шүүх хуралдаанд оролцохдоо нэхэмжлэх хохирол төлбөр байхгүй гэсэн тул шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж үзнэ.
Шүүгдэгч Х.Бяруузана нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.
Шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй тул шүүгдэгч Х.Бяруузаны өмчлөлийн 7496 УВА улсын дугаартай УАЗ 34514 загварын автомашин битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.
Шүүгдэгч Х.Бяруузанад ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг тус тус харгалзан үзээд түүнд хорих ял оногдуулж биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэн хянан харгалзах боломжтой гэж дүгнэв.
Шүүгдэгч Х.Бяруузанад оногдуулсан ялыг тэнсэж, хянан харгалзсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолох нь зүйтэй.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 284 дүгээр зүйлийн 284.1, 286 дугаар зүйлийн 286.1, 294-296 дугаар зүйл, 297 дугаар зүйлийн 297.1-297.5 дахь хэсэг, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Зөөд овогт Хүүхээгийн Бяруузаныг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчиж бусдын амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бяруузанад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилээр хасаж, 3 /гурав/ жил 6 /зургаа/ сар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Х.Бяруузанад оногдуулсан 3 жил 6 сар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч Х.Бяруузана нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүйг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар шүүгдэгч Х.Бяруузаны эд хөрөнгө болох УАЗ 34514 загварын 7496 УВА улсын дагууртай авто машин битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгосугай.
6. Шүүгдэгч Х.Бяруузаны тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 517403 дугаартай үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Увс аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Чойномд үүрэг болгосугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д заасныг баримтлан шүүгдэгч Х.Бяруузанад оногдуулсан 3 жил 6 сар хорих ялыг тэнсэж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзах хугацаа тогтоож, тэнсэгдсэн ялтанд хяналт тавьж ажиллахыг Увс аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д зааснаар шүүгдэгч Х.Бяруузанад өмнө авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар энэ шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах ба улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГАНСҮХ