Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 2022/ДШМ/538

 

 

 

 

 

 

      2022             5              19                                       2022/ДШМ/538                                 

 

      Д.Эт холбогдох эрүүгийн

                    хэргийн тухай                  

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Н.Батсайхан, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ч.Батбаатар,

шүүгдэгч Д.Э,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 2022/ШЦТ/430 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Эын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2203000520138 дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            С овгийн Дын Э, .... оны ... дугаар сарын ....-ны өдөр .............. аймгийн ............. суманд төрсөн, эрэгтэй, 43 настай, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт .................. дүүргийн .... дүгээр хороо, .................. дугаар гудамжны ....... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.........../,

 

            Шүүгдэгч Д.Э нь Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Улаанхуарангийн зам “Оргил” минимаркетын баруун замд 2022 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн 16 цаг 40 минутын орчимд “Ниссан патрол“ загварын 90-70УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Х.Бийг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

            Тээврийн прокурорын газраас: Д.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Д.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Д.Эын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, шүүгдэгч Д.Эт тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эт оногдуулсан эрх хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргаж, шүүгдэгчийн жолооны үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж холбогдох байгууллагад хүргүүлж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Э нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

           

Шүүгдэгч Д.Э давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэн надад оногдуулах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар тэнсэн харгалзах заалтыг хэрэглэсэн. Хэдийгээр дээрх хуулийн зохицуулалтыг хэрэглэх эсэх нь тухайн шүүхийн эрх хэмжээний асуудал мөн боловч шүүхээс шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, энэ төрлийн гэмт хэрэгт анх удаа холбогдсон шүүгдэгч миний хувийн байдалд тохирох бодитой дүгнэлт хийгээгүй гэж үзэж байна. Миний бие хэргийн талаар үнэн зөв мэдүүлж, мөрдөн шалгах ажиллагаанд огт саад учруулаагүй, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч гэм буруу дээр огт маргаагүй, гэр бүлийн болон хувийн байдлуудыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зарчмыг харгалзан үзэх нь хуульд нийцэх байсан. Учир нь, гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх нь хууль ёсны зарчмын нэг илрэл боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хэм хэмжээг хэрэглэн тусгай ангид заасан эрүүгийн хариуцлагыг тухайн этгээдэд хөнгөрүүлэн оногдуулж болох байсан гэж үзэн шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5  дугаар зүйлд заасан хэм хэмжээг хэрэглэж болох нөхцөл байдал харагдаж байгаа юм. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэснийг өөрчилж, төрөөс надад  нэг удаа энэрэнгүй хандан, итгэл хүлээлгэж 6 сарын хугацаагаар тэнсэж өгнө үү.” гэв.

 

Прокурор Ч.Батбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Д.Э хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргасан. Прокуророос хүсэлтийг хүлээн авсан. Д.Этай ял тохиролцоход тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасахгүй байж болохгүй юм уу, би хөдөө ажилтай гэж асууж байсан. Тэгэхээр нь би тайлбарлаж хэлсэн. Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасахгүй байна гэж байхгүй. Нэмэгдэл ялтай зүйл хэсэг байгаа. Хамгийн багаар буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилээр хасаж, 2 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэгжүүлэх саналыг гаргасан. Өөрөө танилцаж зөвшөөрч, гарын үсэг зурсан. Үүний дагуу анхан шатны шүүхэд хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн. Анхан шатны шүүх прокурортой тохиролцсон ялын саналын дагуу шийдвэрлэсэн. Иймд Д.Эыг давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

          Шүүгдэгч Д.Э нь Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Улаанхуарангийн зам “Оргил” минимаркетын баруун замд 2022 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн 16 цаг 40 минутын орчимд “Ниссан патрол“ загварын 90-70 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Х.Бийг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

          хохирогч Х.Бийн “...Улаанхуарангийн автобусны буудлын эцэс орчмоос урагшаа алхаад явдаг нарийн зам хөндлөн гарах үедээ тээврийн хэрэгсэлд мөргүүлсэн. Мөргөсөн жолооч эмчилгээний зардалд 3.370.000 төгрөгийн зардал гарснаас баримттайгаар 2.838.095 төгрөгний хохирол, баримтгүйгээр 531.905 төгрөгний хохирол нийт бүх хохирлыг төлж барагдуулсан тул миний зүгээс гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” /хх 33-35/,

яллагдагч Д.Эын “...2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Батлан хамгаалахын их сургуулийн баруун замаар хойноосоо урагшаа чиглэлтэй яваад Улаанхуарангийн эцсийн буудал орчим зүүн гар тийш буюу урд зүгт эргэсэн. Тэгэхэд тэр орчимд хөдөлгөөн сийрэг байхаар нь цааш урагшаа чиглэлтэй явах үед миний зүүн гар талаас нэг явган хүн ирж миний жолоодож явсан тээврийн хэрэгсэлд мөргүүлсэн. Энэ талаар өмнө гэрчийн мэдүүлэгтээ үнэн зөвөөр мэдүүлсэн байгаа. Санамсар болгоомжгүй байдлаас уг осол гарсан үйл явдалд маш их харамсаж бас гэмшиж байна. Хохирогч болон ар гэрээс нь уучлал гуйж байна. Тэр хүний эмчилгээний зардлыг төлж барагдуулна.” /хх 81/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 1270 дугаартай: “Х.Бийн биед зүүн нүдний ухархайн дээд хана болон дух ясны хугарал, дух хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, баруун нүдний дотор булан, зүүн зовхинд цус хуралт, зүүн чамархай, нүүрний зөөлөн эдийн няцрал гэмтлүүд учирчээ.  Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт /хх 40-41/,

 

2022 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 147 дугаартай “...“Ниссан патрол“ загварын

90-70 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д овогтой Э нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 12.3 Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Явган зорчигч Х.Б нь Замын Хөдөлгөөний дүрмийн 5.6 Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна... гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.” гэх мөрдөгчийн магадлагаа /хх 72/,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 4-12/, сидинд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх 17/, хохирлын тооцоо /хх 94/, хохирол төлсөн баримт буюу депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 96-99/ зэрэг хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Д.Эыг “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Шүүгдэгч Д.Эын Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Улаанхуарангийн зам “Оргил” минимаркетын баруун замд 2022 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн 16 цаг 40 минутын орчимд “Ниссан патрол“ загварын 90-70УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Х.Бийг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасан ба анхан шатны шүүх прокурорын саналын хүрээнд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхдээ шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.  

Шүүгдэгч Д.Эын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хохирогчийн “.. Д.Э нь эмчилгээний зардалд 3.370.000 төгрөгийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан, гомдол саналгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн, Д.Эын “... миний бие хохирогчийн биед учруулсан гэмтэлийн эмчилгээний болон бусад хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэсэн хүсэлтүүд, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нотлох баримтын хэмжээнд төлж барагдуулсан болон хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнд тухайн зүйлд заасан ялын төрөл, хэмжээний дотор оногдуулах ялын төрөл, хэмжээ, ял оногдуулахгүй тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай прокурорын саналаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэх ял оногдуулсан нь түүний гэм буруугийн хэлбэрт тохирчээ.

            Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 2022/ШЦТ/430 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Эын “тэнссэн хугацааг богиносгох” талаар гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

          Түүнчлэн шүүгдэгч Д.Э нь давж заалдах шатны шүүх хуралдаанд өөрт холбогдох эрүүгийн  хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн хүсэлтээ дэмжсэн нэмэлт тайлбар гаргасан бөгөөд давж заалдах шатны шүүхээс түүний дээрх тайлбарыг үндэслэн түүний гомдлыг хангахгүй байхаар хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй .

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 2022/ШЦТ/430 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Эын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

             ДАРГАЛАГЧ,

               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Д.МЯГМАРЖАВ

 

     ШҮҮГЧ                                           Н.БАТСАЙХАН

 

      ШҮҮГЧ                                          Б.БАТЗОРИГ