Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 128/ШШ2024/0189

 

 

 

 

 

 

    2024          03           04                                     128/ШШ2024/0189

 

 

 

                         

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Эрдэнэчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд, нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Г*******,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн Бичил татвар төлөгчтэй харилцах тасгийн улсын байцаагч С.Б*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Д*******, Б.Э******* нарын хооронд үүссэн зөрчил шалган шийдвэрлэж гаргасан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: дүгнэлт гаргагч прокурор Ц.Г*******, хариуцагч С.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Г.Булгантамир нарыг оролцуулав.

 

     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг.Гомдлын шаардлага:

 

1.1.Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон тус дүүрэг дэх Татварын хэлтсийн эрх бүхий албан тушаалтны 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн “Г******* ******* *******г” ХХК-д шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн 0******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах дүгнэлт бичиж ирүүлсэн.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1.Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн Бичил татвар төлөгчтэй харилцах тасгийн улсын байцаагч С.Б******* нь 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр “Г******* ******* *******г” ХХК нь төлбөрийн баримт олгоогүй ТХ-******* дугаартай гомдол мэдээлэлд хялбаршуулсан журмаар зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулжээ.

2.2.“Г******* ******* *******г” ХХК-иас 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 23/03 тоот албан бичгээр 2022 оны 12 дугаар сарын төлбөрийн баримтаа нөхөж шивэх хүсэлт гаргасан бөгөөд энэ талаар үйлдсэн зөрчлөө сайн дураараа илчилсэн мэдээллийг хүлээн авч тэмдэглэл үйлдсэн байна.

2.3.Улсын байцаагч С.Б******* нь “Г******* ******* *******г” ХХК-д холбогдох зөрчлийн хэрэгт тус компанийн Үйл ажиллагаа, хүний нөөц хариуцсан захирал Г.Т мэдүүлэг авч, эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл үйлдсэн бөгөөд гаргасан зөрчлийг хүлээн зөвшөөрч энэ талаараа маргаагүй байна.

2.4.Улмаар 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 0067286 дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.8.1-д заасан үндэслэлээр 392,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

2.5.Прокурор  дүгнэлтийнхээ үндэслэлийг “... Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.1-т зааснаар өмнөх тайлант сарын хугацаанд олсон орлогын үнийн дүнгийн 2 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар хуульчилсан байхад тухайн хуулийн этгээдийн өмнөх тайлант сарын орлогын үнийн дүнгийн 2 хувийг зөрчил зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад тооцож гаргаагүй, шийтгэлийн хуудасны шийдвэрлэх хэсэгт 2 хувиар гэж бичсэн нь Зөрчлийн тухай хуулийг буруу хэрэглэсэн гэх агуулгаар тайлбарласан.

2.6.Хариуцагч Татварын улсын байцаагчаас Прокурорын дүгнэлт /гомдол/-ийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т зааснаар эрх бүхий албан тушаалтны 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 0067286 дугаартай шийтгэлийг хуудсыг прокурор 2023 оны 08 дугаар сарын 15-ны 1/3482 дугаартай албан бичгээр татан авч 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 28 дугаартай прокурорын шаардлагыг ирүүлсэн ба шүүхэд дүгнэлт гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн, шийтгэлийн хуудас алдаатай гараагүй гэж маргаж байна.

Гурав.Хэргийн оролцогчдын тайлбар, түүний үндэслэл:

3.1.Хан-Уул дүүргийн Прокурорын газрын Хяналтын прокурор Ц.Г******* шүүхэд гаргасан дүгнэлт, тайлбартаа: “Тус дүүрэг дэх Татварын хэлтсийн Бичил татвар төлөгчтэй харилцах тасгийн улсын байцаагч С.Б******* нь 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Ханбогд хотхоны 201 дүгээр байрны 53 тоотод үйл ажиллагаа явуулдаг "Г******* ******* *******г" ХХК нь төлбөрийн баримт олгоогүй гэх ТХ******* дугаартай гомдол, мэдээлэлд хялбаршуулсан журмаар зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, холбогдогч "Г******* ******* *******г" ХХК-г 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8 дахь 8.1 дэх хэсэгт зааснаар ...өмнөх тайлант сарын хугацаанд олсон орлогын үнийн дүнгийн 2 хувиар торгох шийтгэл оногдуулсан материалыг шалгалтын явцад хяналаа.

Материалд цугларсан холбогдогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Т "... и-баримтаа цахимаар үүсгэж чадаагүй учир нөхөн шивэх шаардлага гарсан" гэх мэдүүлэг, "Г******* ******* *******г" ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны харилцахын гүйлгээ, " Г******* ******* *******г" ХХК-д шийтгэл оногдуулсан 0067286 дугаартай шийтгэлийн хуудас зэрэг нотлох баримтуудаар "Г******* ******* *******г" ХХК нь 2022 оны 12 сард төлбөрийн баримт олгоогүй, зөрчил үйлдсэн эсэхийг хангалттай нь тогтоогоогүй, нотлох ажиллагааг дутуу хийж, эрх бүхий албан тушаалтан Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.1-т зааснаар ... өмнөх тайлант сарын хугацаанд олсон орлогын үнийн дүнгийн 2 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар хуульчилсан байхад тухайн хуулийн этгээдийн өмнөх тайлант сарын орлогын үнийн дүнгийн 2 хувийг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад тооцож гаргаагүй, шийтгэлийн хуудасны Шийдвэрлэх нь хэсэгт шийтгэлийн хэмжээг 2%-иар гэж бичиж Зөрчлийн тухай хуулийг буруу хэрэглэсэн болох нь тогтоогджээ. Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлд заасан "зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэмжээнд тохирсон байна" гэх шударга ёсны зарчимд нийцээгүй, аж ахуйн нэгжийн гаргасан зөрчилд хууль буруу хэрэглэж шийтгэл оногдуулсан байна. Иймд Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон тус дүүрэг дэх Татварын хэлтсийн эрх бүхий албан тушаалтны 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн "Г******* ******* *******г" ХХК-д шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн 0067286 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив” гэжээ.

3.2.Прокурор шүүх хуралдаанд энэхүү дүгнэлтээ дэмжиж, мэтгэлцсэн.

3.3.Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн Татварын улсын байцаагч С.Б******* би Хан-Уул дүүргийн татварын хэлтэст бүртгэлтэй "Г******* ******* *******г" (РД:6) ХХК-ийн захирал Г.Т 2023 оны 2 дугаар сарын 14-ны өдөр "2022 оны 12 дугаар сарын төлбөрийн баримт нөхөн шивэх” тухай албан бичгээр хүсэлт ирүүлснийг 2023 оны 2 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

Татварын Ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.5-д "Татвар төлөгч борлуулалт хийх тухай бүрд хэрэглэгчийн системээс дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтыг хэвлэж өгөх, эсхүл цахимаар илгээх үүрэгтэй" гэж, "Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль"-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.14-т "төлбөрийн баримт" гэж тухайн төлбөр тооцоо хийгдсэнийг нотлох он, сар, өдөр, дахин давтагдашгүй төлбөрийн дугаар бүхий нэгдсэн системээр баталгаажсан, албан татвар суутган төлөгч буюу худалдаа эрхлэгчийг таних тэмдэг бүхий нэр, хаяг, татвар төлөгчийн дугаар, худалдаа хийгдсэн бараа, ажил, үйлчилгээний нэр, код, тоо хэмжээ, үнэ, төлбөр тооцооны болон татварын дүн зэрэг мэдээллийг агуулсан зориулалтын тоног төхөөрөмжөөс гаргасан цаасан болон цахим баримтыг" гэсэн хуулийн зохицуулалттай байна. Хуульд заасан үүргээ биелүүлээгүй нь өөрийн ирүүлсэн албан бичиг, аж ахуйн нэгжийн дансны хуулга, Татварын удирдлагын нэгдсэн системийн Оффис И-Баримт цэсээр нотлогдож байсан.

Дээрх үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8 дугаар хэсэг "Бараа, ажил, үйлчилгээ борлуулж байгаа хүн, хуулийн этгээд", 8.1-д "Төлбөрийн баримт олгоогүй бол өмнөх тайлант сарын хугацаанд олсон орлогын үнийн дүнгийн 2 хувь", 8.3-т "Энэ хуулийн 8.1, 8.2-т заасан өмнөх тайлант сарын хугацаанд олсон орлогыг тодорхойлох боломжгүй бол төлбөрийн баримт олгоогүй, эсхүл төлбөрийн баримтыг борлуулалтын үнийн дүнгээс зөрүүтэй олгосон хүнийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэж хуульчилсан байсан. Татвар төлөгч "Г******* ******* *******г" ХХК-ийн захирал Г.Төрсайхан нь өөрийн байгууллагын харилцах данс болох Худалдаа хөгжлийн банкны 410094335 тоот дансны 2022 оны 11 дүгээр сарын хуулгыг Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад өгч, дансны хуулгыг ТХ******* дугаартай хэрэгт нотлох баримтаар авсан байгаа. Уг дансны хуулгаар 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл 19,600,000.00 (арван есөн сая зургаан зуун мянга) төгрөгийн орлого орж борлуулалт хийсэн боловч Татварын удирдлагын нэгдсэн системийн оффис и-Баримт цэсээр төлбөрийн баримт шивээгүй байсан. Иймд Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8 дугаар хэсгийн 8.1-д зааснаар хариуцлага тооцож, 2022 оны 11 дүгээр сарын 19,600,000.00 төгрөгийн борлуулалтын 2 хувь болох 392,000.00 (гурван зуун ерэн хоёр мянга) төгрөгөөр торгож  шийдвэрлэсэн. 1230208901464 тоот нэхэмжлэхийн дугаараар "Г******* ******* *******г" ХХК нь Хан-уул дүүргийн  Төрийн санд торгуулиа тушаасан байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасан "Шүүхэд шууд хандахаар хуульд заасан бол тухайн хуульд заасан хугацаанд, хэрэв хугацаа заагаагүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана" гэснээр Эрх бүхий албан тушаалтны 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 0067286 дугаартай шийтгэлийн хуудсыг Прокурор нь 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 1/3482 дугаартай албан бичгээр татан авч 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 28 дугаартай Прокурорын Шаардлагыг ирүүлсэн ба хуулийн хугацаа хэтэрсэн байхад шүүхэд дүгнэлт гаргаж байгаа үйлдэл нь хууль зөрчиж байна” гэв.

 

                ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэг.Маргааны зүйл, эрх зүйн харилцааны төрөл:

1.1.Энэ хэрэгт “захиргааны албан тушаалтны гаргасан шийтгэлийн хуудас үйлдэгдэн гарахдаа хуульд нийцсэн эсэх” үйл баримт хэлэлцэгдсэн болно.

            Хоёр.Шүүхэд тогтоогдсон үйл баримтын талаар:

            2.1.Хан-уул дүүргийн Татварын Улсын байцаагч С.Б******* нь “Гэтьвэй ******* *******г” ХХК-ийг “төлбөрийг баримт олгоогүй” гэх үндэслэлээр 392000 төгрөгийн торгууль оногдуулж, зөрчлийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Шийтгэлийн хуудас үйлдсэн байна./ ХХ-ийн 17 дахь тал/

            2.2.Энэхүү татварын Улсын байцаагчийн тогтоосон зөрчил болон ногдуулсан торгуультай  “Г******* ******* *******г” ХХК маргаагүй, Шийтгэлийн хуудас хүчин төгөлдөр болсон байна.

2.3.Татварын Улсын байцаагчийн 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр үйлдсэн Шийтгэлийн хуудас бүхий зөрчлийн хэргийг Хан-Уул дүүргийн хяналтын прокурор Ц.Г******* татан авч хянаад Шийтгэлийн хуудасны “Шийдвэрлэх нь” хэсгийн 1 дэх заалтын шийтгэлийн төрөл хэмжээг нөхөж гараар бичих ёстой хэсэгт Татварын Улсын байцаагчийн  “2%-р торгох” гэж гараар бичсэнийг хууль зөрчсөн гэж үзэн хүчингүй болгуулахаар шүүхэд хандан 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Прокурорын дүгнэлт ирүүлжээ.

