Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 53

 

 

 

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалж,

Улсын яллагч: Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор П.Удвал,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ё.Мөнхгэрэл,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч: М.Мөнхөө,

Насанд хүрээгүй шүүгдэгч Ж.Батбаярын хууль ёсны төлөөлөгч: Ү.Энхжаргал,

Шүүгдэгч: Б.Мөнхжаргал, Б.Батмөнх, насанд хүрээгүй шүүгдэгч Ж.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бурд овогт Жаргалын Батбаяр, Таргад овогт Балдоржийн Батмөнх, Шалбаг овогт Бакаагийн Мөнхжаргал нарт холбогдох 201720000084 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                             Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1997 оны 05 дугаар сарын 30-нд Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Улаангом сумын Увс-Эрдэм ахлах сургуулийн 12-б ангийн сурагч, ам бүл 6, аав ээж дүү нарын хамт Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын 3 дугаар баг, хонгор овоод оршин суух, ам бүл 6, аав, ээж, эгч, дүү нарын хамт амьдардаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, РД: ОЗ97053039, Таргад овогт Балдоржийн Батмөнх,

 2. Монгол Улсын иргэн, 1998 оны 07 дугаар сарын 23-нд Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Улаангом сумын Увс-Эрдэм ахлах сургуулийн 12-б ангийн сурагч, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, аав, ээж, эгч, дүү нарын хамт Увс аймгийн Улаангом  сумын 12 дугаар баг, 11-87 тоотод  оршин суудаг, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, РД: ОЮ98072319, Шалбаг овогт Бакаагийн Мөнхжаргал,

3. Монгол Улсын иргэн, 1999 оны 08 дугаар сарын 17-нд Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Улаангом сумын Увс-Эрдэм ахлах сургуулийн 12-б ангийн сурагч, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, аав, ээж, ах, дүү нарын хамт Увс аймгийн Улаангом  сумын 12 дугаар баг, 11-105 тоотод  оршин суудаг, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, Бурд овогт Жаргалын Батбаяр РД: ОЮ99081712,

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн товч утга:

Шүүгдэгч Б.Мөнхжаргал, Б.Батмөнх, насанд хүрээгүй шүүгдэгч Ж.Батбаяр нар бүлэглэж 2017 оны 03 дугаар сарын 06-ны орой Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Л.Галмандахыг зодож, түүний бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:                                                                                                                  

1. Хохирогч Л.Галмандахын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 2009 онд Увс аймгийн Улаангом сумын Цогцолбор 2-р сургуулийн 9-р ангийг төгсөөд Увс аймгийн Улаангом политехник коллежид 2009-2014 он хүртэлх хугацаанд авто засварчин мэргэжилээр суралцаж төгсөөд тусгай дунд боловсрол эзэмшсэн одоогоор аав, ээж, ах, эгч нарын хамт Увс аймгийн Улаангом сумын 5-р багт амьдардаг. 2015-2017 оны 01 сар хүртэл Улаанбаатар хотод Хурд ХК-д туслах ажилтангаар ажиллаж байгаад Увс аймагт ирсэн. Одоогоор тодорхой эрхэлсэн ажилгүй байгаа. Би Энхцэцэг гэдэг охинтой 2015 оноос хойш мессэж бичиж, утсаар 10 сар харьцаж байгаад 2017 оны 01 дүгээр сараас эхлэн үерхэж байгаа бөгөөд 2017 оны 03 сарын 05-ны орой 21 цагийн үед / тухайн үед гадна харанхуй болсон замын гэрэлтүүлэг ассан байсан/ Улаангом сумын 7-р багт байрлах Уран манлай бүжгийн клубын дэргэд явж байтал Мөнхжаргал гэдэг залуу миний найз охин Энхцэцэгтэй уулзаад зогсож байхаар нь би Мөнхжаргалд хандаж “Чи надаар битгий оролдоод байгаарай” гэж хэлсэн. Учир нь Мөнхжаргал нь миний найз охин Энхцэцэг рүү урьд чатаар мессэж бичээд үерхэе гэж гуйсан байсан болохоор нь би тэр асуудлыг ярьж чи надаар битгий оролдоод байгаарай гэж хэлээд түлэхсэн. Тэр үед Мөнхжаргал надад хандаж “Чи муу араа мэдэж хүнтэй маргалдаарай” гэж байсан. Тэр үедээ ямар нэгэн зодоон бололгүй салаад явчихсан. Тэгээд 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдөр гэртээ хоол идээд сууж байтал Мөнхжаргал миний дугаар луу залгаж “Хоёулаа уулзая. Чамтай уулзах хэрэг байна” гэсэн “-“Хаана уулзах юм бэ” гэхэд Ритм бүжгийн клуб дээр байна гээд тасалсан. Тэгээд хоолоо идэж байтал хаана байна гэж дахин залгахад одоо гарлаа гэж хэлээд гэрээс гартал гудамжны аман дээр Мөнхжаргал ирчихсэн байсан. Би Мөнхжаргалыг таниад яваад очиход үгийн зөрөөгүй миний хамар уруу мөргөсөн тэр үед нь би цамцных нь энгэрээс бариад зогсож байтал цаанаас нь Батбаяр гэдэг залуу ирээд миний баруун талын гуя руу өшиглөх үед нь Батмөнх хажуунаас орж ирээд хавирч унагасан. Газарт унахад Мөнхжаргал, Батбаяр, Батмөнх нар нь миний толгой, нүүр үрүү өшиглөж байтал танихгүй хоёр эгч ирээд “Та нар больцгоо, салцгаа” гээд бид нарыг салгасан.  Мөнхжаргал бид хоёрын дунд өр авлага байхгүй. Өш хонзонгийн асуудал гэвэл миний найз охин Энхцэцэг рүү Мөнхжаргал нь урьд нь мессэж бичсэн байсан бөгөөд 2017 оны 3 дугаар сарын 05-ны орой Уран манлай бүжгийн клубын дэргэд тааралдах үед би Мөнхжаргалд  би “Найз охиноос минь хол байгаарай” гэж хэлээд маргалдаж түлхчихээд явсан. Тэр үед Мөнхжаргал “Чи араа мэдэж хүнтэй маргалдаарай” гэж намайг заналхийсэн түүнээс болж намайг 2017 оны 3 дугаар сарын 06- ны орой гэрээс дуудаж найз нартайгаа намайг барьж зодсон. Би Мөнхжаргалтай цуг явсан залуучуудын нэрийг мэдэхгүй зүс танина. Нийт 10 гаруй залуучууд явсан. Цуг явсан залуучуудаас Батмөнх, Батбаяр нар цохисон. Тэгээд газар унахад Батмөнх, Батбаяр, Мөнхжаргал 3 намайг өшиглөсөн. Тэр үед би өөрийгөө хамгаалаад толгойгоо дараад эвхэрч хэвтсэн байсан болохоор Батмөнх, Батбаяр, Мөнхжаргал 3-аас өөр хэн хэн цохисныг мэдэхгүй байна. Тэр 3 л намайг цохиод байсныг мэдэж байна. Миний эмчилгээний болон бусад зардлыг төлж барагдуулж өгсөн. Одоо миний бие сайн байгаа учраас энэ залуучуудад гомдол байхгүй. Ял шийтгэлийг нь хөнгөрүүлж өгөхийг хүсэж байна. Бид нар эвлэрсэн. Цаашид ямар нэгэн маргаан байхгүй” гэх мэдүүлэг / хх-ийн 11-12, 13-р тал/,

2 . Гэрч Б.Нансалмаагийн мөрдөн байцаалтад өгсөн: “2017 оны 3 дугаар сарын 06-ны орой 20-21 цагийн үед би найз Даваадуламын хамт тус аймгийн Улаангом сумын 5-р багт байрлах манай гэрээс гараад явж байтал гудамжинд хүүхдүүд бөөгнөрсөн байсны хажуугаар зөрөхөд нэг хүүхдийг нэг хүүхэд гүйж очоод цээж хэсэг рүү нь хөлөөрөө цохиод газар унагасан. Тэгтэл цуг байсан хүүхдүүд нь тойрч бөөгнөрөөд 2-3 хүүхэд тэр хүүхдийг өшиглөөд цохиод байхаар нь цагдаа дуудлаа гэхэд огт тоохгүй байхаар нь би явж очоод зодуулж байсан хүүхдийн дээр нь хэвтэж тэд нарыг салгасан. Анх Даваадулам бид хоёр тэр хүүхдүүдийн хажуугаар зөрөхөд газар унасан хүүхдийг хашаад авчихсан бүгд л зодох гэж байгаа юм шиг байсан. Миний харснаар нэг мэдэхэд нэг хүүхэд гүйж очоод цээж, нүүр хэсэг рүү нь өвдөгөөрөө өшиглөөд унагасан. Тэр үед дэргэд нь байсан хоёр хүүхэд өшиглөөд эхэлсэн. Газарт унасан байсан хүүхдийг маш олон удаа өшиглөсөн бөгөөд яг хаана хаана нь өшиглөж байсныг үнэхээр харж чадаагүй. Тухайн үед харанхуй байсан эхлээд боль гэсэн боловч салах шинжгүй байхаар нь би сүүлдээ арга ядаж өөрөө дээр нь очиж хэвтэж салгасан. 10 орчим хүүхэд байсан. Газар унасан байсан хүүхдийг яг хэдэн хүүхэд өшиглөж байгааг нь хараагүй намайг явж очиход бүгд л ойрхон бөөгнөрсөн байсан. Би өөрөө гүйж очоод л дээр нь хэвтэж салгасан” гэх мэдүүлэг / хх-ийн 16-р тал /

3. Гэрч Д.Даваадуламын мөрдөн байцаалтад өгсөн: “2017 оны 3 дугаар сарын 06-ны өдөр би Нансалмаагийн гэрт очоод байж байгаад орой 20-21 цагийн үед Нансалмаагийн хамт тус аймгийн Улаангом сумын 5 дугаар багт байрлах Нансалмаагийн гэрээс гараад явж байтал гудамжинд хүүхдүүд бөөгнөрөөд нэг хүүхдийг зодох гээд байсан. Тэгэхээр нь бид хоёр “Та нар салцгаа” гэж хэлээд зөрсөн. Тэгээд цааш нь эргээд явж байтал нэг хүүхдийг нэг хүүхэд барьж аваад хөлөөрөө өшиглөөд унагасан. Тэгээд газарт унасан байхад нь бөөгнөрч зогсоод тэр хүүхдийг өшиглөөд байхаар нь очоод салгах гэтэл салахгүй болхоор нь миний найз Нансалмаа зодуулж байсан хүүхдийн дээр нь хэвтэж байж салгаж явуулсан. Куртикных нь захаас барьж аваад өвдөгөөрөө цээж хэсэг рүү нь цохисон тэр үед Л.Галмандах газар унасан. Тэгэхэд цуг явсан хүүхдүүд нь бөөгнөрөөд өшиглөөд байхаар нь гүйж очиход бүгд бөөгнөрөөд зогсоод байсан. Би яг яаж яаж өшиглөж байсныг хараагүй болохоор хэн хэн нь хаана хаана нь өшиглөснийг хэлж мэдэхгүй байна. Ер нь бол бүх биед нь өшиглөсөн, нүүр, толгой гар, хөл нуруу, элэг, гэдэс бүх газар уруу нь өшиглөж байсан. Тухайн үед харанхуй байсан болохоор би тэд хүүхдүүдийг яаж яаж өшиглөж цохиж байсныг тодорхой хэлж мэдэхгүй байна. Би тэр хүүхдүүдийг танихгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 17-р тал/

4. Гэрч С.Бямбажавын мөрдөн байцаалтад өгсөн: “2017 оны 3 дугаар сарын 06-ны орой би гэртээ байж байтал миний найз Мөнхжаргал над руу залгаад “Чи хуучин нисэх буудлын арын цагаан хаалганы дэргэд гараад ирээч. Чамтай уулзах хэрэг байна” гэхээр нь би 18 цаг өнгөрч байхад гэрээс гараад хуучин нисэх буудлын арын цагаан хаалганы дэргэд ирэхэд Ахмэнд, Батбаяр, Батмөнх, Мөнхжаргал, Отгонбаяр, Мана-Эрдэнэ, Буяннэмэх, Нямжав нар цугласан байсан. Тэгээд би “Яах гэж байгаа юм бэ” гэхэд “хойшоо явъя” гэсэн. Тэгэхээр нь би “Завгүй байна. Яах гэж байгаа юм бэ?” гэхэд Мөнхжаргал надад хандаж “Л.Галмандах намайг өчигдөр буюу 3 дугаар сарын 05-ны орой зодсон. Цуг очъё” гэж хэлээд бид нар Л.Галмандахын гэрийн ойролцоо очсон тэр үед Мөнхжаргал Галмандах руу залгаад гараад ир гэхэд удаад байсан. Тэр үед би ойрхон найзтайгаа уулзах санаатай хойш нь гудамж зөрөөд явж байтал Л.Галмандах гараад ирсэн. Би Галмандахтай мэнд мэдээд зөрөөд цааш нь зөрсөн тэр үед надтай цуг явсан залуучууд Галмандах руу дөхөөд очиж байсан би гудамжаар хойш нь гараад найзындаа очиход гэртээ байгаагүй. Тэгээд буцаад Мөнхжаргал болон цуг явсан залуучуудын байсан газар уруу явж байтал над руу Ахмэнд залгаад “Цагдаа дээр хүрээд ир” гэж хэлсэн. Тэд нар Л.Галмандахыг яаж зодсныг би хараагүй. Тухайн үед би дэргэд нь байгаагүй. Сүүлд би юу болсон талаар Батбаяраас асуухад Л.Галмандахыг Мөнхжаргал мөргөөд Батбаяр, Батмөнх, Мөнхжаргал 3 нийлж Л.Галмандахыг зодсон гэж ярьж байсан. Мөнхжаргал Л.Галмандахыг мөргөхөд гөлөгнүүд яах гэж байна гэж Л.Галмандах урдаас нь хэлэхэд Батмөнх, Батбаяр нар уурлаж өшиглөсөн гэж хэлж байсан. Бид нар Л.Галмандахынд очихын урд өдөр нь Галмандах Мөнхжаргалыг зодсон гэж хэлж байсан. Галмандахын найз охин Энхцэцэг нь Мөнхжаргалтай цуг Уран манлай бүжгийн клуб дээр явж байхад нь Галмандах харж уурлаад Мөнхжаргалыг зодсон гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 18-р тал/

