Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 809

 

 

 

 

 

 

 

 

 

Э.А-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Ч.Цэнд, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 182/ШШ2020/00356 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Э.А-гийн хариуцагч Э- ОНӨААТҮГ-т холбогдуулан урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгуулах, 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацааны авах ёстой цалинд 5 250 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Г шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч Э.А-гаас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас гаргасан тайлбартаа: Э.А- нь 2017 оны 02 дугаар сарын 10-наас эхлэн тус газарт дотоод ажил хариуцсан мэргэжилтнээр ажилласан бөгөөд 2018 оны 04 дүгээр сард жирэмсний амралтаа авсан. Ингээд хүүхэд харах хүнтэй учраас 2018 оны 11 дүгээр сараас ажилдаа орох хүсэлтийг байгууллагадаа гаргасан. Энэ үед байгууллагын дарга нь орон тоо байхгүй гэсэн шалтгаан хэлж Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2.-т заасныг зөрчиж өөр хүнийг ажиллуулсан байсан. Ингээд 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Б/15 тоот тушаал гаргаж Э.А-г ажилд нь томилсон ба 06 дугаар сарын 10-ны өдрийн  Б/17 тоот тушаалаар олон нийт, гадаад харилцаа хариуцсан мэргэжилтнээр томилсон байдаг. Ингээд ажиллаж байгаад 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс астма өвчин нь хүндэрч эмчид үзүүлэн өвчтэй байсан бөгөөд 09 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл эмчлүүлэх шаардлагатай болж эмнэлгийн магадлагаа, эмнэлгийн хуудсыг нөхөр Х.Ганбатаар байгууллагадаа хүргүүлсэн. Гэтэл 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр шалтгаангүйгээр ажил тасалсан гээд өвчтэй байх хугацаанд нь 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр ажлаас нь халсан байна. Бид энэ талаар дээд шатны албан тушаалтан болох Нийслэлийн Засаг дарга, өргөдлийн байнгын хороонд гомдол гаргасан боловч шүүхээр шийдвэрлүүл гэсэн хариуг өгсөн. Ингээд бид нийтдээ 3 удаа нэхэмжлэлээ шүүхэд гаргасан бөгөөд 2 удаа хүлээн авахаас татгалзсан. Хамгийн сүүлд 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэлээ гаргаснаар иргэний хэрэг үүсгэн шалгасан. Одоо нэхэмжлэгч Э.А- нь урьд эрхэлж байсан олон нийт гадаад харилцаа хариуцсан мэргэжилтний ажилдаа эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан 2019 оны 09 дүгээр сарын 17-ноос шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалинг тооцон гаргуулах, мөн нийгмийн даатгалын дэвтэрт шимтгэлийг нөхөн бичиж баталгаажуулах, 2018 оны 11 дүгээр сарын 07-ноос ажилд томилсон 2019 оны 06 дугаар сарын 05-ныг хүртэл 7 сарын аваагүй цалинд 5 750 000 төгрөг нэхэмжилж байна. Э.А-г ажлаас халсан тулаашл нь хууль зүйн үндэслэлгүй болсон, тушаалдаа ажлаас чөлөөлсөн үндэслэлээ заагаагүй. Дотоод ажил хариуцсан мэргэжилтний ажлаас олон нийт гадаад харилцаа хариуцсан мэргэжилтний ажилд томилохдоо хэдийгээр цалин ижил ч өөрөөс нь саналыг нь асуугаагүй шууд томилсон, шинээр хөдөлмөрийн гэрээ ч байгуулаагүй. Хэрэгт байгаа хөдөлмөрийн гэрээ нь шинээр томилогдсон ажилтай нь хамааралгүй байна. Хөдөлмөрийн гэрээ байхгүй, ажлын байрны тодорхойлолт ч байхгүй үед ажилтныг ажиллах нөхцөл боломжоор хангаагүй, ноцтой зөрчил гаргасан гэсэн нь үндэслэлгүй байна. Эрүүл мэндийн хувьд эмчийн магадлагаатай байхад ажлаас халсан нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн учраас тушаал буруу болсон гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь 5 750 000 төгрөгийг 7 сарын хугацааны аваагүй цалин гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж, Хөдөлмөрийн тухай хуулийг үндэслэн нэхэмжилж байгаа. Иймд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч байгууллагаас шүүхэд гаргасан болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энх-Амгалангаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.А- нь хүүхэд асрах чөлөөтэй байж байгаад 2018 оны 11 дүгээр сарын 07-нд ажилдаа орох хүсэлтээ гаргасан юм. Гэвч тухайн үед өөрийнх нь гүйцэтгэж байсан ажилд байгууллагын өмнөх даргын тушаалаар А.Анхзаяаг жинхэнэ ажилтнаар томилсон байсан хүндрэл гарсан тул Э.А-г ажилд нь шууд томилох боломжгүй байсан юм. Нэхэмжлэгч 7 сарын хугацааны авах ёстой байсан цалинд 5 750 000 төгрөгийг 2019 оны 09 дүгээр сарын 17-нд нэхэмжилсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.-д заасан хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн тул үндэслэлгүй байна. Э.А- нь нялх хүүхэдтэй гэдгийг байгууллага ойлгож мэдэж, түүнд хүлээцтэй хандаж байсан. Э.А- нь 2019 оны 06 дугаар сард 77 минут, 07 дугаар сард 238 минут, 08 дугаар сард 618 минут ажлаас хоцорч ажлын цагийг тасалсан байгаа нь цаг бүртгэлийн төхөөрөмжийн бүртгэлээр нотлогдож байгаа. Энэ талаар удирдлагаас өөрт нь сануулж, 2019 оны 08 дугаар сард олгох цалингаас нь дотоод журмын дагуу хасч тооцон цалинг нь олгосон байдаг. Ингээд 2019 оны 09 дүгээр сарын 07-ныг хүртэл ажлын 5 өдөрт л гэхэд 75 минут мөн л хоцорсон бүртгэлтэй байсан. Мөн өдөр нь хагас сайн өдөр байсан боловч Засгийн газрын тогтоолоор ажлын өдөрт шилжүүлсэн байсан. Бүх ажилчид өглөө ажилдаа ирсэн, Э.А- ч ирж цагаа бүртгүүлсэн атлаа тус өдөр ажлын байран дээрээ байгаагүй, ажлаа огт хийгээгүй гараад явсан нь нэг өрөөнд хамт ажилладаг гэрч А.Анхзаяа, А.Гантулга нарын мэдүүлгээр нотлогддог. Тухайн үед манай байгууллагад архивын улсын үзлэг хийх гээд ажил маш ихтэй байх үед ажлаа тасалж алга болсон. 2019 оны 09 дүгээр сарын 09-нөөс 19-нийг хүртэл хугацаанд эмнэлэгийн магадлагаатай байсан гэдэг, энэ магадлагааг 16-ны өдөр л авчирч өгсөн. Уг нь өвчтэй байгаа бол эмчийн магадлагааг аль эрт байгууллагадаа авчирж бүртгүүлэх ёстой. Эмнэлэгийн магадлагааг хуурамч гэж үзэж байна. Өвчтэй байсан гэх өдрүүдэд буюу 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Э.А- нь Ховд аймгийн Булган сумын нутагт байгаа талаараа хамт ажиллаж байсан хүмүүст фэйсбүүкээр бичлэг явуулж байсан. Э.А- нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т заасан ноцтой зөрчлийг гаргасан. Хөдөлмөрийн дотоод журмын 7.4, хөдөлмөрийн гэрээний 6.2.4-т заасныг зөрчсөн учраас хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болсон. Э.А-г гадаад харилцааны мэргэжилтнээр томилохдоо хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулаагүй, цалин хөлс нь ижил, гол нөхцлүүд нь ижил учраас заавал шинээр байгуулах шаардлагагүй. Өмнөх хөдөлмөрийн гэрээ үргэлжлээд үйлчилж байсан гэж үзэж болно. Ажил тасалсан ноцтой зөрчил гаргасан тул нэхэмжлэл үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2., 128.1.5., 69 дүгээр зүйлийн 69.1., 49 дүгээр зүйлийн 49.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгч Э.А-г “Э-” ОНӨААТҮГ-ын олон нийт, гадаад харилцаа хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт нийт 3 857 963 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс 5 250 000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1., 46.2.-т зааснаар дээрх хугацааны олговроос зохих журмын дагуу нийгмийн даатгалын шимтгэл, хураамжийг тооцон, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийж баталгаажуулахыг хариуцагч байгууллагад даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөгийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 58 дугаар зүйлийн 58.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 98 950 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгон, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 76 677 төгрөгийг гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэжээ.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул тухайн хангаж шийдвэрлэсэн шаардлагыг эс зөвшөөрч байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн 5 дугаар талд "... Гэвч нэхэмжлэгч Э.А-г 2019 оны 06 дугаар сарын 10-нд тус газрын олон нийт, гадаад харилцзаны мэргэжилтнээр буюу өөр ажилд шилжүүлэн томилсны дагуу түүнтэй хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулаагүй, ямар ажил үүргийг хариуцуулахаар тодорхойлсон тухай ажлын байрны тодорхойлолтыг ажилтанд танилцуулаагүй болох нь зохигчдын тайлбараар нотлогдсон бөгөөд ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.7-д заасан шаардлагыг хангаагүй, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасан үүргээ зөрчсөн байна." гэж тодорхойлоод ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3, 40 дүгээр зүйлийн 40.1.4 зөрчсөн гэж үзсэн нь үндэслэлгүй шийдвэр болсон. Ажил олгогч нь Э.А-г олон нийт гадаад харилцааны мэргэжилтнээр буюу өөр ажилд шилжүүлэн томилохдоо хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулаагүй буруутай нь үнэн боловч Э.А-г ажлаас халсан үндэслэл нь тухайн ажилтны ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил үүрэгтэй холбоотой бус компанийн бүхий л ажилчид албан хаагчдад хамааралтай байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмаар зохицуулагдсан үндэслэл байсан гэдгийг шүүх анхаарч үзсэнгүй. Өөрөөр хэлбэл, Э.А-г өөр ажилд шилжүүлэн томилох эс томилохоос үл хамааран байгууллагын Хөдөлмөрийн дотоод журамд ажлын нэг хоног ажил тасалсан ажилтанд ажлаас чөлөөлөх сахилгын шийтгэл ногдуулах зохицуулалттай байсан юм. Төрийн байгууллагын хөдөлмөрийн дотоод журмаар тогтоосон хэм хэмжээг мөрдөөгүй ажилтанд авсан сахилгын шийтгэлийг анхан шатны шүүх буруутгаж, төсвөөс цалинждаг төрийн байгууллагын ажилтан төрийн ажлыг дуртай үедээ тасалж, найр наадам хэсэж явсан болох нь хангалттай нотлох баримтаар тогтоогдсоор байтал анхан шатны шүүх өөгшүүлсэн шийдвэр гаргаж байгаа нь шудрага ёс, иргэд байгууллагуудын шүүхэд итгэх итгэлийг бөхөөсөн шийдвэр болсон гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