            Гурав.Маргаан бүхий актыг хянасан, шүүхээс хууль хэрэглэсэн үндэслэлийн тухайд:

3.1.Прокурорын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т “Прокурор зөрчлийн хэрэг бүртгэлтэд хяналт тавихдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаас гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гээд мөн зүйлийн 12.1.6-д “зөрчлийн хэрэг бүртгэлтэд хуулийн хэрэгжилтийг шалгах” гэж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Прокурор зөрчлийн хэрэг бүртгэлтэд хяналт тавих дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гээд мөн зүйлийн 1.1-т “зөрчлийн хэрэг бүртгэлт хуулийн хүрээнд явагдаж байгаа эсэхийг хянах” мөн зүйлийн 1.7-д “прокурорын хяналтын явцад илэрсэн зөрчлийг арилгуулах талаар эрх бүхий байгууллагад шаардлага хүргүүлэх” гэж заажээ.

3.2.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 4-т “Эрх бүхий албан тушаалтан хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэж, шийтгэл оногдуулахдаа энэ хуулийн 7.1 дүгээр зүйлд заасан журмыг баримтална” гэж, мөн зүйлийн 7-д “Прокурор эрх бүхий албан тушаалтны зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэн шийтгэл оногдуулсан, шийтгэлээс чөлөөлсөн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэлтэй гэж үзвэл энэ хуулийн 7.6 дугаар зүйлд заасан харьяаллын дагуу дүгнэлт бичиж шүүхэд хүргүүлнэ” гэж заажээ.

3.3.Прокурор нь зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих эрх бүхий этгээд мөн байгаа боловч эдгээр хуулиудад прокурорын зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих, шалгалт явуулах хугацаа, шүүхэд дүгнэлт бичих хугацааг хуульчлан тогтоогоогүй байгаа нь прокурор дуртай цаг хугацаандаа хяналт явуулж, дуртай цаг хугацаандаа дүгнэлт бичиж шүүхэд хүргүүлэх эрхтэй гэж үзэхгүй.

3.4.Иймд шүүх нь прокурорын хяналт шалгалт явуулах хугацаа болон шийтгэлийн хуудсыг хуульд нийцсэн эсэхийг хянаж шалгах хугацаануудыг зөрчлийн хэрэг шалган шийдвэрлэхээр хуулиар тогтоосон хугацааны дотор, харин шүүхэд дүгнэлт бичиж ирүүлэх хугацааг иргэн, хуулийн этгээдийн нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаатай адил хугацаанд гаргах ёстой гэж үзнэ.

3.5.Иймд дүгнэлт бичсэн прокурорын “прокурор байж байгаад бүх зөрчлийн хэргийг бөөнөөр нь татаж шалгаад, дүгнэлт бичдэг” гэх тайлбар нь хууль зүйн үндэслэл бүхий тайлбар болохгүй бөгөөд 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр гарсан Шийтгэлийн хуудсыг 9 сарын дараа хянаж, дүгнэлт бичиж байгаа нь зөрчлийн хэрэг шалган шийдвэрлэх хугацаа болон шүүхэд дүгнэлт бичиж ирүүлэх хөөн хэлэлцэх хугацаануудыг хэтрүүлсэн байна.

3.6.Гэвч шүүх нэгэнт прокурорын дүгнэлтээр захиргааны хэрэг үүсгэсэн байгаа тул маргааны үйл баримтад дүгнэлт өгч хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

3.7.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2-т “Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулах шийдвэртээ зөрчлийг шалган шийдвэрлэсэн он, сар, өдөр, шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтны нэр, албан тушаал, зөрчлийн талаар тогтоогдсон нөхцөл байдал, шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ авах үндэслэл, хуулийн зүйл, хэсэг, заалт, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээ, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зардлыг хуваарилсан тухай, түүнийг сайн дураараа биелүүлэх хугацаа, хэлбэр, нөхцөл, хураан авсан, битүүмжилсэн эд зүйлийг хэрхэн шийдвэрлэсэн талаар тусгана” гэж заасан байна.