5. Гэрч О.Ахмэндийн мөрдөн байцаалтад өгсөн: “2017 оны 3 дугаар сарын 06-ны орой 18 цаг өнгөрч байхад миний найз Мөнхжаргал над руу утсаар залгаж яриад “Чи хаана байна. Л.Галмандахтай уулзая. Цуг яваад ирье” гэхээр нь би Улаангом сумын Итгэлт зах дээр ирэхэд Мөнхжаргал, Батбаяр, Батмөнх, Отгонбаяр, Мана-Эрдэнэ, Нямжав, Буяннэмэх Сүхбат нар байсан. Тэгээд бид нар нийлж цагаан хаалганы дэргэд Бямбажавтай уулзаад Мөнхжаргал Л.Галмандах руу залгаад гараад ир гэж хэлээд бид нар Галмандахын гэрийн ойролцоо очиход Галмандах руу залгахад Ритм бүжгийн клуб дээр байна гэсэн. Тэгээд очиход байхгүй байсан дахин залгахад гэртээ хоол идэж байна гэхээр нь гэрийнхэн ойролцоо ирсэн тэгж байтал миний найз охиноос мессэж ирээд бид хоёр уулзахаар болоход Галмандах гэрээсээ гараад ирэхээр нь би мэнд асуусан. Яг тэр үед найз охин маань цаанаас гараад ирэхэд нь би найз охиноо дагуулаад явсан. Намайг байх хугацаанд зодоон болоогүй байсан бөгөөд хэрхэн ямар зодоон болсныг хараагүй” гэх мэдүүлэг, /хх-ийн 20-р тал/,

6. Гэрч Н.Энхцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “Л.Галмандах нь миний найз залуу бөгөөд Б.Мөнхжаргал бид нар найз нөхдийн холбоотой юмаа. 2017 оны 3 дугаар сарын 05-ны өдөр би гэрээсээ гараад манай хорооллын миний найз болох Б.Мөнхжаргалтай цуг Уран манлай бүжгийн клуб дээр очсон. Тэнд очиход миний найз залуу Л.Галмандах тааралдаж Мөнхжаргалыг мөрнөөс нь татаад нүүр лүү нь түлхсэн. Тэгээд Л.Галмандах бид хоёр явчихсан. Тэнд ямар нэгэн зодоон болоогүй. Мөнхжаргал нь надруу урьд нь мессэж бичдэг байсныг миний найз залуу Галмандах мэдсэн бөгөөд тэр өдөр цуг явахаар нь хардаж уурлаж мөрнөөс нь татаж түлхсэн. 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдөр би Дэлгэрэх боорцогны цехед ажиллаж байсан бөгөөд орой Л.Галмандах над руу залгаад би чамайг очиж ажлаас чинь авна гэж байсан бөгөөд гэнэт эмнэлэг дээр хүрээд ир гэхээр нь яваад очиход оёдол тавиулсан байсан. Юу болсон бэ? гэхэд Мөнхжаргал найзуудтайгаа зодсон л Гэж хэлсэн хэрхэн яаж зодсон талаар хэлээгүй” гэх мэдүүлэг, /хх-ийн 22-р тал/,

7. Гэрч Б.Отгонбаярын мөрдөн байцаалтад өгсөн: “Би Улаангом сумын 12-р баг Гашуун хороололд байдаг бөгөөд 2017 оны 3 сарын 06-ны орой гэртээ байж байтал Батбаяр над руу залгаад “Чи гэрийнхээ гадна гараад ирээч” гэхээр нь гэрийн гадна гараад ирэхэд манай гадна Мөнхжаргал, Буяннэмэх, Батбаяр 3 зогсож байсан бөгөөд Мөнхжаргалыг Л.Галмандах зодсон байна. Хэдүүлээ очиж уулзая гэхээр нь дагаад бид 4 нийлж Нямжав, Мана-Эрдэнэ, Сүхбат нарыг аваад Итгэлт захын дэргэд Ахмэндийг дуудаж аваад хуучин нисэх буудлын арын цагаан хаалганы дэргэдээс Бямбажавыг аваад Л.Галмандахтай ярихад Ритм бүжгийн кпуб дээр байна гэхээр нь явж очиход байгаагүй. Тэгээд дахин залгахад гэртээ хоол идэж байна гэхээр нь бид нар Галмандахын гэрийн ойролцоо яваад очиход гарч ирсэн тэр үед Ахмэнд, Бямбажав хоёр Галмандахтай мэнд мэдчихээд яваад өгсөн. Тэгээд Галмандах дөхөөд ирэхэд Мөнхжаргал Л.Галмандахын нүүр лүү нь мөргөсөн. Тэр үед Батмөнх хажуунаас нь очоод бариад авахад Батбаяр хажуунаас Батмөнхийг очоод салгах гэхэд Л.Галмандах гөлөгнүүдээ тоо тэнцүүлж байгаад зодолдоё гэсэн. Тэгэхээр нь Батбаяр салгах гэж байснаа болиод хөл рүү нь өшиглөөд газарт унагасан. Газарт унасан байхад Батбаяр, Мөнхжаргал, Батмөнх 3 толгой руу нь өшиглөсөн. Тэгж байтал гудамжинд явсан хоёр эмэгтэй хүний нэг нь цагдаа дуудлаа гэхээр нь бид нар зугатаагаад явчихсан” гэх мэдүүлэг, /хх-ийн 23-р тал/,

8. Гэрч Б.Мана-Эрдэний мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2017 оны 3 дугаар сарын 06-ны орой 20 цагийн үед найз Отгонбаярын гэрт байж байтал Мөнхжаргал залгаад “Гудамжины урд гараад ирээч” гэхээр нь Отгонбаяр бид хоёр гараад очиход Батмөнх, Мөнхжаргал, Батбаяр нар байсан. Тэгээд бид нар нийлж Буяннэмэх, Нямжав, Сүхбат нарыг аваад Итгэлт захын дэргэдээс Ахмэндийг аваад цагаан хаалганы дэргэдээс Бямбажавыг аваад Ритм бүжгийн кпуб дээр очсон. Тэнд очиход Галмандах байгаагүй бид нар Галмандах гэдэг залуутай уулзахаар явж байсан. Учир нь Галмандах нь Мөнхжаргалыг урьд өдөр нь цохисон гэсэн. Тэнд байхгүй болохоор нь Мөнхжаргал Галмандахтай ярихад гэртээ байна гэхээр нь тэдний гэрийн ойролцоо очоод байж байтал Галмандах гараад ирсэн. Тэгтэл Мөнхжаргал Галмандахыг очиж мөргөсөн тэр үед нь Батмөнх очоод цамцныхан захаас бариад Батбаяр очоод газарт унагасан. Тэгээд газарт унахад нь хөлөөрөө Галмандахын толгой руу өшиглөөд байсан. Тэр үед гудамжаар зөрж явсан 2 эгч цагдаа дуудлаа гэхээр нь бид нар зугатаагаад явчихсан. Мөнхжаргал эхлээд нүүрэн хэсэгт нь мөргөсөн, дараа нь Батбаяр өшиглөж газарт унахад нь Мөнхжаргал, Батбаяр, Батмөнх нар нүүр үрүү нь өшиглсөн. Хэдэн удаа өшиглөснийг хараагүй” гэх мэдүүлэг, /хх-ийн 24-р тал/,

