Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 2022/ДШМ/537

 

 

 

 

 

 

      2022             5              19                                       2022/ДШМ/537                     

 

      У.Бад холбогдох эрүүгийн

                    хэргийн тухай                  

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Н.Батсайхан, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Ууганбаатар,

шүүгдэгч У.Б, түүний өмгөөлөгч Д.Наранцэцэг,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 2022/ШЦТ/491 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч У.Бын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2102005330026 дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Б овгийн Уийн Б, .... оны ... дугаар сарын ....-ний өдөр ...................... аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, англи хэлний багш мэргэжилтэй, “А” ХХК-д дуудлагын жолооч ажилтай, ам бүл 3, эцэг, дүүгийн хамт ................... аймгийн ................ сумын ... дугаар баг, .... дугаар хороолол, ... дугаар байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч ........................ дүүргийн ... дугаар хороо, .... байрны .... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД:............................../,

 

               Шүүгдэгч У.Б нь 2021 оны 10 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт 43-11УНК улсын дугаартай “Ниссан Тийда” загварын тээврийн хэрэгсэлд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай 32.0 грамм, 420.1 грамм, 1395.4 грамм жинтэй буюу нийт 1847.5 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

 

            Нийслэлийн прокурорын газраас: У.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч У.Быг хориглосон, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар У.Бад 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч У.Бад оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Баас 4.951.717 төгрөгийг гаргуулан улсын орлого болгож, шүүгдэгч У.Бад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа 1 гэж дугаарласан ягаан өнгийн саванд хийсэн бор өнгийн ургамал бохир жин 35 грамм, 3 гэж дугаарласан “Веллмарт супермаркет” гэсэн 7.9 өргөн 7 см урт хуйлсан цаас 1 ширхэг, 3 гэж дугаарласан 0.5 литр хэмжээтэй “Бонакуа” цэвэр усны сав 1 ширхэг, “bonesoup” гэсэн бичигтэй ногоон өнгийн ургамал жин 435 грамм, 1.5 литр хэмжээтэй цэвэр усны саванд нунтаглаж хийсэн бор өнгийн ургамал бохир жин 145 грамм зэргийг устгахыг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж шийдвэрлэжээ.   

           

Шүүгдэгч У.Б давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... хэдийгээр өөрийн буруутай үйлдлийг ухамсарлан ойлгож, харамсаж байгаа ч анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон байдлыг харгалзан үзэж хорих ялыг өөрчилж өгөхийг хүсч байна. Миний бие хоёр хүүхэдтэй бөгөөд хоёр хүүхэд маань ээжтэйгээ хамт тусдаа амьдардаг. Би аав, дүүгийн хамт амьдарч, ажил хөдөлмөр эрхэлдэг. Эхнэр, хүүхэд маань тусдаа, амьдралын зовлон, бэрхшээлийг ярилцан ойлголцох ойр дотны хүнгүй хэцүү үедээ энэ гэмт хэрэгт холбогдсон. Аав маань дүү бид хоёрын төлөө л ажилладаг. Хэрэгт холбогдсон гэдгээ ч аавдаа хэлж чадаагүй. Миний гаргасан энэ буруу үйлдлээс болж аав маань их шаналан зовж байна. Цаашид элдэв асуудалд орохгүй, эцэг, дүү хоёртоо тусалж сайн хүн болж, засарна гэж бодож байна. Иймд надад оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн өөрчилж хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгөхийг хүсч байна.” гэв.

 

Шүүгдэгч У.Бын өмгөөлөгч Д.Наранцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хуралдаанд миний бие оролцоогүй. Шүүгдэгч У.Бын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Өөрөөр хэлбэл, давж заалдах гомдлын агуулга нь шүүгдэгч У.Бад оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг хорихоос өөр төрлийн ялаар сольж өгнө үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэрэгт холбогдсон байгаа учраас оногдуулсан хорих ялыг хорихоос өөр төрлийн ялаар сольж өгнө үү. Шүүгдэгч гэм буруугийн талаар хүлээн зөвшөөрч, хэргийн нөхцөл байдал, үйл баримтын талаар маргадаггүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш байнгын ажлын байртай, аавынхаа компанид ажилладаг. Ээж нь нас барсан, эхнэрээсээ салсан, сэтгэл зүйн хувьд тогтворгүй байхдаа энэ гэмт хэрэгт холбогдсон. Иймд шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг хөнгөн ялаар сольж өгнө үү гэв.

Прокурор Г.Ууганбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч У.Б нь 2021 оны 10 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт 43-11 УНК улсын дугаартай “Ниссан Тийда” загварын тээврийн хэрэгсэлд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай 32.0 грамм, 420.1 грамм, 1395.4 грамм жинтэй буюу нийт 1847.5 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогдсон нь тогтоогдсон гэж үзэж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад түүний үйлдлийг олж авсан, түүж бэлтгэсэн үйлдлээр зүйлчлээгүй. Тухайн тогтоогдсон нөхцөл байдал болон үйл баримтад нийцүүлэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийн шинжийг хангасан байна гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөв хэрэглэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдохгүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар У.Бад 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсэн. Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэрэг нь хангалттай нотлогдож тогтоогдсон. Шүүгдэгч У.Б нь нийт 1847.5 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хадгалж байсан. Хэмжээний хувьд онцгой анхаарал татахаар их хэмжээтэй байдаг. Их хэмжээгээр хадгалж байсан үйл баримт, нөхцөл байдалд нь тохируулан түүнд 1 жил 6 сарын хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй. Мөн хэргийн үйл баримтад дурдагдаж ял халдаагаагүй ч гэсэн бусдыг энэхүү үйлдэлдээ татан оролцуулсан нөхцөл байдал байдаг. Золчимэг гэх хүн яригддаг. Золчимэг хадгалсан болох нь тогтоогдоогүй. Гэхдээ шинжээчийн дүгнэлтээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэсэн нь тогтоогдсон учраас зөрчлийн арга хэмжээ авахуулахаар харьяа дүүрэгт нь шилжүүлсэн. Энэ талаарх баримт хавтас хэрэгт авагдсан. Эдгээр нөхцөл байдлуудын үндсэн дээр шүүгдэгч У.Бад 1 жил 6 сарын хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй. Энэхүү ялыг хөнгөрүүлэх эсхүл өөр төрлийн ялаар солих нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Энэ гэмт хэргийн нийгмийн хор аюул өндөртэй. Хэдийгээр хэлбэрийн бүрэлдэхүүнтэй хохирол, хор уршиг бодитоор учирсан байхыг шаардахгүй ч гэсэн цаад агуулгаараа нийгмийн хор аюул өндөртэй гэмт хэрэг юм. Шүүгдэгч У.Бад оногдуулсан ял шийтгэл тохирсон гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

            Шүүгдэгч У.Б нь 2021 оны 10 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт 43-11УНК улсын дугаартай “Ниссан Тийда” загварын тээврийн хэрэгсэлд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай 32.0 грамм, 420.1 грамм, 1395.4 грамм жинтэй буюу нийт 1847.5 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

            гэрч Г.Згийн “...Бобо ах машинаас буугаад арын тээшээ онгойлгох гээд буух үед нэг цагдаа Бобо ахын сууж явсан буюу жолооч талын суудал доороос гаргаж ирсэн дараа нь дахиж шалгаад жижиг усны савыг жолоочийн суудал доороос гаргаж ирээд “энэ юу юм бэ” гээд байсан. Тэгтэл Бобо ах “наад чинь ганга” гээд байсан. Тэгээд цагдаа нар дагаад яв гээд Бобо ахыг авчираад намайг “чи энэ өвсийг хэрэглэсэн үү” гэхээр нь “хэрэглээгүй” гэж хэлсэн. Тэгээд драйгер багажаар согтолтын хэмжээг шалгасан. Дараа нь бид гурвын нүд рүү гэрэл тусгаад “чи нүдний линз зүүдэг үү” гэж асуухаар нь “үгүй ээ, харааны шил зүүдэг” гэж хэлсэн. Тэгтэл “чиний хүүхэн хараа чинь яасан том юм бэ” гэсэн. Энэ үед манай найз Эрдэнэжаргал, Энхбаяр 2 машинтайгаа ирсэн ба цагдаа нар намайг найзынхаа машинд сууж бай гээд Бобо ах, Эрхэмбаяр хоёрыг авч үлдсэн...” /хх 75-77/,