3.8.Зөрчлийн тухай хуулийн 3.4 дүгээр зүйлийн 2-т “Торгох шийтгэлийн хэмжээ нь хүнд арваас хорин мянган торгуулийн нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, хуулийн этгээдэд нэг зуугаас хоёр зуун мянган торгуулийн нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг байна” гэж, мөн зүйлийн 6-д “Хувиар тооцсон торгох шийтгэлийн хэмжээнд энэ зүйлийн 2 дахь хэсэг хамаарахгүй” гэж, 11.19 дүгээр зүйлийн 8.1-д “Бараа, ажил, үйлчилгээ борлуулж байгаа хүн, хуулийн этгээд төлбөрийн баримт олгоогүй бол өмнөх тайлант сарын хугацаанд олсон орлогын үнийн дүнгийн 2 хувь” гэж заажээ.

            3.9.Татварын Улсын байцаагч нь “Г******* ******* *******г” ХХК-ийг “төлбөрийг баримт олгоогүй” гэх үндэслэлээр шийтгэлд оногдуулахдаа Шийтгэлийн хуудасны Шийдвэрлэх хэсгийн 1-т байгаа /шийтгэлийн төрөл, хэмжээ/ гэснийг бөглөхдөө  Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.1-д заасан олсон орлогын үнийн дүнгийн 2 хувь гэж бичиж, энэхүү 2 хувийг 392,000.0 төгрөг төлөхөөр тодорхой болгож бичсэн нь хууль зөрчөөгүй байна.

3.10.Учир нь Зөрчлийн тухай хуулийн 3.4 дүгээр зүйлийн 6-д “Хувиар тооцсон торгох шийтгэлийн хэмжээ” гэснээс үзвэл шийтгэлийн “хэмжээ”-г хувиар тооцож болох хууль зүйн зохицуулалт байна.

3.11.Иймд татварын Улсын байцаагчийн Шийтгэлийн хуудсанд бичсэн “торгох” гэдэг нь шийтгэлийн төрөл, “2%” гэдэг нь шийтгэлийн хэмжээ мөн бөгөөд  “2%-р торгох” гэж бичсэн нь хууль зөрчсөн зөрчил биш бөгөөд эрх зүйн үр дагавар үүсгээгүй байна.

3.12.Тодруулбал, ийнхүү татварын Улсын байцаагч Шийтгэлийн хуудсандаа “2%-р торгох” гэж бичиж, энэхүү дүнг төгрөгөөр илэрхийлэх ёстой хэсэгт 392000 төгрөг төлөхөөр тодруулсан байгаа нь хэн нэгэн этгээдэд тодорхойгүй байдал үүсгээгүй, Шийтгэлийн хуудсанд бичихийг шаардсан хэсэг тус бүрийг шаардлагад нийцүүлсэн бичсэн гэж үзлээ.

3.13.Прокурор нь хариуцагч Татварын Улсын байцаагчийг буруутгаж “2%-р торгох” гэж биччихээд уг 2% нь хэд байсан нь тодорхойгүй, хэдэн банкинд данстай, банкны бүх хуулгыг авсан эсэх нь тодорхой биш, шүүхээр  энэ талаар нотлох баримт гаргуулмаар байна” гэх тайлбарыг гаргасныг хүлээн авахгүй.

3.14.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 1.1-т зааснаар прокурор нь зөрчлийн хэрэг бүртгэлт хуулийн хүрээнд явагдаж байгаа эсэхийг хянах, 6.6 дугаар зүйлийн 7-д зааснаар  зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэн шийтгэл оногдуулсан, шийтгэлээс чөлөөлсөн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэлтэй гэж үзвэл энэ хуулийн 7.6 дугаар зүйлд заасан харьяаллын дагуу дүгнэлт бичиж шүүхэд хүргүүлэх этгээд юм.

3.15.Өөрөөр хэлбэл, прокурор нь зөрчлийг шалган шийдвэрлэсэн ажиллагаанд хяналт тавина гэдэг нь уг хэргийг үйл баримтын шаардлагатай гэж үзсэн асуудлыг шалгах, тодруулах, нотлох баримтыг цуглуулах, цуглуулсан нотлох баримтдаа өөрөө дүгнэлт өгөх, зөрчлийг илрүүлэх, илрүүлсэн зөрчлийг нотлох баримттайгаар шүүхийн өмнө гаргаж тавьж шийдвэрлүүлэх ёстой болохоос өөрөө огт үзэж шалгаагүй, таамаг, эсхүл хардлагаа шүүхийн өмнө ярьж, шүүх шалгачих гэх агуулга бүхий тайлбарыг хүлээж авахгүй.

3.16.Учир нь Прокурор Улсын байцаагчийн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих шатандаа "Г******* ******* *******г" ХХК-ийг хэдэн банкинд, хэдэн данстай байсан талаарх хуулга болон  тус компанийн борлуулалтын орлого, гүйлгээ нь хэдэн төгрөг байхад  торгуулийг ийм байдлаар дутуу тооцож гаргасан  гэх зэрэг баримтыг өөрөө шалгаж, нотлох баримтаар шүүхийн өмнө гаргаж тавьсны үндсэн дээр хариуцагчийг буруутгах ёстой болохоос өөрөө шалгаагүй, нотолгоогүй үндэслэлээ шүүхэд гаргаж байгааг хүлээн авах эрх зүйн үндэслэл байхгүй болно.

3.17.Иймд шүүх нь прокурорын хийгээгүй ажиллагаа, ажлыг өмнөөс нь хийх, явуулах үүрэггүй тул түүний өөрөө нотолж чадахгүй, шалгаагүй үйл баримтыг шүүхийн өмнө нотолж чадаагүй гэж үзнэ.

3.18.Нөгөө талаас Шийтгэлийн хуудсаар шийтгэл хүлээсэн этгээд нь уг шийтгэлийг хүлээн зөвшөөрч төлсөн байгаа учраас Шийтгэлийн хуудсыг хүчин болгох үндэслэл байсан ч энэ нь хууль зүйн үр дагавар үүсгэхгүй учраас шүүх “үр дагавар үүсгэхгүй” шийдвэр гаргах эрх зүйн үндэслэл байхгүй болно.

3.19.Шүүх нь талуудын хооронд үүссэн эрх зүйн маргааныг шийдвэрлэдэг хүний эрхийг хамгаалах механизм байхад прокурорын байгууллагаас эрх зүйн маргаан биш, “улсын байцаагчийн алдааг засуулах” гэдэг асуудлаар дүгнэлт бичиж байгаа нь илт хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хойшид ийм төрлийн асуудлыг төрийн байгууллагууд харилцан ойлголцож, шүүхийн бус журмаар шийдвэрлэх боломжтой болохыг тэмдэглэх нь зүйтэй гэж үзлээ.

3.20.Дээрх хууль зүйн үндэслэлүүдээр Татварын Улсын байцаагч нь 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 0067286 дугаар Шийтгэлийн хуудсыг үйлдэн гаргахдаа “2%-р” гэж бичсэн нь хууль зөрчөөгүй тул прокурорын дүгнэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байна.

Дөрөв.Анхан шатны шүүхэд нотлох баримт цуглуулсан, үнэлсэн талаар:

4.1.Шүүх нь хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн буюу маргаан бүхий актын үндэслэл болсон нотлох баримтад дүгнэлт хийж, маргааныг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн ба нотлох баримтыг үнэлэх нь хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн дотоод  итгэл, эрх хэмжээнд хамаарах болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14  дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Прокурорын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 42 дугаар зүйлийн 42.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 1,  1.7 хэсэг, 6.6 дугаар зүйлийн 4, 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Зөрчлийн тухай хуулийн 3.4 дүгээр зүйлийн 2, 6 дахь хэсэг,  11.19 дүгээр зүйлийн 8.1 хэсэгт заасныг тус тус баримтлан Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Г*******ийн дүгнэлтийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг баримтлан, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д  заасны дагуу дүгнэлт бичсэн Хан-уул дүүргийн Прокурорын газрын Хяналтын прокурор тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг тэмдэглэсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.1, 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.ЭРДЭНЭЧИМЭГ