9. Гэрч Ж.Сүхбатын мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2017 оны 3 дугаар сарын 06-ны орой гэртээ байж байтал Мөнхжаргал намайг “Гэрийнхээ гадна гараад ирээч” гэхээр нь гэрийн гадна гарч ирэхэд Мөнхжаргал Батбаяр нар байсан бөгөөд 5-р багийн Ритм бүжгийн кпуб оръё гэсэн. тэгээд дээш яваад замаараа Мана-Эрдэнэ, Отгонбаяр, Нямжав, Буяннэмэх, Батмөнх нарыг аваад захын дэргэдээс Ахмэндийг авч цагаан хаалганы дэргэдээс Бямбажавыг аваад бид нар Римт бүжгийн клуб орсон. Бид нар замдаа явж байтал Галмандах гэдэг залуу Мөнхжаргалыг цохисон гэж хэлж байсан. Бүжгийн клубт Галмандах байхгүй болохоор нь залгаад хаана байна гэхэд гэртээ хоол идэж байна гэхээр нь гэрийнхэн ойролцоо очоод байж байтал Галмандах гэрээсээ гараад ирсэн. Галмандаыг ирэхэд нь Мөнхжаргал нүүр үрүү нь мөргөөд цамцнаас бариад авахад Батмөнх хажуунаас нь гараараа 2 удаа цохисон тэр үед Батбаяр очоод салгахад “Чацаганууд та нарыг ална хүнийхээ тоо тэнцүүлж байгаад зодолдоё” гэж Галмандах хэлэхэд нь Батбаяр уурлаж хоёр удаа өшиглөж газарт унагахад нь Батбаяр, Батмөнх, Мөнхжаргал 3 нүүр болон бие рүү нь өшиглөсөн. Тэр үед гудамжинд явж байсан 2 эгч цагдаа дуудлаа гэхэд бид нар зугатаагаад явчихсан. Эхлээд Мөнхжаргал явж очоод нүүр үрүү мөргөсөн, тэр үед Батмөнх Галмандахыг толгой руу нь хоёр удаа гараа цохисон. Тэгтэл Батбаяр очоод салгахад Галмандах “Та нар муу чацаганууд маргааш хүнийхээ тоо тэнцүүлээд хүрээд ир зодолдоё” гэхэд нь уурлаж Батбаяр газар унагаагаад тэнд байсан Мөнхжаргал Батмөнх, Батбаяр нар толгой болон биеийн бүх хэсэгт нь өшиглөхөд гудамжинд явж байсан 2 эгч цагдаа дуудлаа гэж хэлээд бид нар салж зугатаасан” гэх мэдүүлэг, /хх-ийн 25-26-р тал/,

10. Насанд хүрээгүй гэрч Д.Буянэмэхийн мөрдөн байцаалтад өгсөн: “2017 оны 3 дугаар сарын 06-ны орой би гэртээ байж байтал манай гэрийн гадна Мөнхжаргал, Батбаяр, Батмөнх нар ирсэн бөгөөд манайхаас яваад Мана-Эрдэнэ, Отгонбаяр нарыг аваад явж байгаад гашууны гол дэлгүүрийн дэргэдээс Нямжав, Сүхбат нарыг аваад Итгэлт захын дэргэдээс Ахмэндийг авч цагаан хаалганы дэргэдээс Бямбажавыг аваад Ритм бүжгийн клубт очоод Галмандахтай Мөнхжаргал ярихад гэртээ хоол идэж байна гэхээр нь Галмандахын дэргэд очиход Галмандах гараад ирсэн. Тэгтэл Мөнхжаргал Галмандахын нүүр үрүү нь мөргөөд дэргэдээс нь Батбаяр өшиглөж унагаагаад Батбаяр, Батмөнх, Мөнхжаргал 3 өшиглөсөн тэгтэл гудамжинаас нэг эгч цагдаа дуудлаа гэхэд бид нар зугатаагаад явчихсан. Мөнхжаргал барьж аваад нүүр үрүү нь мөргөсөн. Түүний дараа Батбаяр, Батмөнх, Мөнхжаргал нар газарт унагаагаад өшиглөсөн. Намайг анх гэрээс гарахад ямар нэгэн зүйл яриагүй бид нар цуг явж байхад Мөнхжаргал Галмандах гэдэг залуу өчигдөр орой намайг цохисон. Одоо очиж уулзая гээд явсан” гэх мэдүүлэг, /хх-ийн 27-р тал/,

11. Насанд хүрээгүй гэрч Д.Нямжавын мөрдөн байцаалтад өгсөн: “Манай гэр Улаангом сумын 12-р баг гашуун хороололд байдаг бөгөөд 2017 оны 3 дугаар сарын 06-ны орой 20 цагийн үед байх цаг хугацаагаа санахгүй байна. Гэртээ байж байтал Мөнхжаргал над руу залгаад “Гашууны гол дэлгүүрийн дэргэд гараад ирээч” гэхээр нь би гараад ирэхэд Мөнхжаргал, Батбаяр, Батмөнх, Буяннэмэх, Сүхбат, Мана-Эрдэнэ, Отгонбаяр нар байсан уулзаад ямар нэгэн зүйл ярилгүй дээш барилгын хороо орцгооё гэхээр нь дагаад явж байтал замдаа Мөнхжаргал ярихдаа “Би өчигдөр орой Л.Галмандахад зодуулсан тэр залуутай очиж уулзая” гээд бид нар Итгэлт захын дэргэдээс Ахмэндийг аваад дээш нь явж цагаан хаалганы дэргэдээс Бямбажавыг аваад Галмандах руу залгахад Ритм бүжгийн клуб дээр хүрээд ир гэхээр нь яваад очиход Ритм клуб дээр байхгүй байсан бөгөөд дахин залгахад гэртээ хоол идэж байна гэхээр нь гэрийнхэн дэргэд очоод зогсож байтал Галмандах гараад ирсэн. Галмандах гараад ирэхэд Ахмэнд, Бямбажав нар мэнд мэдчихээд яваад өгсөн. Би Галмандах гэдэг залууг танихгүй болохоор нь тэд нараас зайтай зогсож байтал Мөнхжаргал нүүр үрүү нь мөргөсөн тэгтэл хажуунаас нь Батмөнх Галмандахын цамцны захаас нь бариад авахад Батбаяр салгасан тэр үед Галмандах Мөнхжаргалд хандаж “Чи энд байгаа бүх хүүхдүүдээ маргааш аваад ирээрэй чацагануудаа” гэхэд нь Батбаяр, Батмөнх, Мөнхжаргал нар өшиглөсөн тэр үед гудамжинд явж байсан хоёр эгчийн нэг нь цагдаа дуудлаа гэхэд бид нар зугатаагаад явчихсан. Миний харснаар бол Мөнхжаргал Галмандахыг мөргөсөн тэгээд цамцнаас нь бариад авахад Батмөнх хажуунаас нь хөл нь дээр нь өшиглөсөн. Тэгэхэд Батбаяр салгах гээд очиход урдаас нь “Чацагануудаа тоогоо тэнцүүлж байгаад зодолдчихоё” гэхээр нь газарт унагаагаад Батмөнх, Батбаяр, Мөнхжаргал 3 өшиглөсөн. Батмөнх, Батбаяр, Мөнхжаргал 3-аас өөр хэн нэгэн Галмандахын биед хүрээгүй. Бид нар уулзахын өмнөх өдөр нь Галмандах Мөнхжаргалыг цохисон гэж байсан. Тэгээд өш хонзонгоо авах гэж бид нарыг дагуулж явсан гэж би ойлгосон” гэх мэдүүлэг, /хх-ийн 29-30-р тал/,