            У.Бын яллагдагчаар өгсөн: “...Ингээд Дарханд очоод байраа шалгачихаад хуучин Орос цэргийн баталион гэх газраас нэг тор орчим олсны төрлийн ургамал болох өвс түүж аваад буцаад таксигаар Улаанбаатар хотод ирсэн. Улаанбаатар хотод ирээд Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 170с байрны 37 тоот гэрийнхээ тагтан дээр цүнхтэйгээ хадгалж байсан. Ингээд 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр дүү Отгонбатын машиныг гуйж аваад машиных нь багажинд тагтан дээр хадгалж байсан өвсөө цаасан хайрцганд хийж тавьсан. Тухайн өвснөөсөө хэсгийг тасдаж ягаан саванд хийж өөртөө ойрхон машин дотор авсан. Ингээд тухайн өдрийнхөө 20 цагийн орчимд ганцаараа хэрэглэсэн. Хэрэглээд сууж байх үед миний танил Золчимэг над руу утасдаад “машинтай байна уу, машинтай байвал хамт нэг тийшээ яваад миний иргэний үнэмлэхийг аваадахъя” гэсэн. Тэгэхээр нь би зөвшөөрч зүүн 4 замын Зүүн хүрээ хорооллын гаднаас Золчимэгийг аваад 805 дугаар ангийн ойролцоогоос нэг таксины жолоочтой уулзаад мөнгө өгөөд иргэний үнэмлэхээ авсан. Тэндээс бид 2 Зайсан-2 гэх өндөрлөг газарт очиж хэсэг юм ярьж суусан. Тэндээс 22 цаг 40 минутын орчимд хотын төв орохоор хөдөлсөн ба 805-ын тэнд уруудаж явахдаа цагдаад баригдсан. Ингээд Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр очсон. Миний машинд үзлэг хийгдэж авч явсан өвс болон бонго зэрэг зүйлс хураагдсан...” /хх 133-135/ гэх мэдүүлгүүд,

            Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 4916 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “Б ТД89062115”, “Т.Золчимэг ТЕ01310842” гэж хаягласан шээсний дээж /2ш/ тус бүрээс тетрагидроканнабинол” илэрсэн. Тетрагидроканнабинол нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад багтана.” гэх шинжээчийн дүгнэлт /хх 42-43/,

            Шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 17 дугаартай “....У.Б нь урьд өмнө сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвдөж байсан гэх баримт үгүй байна. У.Б нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна. Хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байсан байна. Сэтгэцийн хувьд эрүүгийн хариуцлага хүлээх чадвартай байна. У.Бад эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. У.Б нь сэтгэц идэвхит эм бодисоос хамааралтай болсон гэх шинж, баримт үгүй байна.” гэх дүгнэлт /хх 66-67/,

Биологийн дээж авч мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тест ашигласан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 15-18/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 22-30/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 34-36/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх 38/, эд мөрийн баримтыг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх 39/ зэрэг хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч У.Быг хориглосон, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

            Шүүгдэгч У.Бын 2021 оны 10 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт 43-11УНК улсын дугаартай “Ниссан Тийда” загварын тээврийн хэрэгсэлд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай 32.0 грамм, 420.1 грамм, 1395.4 грамм жинтэй буюу нийт 1847.5 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Шүүгдэгч У.Б “...анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг өөр төрлийн ялаар сольж өгнө үү. ...”  гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь, шүүгдэгч У.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа хэдий ч гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлаас гадна гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, үйлдсэн гэмт хэргийн хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь тооцон ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шийдвэрлэхэд зайлшгүй харгалзан үздэг.

Гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ нь тухайн гэмт хэргийн нийгэмд үзүүлэх нөлөөлөл, үр дагавартай шууд холбоотой ойлголт бөгөөд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлын үнэ цэнэ, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээгээр тодорхойлогдоно.

Сэтгэцэд нөлөөлөх бодис нь хүний төв мэдрэлийн системийн тогтолцоог дарангуйлах замаар хүний ердийн үйл ажиллагаа, зан авирыг хямраан саатуулж хараат байдлыг үүсгэж донтуулах хорт үр дагавартай учир хууль тогтоогч сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бус аргаар бэлтгэх, олж авах, хадгалах, бусдад өгөх, тээвэрлэх, илгээх, борлуулах зэрэг бүхий л үйл ажиллагааг хориглож, тухайн үйлдэл бүрийг гэмт хэрэгт тооцож хуульчилсан болно.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд тулгуурлаж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, түүнийг зөв тайлбарлан тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэжээ.

Эрүүгийн хуулийн зүйл, хэсгүүдэд заасан хэм хэмжээний дийлэнх нь тухайн заалтыг зайлшгүй, хэлбэрэлтгүй биелүүлэх үүргийг шүүхэд хүлээлгэсэн байдаг.

Нөгөөтэйгүүр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж хариуцлагын зорилгыг тодорхойлон хуульчилжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт оногдуулахаар хуульд заасан хорих ялын доод хэмжээгээр буюу шүүгдэгч У.Бад 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь түүний гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон гэж үзнэ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч У.Бын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч У.Б нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 491 дугаартай шийтгэх тогтоол гарснаас хойш буюу давж заалдах шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцсэн 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 48 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялын хугацаанд оруулж тооцох нь зүйтэй байна.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 491 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч У.Бын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч У.Б нь 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл нийт 48 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

             ДАРГАЛАГЧ,

               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Д.МЯГМАРЖАВ

 

     ШҮҮГЧ                                           Н.БАТСАЙХАН

 

      ШҮҮГЧ                                          Б.БАТЗОРИГ