Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 130

 

 Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Г даргалан,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.С,

Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор: Я.Д,  

            Шүүгдэгч: Г.Г  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г.Г-д холбогдох 1735000000067 дугаартай  эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол Улсын иргэн, 1986 оны 7 дугаар сарын 26-нд  Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин мэргэжилтэй, хувийн малаа  малладаг,  ам бүл-5, эхнэр, 3 хүүхдийн хамт -т оршин суудаг, Г.Г.

            Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Г.Г нь 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр  хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Н.Д-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд :

            1. Хохирогч Н.Д-ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “Би 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр “Эрдэний зоо” гэдэг газарт  малаа хариулаад явж байтал манай ойролцоо байдаг Г гэдэг залуу ирээд “Та хонио манай өвөлжөө рүү яагаад туугаад байгаа юм бэ?” гэхээр нь би “Чиний хонийг туугаагүй, би өөрийнхөө хонийг тууж байна” гэтэл намайг цээж хэсэг үрүү нэг цохиод, нэг удаа өшиглөхөд нь би газарт унаад босоод иртэл дахин нэг удаа нүүр үрүү цохихоор нь би морио унаад гэр үрүүгээ явчихсан. Урьд өмнө нь бэлчээрээс  болж хэрэлдэж байсан. Зодож, цохиж байсан удаагүй. Намайг гараараа цохисон. Г.Г намайг цохихоор нь би салаавч гаргаж аманд нь тулгасан, уурандаа хэл амаар доромжилсон байх, юу гэж хэлсэнээ санахгүй байна. Миний хохиролд 300.000 төгрөг төлж өгсөн. Надад одоо гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх  мэдүүлэг /хх-ийн 12-13, 14-р тал/,   

           2. Гэрч Д.О-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “Миний нөхөр Н.Д  2017 оны 10 дугаар сарын 11-ний өглөө 08.00 цагийн үед хонио хариулахаар яваад удалгүй хүнээр зодуулсан гэсэн нүүр, дээлний энгэр нь цус болчихсон ирсэн. Юу болсон талаар асуухад бэлчээрээс болоод Сүүгий гэдэг залуу зодсон гэсэн. Сүүгийтэй өмнө нь бэлчээрээс болж хэрэлдэж байсан удаа байгаа. Сүүгий нь Наранбулаг сумын харьяат боловч манай Малчин сумын нутагт өвөлжөө барьсан түүнээс болоод маргаан үүссэн юм”  /хх-ийн 15-16-р тал/,

            3. Увс аймгийн  Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 640 дүгээртэй  шинжээчийн: “Үзүүлэгч Н.Д-ийн биед гэмтэл учирсан байна. Тархи доргилт, зүүн хацарт зулгаралт, цээжний зүүн хэсэгт болон ууцанд зөөлөн эдийн гэмтэл учирсан байна.  Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрхи гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрхи гэмтэл нь эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт тодорхой хугацаанд нөлөөлнө” гэх дүгнэлт /хх-ийн 4-р тал/,

            4. Шүүгдэгчийн хувийн байдал тогтоосон баримтууд /хх-ийн 17-18, 29 -р тал/,

            5. Шүүгдэгч Г.Г-ийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа /хх-ийн 30-р тал/,

            6. Хохирогч Н.Д-гийн “...Г.Г нь хувийн таарамжгүй харьлцааны улмаас намайг зодож миний биед хөнгөн гэмтэл учруулсан. Г.Г надаас уучлалт гуйж, хохирол, гомдлыг барагдуулсан тул надад гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх тодорхойлолт /хх-ийн 35-р тал/,

            7.  Г.Г-ийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр гэртээ байж байтал манай хонийг нэг морьтой хүн замаас доошоо туугаад байхаар нь мотоциклио асаагаад яваад очиход Малчин сумын Н.Д гэдэг хүн байсан. Бти түүнд хандаж “Та яагаад манай хонийг гэр үрүү туугаад байгаа юм бэ?” гэхэд Н.Д “Чи өөрөө яагаад хонио манай малын бэлчээр үрүү шахаад байгаа юм бу? Хүний нутагт зөвшөөрөлгүй хашаа барьчихаад миний бэлчээрийг мэддэг хэн юм бэ?” гээд над уруу морин дээрээсээ 2 удаа салаавч гаргасан. Би “Та настай намбатай хүн байж хүний үг ойлгож хүлээж авахгүй сонин хүн бэ?” гэхэд “Тэгээд яадаг юм бэ?” гээд дахин салаавч гаргахаар нь би уурлаад нэг удаа хавирч унагаагаад хацар хэсэг үрүү нь нэг удаа гараараа цохиход хацраас нь цус гараад мориндоо мордоод “Чамайг цагдаад өгнө. Муу луйварчин минь” гээд гэр үрүүгээ явсан.  Бид хоёр урьд нь мөн бэлчээрээс болж хэрэлдэж маргалдаж байсан. Н.Д намайг хэл амаар доромжлоод байхаар нь цохисон. Намайг бага байхаас эхлээд Сүүгий гэж дууддаг. Өөрийгөө барьж чадалгүй уурандаа хүн зодсондоо харамсаж байна. Дахин ийм хэрэг үйлдэхгүй. Надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэх  мэдүүлэг зэрэг нотлох баримтууд болно.

        

                   Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл: Шүүгдэгч Г.Г нь 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Увс аймгийн Малчин сумын нутаг “Эрдэний зоо” гэх газарт хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Н.Д-г зодсон болох нь хохирогч Н.Д, гэрч Д.О, шүүгдэгч Г.Г нарын мэдүүлгээр тогтоогдсон байна.

                  Шүүгдэгч Г.Г-ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Н.Д-гийн бие махбодид  “Тархи доргилт, зүүн хацарт зулгаралт, цээжний зүүн хэсэгт болон ууцанд зөөлөн эдийн гэмтэл” учирсан байх ба уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 640 дугаартай  дүгнэлтээр тогтоогдсон, хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Г.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

                  Хохирогч Н.Д нь мөрдөн байцаалтад “шүүгдэгч Г.Г-оос  нэхэмжлэх хохирол байхгүй” гэж мэдүүлсэн, мөн энэ талаар тодорхойлол гаргасан өгсөн нь хавтаст хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй гэж үзлээ.

 

                  Шүүгдэгч Г.Г нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл,  битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.             

                  Шүүгдэгч Г.Г нь учруулсан хохирлоо сайн дураараа төлж барагдуулсан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг ял шийтгэхдээ харгалзан үзсэн, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

             

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

            1. Шүүгдэгч Г.Гийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын  15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

            4. Шүүгдэгч Г.Г нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй болохыг тус тус дурдсугай.

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар Г.Г-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэрэглэсүгэй.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.ГАНСҮХ