| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сономдовчингийн Энхтөр |
| Хэргийн индекс | 101/2019/04941/И |
| Дугаар | 889 |
| Огноо | 2020-04-17 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 889
“Г-” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нармандах даргалж, шүүгч Г.Даваадорж, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2020/00625 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “Г-” ХХК-ийн хариуцагч НШШГГ-т холбогдуулан гаргасан “Г-” ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын XV-0207740 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг үнэлсэн “Мөнх Оргил Трейд” ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 89/ш үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч “Г-” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Золзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Г-” ХХК нь 1996 онд үүсгэн байгуулагдаж Ашигт малтмалын хайгуул, ашиглалт, тээврийн үйл ажиллагааг явуулж нийт 8 /найм/ хувьцаа эзэмшигчтэй бөгөөд 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Г.Х-, Д.Б- нарын хооронд байгуулагдсан 300 000 000 төгрөгийн зээлийн гэрээнд гүйцэтгэх захирал Ц.Дэлгэрмөрөн миний бие өөрийн дураар хувьцаа эзэмшигчдийн зөвшөөрөл авалгүй Батлан даалтын гэрээ гэх зүйлд гарын үсэг зурсан. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2018/00914 тоот захирамжаар иргэн Г.Х-, “Г-” ХХК-иас 500 000 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Улмаар НШШГГ-т уг төлбөртэй холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа үндсэн зээлдэгчийн хөрөнгөнд гүйцэтгэх ажиллагаа явуулаагүй атлаа гуравдагч этгээдийн хөрөнгө буюу ашигт малтмалын хайгуулын XV-0207740 тоот тусгай зөвшөөрлийг хурааж, үнэлгээ тогтоож шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаад гомдолтой байна. Уг хайгуулын тусгай зөвшөөрлийг үнэлсэн “Мөнх Оргил трейд” ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний тайланд ... Энэхүү ордын хувьд цаашид нарийвчлан судлах шаардлагатай, дээр нь тусгай зөвшөөрлийн хугацаа нь 2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр дуусахаар байгаа нь нилээд эрсдэлийг дагуулж байна... гэж үзэн 252 470 000 төгрөгөөр үнэлжээ. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргана... гэж тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх. гэж заасан хөрөнгийн үнэлгээний тайлангийн хуулийн шаардлагыг хангаагүй тайланг ирүүлсэн байна. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлд хөрөнгийн үнэлгээг хийхдээ тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, мөн хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно гэж заасан байдаг. Гэтэл үнэлгээчин нь зөвхөн өртгийн үнэлгээг гаргаад орлогын болон жижиг үнийн аргыг хэрхэн яаж тодорхойлсон болохоо шүүх хуралдаанд тайлбарлаагүйгээс гадна газрын хэвлийгээс юу хайх гэж байгааг тодорхойлоогүй болох нь тогтоогдож байна. Уг ордыг социализмын үед хайгуул хийгдсэн байдаг бөгөөд үнэлгээ нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8, 9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангахгүй байна. Үнэлгээчин нь хайгуулын тусгай зөвшөөрлийг үнэлэхэд мэргэжил, ур чадвар, тоо, тооцоо, онцлог зохицуулалт зэргийг мэдэхгүй байна. Ц.Дэлгэрмөрөн нь 2019 оны 07 дугаар сарын 12-ны өдөр зүүн хөлний шагайны тулгуур яс хугарч Гэмтэл согог судлалын үндэсний төвийн яс үений гэмтлийн 2 дугаар тасагт хагалгаанд орж, өнөөдрийг хүртэл хэвтрийн дэглэмтэй байна. Нэхэмжлэгч Ц.Дэлгэрмөрөнг хэвтрийн дэглэмд байгаа гэдэгтэй хариуцагчийн төлөөлөгчийг маргахгүй байна гэж үзэж байна. Иймд 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “Г-” ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын XV-0207740 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг үнэлсэн “Мөнх Оргил трейд” ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хүрлээ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 914 дүгээр захирамжаар “Г-” ХХК, Г.Х- нараас 501 445 162 төгрөгийг гаргуулж Д.