12. Гэрч Б.Энхмаагийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би энэ ангийг 8-р ангиас хойш дааж авсан сүүлийн 5 жил энэ ангийг удирдаж байгаа. Намайг анги удирдаж авснаас хойш энэ хүүхдүүдийг танина. Анги хамт олны хувьд уур амьсгал сайтай, хамт олонч багаар ажиллах чадвартай, ангиараа  Нийгэм, Орос хэлний хичээлээр алтан медаль авч байсан. Энэ  хүүхдүүд  байдлын хувьд гэвэл:

Балдоржийн Батмөнх нь сэргэлэн цовоо, сурлагадаа сайн ангийн тэргүүний сурагчдын нэг бөгөөд Орос хэл, Нийгмийн хичээлд илүү сайн. Сургуулиас дээрхи хоёр  хичээлээр олимпиаданд бэлтгэгдэж байсан. Хүнтэй зөв боловсон харьцаатай хүний үгнээс  төдийлөн зөрж гардаггүй, хүний үг сайн сонссдог. Өгсөн үүрэг даалгаврыг бол яг цаг хугацаанд нь чанартай сайн хийж гүйцэтгэдэг, хариуцлагатай сурагчдын нэг юм.  Нийтийг хамарсан олон нийтийн ажилд идэвхи санаачлагатай оролцдог. Анги хамт олны дунд нэр хүндтэй, цаашид инженер болох сонирхолтой. Гэр бүлийнхэн нь Сэлэнгэ аймагт байдаг бага насандаа эмээ дээрээ өсөж хүмүүжсэн гэж хэлж байсан. Одоогоор аавынхаа дүүгийн гэрт байгаа.

Жаргалын Батбаярын хувьд нийгмийн оролцоо сайтай, сэргэлэн цовоо, хүнтэй зөв боловсон харьцдаг. Бөхийн спортод сонирхолтой, спортын талдаа илүү сайн, хүнийг их хүндэлдэлж харьцдаг. Хичээл сурлагандаа дундаж цаашид хичээл суралгандаа анхаарвал илүү сайн суралцах боломжтой.

Бакагийн Мөнхжаргал нь аав, ээж дүү нарын хамт амьдардаг олуулаа. Ер асуух бүрд аав, ээж хөдөө явсан дүү нартайгаа байна гэж ярьдаг. Сурах арга барилаа бүрэн олсон, хичээлдээ идэвхитэй, мэрийлттэй, сурлагандаа маш сайн, өгсөн үүргийг цаг тухайд нь биелүүлчихдэг. Спортын талд илүү сайн, намрын сургуулийн спартакатын гүйлтийн тэмцээний төрлөөр тогтмол алт, мөнгөн медаль авч байсан. Зан байдлын хувьд зөв төлөвшилтэй, гэр бүлийн хүмүүжил сайн бусадтай зөв харьцаатай, анги хамт олон дундаа нэр хүндтэй” гэх мэдүүлэг, /хх-ийн 36-р тал/,

13. Гэрч Ж.Батхишигийн мөрдөн байцаалтад өгсөн: “2017 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Б.Мөнхжаргал болон манай хороололын охин Энхцэцэг бид 3 “Уран манлай” бүжгийн клуб дээр очиж бүжиглэхээр явсан. Тэнд очоод байж байтал Л.Галмандах гэдэг залуу Б.Мөнхжаргалыг дуудаад “Чи муу миний янз үзээд байгаа юм уу” гэж хэлээд нүүр үрүү нь гараараа нэг удаа цохиод хөлөөрөө хөл рүү нь өшиглөсөн. Тэгэхээр нь Б.Батмөнх бид хоёр Б.Мөнхжаргалыг салгаж аваад явцгаая гэж хэлээд явсан. Тэр үед Б.Мөнхжаргал бид хоёртой цуг явсан Энхцэцэг гэдэг охин Л.Галмандахтай цуг “Уран манлай” бүжгийн кпубын гадна үлдсэн. Сүүлд сонсоход Л.Галмандах Энхцэцэгтэй үерхдэг гэж сонсогдсон. Би 2017 оны 3 дугаар сарын 06-ны өглөө Тариалан суманд явж байгаад 3 дугаар сарын 26-ны өдөр Тариалан сумаас орж ирсэн тул энэ асуудлын дараа ямар асуудал болсныг мэдэхгүй байна” гэх мэдүүлэг, /хх-ийн 38-р тал/,

14. Гэрч Ц.Жаргалын мөрдөн байцаалтад өгсөн: “ Ж.Батбаяр нь 1999 оны 8 дугаар сарын 17-нд Увс аймгийн Улаангом суманд мэндэлсэн. Эхээс 4-үүлээ 2 ах, нэг дүүтэй айлын 3 дахь хүүхэд. Миний хүү бага насаа цэцэрлэгээр хүмүүжиж 2006 онд Увс аймгийн Улаангом сумын 2-р сургуулийн 1 дүгээр ангид элсэн ороод 9-р анги төгсч бүрэн бус дунд боловсрол эзэмшээд 2015 оноос хойш "Увс эрдэм" ахлах сургуульд шилжиж тус сургуулийн 12Б ангид сурч байгаа. Ж.Батбаяр нь хичээл сурлагандаа жигд сайн, спортын төрлөөс сагсан бөмбөг, бөхийн спортод сонирхолтой. Одоогоор аав Жаргал, ээж Ү.Энхжаргал, ах Хосбаяр, Бумбаяр, дүү Ижилбаяр нарын хамтаар Увс аймгийн Улаангом сумын 12-р баг 11-105 тоотод оршин суудаг. Ж.Батбаяр нь зан байдлын хувьд бусдыг хүндэлж харьцдаг, харьцааны соёлтой, төлөв даруу, тогтуун зөөлөн яриатай, бусдад тусархуу, бусадтай найрсаг харьцаатай, элдэв муу зуршилгүй, ажилласаг хөдөлмөрч хүү байгаа юмаа. Энэ жил төгсөх ангийн сурагч бөгөөд төгсөөд багш болох сонирхолтой гэж хэлж байгаа”гэх мэдүүлэг, /хх-ийн 37-р тал/,

