Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 2022/ДШМ/049

 

Б.*******, Л.******* нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч В.Цэцэнбилэг, Н.Насанжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор

Шүүгдэгч Л.*******, түүний өмгөөлөгч

Өсвөр насны шүүгдэгч Б.*******ын өмгөөлөгч

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.Золцэцэг нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж хянан шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 2022/ШЦТ/101 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурорын бичсэн эсэргүүцлээр Л.*******, Б.******* нарт холбогдох эрүүгийн 2214000000042 дугаар хэргийг 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, ******* овогт *******гийн *******,  улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар /*******/,

Монгол улсын иргэн, овогт *******ын *******,  улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар /*******/,

Шүүгдэгч Л.*******, өсвөр насны  шүүгдэгч Б.******* нар нь бүлэглэн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 23 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар баг, 13 дугаар гудамжаар явж байсан иргэн , нарт хүч хэрэглэж буюу цохиж, өшиглөх байдлаар биед нь халдан довтолж, хүч хэрэглэхээр заналхийлж “гар утсаа гаргаад ир” хэмээн тулган иргэн гийн гар утсыг дээрэмдэж 300,000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн өсвөр насны шүүгдэгч Б.*******, Л.******* нар нь бүлэглэн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 23 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар баг, 13 дугаар гудамжаар явж байсан иргэн , нарыг дээрэмдэх явцдаа иргэн гийн биед хүч хэрэглэж буюу цохиж, өшиглөн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан  гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр / 

Баянхонгор аймгийн Прокурорын газраас Л.*******, Б.******* нарт  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, мөн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх:

Шүүгдэгч *******   овогт *******гийн *******, өсвөр насны шүүгдэгч овогт *******ын ******* нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн, бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус  тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 8.5  дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч ******* овогт  *******гийн *******, өсвөр насны шүүгдэгч овогт *******ын ******* нарыг нэг / 01 / жилийн хугацаагаар хорих ялаар тус тус, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч ******* овогт  *******гийн *******, өсвөр насны шүүгдэгч овогт *******ын ******* нарыг нэг зуун хорин  /120/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.2-д зааснаар шүүгдэгч Л.*******, өсвөр насны шүүгдэгч Б.******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д зааснаар нэг жилийн хугацаагаар оногдуулсан хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар оногдуулсан нэг зуун хорин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож арван тав хоногийг нэмж нэгтгэн тэдний эдлэх нийт ялыг нэг жил / 01 / арван тав / 15 / хоногийн хугацаагаар тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 3, 4, 5-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн 8.7 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Л.*******, өсвөр насны шүүгдэгч Б.******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар оногдуулсан нэг жил арван тав хоногийн ял оногдуулахыг тэнсэж, нэг / 01 / жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг тус тус хэрэглэж, Эрүүгийн хуулийн 8.7 дугаар зүйлийн 2, 7.3 дугаар зүйлийн 2.2-д зааснаар  , шүүгдэгч Л.*******, өсвөр насны шүүгдэгч Б.******* нарт зан үйлээ засах сургалтад хамрагдах үүргийг тус тус хүлээлгэж уг үүргийг хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Л.*******, өсвөр насны шүүгдэгч Б.******* нар нь шүүхээс хүлээлгэсэн үүрийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдаж, Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 5, 6-д зааснаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдаж, Эрүүгийн хуулийн 8.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Л.*******, өсвөр насны шүүгдэгч Б.******* нарт оногдуулсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Баянхонгор аймгийн Гэр бүл, Хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт даалгаж, шүүгдэгч Л.*******, өсвөр насны шүүгдэгч Б.******* нар нь энэ хэргийн учир хохирогч нарт төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч  шүүгдэгч Л.*******, өсвөр насны шүүгдэгч Б.******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Прокурор Н.Нямдорж  тус шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ:

Шийтгэх тогтоолыг 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 16 цаг 40 минутад хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэр үндэслэлгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн талаар: Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Л.******* нь гэмт хэрэг үйлдэх үед буюу 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 18 нас 4 сартай байсан болох нь тогтоогдсон бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5-д заасан бүлэгт хамааруулж өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зохицуулалтыг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл 2015 онд батлагдсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийг хэрхэн ойлгож хэрэглэх, эсэх талаар Монгол Улсын Дээд шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 254 дугаар тогтоолоор “...18 насанд хүрсэн, 21 насанд хүрээгүй хүн гэдэг нь хэдийгээр насанд хүрсэн боловч оюун санаа, сэтгэхүйн хөгжлийн хувьд өсвөр насны хүүхдийн хэмжээнд, юмс үзэгдлийн мөн чанар, үр дагаврыг ухамсарлан ойлгох чадвар сул энэ нь сэтгэцийн шинжээчийн дүгнэлт, бусад нотлох баримтуудаар батлагдсан хүний хувьд хэрэглэж болдог онцгой тохиолдлыг тусгайлан хуульчилсан бөгөөд 18 насанд хүрсэн, 21 насанд хүрээгүй хүн бүрийг энэхүү ойлголтод хамааруулан үзэх нь хууль зүйн үндэслэлгүй юм...” гэж практик тогтоосон байна.

Мөн Л.******* нь шүүхээр хэргийг хянан шийдвэрлэх үед насанд хүрсэн байхад Эрүүгийн хуулийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зохицуулалтыг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Эрүүгийн хуулийн 8 дугаар бүлэгт гэмт хэрэг үйлдэж шүүхээр шийтгүүлэх үедээ өсвөр насны буюу арван дөрвөн насанд хүрсэн боловч арван найман насанд хүрээгүй хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тусгай журмыг тусгасан бөгөөд гэмт хэрэг үйлдэх үедээ өсвөр насны байгаад шүүхээр шийтгүүлэх үедээ арван найман хүрсэн боловч хорин нэгэн насанд хүрээгүй этгээдэд шаардлагатай тохиолдолд энэ журмыг хэрэглэж болно. Харин гэмт хэрэг үйлдэх үедээ өсвөр насны байсан боловч шүүхээр шийтгүүлэх үед арван найман насанд хүрсэн хүнд энэ бүлгийн зөвхөн 8.4, 8.5 дугаар зүйлүүдэд зааснаар оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах болон хорих ялыг хоёр дахин багасган эдлүүлэх зохицуулалтыг хэрэглэхээр зохицуулагдсан гэж ойлгогдохоор байна.

Шүүгдэгч Л.*******ын хувьд гэмт хэрэг үйлдэхдээ насанд хүрээгүй байсан боловч хэргийг шүүхээр хянан хэлэлцэх үед насанд хүрсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлэгт заасан зөвхөн ялыг хоёр дахин багасгахаас бусад зохицуулалтыг хэрэглэх боломжгүй юм.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн талаар: Шийтгэх тогтоолын үндэслэх хэсэгт “Шүүгдэгч Л.*******ад Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн сэтгэцийн дүгнэлтэд түүнийг “...20 орчим настай,... “ хэрэг холбогдлын талаар ярьсан хэсэгт 2 согтуу ах дуудаад эргээд харахад бид 2 луу ах нь тойрч гарах уу та нар бид хоёрыг тойрч гарах уу гээд нэг нь намайг алгадаад авсан тэгээд зодолдсон...” гэж мэдүүлсэн мэдүүлгийг дүгнэсэн байх бөгөөд энэ дүгнэлт нь түүний оюун санаа сэтгэхүйн хөгжлийн хувьд өсвөр насны хүүхдийн хэмжээнд сэтгэж байгаа, юмс үзэгдлийн мөн чанар, үр дагаврыг ухамсарлан ойлгох чадвар сул учир хүний зодоход гэмтэнэ, хүний эд зүйлсийг авч болохгүй гэж ухамсар сэтгэхүй сул гэж дүгнэгдэхээр байна.” гэж ойлгомжгүй байдлаар дүгнэлт хийж эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг хэрэглэсэн үндэслэлээ тайлбарласан нь ойлгомжгүй, сэтгэцийн шинжээчийн дүгнэлтэд дурдагдсан өгүүлэмжийг шийтгэх тогтоолын үндэслэл болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэснийг зөрчсөн байна.

Иймд Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 2022/ШЦТ/101 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан  прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

Прокурор тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн буруу хэрэглэсэн, шийтгэх тогтоолыг хүчингүй болгоно уу гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч : Анхан шатны шүүх хэргийг зөв шийдвэрлэсэн, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээнэ үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Прокурор Н.Нямдоржийн бичсэн эсэргүүцэлд үндэслэн хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасан эрх хэмжээний хүрээнд   Прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлүүдээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь  хянаж,  хавтаст хэрэгт авагдсан болон анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудыг харьцуулан судалж үзэхэд:

Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Л.*******, өсвөр насны шүүгдэгч Б.******* нар нь бүлэглэн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 23 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар баг, 13 дугаар гудамжаар явж байсан иргэн , нарт хүч хэрэглэж буюу цохиж, өшиглөх байдлаар биед нь халдан довтолж, хүч хэрэглэхээр заналхийлж “гар утсаа гаргаад ир” хэмээн тулган иргэн гийн гар утсыг дээрэмдэж 300,000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн өсвөр насны шүүгдэгч Б.*******, Л.******* нар нь бүлэглэн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 23 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар баг, 13 дугаар гудамжаар явж байсан иргэн , нарыг дээрэмдэх явцдаа иргэн гийн биед хүч хэрэглэж буюу цохиж, өшиглөн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримтыг   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, мөн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж,  яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 Анхан шатны шүүх  хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэхдээ   Эрүүгийн  хуулийг  буруу  тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Л.******* нь 2003 оны 6 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр  гэмт хэрэг үйлдэх үедээ   18 нас 4 сартай,  анхан шатны шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх  өдөр  18 нас 11 сартай байжээ.

 Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 8 дугаар бүлэгт заасан өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж оногдуулах үндэслэлүүд нь ял оногдуулах үед өсвөр насны буюу 14-18 хүртэлх насны хүмүүст хамааралтай зохицуулалт байх бөгөөд  8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд  хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж  нэг мөр ойлгох зохицуулалт  байхад шүүгдэгч Л.*******ад  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ шүүх энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 5.6 дугаар зүйлд заасан журмаар тусгай ангид заасан хорих ял оногдуулж эдлэх ялыг хоёр дахин  багасгана” гэж заасныг  хэрэглэж болохгүй юм.

Өөрөөр хэлбэл  “...18 насанд хүрсэн, 21 насанд хүрээгүй хүн  нь хэдийгээр насанд хүрсэн боловч оюун санаа, сэтгэхүйн хөгжлийн хувьд өсвөр насны хүүхдийн хэмжээнд, юмс үзэгдлийн мөн чанар, үр дагаврыг ухамсарлан ойлгох чадвар сул энэ нь сэтгэцийн шинжээчийн дүгнэлт, бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон  тохиолдолд  хэрэглэж болох бөгөөд  харин шүүгдэгч Л.******* нь  гэмт хэрэг үйлдэх үедээ 18 нас 4 сартай байсан,  түүнийг сэтгэл мэдрэлийн хувьд эрүүл, болсон байдлыг зөв тусган авч үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай  гэх дүгнэлт гаргасан Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын 2022 оны 2 дугаар сарын 11-ний  өдрийн 4 дүгээр дүгнэлт  авагдсан байхад    8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасныг хэрэглэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэл болжээ.

Прокуророос давж заалдах шатны шүүхэд бичсэн  эсэргүүцэлд ““... Шийтгэх тогтоолын үндэслэх хэсэгт “Шүүгдэгч Л.*******ад Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн сэтгэцийн дүгнэлтэд түүнийг “...20 орчим настай,... “ хэрэг холбогдлын талаар ярьсан хэсэгт 2 согтуу ах дуудаад эргээд харахад бид 2 луу ах нь тойрч гарах уу та нар бид хоёрыг тойрч гарах уу гээд нэг нь намайг алгадаад авсан тэгээд зодолдсон...” гэж мэдүүлсэн мэдүүлгийг ...түүний оюун санаа сэтгэхүйн хөгжлийн хувьд өсвөр насны хүүхдийн хэмжээнд сэтгэж байгаа, юмс үзэгдлийн мөн чанар, үр дагаврыг ухамсарлан ойлгох чадвар сул учир хүний зодоход гэмтэнэ, хүний эд зүйлсийг авч болохгүй гэж ухамсар сэтгэхүй сул гэж дүгнэгдэхээр байна.” гэж ойлгомжгүй байдлаар дүгнэлт хийж эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг хэрэглэсэн үндэслэлээ тайлбарласан нь ойлгомжгүй, сэтгэцийн шинжээчийн дүгнэлтэд дурдагдсан өгүүлэмжийг шийтгэх тогтоолын үндэслэл болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж бичсэн хэсэг үндэслэлтэй, зөв байна.

Харин шүүгдэгч Л.*******ын хувьд гэмт хэрэг үйлдэхдээ насанд хүрээгүй байсан боловч хэргийг шүүхээр хянан хэлэлцэх үед насанд хүрсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлэгт заасан зөвхөн ялыг хоёр дахин багасгахаас бусад зохицуулалтыг хэрэглэх боломжгүй гэж бичсэнийг дээрх үндэслэлээр хүлээн  авах боломжгүй юм.

Иймд Прокурорын бичсэн  эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 2022/ШЦТ/101 дүгээр шийтгэх  тогтоолыг хүчингүй болгож шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3-т     заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 2022/ШЦТ/101 дүгээр шийтгэх  тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан  шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар  шүүгдэгч Л.*******, Б.******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд  нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ

                                                                                  ШҮҮГЧ Н.НАСАНЖАРГАЛ

                                                                                       В.ЦЭЦЭНБИЛЭГ