            Нэхэмжлэгч Э.А- нь хариуцагч Э- ОНӨААТҮГ-т холбогдуулан, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар тооцон гаргуулах, хүүхэд асрах чөлөөтэй байж байгаад 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр ажилдаа орох хүсэлт гаргаснаас хойш ажилд эгүүлэн томилсон 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх 7 сарын хугацаанд авах ёстой байсан цалин 5 250 000 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулахаар шаардсаныг хариуцагч байгууллага эс зөвшөөрч, нэхэмжлэгчийг ажлаас халсан тушаал хууль зүйн үндэслэлтэй гэж маргажээ.

 

            Харин нэхэмжлэгч Э.А-г хүүхэд төрүүлсэн, хүүхэд асрах чөлөөтэй байсан, түүнчлэн 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр ажилдаа орох хүсэлт гаргасан үйл баримтын талаар талууд маргаагүй байна.

 

            Анх нэхэмжлэгч Э.А- нь 2017 оноос эхлэн Э- ОНӨААТҮГ-т дотоод ажил хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаад хүүхэд асрах чөлөө авч, 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр ажилдаа орох хүсэлтээ гаргаж, хариуцагч байгууллагаас түүнийг 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр дотоод ажил хариуцсан мэргэжилтний ажилд томилж, улмаар 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр олон нийт, гадаад харилцаа хариуцсан мэргэжилтнээр буюу өөр ажилд шилжүүлэн томилон ажиллуулсан үйл баримт хэрэгт авагдсан “Э-” ОНӨААТҮГ-ын даргын 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Б/15 тоот, 06 дугаар сарын 10-ны өдрийн Б/17 тоот Э.А-г ажилд эгүүлэн томилох, ажилд түр томилох тухай тушаалууд, талуудын хооронд байгуулагдсан 2017 оны Хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, зохигчдын тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн 4-7, 11-14 дүгээр тал/

 

Улмаар ажил олгогчийн 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн Б/35 дугаартай тушаалаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 38.1.8, 40 дүгээр зүйлийн 40.1.4, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 149 дүгээр тогтоолын хавсралт “Э-” ОНӨТҮГ-ын дүрмийн 5.1.5, 5.1.8, Хөдөлмөрийн дотоод журмын 7.4 дэх заалтуудыг үндэслэн Э.А-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, түүнийг “Олон нийт гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн”-ий үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. /хэргийн 15 дугаар тал/

 

             Нэхэмжлэгч шалтгаангүйгээр ажил тасалсан, эмнэлгийн магадлагааг хугацаанд нь ирүүлээгүй, уг эмнэлгийн магадлагаа нь хуурамч баримт гэж хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй тайлбарын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.

 

            Хэрэгт нэхэмжлэгч 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрөөс 19-ний өдрийг хүртэл хугацаанд өвчтэй байсан гэх эмнэлгийн магадлагаа авагдсан байна. /хэргийн 8 дугаар тал/

 

            Нэхэмжлэгчийг 2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр ажлаа тасалсан талаар гэрч А.Анхзаяа “...Э.А- нь тус өдөр өглөө ажилдаа ирж бүртгүүлээд буцаад явсан байдаг, өрөөндөө орж ирж харагдаагүй учир сайн мэдэхгүй байна...” гэж мэдүүлсэн болон хариуцагч байгууллагын 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр шинэчлэн баталсан хөдөлмөрийн дотоод журмын 7.4-т “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газрын захиргаанд албан ёсоор мэдэгдэхгүйгээр ажлын 1 өдөр таслах” зөрчлийг ажилтан гаргавал хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчилд тооцохоор заасан байх боловч хариуцагч байгууллага нь нэхэмжлэгч Э.А-г 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр тус газрын олон нийт, гадаад харилцааны мэргэжилтнээр буюу өөр ажилд шилжүүлэн томилсоны дагуу түүнтэй хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулаагүй, шинэчлэн баталсан байгууллагын дотоод журмыг түүнд танилцуулсан талаар хэрэгт баримт авагдаагүй байна.

 

            Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт зааснаар ажилтантай хөдөлмөрийн гэрээг байгуулаагүй учраас хөдөлмөрийн гэрээний талууд, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчлийг ажилтан гаргасан гэж үзэх үндэслэлгүй тул хариуцагч байгууллагын 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн Б/35 дугаар ажлаас чөлөөлөх тухай тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24 дүгээр зүйлийн 24.3., 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т заасныг зөрчсөн талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

 

            Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан олон нийт, гадаад харилцаа хариуцсан мэргэжилтний ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 3 857 963 төгрөгийг хариуцагчаас гаргуулан олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг тооцож, дэвтэрт холбогдох бичилт хийж баталгаажуулахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дах хэсэгт заасанд нийцжээ.

 

            Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 182/ШШ2020/00356 дугаар хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Д.ЦОГТСАЙХАН

 

                                    ШҮҮГЧИД                                    Ч.ЦЭНД

 

                                                     С.ЭНХТӨР