14. Гэрч Н.Бакаагийн мөрдөн байцаалтад өгсөн: “Б.Мөнхжаргал нь 1997 оны 7 дугаар сарын 23-нд Увс аймгийн Улаангом суманд миний 3 дахь хүү болж мэндэлсэн. Эхээс 5-уулаа нэг ах, нэг эгч, эмэгтэй, эрэгтэй 2 дүүтэй. Миний хүү бага насаа цэцэрлэгээр хүмүүжиж 2006 онд Увс аймгийн Улаангом сумын Улиасны хэвийн бага сургуулийн 1-р ангид элсэн орсон одоогоор "Увс эрдэм" ахлах сургуулийн 12-Б ангид сурч байгаа төгсөх ангийн сурагч юмаа. Б.Мөнхжаргал нь хичээл сурлагандаа сайн, сагсан бөмбөг, хөл бөмбөгийн спортод сонирхолтой. Одоогоор аав, ээж, эгч, 2 дүүгийн хамт Увс аймгийн Улаангом сумын 12-р багийн 11-87 тоотод оршин суудаг. Б.Мөнхжаргал нь зан байдлын хувьд бусдын үгнээс гардаггүй, төлөв даруу, ажилласаг хөдөлмөрч, бусдад тусархуу, бусадтай зөв боловсон харьцаатай, элдэв муу зуршилгүй урьд өмнө нь хэрэг зөрчилд холбогдож байгаагүй хүүхэд юмаа” гэх мэдүүлэг, /хх-ийн 34-р тал/,

14. Гэрч Ж.Дэнсмаагийн мөрдөн байцаалтад өгсөн: “Балдорж ахынх одоогоос 7-8 жилийн өмнө Сэлэнгэ аймаг руу нүүсэн бөгөөд Балдорж ахын хоёр дахь хүү Батмөнх нь Увс аймагт Баатарчулуун гэдэг айлд үлдсэн. Учир нь Батмөнх нь анх Улаангом суманд сургуульд орчихсон байсан болохоор энд нь ахлах сургуулийг нь төгсгөх санаатай үлдээсэн. Аав ээж нь Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд мал маллан амьдардаг. Б.Батмөнх нь зуны амралтаараа л Сэлэнгэ аймаг руу гэртээ очдог бусад үед Баатарчулуун ахын гэрт байдаг. Одоогоор Увс аймгийн Улаангом сумын 9-р баг 15-3 тоотод Баатарчулуун ах түүний эхнэр Дэлгэр, 3 хүүхдийнхэн хамт амьдарч байгаа бөгөөд “Увс Эрдэм” ахлах сургуулийн 12-Б ангид сурдаг. Б.Батмөнх нь сурлага хөдөлмөртөө сайн, даруу төлөв зантай, бусдад тусархуу, анги хамт олондоо нэр хүндтэй, үг дуу цөөтэй, ажилсаг, хөдөлмөрч хүү байгаа юмаа. Зураг зурах сонирхолтой, спортын сонирхолтой. Нийгмийн хичээлдээ илүү сайн сургуульдаа сурлага хөдөлмөрөөрөө тэргүүлж байгаа хүүхэд юмаа” гэх мэдүүлэг  /хх-ийн 31-р тал/,

14. Шинжээч эмч Н.Одбаярын мөрдөн байцаалтад өгсөн: “Л.Галмандахын биед учирсан хамрын ясны хугарал муруйлт, хамрын нуруунд зулгаралт баруун хацарт шарх, баруун нүдний зовхи нүдний алимны салстад цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин баруун гуянд учирсан цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ” гэх мэдүүлэг /хх-ийн 44-р тал/,

15. Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 136 дугаартай шинжээчийн: “Үзүүлэгч Л.Галмандахын биед гэмтэл учирсан байна. Хамрын ясны хугарал муруйлт, хамрын нуруунд зулгаралт, баруун хацарт шарх, баруун нүдний зовх, нүдний алимны салст, баруун гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан байна. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйчлэлээр үүсгэгдэнэ. Дээрхи гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрхи гэмтэл нь өөрийнх нь тайлбарлаж байгаа цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрхи гэмтэл нь эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт тодорхой хугацаагаар нөлөөлнө” гэх дүгнэлт /хх-ийн 40-р тал/,

16. Шүүгдэгч Б.Мөнхжаргалын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа / хх-ийн 92-р тал /,

17. Шүүгдэгч Б.Балдоржийн  урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа / хх-ийн 105-р тал /,

18. Насанд хүрээгүй шүүгдэгч шүүгдэгч Ж.Батбаярын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа / хх-ийн 122-р тал /,

19. Шүүгдэгч Б.Мөнхжаргалын хувийн байдлыг тогтоосон баримтууд / хх-ийн 77, 79,  81-90-р тал/,

20. Шүүгдэгч Б.Батмөнхийн хувийн байдлыг тогтоосон баримтууд / хх-ийн 77, 79, 95-103–р тал /, 

21. Насанд хүрээгүй шүүгдэгч Ж.Батбаярын хувийн байдлыг тогтоосон баримтууд / хх-ийн 77, 79, 108, 110-118–р тал /, 

22. Увс аймгийн цагдаагийн газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгийн мөрдөн байцаагч цагдаагийн дэслэгч Д.Алтангэрэлийн “ Бурд овогт Жаргалын Батбаяр нь 2017 оны 03 дугаар сарын 06-ны орой гэмт хэрэг үйлдэхдээ 17 нас 7 сар, 17 хоногтой байсан” талаархи нас тоолсон тэмдэглэл / хх-ийн 109–р тал /, 

23. Увс аймгийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн “НҮБ-ийн хүүхдийн эрхийн конвенци, монгол улсын хүүхдийн эхийн тухай хууль, Хүүхэд хамгаалалын тухай хуулийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 366.1-д заасан саналын дагуу Эрүүгийн хуулийн 51.3, 55.1.7, 55.1.3, 62.1 дүгээр зүйлүүдийг тус тус үндэслэн Улаангом сумын 12 дугаар багийн иргэн “Увс-Эрдэм” ахдах сургуулийн 12б ангийн сурагч Жаргал овогтой Батбаяр / РД: ОЮ99081712/ ньЭрүүгийн хуулийн 99.2 дугаар зйүлд заасан гэмт хэрэг анх удаа үйлдсэн тул хэргийн нөхцөл байдлыг тогтоож ял хойшлуулж хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч хүүхдийн эрхийг хамгаалан хамтран ажиллахыг хүсье ” гэх албан тоот / хх-ийн 119–р тал /, 

 24. Хохирогч Л.Галмандахын “2017 оны 3 сарын 06 ны өдөр Лувсансамбуу овогтой Галмандах би Гэртээ байж байтал Бакаа овогтой Мөнхжаргал намайг дуудаж гаргаж ирээд хоорондоо маргалдаж хөнгөн чанарын гэмтэл учруулсан. Надаас уучлалт гуйж миний хохирол тэмцлийг барагдуулж өгсөн. Тийм учир хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү? Өөр бусад хүүхдүүд гаргах гомдолгүй”  талаарх тодорхойлолт / хх-ийн 114-115-р тал /