Б-д олгохоор, “Г-” ХХК-ийн эзэмшилд буй үндсэн ба эргэлтийн хөрөнгө, лиценз, тусгай зөвшөөрөл, бусад эх үүсвэрээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 18290753 дугаар тогтоолоор үүсгэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөр төлөгч “Г-” ХХК-ийн өмчлөл, эзэмшилд хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө, тусгай зөвшөөрөл бүртгэлтэй эсэхийг тодруулсан. Ингэхэд XV-020740 тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл бүртгэлтэй нь тогтоогдсон мөн төлбөр төлөгч нарын харилцах болон хадгаламжийн дансан дахь мөнгөн хөрөнгөөс суутгал хийх мэдэгдлийг арилжааны банкуудад хүргүүлэхэд, данс эзэмшдэггүй болон, дансны үлдэгдэл хүрэлцэхгүй талаар хариу ирүүлсэн. Төлбөр төлөгч “Г-” ХХК, Г.Х- нарт шүүхийн шийдвэр биелүүлэхийг удаа дараа мэдэгдэхэд биелүүлээгүй тул төлбөр төлөгч “Г-” ХХК-ийн эзэмшлийн XV-020740 тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 18290753/01 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор битүүмжилж, 18290753/03 тогтоолоор хурааж үнийн санал ирүүлэх тухай 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 4/21492 дугаар мэдэгдлийг гардуулахад үнийн санал ирүүлээгүй болно. Иргэний хуулийн 177 дугаар зүйлд зааснаар зах зээлийн үнэлгээ тогтоолгохоор хөрөнгийн үнэлгээний “Мөнх Оргил трейд” ХХК-ийг томилоход, XV-020740 тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг 252 470 000 төгрөгөөр үнэлсэн. Хөрөнгийн үнэлгээг талуудад 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 4/23627 дугаар албан бичгээр мэдэгдэж, хуульд заасны дагуу тэмдэглэл үйлдсэн. Ц.Дэлгэрмөрөн нь 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр тэргэнцэртэй ирж байсан. “Г-” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Дэлгэрмөрөн нь хөлөө гэмтээсэн, гэртээ хэвтэж байгааг мэдэх боловч энэ нь гомдол гаргах хуулийн хугацаа хэтрүүлэх үндэслэл болохгүй гэж үзэж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д талууд үнэлгээний талаарх гомдлоо 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан, үнэлгээ хүчингүй болгуулах талаар нэхэмжлэл гаргах хуулийн хугацаа хэтрүүлсэн тул нэхэмжлэгч “Г-” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан үндэслэл тус тус тогтоогдохгүй байх тул хариуцагч НШШГГ-т холбогдох Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2018/00914 дугаар захирамжийн дагуу явагдаж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад хийгдсэн “Г-” ХХК-ийн эзэмшлийн ХV-020740 тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг үнэлсэн “Мөнх Оргил Трейд” ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн №89/ш тоот үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч “Г-” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Уг шийдвэрт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд заасан хугацааг хэтрүүлж шүүхэд хандсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Гэтэл хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хуульд заасан хугацааг хэтрүүлсэн тухай нотлох баримтыг өгсөөр байтал шүүх үнэлсэнгүй. Иймд уг шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.
Нэхэмжлэгч “Г-” ХХК нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан тус компанийн эзэмшлийн ашигт малтмалын XV-0207740 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг үнэлсэн “Мөнх Оргил Трейд” ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 89/ш үнэлгээг хүчингүй болгуулахаар шаардсаныг хариуцагч байгууллага эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан, нэхэмжлэгч үнэлгээ тогтоосноос хойш 7 хоногийн дотор гомдлоо гаргаагүй гэж маргажээ.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2018/00914 дугаартай захирамжаар нэхэмжлэгч Д.Б- нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.Дэлгэрмөрөн болон нэхэмжлэлийн шаардлага болох 546 475 000 төгрөгийн 46 475 000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 500 000 000 төгрөгийг хариуцагч Г.Х-, “Г-” ХХК нар нь 3 сарын хугацаанд буюу 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн дотор төлж барагдуулахаар, тохиролцож, уг хугацаанд төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд “Г-” ХХК-ийн эзэмшилд буй үндсэн ба эргэлтийн хөрөнгө, лиценз, тусгай зөвшөөрөл, бусад эх үүсвэрээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Д.Б- нь хариуцагч Ц.Дэлгэрмөрөнгөөс татгалзсан болохыг дурдаж шийдвэрлэсэн нь хүчин төгөлдөр болжээ. /хэргийн 52-54 дүгээр тал/ Төлбөр төлөгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй.
Төлбөр төлөгч буюу “Г-” ХХК-ийг XV-0207740 тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг талаар талууд маргаагүй байна.
Нэхэмжлэгч нь шүүгчийн дээрх захирамжийг сайн дураар биелүүлээгүй тул 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШЗ2018/11240 тоот Шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, 987 тоот шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдсэнийг үндэслэн хариуцагч байгууллага нь 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 18290753 тоот тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч байгууллагаас төлбөр төлөгч Г.Х-, “Г-” ХХК нарын эзэмшилд буй үндсэн ба эргэлтийн хөрөнгө, лиценз, тусгай зөвшөөрөл, бусад эх үүсвэрийг холбогдох газруудаас тодруулсны үндсэн дээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгасан “Г-” ХХК-ийн эзэмшлийн XV-0207740 тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр битүүмжилж, 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хураан авсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасанд нийцсэн талаар хийсэн анхан шатны шүүх зөв дүгнэжээ. /хэргийн 49-51, 55, 65-72 дугаар тал/
Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу төлбөр авагч болон төлөгч нар барьцааны хөрөнгийн үнийн талаар тохиролцоогүй болох нь хэрэгт авагдсан хариуцагч байгууллагын 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн үнийн санал ирүүлэх тухай 4/21492 тоот албан бичиг, мөн өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, төлбөр авагчийн шинжээч томилуулах тухай хүсэлт зэрэг баримтаар тогтоогдож байна. /хэргийн 73-76 дугаар тал/ Улмаар хариуцагч байгууллагаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт зааснаар 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн №322 тоот тогтоолоор хөрөнгийн үнэлгээний “Мөнх Оргил Трейд” ХХК-ийг шинжээчээр томилсон байна. /хэргийн 73-76 дугаар тал/
“Мөнх Оргил Трейд” ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн №89/Ш тоот үнэлгээний тайлангаар “Г-” ХХК-ийн эзэмшилд байгаа XV-0207740 тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг 252 470 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг зах зээлийн үнээс хэт доогуур, үндэслэлгүй үнэлгээ хийсэн, үнэлгээний журам зөрчсөн гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. /хэргийн 79-102 дугаар тал/
Шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгч, өмчлөгч нарт шинжээчийн тогтоосон хөрөнгийн үнэлгээг 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 4/23627 дугаартай мэдэгдэх хуудсаар хүргүүлснээс гадна, 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр төлбөр төлөгч “Г-” ХХК-ийн төлөөлөгч Ц.Дэлгэрмөрөн, төлбөр төлөгч Г.Х- нар хариуцагч байгууллагад биечлэн ирж, үнэлгээний мэдэгдлийг хүлээн авч, шийдвэр гүйцэтгэгч санал хүсэлтийг асуусан нь тэдгээрийн гарын үсэг зурсан тэмдэглэлээр тогтоогджээ./хэргийн 103-104 дүгээр тал/
Хэдийгээр төлбөр төлөгч “Г-” ХХК-ийн төлөөлөгч Ц.Дэлгэрмөрөн нь хөлөө гэмтээсний улмаас хэвтрийн дэглэмд байсан гэж тайлбарлаж байх боловч хэрэгт авагдсан 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн амбулаториор эмчлүүлэгсдийн картанд бичигдсэн 2019 оны 08 дугаар сарын 18-ны өдөр, 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрүүдэд эмчийн үзлэгт хамрагдсан тухай тэмдэглэлүүд нь цаг хугацааны хувьд дээрх үнэлгээний талаарх мэдэгдлийг гардан авахаас өмнө байх тул гомдол гаргах хугацаанд хамаарахгүй. /хэргийн 36-38 дугаар тал/ Өөрөөр хэлбэл, хүндэтгэн үзэх шалтгааны улмаас гомдол гаргах хугацаа хэтрүүлсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.
Дээрх нөхцөл байдлаас үзэхэд нэхэмжлэгч “Г-” ХХК нь хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр шүүхэд гаргасан нь Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШЗ2019/19141 дугаар шүүгчийн захирамжаар тогтоогдож байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт заасан гомдол гаргах 7 хоногийн хугацааг хэтрүүлсэн гэж шүүх дүгнэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2020/00625 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ
ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ
С.ЭНХТӨР