| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2017/0195/Э |
| Дугаар | 185 |
| Огноо | 2017-12-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Амаржаргал |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 185
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Болормаа даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Алтансүх
Улсын яллагч Н.Амаржаргал
Шүүгдэгч Ц.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт Ц.Э-д холбогдох эрүүгийн 1720000000078 тоот хэргийг 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, халх, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин, цахилгаанчин мэргэжилтэй, ам бүл 1, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, С овогт Ц.Э,
Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтэнд авагдснаар/
Шүүгдэгч Ц.Э нь 2017 оны 12 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг Л.Н-н гэрт архидан согтуурсан үедээ иргэн Т.Б-тай маргалдаж улмаар дал болон бөөрний хэсэгт хутгаар зүсэж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч Ц.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: Би 2 сарын өмнөөс нэгдсэн эмнэлэгт цахилгаанчнаар ажилд орсон. 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр эмнэлэг дээр дуудагдаж ажиллачихаад 16 цаг 30 минутын орчимд эмнэлгээс гарсан. Тухайн үед эмнэлгийн ажилчид хуралд орсон. Харин би гэрээт ажилчин тул хуралд суудаггүй. Эмнэлгээс гараад шууд Мобикомын гудамжны тоотод оршин суух өөрийн найз Н-н гэрлүү алхсан. Намайг очиход Н хуушуурын мах татаад сууж байхаар нь би хамт хоолыг хийлцсэн. Бид 2 хоол идчихээд байж байхдаа Н-с би хагас сайн өдөр хөдөөнөөс нэг жижиг ямааны мах авчирсан чи авах уу гэж асуухад Н авъя гэж хэлсэн. Тэгээд би усны гудамжинд байдаг А /бүтэн нэрийг нь мэдэхгүй гэх/-ийн амбаарт тавьсан байсан махаа аваад Н-н гэрт ирсэн. Н надад махны мөнгө гэж 15.000 төгрөг бэлнээр өгсөнийг аваад би тэднийхээс гарч Элсэн далай дэлгүүр рүү явж 0,5 литрийн Ерөөл нэртэй архи 1 шил, бохим нэртэй тамхи нэг хайрцгийг авч Н-н гэрт ирсэн. Тухайн үед Н-с гарахдаа архинд явлаа гэж хэлээгүй. Бид хоёр уг архийг ууж сууж байхдаа би өөрийн утсаараа найз Б-н утас руу залгаж дуудахад төвд явж байна. Удахгүй очлоо гэж хэлээд тасалсан. Тэгээд нилээд удаж байгаад Б халамцуу ирсэн. Тухайн үед 21 цаг болж байсан байх. Бид 3 үлдсэн жаахан архиа хувааж уусан. Б бид хоёр 8 сараас хойш уулзалдаагүй байсан тул би найз минь ирсэн юм чинь би нэг юм авъя гэж хэлээд дахиад архинд гарсан. Тэгээд дахин Элсэн далай дэлгүүр рүү явж 0,75 литрийн Ерөөл нэртэй архи авчирч бид 3 уусан. Бид архиа ууж дуусгачихаад юм яриад сууж байснаа санаж байна. Нилээд согтсон байсан тул Б юунаас болж маргалдсаныг мэдэхгүй байна. Нэг мэдэхэд өөрийн ажлын багаж болох бор иштэй хутгаа гаргаж ирээд гартаа барьчихсан ийш тийш хөдөлгөж байснаа бүдэг бадаг санаж байна. Мөн цагдаа дээр ирчихсэн нэг цагдаа намайг хувцасаа тайл гэж хэлж байсныг санаж байна. Би их согтсон байсан. Дараа нь Н-с сонсоход Б та хоёр тамхинаас болж маргалдаад байх шиг байсан. Чи тамхиа хайгаад харин Б би аваагүй гэж маргалдаж байсан. Маргааш нь тамхи чинь орны гудсан доороос гарч ирсэн гэж хэлсэн байсан. Б-н биед хөнгөн хохирол учруулсанаа хүлээн зөвшөөрч байна гэжээ. /хх-ийн 33-34/
-Шүүгдэгч Ц.Э шүүхийн шатанд өгсөн тайлбартаа: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Архи ууж дуусаад би согтсон яаг юу болсноо мэдэхгүй байгаа. Б-г хутгалснаа хүлээн зөвшөөрч байгаа гэв.
-Хохирогч Т.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “....Ойролцоогоор 19 цагийн орчимд байх Э над руу залгаад би хөдөө яваад мал авч ирсэн гэх мэт зүйл ярьж байгаад Н-н гэрт хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд би Д-ны түлээг буулгачихаад хоол идчихээд Н-н гэрлүү явсан. Намайг очиход Н, Э нар 0,5 литрийн Ерөөл нэртэй архины талыг уучихсан сууж байсан. Тэгээд би тэр хоёртой хамт сууж үлдсэн тал шил архийг ууж дуусгасан. Ингээд сууж байтал Э миний найз ирсэн юм чинь гэж хэлээд дэлгүүр рүү явж 0,75 литрийн Ерөөл нэртэй архи 1 шилийг авч ирсэн. Түүнийг дэлгүүр явах үед Н бид 2 гэрт үлдсэн. Архи уух үед Э бид хоёр хойд талын орон дээр харин Н гэрийн баруун талын орон дээр сууж байсан. Бид 3 хоёр дахь шил архиа уугаад нилээд согтсон. Архи ууж байхдаа би эхнэр Ханги мандалын боомт руу явсан, мөн чи хэзээ хөдөө явж мал авч ирсэн юм бэ гэх мэтийн зүйлүүд ярьж байсан. Ингээд сууж байтал нэг мэдэхэд нуруу руу халуу оргиод явчихсан. Гараараа дараад хартал цус гарсан байхаар нь би Э-г намайг хутгалсан байна гэж мэдсэн. Тэгээд Н-д “Н ахаа энэ намайг хутгалчихлаа” гэж хэлсэн. Н цагдаа дуудахаар явсан. Удалгүй эмнэлэг ирж намайг авч явсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ. /хх-ийн 12-14/
- Гэрч Л.Н мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгт: Манай гэрт манай найз Э 17 цаг 30 минутын орчим ирсэн. Тухайн үед эрүүл байсан. Бид хоёр манайд хуушуур хийж идчихээд Э “би хөдөөнөөс нэг ямаа авчирсан, чи 15.000 төгрөгөөр авах уу” гэхэд нь би авъя гэж хэлээд, Э махандаа явж ирсэн. Би түүнд махны мөнгө болох 15.000 төгрөгийг бэлнээр нь өгсөн. Э тэр мөнгөө авч гараад буцаж орж ирэхдээ 0,5 л Ерөөл нэртэй 1 шил архи авч ирсэн. Түүнийг нь бид хоёр хувааж уугаад сууж байтал Э утсаараа Б-г дуудсан. Бид 3 тал шил архиа ууж дуусгачихаад, Э дахин архинд гарсан. Тэгээд буцаж орж ирэхдээ 0,75 л 1 шил Ерөөл нэртэй архи барьчихсан орж ирсэн. Түүнийг нь бид 3 хувааж уугаад дуусгасан. Тэгээд сууж байтал Э өмднийхөө халааснаас түлхүүрийн хажууд зүүсэн хумсны хутга шиг жижиг хутга гаргаж ирээд Б-н нуруун тус газар нь нэг хатгах шиг болсон. Тухайн үед Б гадуур хувцастайгаа сууж байсан. Тэгтэл Б “Нараа энэ чинь намайг хутгалчихлаа ш дээ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Э-д “чи яаж байгаа юм бэ” гэж хэлээд цагдаа руу дуудлага өгсөн гэжээ. /хх-ийн 19-20/
-Зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 1/
-Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 2-5/
- Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 7-8/
- Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 9/
-Шинжээчийн 370 дугаартай дүгнэлт: 1.Т.Б-н биед баруун далны орчим болон баруун бөөрний орчимд шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ. 3.Дээрх гэмтлүүд нь дан дангаараа болон нийлээд “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 23/
-Шүүгдэгчийн иргэний цахим үнэмлэх, Замын-Үүд сумын 2-р багийн Засаг даргын тодорхойлолт, ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35-39/
-Хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 44-45/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно.
Шүүгдэгч Ц.Э нь 2017 оны 12 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг Л.Н-н гэрт архидан согтуурсан үедээ иргэн Т.Б-тай маргалдаж улмаар дал болон бөөрний хэсэгт хутгаар зүсэж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэг, хохирогч Т.Б-н “...Архи ууж байхдаа би эхнэр Ханги мандалын боомт руу явсан, мөн чи хэзээ хөдөө явж мал авч ирсэн юм бэ гэх мэтийн зүйлүүд ярьж байсан. Ингээд сууж байтал нэг мэдэхэд нуруу руу халуу оргиод явчихсан. Гараараа дараад хартал цус гарсан” гэх мэдүүлэг, гэрч Л.Н-н “...Тэгээд буцаж орж ирэхдээ 0,75 л 1 шил Ерөөл нэртэй архи барьчихсан орж ирсэн. Түүнийг нь бид 3 хувааж уугаад дуусгасан. Тэгээд сууж байтал Э өмднийхөө халааснаас түлхүүрийн хажууд зүүсэн хумсны хутга шиг жижиг хутга гаргаж ирээд Б-н нуруун тус газар нь нэг хатгах шиг болсон. Тухайн үед Б гадуур хувцастайгаа сууж байсан. Тэгтэл Б “Н ахаа энэ чинь намайг хутгалчихлаа ш дээ” гэж хэлсэн.” гэх мэдүүлэг, шинжээчийн 370 тоот дүгнэлт зэргээр тогтоогдсон.
Сум дундын Прокурорын газраас шүүгдэгч Ц.Э-д зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар ялаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар анх удаа хөнгөн хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С овогт Ц.Э-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.Э-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ц.Э-д оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Ц.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хүрэн өнгийн богино иштэй эвхдэг хутга 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлсүгэй.
6. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүйг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймаг Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.БОЛОРМАА