25. Шүүгдэгч Б.Мөнхжаргалын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт  өгсөн:  “ Би Л.Галмандахыг зүс танина. Манай хорооллоор хаяа явж харагддаг байсан. 2017 оны 03 сарын 05-ны өдөр би Энхцэцэгийг хүргэн ахынхан гаднаас аваад явж байгаад Уран манлай бүжгийн клуб дээр очсон тэгэхэд тэнд Л.Галмандах байсан бөгөөд намайг дуудаж чи муу миний янз үзээд байгаа юмуу гэхэд би яаж янзыг чинь үзсэн юм бэ гэхэд намайг нүүр лүү гараараа 2-3 удаа цохисон тэр үед надтай цуг явсан Батмөнх, Батхишиг нар намайг салгаад бид нар гэрлүүгээ явсан. Тухайн үедээ би Энхцэцэг, Галмандах нарыг үерхэдэг байсан гэдгийг мэддэгүй байсан сүүлд Галмандахыг цохисны дараа л мэдсэн. Тэр үедээ би Галмандахаас салж явчихаад маргааш нь буюу 03 сарын 06-ны орой хорооллынхоо найзуудыг цуглуулж гэрээс нь дуудаад Галмандахтай уулзахаар явсан тухайн үед надтай цуг Ахмэнд, Бямбажав, Мана-Эрдэнэ, Батбаяр, Батмөнх, Сүхбат, Нямжав, Буяннэмэх, Отгонбаяр нар явсан. Бид нар анх Ритм бүжгийн клуб дээр явж очиход Галмандах байхгүй байхаар нь утас руу залгаж хаана байна гэхэд гэртээ хоол идэж байна гэхээр нь гэрийнхэн ойролцоо очоод байж байтал Галмандах гараад ирсэн. Тэгэхээр нь би явж очоод өчигдөр яагаад намайг цохисон юм бэ гэж хэлээд нүүр лүү нь толгойгоороо нэг удаа мөргөсөн тэгтэл Батмөнх хажуунаас хөлөөрөө өшиглөхөд Батбаяр салгасан тэгтэл Галмандах утсаа гаргаж ирээд та муу сайн чацаганууд тоогоо тэнцүүлж байгаад зодолдоё гэхэд Батбаяр өшиглөөд хажуунаас Батмөнх бид хоёр өшиглөхөд газар унасан газар унахад нь Батмөнх, Батбаяр, бид гурав толгой, нуруу, хөл рүү нь өшиглөсөн тэгж байтал гудамжинд явж байсан эмэгтэй хүн цагдаа дуудлаа гэж орилоход бид нар зугатаасан юмаа. Ийм хэрэг үйлдсэндээ маш их гэмшиж байна. Цаашид суралцах боломжийг минь харгалзан үзэж хөнгөн ял оногдуулж өгнө үү. Дахин ийм хэрэг үйлдэхгүй байж чадна”  гэх мэдүүлэг,

26. Шүүгдэгч Б.Батмөнхийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт  өгсөн:  “ Миний аав ээж Сэлэнгэ аймагт оршин суудаг бөгөөд би Увс аймгийн Улаангом суманд авга эгч Дэлгэрийн гэрт байдаг бөгөөд "Увс эрдэм" ахлах сургуульд сурдаг. 2017 оны 03 сарын 05-ны өдөр би Мөнхжаргалтай цуг Уран манлай бүжгийн клубын дэргэд явж байтал манай хорооллын Энхцэцэг гэдэг охинтой цуг явж байсан бөгөөд Уран манлай бүжгийн клубын үүдэнд Галмандах гэдэг залуу тааралдаж Мөнхжаргалыг нүүр лүү нь алгадаад цохисон тэр үед би салгаад Мөнхжаргалыг аваад явсан бөгөөд Мөнхжаргал бид хоёртой цуг явж байсан Энхцэцэг Галмандахыг дагаад явчихсан. Тэгээд гэртээ очиж хоноод маргааш нь буюу 03 сарын 06-ны орой Мөнхжаргалтай уулзахад Батбаяр 3-уулаа өчигдөр намайг зодсон Галмандахтай уулзая гээд явах гэж байгаад хорооллын Буяннэмэх, Сүхбат, Нямжав, Мана-Эрдэнэ, Отгонбаяр нарыг дагуулаад захын дэргэдээс Ахмэндыг авч, цагаан хаалганы дэргэдээс Бямбажавыг аваад Ритм бүжгийн клуб дээр очоод Мөнхжаргал Галмандах руу залгахад хоолоо идэж байна гэхээр нь Галмандахын гэрлүү явж байтал Галмандах урдаас гараад ирсэн тэгтэл Мөнхжаргал нүүр лүү нь мөргөсөн тэр үед нь би хөл рүү нь өшиглөсөн тэгтэл Батбаяр бид нарыг салгасан бөгөөд салгаад зогсож байтал Галмандах утас гаргаж ирээд та нар чацаганууд яах гээд байгаа юм бэ тоогоо тэнцүүлж байгаад зодолдчихоё та нарыг ална гэсэн тэгтэл Батбаяр уурлаж Галмандахын хувцасны захнаас татаж өвдөглөөд газар унахад нь би нуруу руу нь өшиглөөд Мөнхжаргал, Батбаяр нар мөн өшиглөж байтал цагдаа дуудлаа гэж эмэгтэй хүн орилоход нь бид нар зугатаачихсан. Хүн зодсондоо гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж өгөхийг хүсэж байна”  гэх мэдүүлэг,

27. Насанд хүрээгүй шүүгдэгч Ж.Батбаярын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт  өгсөн:  “ Би тус аймгийн Улаангом сумын 12-р багт аав, ээж, 2 ах, дүугийн хамт амьдардаг бөгөөд 2017 оны 03 дугаар сарын 06-ны орой гэртээ байж байгаад хорооллын найз болох Б.Мөнхжаргал нь над руу залгаж гэрийнхэн гадна очиж уулзсан тэр үед Б.Мөнхжаргал нь 2017 оны 03 дугаар сарын 05-ны орой^Уран манлай клубын дэргэд Л.Галмандах нь намайг зодсон өнөөдөр хорооллын найзуудаа дагуулж очиж Л.Галмандахыг зодоё гэж хэлээд хорооллын найзууд болох Мана-Эрдэнэ, Отгонбаяр, Буяннэмэх, Сүхбат, Нямжав, Батмөнх нарыг дагуулаад Итгэлт захын дэргэд Ахмэндийг аваад түүнээсээ дээш яваад хуучин нисэх буудлын арын цагаан хаалганы дэргэдээс С.Бямбажавыг аваад Л.Галмандах руу Б.Мөнхжаргал залгахад Ритм бүжгийн клуб дээр хүрээд ир гэж ярихаар нь бид нар Ритм бүжгийн клуб дээр очиход Л.Галмандах байхгүй байсан тул дахин залгаж үзэхэд гэртээ хоол идэж байна гэж хэлэхээр бид нар тэдний гэр лүү алхаад явж байтал Л.Галмандах гараад ирэхэд Б.Мөнхжаргал өчигдөр оройчи яадаг гэнээ гэж хэлээд нүүр лүү нь мөргөхөд Л.Галмандах бариад авахаар нь Б.Батмөнх Л.Галмандахын араас нь өшиглөхөд би салгаад авсан тэгтэл Л.Галмандах утсаа гаргаж ирээд Б.Мөнхжаргалд хандаж наад муу гөлөгнүүдээ байлгаж бай би хүүхдүүд дуудлаа тоогоо тэнцүүлж байгаад зодолдоё гэсэн тэгхээр нь би Л.Галмандахын цамцнаас бариад хөлөөрөө цээж рүү нь өшиглөсөн тэгтэл Б.Батмөнх хажуунаас нь түлхээд унагаасан газар унахад нь Батмөнх, Мөнхжаргал нар өшиглөсөн тэр үед гудамжинд явж байсан 2 эгч цагдаа дуудлаа гэж хэлээд намайг бариад авахад нь би зугатаачихсан. Би буруугаа ойлгож байна. Гэмт хэрэг үйлдсэндээ маш их гэмшиж байна. Ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтууд болно.

Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг үнэлэн дүгнэхэд: Шүүгдэгч Б.Мөнхжаргал, Б.Батмөнх, насанд хүрээгүй шүүгдэгч Ж.Батбаяр нар бүлэглэж 2017 оны 3 дугаар сарын 06-ны орой Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Л.Галмандахыг зодож, түүний бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Л.Галбадрах, гэрч Б.Нансалмаа, Д.Даваадулам, С.Бямбажав, О.Ахмэнд, Н.Энхцэцэг, Б.Отгонбаяр, Б.Мана-Эрдэнэ, Ж.Сүхбат, Б.Энхмаа, Ж.Батхишиг, насанд хүрээгүй гэрч Д.Буяннэмэх, Д.Нямжав, шинжээч эмч Н.Одбаяр нарын мэдүүлэг, Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 136 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч Б.Мөнхжаргал, Б.Батмөнх, насанд хүрээгүй шүүгдэгч Ж.Батбаяр нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Мөрдөн байцаалт болон прокурорын хяналтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн ноцтой зөрчил гараагүй, хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.Мөнхжаргал, Б.Батмөнх, насанд хүрээгүй шүүгдэгч Ж.Батбаяр нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж  дүгнэв.

Хохирогч Л.Галмандахын бие махбодид учирсан хамрын ясны хугарал муруйлт, хамрын нуруунд зулгаралт, баруун хацарт шарх, баруун нүдний зовх, нүдний алимны салст, баруун гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь хөнгөн зэргийн гэмтэл болох нь шинжээчийн дүгнэлт, шинжээч эмчийн мэдүүлгүүдээр тогтоогдож байна.

Шүүгдэгч  Б.Мөнхжаргал, Б.Батмөнх, насанд хүрээгүй шүүгдэгч Ж.Батбаяр нарын хохирогч Л.Галмандахыг зодсон үйлдэл нь тодорхой нэг газарт нэг цаг хугацаанд зэрэг болсон гэдэг нь хохирогч Л.Галмандах, гэрч Б.Нансалмаа, Д.Даваадулам, С.Бямбажав, О.Ахмэнд, Н.Энхцэцэг, Б.Отгонбаяр, Б.Мана-Эрдэнэ, Ж.Сүхбат, Ж.Батхишиг, насанд хүрээгүй гэрч Д.Буяннэмэх, Д.Нямжав нарын мэдүүлгээр нотлогдож байх тул энэ гэмт хэргийг шүүгдэгч нар бүлэглэн үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч нар нь хохирогч Л.Галмандахад учирсан хохирлыг төлж барагдуулсан,  хохирогч Л.Галмандах нь шүүгдэгч нараас нэхэмжлэх хохирол төлбөргүй, гомдолгүй болох нь хохирогчийн цагдаагийн газарт гаргаж өгсөн тодорхойлолт болон мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр нотлогдож байх тул шүүгдэгч Б.Мөнхжаргал, Б.Батмөнх, насанд хүрээгүй шүүгдэгч Ж.Батбаяр нарыг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, тэднээс гаргуулах хохирлгүй  гэж үзнэ.

          

            Шүүгдэгч Б.Мөнхжаргал, Б.Батмөнх, насанд хүрээгүй шүүгдэгч Ж.Батбаяр нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдах нь зүйтэй. 

            Шүүх шүүгдэгч Б.Мөнхжаргал, Б.Батмөнх нарт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн гэмт хэргийн улмаас учруулсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлсөн, хувийн байдал зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзсэн болно.

Насанд хүрээгүй шүүгдэгч Ж.Батбаярын үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, арван найман насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг анх удаа үйлдсэн гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл, хувийн байдал зэргийг харгалзан үзээд ял оногдуулахгүйгээр хүмүүжлийн чанартай албадлагын чанартай арга хэмжээ хэрэглэх боломжтой гэж шүүх дүгнэв.

Насанд хүрээгүй шүүгдэгч Ж.Батбаярт ял оногдуулахгүйгээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж байгаа тул урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, Б.Мөнхжаргал, Б.Батмөнх нарт урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.

 

Монгол  улсын эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 284 дүгээр зүйлийн 284.1, 286 дугаар зүйлийн 286.1,  294-296 дугаар зүйл, 297 дугаар зүйлийн  297.1-297.5 дахь хэсэг,  298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

         

           

         1. Шүүгдэгч Бурд овогт Жаргалын Батбаяр, Таргад овогт Балдоржийн Батмөнх, Шалбаг овогт Бакаагийн Мөнхжаргал  нарыг  бүлэглэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 69 дүгээр зүйлийн 69.1.1-д зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч Ж.Батбаярт 1 /нэг/ жилийн хугацаанд засарч хүмүүжихийг даалгах хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-д зааснаар шүүгдэгч Б.Батмөнх, Б.Мөнхжаргал нарт тус бүрт нь 251 /хоёр зуун тавин нэг/ цаг албадан ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

            4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн70 дугаар зүйлийн 70.1-д зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч Ж.Батбаярт урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3-д зааснаар шүүгдэгч Б.Батмөнх, Б.Мөнхжаргал нар нь албадан ажил хийлгэх ялаас санаатайгаар зайлсхийвэл ялыг баривчлах ялаар солихыг дурдсугай.

 

            6. Шүүгдэгч Ж.Батбаяр, Б.Мөнхжаргал, Б.Батмөнх нар нь  энэ хэрэгт цагдан хоригдоогүй,  эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хохирол төлбөргүй  болохыг тус тус дурьдсугай.

 

            7. Насанд хүрээгүй шүүгдэгч Ж.Батбаярын засрал хүмүүжилд хяналт тавьж байх үүргийг түүний хууль ёсны төлөөлөгч Ү.Энхжаргалд хариуцуулсугай.

 

            8. Шүүгдэгч Б.Мөнхжаргал, Б.Батмөнх нарт урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

          

              Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүлийн 304.1-д зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.ГАНСҮХ