Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 128/ШШ2022/0013

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Адъяасүрэн би, ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй Иргэний нисэхийн үндэсний төвд холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Б*******э нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах тухай хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлснийг хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Б*******э шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ:

Манай компани нь Иргэний нисэхийн үндэсний төвөөс зарласан Иргэний нисэхийн үндэсний төвийн төв байрны дээвэр, гадна фасадны засвар ИНҮТ/УЗ/НТШ/А-127/21 тоот тендертэй холбогдуулан тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэвч Иргэний нисэхийн үндэсний төвөөс уг тендерийг хойшлуулах төсөл арга хэмжээний жагсаалтад багтааж хойшлуулах болсон тул бид өөрсдийн гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

******* ******* ХХК нь Иргэний нисэхийн үндэсний төвд холбогдуулан Иргэний нисэхийн үндэсний төвийн 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 10-1/1366 тоот шалгараагүй албан мэдэгдлийг хүчингүй болгуулах, Иргэний нисэхийн үндэсний төвийн төв байрны дээвэр, гадна фасадны засвар ИНҮТ/УЗ/НТШ/А-127/21 тоот сонгон шалгаруулалтыг дахин явуулахыг даалгах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн захирал Д.Б*******э 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 02/123 тоот албан бичгээр нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсан тухай хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй, нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлнэ... гэж заасан.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Б*******эд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх талаар тайлбарласан, төлөөлөгч нь энэ талаар ойлгож, түүнийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж баримтад гарын үсэг зурсан болно.

Иймд нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн захирал Д.Б*******ийн нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасныг баримтлан ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй Иргэний нисэхийн үндэсний төвд холбогдуулан гаргасан Иргэний нисэхийн үндэсний төвийн 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 10-1/1366 тоот шалгараагүй албан мэдэгдлийг хүчингүй болгуулах, Иргэний нисэхийн үндэсний төвийн төв байрны дээвэр, гадна фасадны засвар ИНҮТ/УЗ/НТШ/А-127/21 тоот сонгон шалгаруулалтыг дахин явуулахыг даалгах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д тус тус заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН