| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 177/2017/0073/э |
| Дугаар | 66 |
| Огноо | 2017-08-18 |
| Зүйл хэсэг | 116.1., |
| Улсын яллагч | Я.Дина |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 08 сарын 18 өдөр
Дугаар 66
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гансүх даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Сувд-Эрдэнэ,
Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор: Я.Дина,
Шүүгдэгч: А.Сайнбилэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийж, Увс аймгийн Прокурорын Газраас 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Шаавай овгийн Аюушийн Сайнбилэгт холбогдох эрүүгийн 1735000200009 дүгээртэй хэргийг 2017 оны 8 дугаар сарын 17-нд хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1974 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Увс аймгийн Тариалан суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, ам бүл-6, эхнэр 4 хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн 03-32 тоотод оршин суудаг, гавъяа шагналгүй, РД:ОМ74081819, Шаавай овгийн Аюушийн Сайнбилэг.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч А.Сайнбилэг нь 2017 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Увс аймгийн Тариалан сумын Мээрэн гэх газарт хохирогч Б.Мягмарыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд :
1. Хохирогч Б.Мягмарын хэрэг бүртгэлтэд өгсөн: “Би Сурмаажав захиралтай “Хар тарвагатай” ХХК-д өрөмдөгч мэргэжлэээр ажилладаг юм. Зуны улирал болоод манай нүүрсний уурхайн ажил зогссон тул Мээрэн гэх газар алтны газар 2017 оны 06 сард очиж ажиллаж байгаад наадмын өмнөх өдөр Улаангом орж буцаад 2017 оны 07 сарын 12-ны өдөр гараад тэр шөнөө алт угаадаг тоног төхөөрөмж манаж хоносон. Тэгээд өглөө нь унтаж байтал хүмүүс ирээд юм яриад байхаар нь босоод хархад манай ажлын талбай дээр танихгүй хоёр хүн ирчихсэн зураг дараад байхаар нь очоод “Та нар яагаад компаниын ажлын талбай дээр зөвшөөрөлгүй зураг дараад байгаа юм бэ” гэхэд “Чи мэддэг юм уу, бид нар нутаг дээрээ байна. Хаана явахаа чамаар заалгах юм уу” гэж хэлсэн. Тэгэхээр нь би зураг дарсан хүний гар утасыг булааж аваад дарсан зургийг устгах гэж байтал гар утсыг нь булааж авсан хүний хажууд байсан хүн миний цамцнаас барьж заамдаад авхад дээл өмссөн хүн миний зүүн талын шанааруу цохиод гар утасаа аваад “Яахаараа миний утас булааж авдаг юм бэ” гэж хэлсэн. Тэгхээр нь би тэр хүмүүсийг “Та нар захиралтай очоод уулз” гэхэд машиндаа суугаад яваад өгсөн. Тэднийг явсаны дараа би энэ талаар захиралд очиж хэлхэд захирал тэр хүмүүстэй очиж уулзаад явсан юм. Надад одоо өвдөж зовиурлаж байгаа зүйл байхгүй, миний биеийн байдал хэвийн байна. Миний нэг өдрийн цалин 61680 төгрөг байдаг бөгөөд энэ хэрэг болсоноос хойш би эмнэлэгт 5 хоног эмчилгээ хийлгэсэн. Мөн гадуур нэг хоног эмчилгээ хийлгэсэн. Мээрэн, Улаангом хоёрын хооронд 3 удаа орж гарсан гэхээр миний ажлын 9 хоног алдагдсан байна. Энэ 9 өдрийн цалин болох 594.660 төгрөгийг барагдуулчих юм бол надад одоо гомдол санал гээд байх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 11-р тал/,
2. Гэрч А.Болдбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2017 оны 07 дугаар сарын 12-ны өдөр танай цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгсөн. Тухайн үед Мээрэн гэх газраар дайраад явж байтал манай ах А.Сайнбилэг “Энд зогсож бай, нутгийн сайхан зураг дармаар байна” гэж хэлээд буугаад алтны газрын зураг дараад зогсож байтал нэг залуу гүйж ирээд “Та нар яагаад энд зураг дарж байгаа юм бэ, зураг дарж болохгүй” гэж хэлэхэд манай ах “Би хол нутгаас ирсэн юм, нутгийнхаа ийм сайхан газрын зураг дарсан юм” гэж хэлэхэд тэр залуу манай ахын гар утсыг булааж аваад зугатаахаар нь ах бид хоёр арас нь гүйгээд би гар утас булаасан залууг бариад авахад манай ах гар утсаа булааж аваад нуурлүү нь нэг удаа цохих шиг болсон. Өөр ямар нэгэн цохиж зодсон зүйл байхгүй. Тэгээд тэр залуу “Манай даргатай уулз” гэхээр нь “Бид нар айлд золголт хийх гэж явна” гэж хэлээд машиндаа суугаад явж байтал араас машин хажуугаар зөрж ирээд манай машины урд талд зогсоод машинаас 6 хүн бууж ирээд “Та нарыг хэн явуулсан юм. Тангуул хийж явна уу. А.Сайнжаргал намайг тагнаад ир гэж хэлсэн үү” гэж хэлээд бид нарлуу дайраад байсан. Тэгэхээр нь “Бид нар айлд золголт хийх гэж явна, энэ замаар явж байгаад зургийг нь дарчлаа” гэж хэлсэн юм. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй миний ярьсан зүйл бүгд үнэн” гэх мэдүүлэг /хх-ийн 13-р тал/,
3. Гэрч А.Алтангэрэлийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2017 оны 07 дугаар сарын 13-ны өдөр төрсөн ах Сайнбилэг, Болдбаяр нарын хамт хөдөө айлд золголт хийх гэж Тариалан сумаас гараад явж байтал замд нэг хүн тааралдаад “Гэртээ дөхөөд буумаар байна” гэхээр нь суулгаад гэрийнх нь ойролцоо буулгасан. Тэгээд Тариалан сумын Мээрэн гэх газарт явж байтал Сайнбилэг ах “Энд түр зогсож бай, яасан гоё юм бэ буугаад зураг дарья” гэж хэлэхээр нь би машинаа зогсоосон. Тэгээд Сайнбилэг ах буугаад алт угааж байсан газарлуу алхаад явсан бөгөөд би машиндаа суугаад үлдсэн. Удалгүй Сайнбилэг ах ирээд “Явья” гэхээр нь машинаа асаагаад явж байтал араас хар өнгөтэй машин гүйцэж түрүүлж ирээд урд гараад зогссон. Тэгээд тэр машинаас олон залуучууд буухад манай хоёр ах ч мөн буусан. Тэд уулзаад зогсож байгаад буцаж машиндаа орж ирж суугаад “Сайнжаргал та нарыг явуулсан уу” гэх зэргээр юм асуулаа гэж хэлсэн. Тухайн үед Сайнбилэг ах надад “Зураг дараад зогсож байтал нэг залуу ирээд “Та зураг дарж болохгүй” гэж хэлээд миний гар утсыг булаагаад авахаар нь утсаа авах гээд нүүрлүү нь нэг удаа цохисон” гэж хэлсэн. Миний хувьд Сайнбилэг ахыг хүн зодож, цохиж байхыг нүдээр харсан зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15-р тал/,
4. Гэрч Б.Цэрэнгомбын мөрдөн байцаалтад өгсөн: “2017 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Б.Мягмар бид хоёр Улаангом сумаас гарч Мээрэн гэх газарт очоод тэнд байх тоног төхөөрөмжөө манаж хоносон юм. Маргааш өглөө нь би босоод байж байтал хоёр танихгүй хүн манай компанийн талбай дээр ирээд зураг дараад зогсож байхаар нь очоод “Та нар яагаад манай компанийн талбай дээр зөвшөөрөлгүй зураг дараад зогсож байгаа юм бэ” гэж хэлээд Б.Мягмар бид хоёр шаардлага тавихад “Та нарт ямар хамаатай юм, бид хоёр нутаг усныхаа газар дээр явж байна” гэхээр нь Б.Мягмар “Та зураг дарж болохгүй” гэж хэлээд гар утсыг нь булаагаад авахад зураг дарж байсан хүн Б.Мягмараас гар утсаа авахдаа нүүрлүү нь цохиод утсаа авсан юм. Тэгэхээр нь Б.Мягмар “Та нар ингэж зураг дарж болохгүй, манай захиралтай уулзаад яв” гэхээр нь “Захирлаа очоод дагуулаад ир гэж хэлээд машиндаа суугаад явчихсан. Тэгээд бид 2 захиралд ирж хэлэхэд машинтай араас нь очиж уулзаж нэгнийхэн зургийг дараад “Та нар Аюушийн залуучууд байна” гэж хэлэхэд тэр хүмүүс яваад өгсөн. Ямар нэгэн хэрүүл маргаан, зодоон болоогүй” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17-р тал/,
5. Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 399 дүгээртэй шинжээч эмчийн: “Үзүүлэгч Б.Мягмарын биед гэмтэл учирсан байна. Тархи доргилт, зүүн нүдний эргэн тойронд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт зулгаралт гэмтэл учирсан байна. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрхи гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрхи гэмтэл нь эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт тодорхой хугацаанд нөлөөлнө” гэх дүгнэлт /хх-ийн 17-р тал/,
6. Шүүгдэгчийн хувийн байдал тогтоосон баримтууд /хх-ийн 30, 31, 32-р тал/,
7. Шүүгдэгч А.Сайнбилэгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа /хх-ийн 29-р тал/,
8. Хохирогч Б.Мягмарын хохирол гомдол, нэхэмжлэх зүйлгүй талаархи тодорхойлолт /хх-ийн 36-р тал/,
9. Шүүгдэгч А.Сайнбилэгийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 2017 оны 07 дугаар сарын 12-ны өдөр өглөө эрт Алтангэрэл, Болдбаяр гэж хоёр дүүгийн хамт хөдөө явж айлд золголт хийхээр гарсан. Алтангэрэл замаараа айлаас мал авна гэж байсан бөгөөд бид гурав явж байтал замд хүн таараад “Бургастайн аманд хүрээд буучмаар байна” гэхээр нь тэр хүнийг суулгаад явсан. Тэгээд бид нар Мээрэн гэх газраар дайраад явж байтал замд алт угааж байхаар би Алтангэрэлийг “Зогсож бай зураг дармаар байна” гэхэд Алтангэрэл машинаа зогсоосон. Машинаас Болдбаяр бид хоёр буугаад би гар утсаараа зураг дараад зогсож байтал нэг залуу ирээд “Та юу хийж байгаа юм бэ, энд зураг дарж болохгүй” гэж хэлхээр нь “Би холоос нутагтаа ирсэн юм. Нутгийнхаа зураг дарсан юм” гэхэд “Та нар компанийн газарт нэвтэрч болохгүй” гэж хэлээд зогсож байтал цаанаас нэг залуу ирээд миний гар утсыг булааж аваад зугатаад явчихсан. Тэгэхээр нь Болдбаяр бид хоёр араас нь очоод гар утсааа булааж аваад тэр хүнийг би нэг удаа цохисон. Өөр ямар нэгэн зодож цохисон зүйл байхгүй. Тэгээд бид нар машиндаа суугаад явж байтал араас нэг машин хажуугаар зөрөөд манай дүүгийн машины урд талд орж ирээд зогссон. Машинаас 6 хүн бууж ирээд бид нарыг “Та нар хэний захиалгаар тагнуул хийж явна, юу хулгайлсан юм” гэж хэлээд манай дүүгийн машины хаалгыг онгойлгоод хархад би очоод “Танд хүний машин нэгжих ямар эрх байгаа юм” гэж хэлээд машины хаалга хаасан. Тэгсэн чинь тэр хүмүүс машиндаа суугаад явсан бөгөөд бид нар ч гэсэн машиндаа суугаад явцгаасан. Миний авсан зураг одоо гар утсан дээр байна. Би миний гар утас булааж авсан залуугаас утсаа булааж авахдаа тэр залууг нэг удаа цохисон. Би нутагтаа ирээд удаагүй манай нутагт ийм сайхан зүйл байдаг юм гэж хүмүүст үзүүлэх гэж гар утсаараа дөрвөн зураг дарсан. Хүний эзэмшлийн газар зөвшөөрөлгүй зураг дарсан миний буруу байсан. Би хийсэн хэрэгтээ харамсаж байна, надад хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтууд болно.
Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл: Шүүгдэгч А.Сайнбилэг нь 2017 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Увс аймгийн Тариалан сумын Мээрэн гэх газарт хохирогч Б.Мягмарыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Б.Мягмарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, гэрч А.Болдбаатар, Б.Цэрэнгомбо нарын мэдүүлэг, шүүгдэгч А.Сайнбилэгийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 228 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон байна.
Шүүгдэгч А.Сайнбилэгийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Мягмарын бие махбодид Баруун чихний хэнгэргэн хальсны цоорол гэмтэл учирсан байх ба уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч А.Сайнбилэгийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Хохирогч Б.Мягмар нь мөрдөн байцаалтад “А.Сайнбилэгээс нэхэмжлэх хохирол байхгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй гэж үзлээ.
Шүүгдэгч А.Сайнуилэг энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Шаавай овгийн Аюушийн Сайнбилэгийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Сайнбилэгийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Сайнбилэгт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 /нэг/ сарын дотор төлж барагдуулах хугацаа тогтоосугай.
4. 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч А.Сайнбилэг нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар А.Сайнбилэгт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэрэглэсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГАНСҮХ