Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 126

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

       Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гансүх даргалан,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.С,

            Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Д,

Шүүгдэгч: С.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Г-д холбогдох 1735001240066 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 08  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

             Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1980 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Увс аймгийн Бөхмөрөн суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-3 эхнэр хүүхдийн хамт -т  оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй,  С.Г.

            Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч С.Г нь 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Б.Ж-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд :

1. Хохирогч Б.Ж-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 13 цагийн үед би гэртээ байж байтал манай урд талын хөрш С.Г манай гэрийн гадна ирээд “Чи яагаад хэрүүл хийгээд байгаа авгай бэ? Манайд очиж эхнэртээ нүүрэлдье” гээд намайг дагуулууд явсан. Тэдний гэрт ороход Гийн эхнэр Э “Наад хэрүүлч авгайгаа гэрт битгий оруул. Гэрээс гарга” гэхэд Г намайг түлхэж гаргаад “Чи эцгээ таних уу? Өлөгчин, янхан” зэрэг үгээр доромжлоод миний хөл рүү өшиглөөд унагаасан. Би газарт унаад босож ирэхдээ газраас шороо аваад Гансүх үрүү цацахад тэр миний баруун талын шанаа руу алагдаад унагаасан. С.Г-ийн эхнэр Э “Чи шороо цацдаг хэн бэ?” гээд намайг газарт унасны дараа над уруу шороо цацсан. Энэ үед манай хадам ээж У, хадам дүү Т нар хашааны зайгаар харж байсан. Би уйлаад гэртээ орж ирээд сууж байтал хадам ээж У, дүү Т, хөрш Б нар орж ирээд надаас юу болсон талаар асуухад намайг Г зодсон талаар тэр хүмүүст хэлсэн. Мөн миний толгой байнга өвдөөд байгаа учраас би цагдаагийн байгууллагад хандаж байна. 2017 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр би гэртээ байж байтал Б-ийн хүүхэд Э эгч таныг дуудаж байна гэхээр нь би гэрт нь очиход “Чи яагаад манай хүүхдийг зодоод байгаа юм бэ?” гэхээр би “Танай хүүхдийг зодоогүй. Өөрийнхөө хүүхдэдтэй хамт загнаад гэрээс гаргасан” гэж хэлсэн. Э “Чи намайг яагаад хүнд муу хэлээд яваад байгаа юм бэ?” гэж асуухад “Таныг би хүнд муу хэлээгүй. Тэр хүнээ аваад ир нүүрэлдье” гэсэн. Бид хоёр тэр үед хэрэлдэж маргалдаагүй. Бид нарын хооронд ямар нэгэн өс хонзонгийн асуудал байхгүй. Тэр үед Э, Г бид гурваас өөр хүн байгаагүй. Харин манай хашаан дотроос хадам дүү Т харсан байж магадгүй. Би Улаангом орж эмчид үзүүлж, дүгнэлт гаргуулахад 200,000 төгрөгний хохирол учирсан. Миний толгой байнга өвдөж, баруун талын шанаа хатгаж өвдөөд байна. Сумын эмч намайг Улаангом орж нарийн мэргэжлийн эмчид үзүүл гэсэн. С.Г надад эмчилгээнийн зардал болох 1000000 /нэг сая / төгрөг өгсөн. С.Г ах болон түүний эхнэр Ү.Э нар надаас уучлал гуйсан. Иймд надад ямар нэгэн санал хүсэлт, гомдол байхгүй. Энэ хэргийг түргэн шуурхай шийдэж өгнө үү?” гэх мэдүүлэг /хх-ийн 4-5, 6-р тал/,

 

2. Гэрч Б.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “Манай гэр С.Г ахынтай хамт нэг хашаанд байдаг юм. 2017 оны 9 сарын 26-ны өдөр 13 цагийн үед би гэртээ байж байтал хашаан дотор эмэгтэй хүн орилох дуу гарсан. Би тэр үед Г ах Э эгч хоёр хоорндоо маргалдаж байна гэж бодоод хүүхдээ хараад гэрээс гараагүй юм. Тэгээд 20-д минутын дараа Н ахын гэрт очих гээд явж байтал Ж-ийн / 4 настай/ охин ээжийг зодчихлоо гэхээр нь тэдний гэрт ороход Ж “Намайг Г зодлоо” гээд уйлаад сууж байсан. Түүний баруун талын хацар улаагаад хавдчихсан байсан. Түний хажууд Ж-ийн хадам ээж Уламбаяр, хадам дүү Туул нар байсан. Би тэгээд тэднийхээс гараас явсан. Гэртээ ирээд байж байтал Ж над уруу залгаад хүрээд ир гэхээр нь очиж уулзаад Чамайг яагаад зодсон юм бэ?” гэхэд “Г манайд ирээд чи манай эхнэрт Г-тэй амьдарвал амьдар. Чадахгүй бол зайл гэж хэллээ намайг зодлоо” гэж хэлсэн” гэх мэдүүлэг  /хх-ийн 7-р тал/,

 

3.  Гэрч Н.Т-ын мөрдөн байцаалтад өгсөн: “2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 13 цагийн үед би гэртээ айраг нэрээд байж байтал манай урд байдаг С.Г ахын хашаан дотор эмэгтэй хүний орилох дуу гарахаар нь гараад хашаан зайгаар харахад Г-ийн эхнэр Э Ж үрүү шороо цацаж байсан. Хажууд нь Г ах зосгож байсан. Ж уйлаад гэр үрүүгээ орохоор нь араас нь ээж У-тай хамт ороод юу болсон талаар асуухад “Г намайг зодлоо” гээд уйлаад сууж байсан. Түүний баруун талын хацар улайгаад хавдчихсан байсан. Энэ үед гаднаас Б ирсэн. Би зөрж гараад гэртээ харьсан. Тэр орой 17 цагийн үед Ж толгой өвдөөд байна гээд өвчин намдаах тариа хийлгэсэн. Эхнэрээсээ болж зодсон байх, би сайн мэдэхгүй байна. Тэр хоёр урьд нь маргалдаж байгаагүй. Г, түүний эхнэр Э, Ж гурав байсан. Өөр хүн байгаагүй. Г болон Ж нар архи хэрэглээгүй эрүүл байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 8-р тал/,

 

4. Гэрч Ү.Э-ийн мөрдөн байцаалтанд  өгсөн: “Б.Ж гэдэг энэ эмэгтэй манай нөхрийн холын хамаатан юм. Намайг нөхөртөө уурласан уурандаа үр хөндүүлдэг гэж хүмүүст хэлээд яваад байхаар нь 2017 оны 9 дүгээр сарын сүүлээр /өдрийг нь санахгүй байна/ би энэ талаар Б.Ж “Чи яагаад миний эмзэг асуудлаар хүмүүст хэлж байгаа юм бэ?” гээд бид хоёр хоорондоо маргалдсан. Миний маш эмзэг сэдэв болохоор би уурандаа нөхөр Г үрүү утсаар “Ж намайг муу хэлэх нь дэндээд одоо миний маш эмзэг сэдвээр доромжлож байна. Би чамаас салаад явлаа” гэж ярьсан. Тэгээд 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 12 цагийн үед манай нөхөр хадлангаас ирэхээр нь би уйлаад болсон явдлын талаар ярихад манай нөхөр С.Г уурлаад “Би тэр авгайг авч ирж чамтай нүүрэлдүүлнэ” гээд тэдний гэрт очоод Б.Ж-г дагуулаад гэрт оруулаад ирсэн. Бид хоёр шууд үгийн зөрөөгүй маргалдаад би “Наад авгайгаа гэрээс гарга” гэхэд манай нөхөр түүнийг түлхээд гаргасан. Тэр гэрээс гарчаад манай нөхөр үрүү шороо цацахаар нь би “чи яагаад хүн рүү шороо цацдаг юм” гээд зөрүүлээд шороо цацсан. Тэгээд тэр гэр үрүүгээ гүйгээд яваад өгсөн. Манай нөхөр түүнийг өшиглөж, алагдаж, зодсон явдлыг хараагүй. Тэр үед манай нөхөр Г, Ж бид 3-с өөр хүн байгаагүй. Тэр хоёр архи хэрэглээгүй эрүүл байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 9-р тал/,

 

5. Гэрч Б.Б-ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр би ээлжийн сувилагчаар эмнэлэгт жижүүрт гарч байсан юм. 14 цагийн үед манай сумын Б.Ж гэдэг эмэгтэй уйлчихсан эмчийн өрөөнд ширээ тулаад сууж байсан. Эмч С өвчин намдаах эм, тариа хийж өг гэхээр нь түүнд судсаар өвчин намдаах тариа хийж өгсөн. Б.Ж тухайн үед “Намайг Г ах алгадаад унагаалаа. Миний толгой өвдөөд байна” гэж хэлж байсан.  Б.Ж-ийн баруун талын хацар нь хавдаад улайчихсан байсан. Өөр ямар нэгэн шарх сорви харагдаагүй. С.Г ах машин текник засаад хадлан хадаж амьдардаг хөдөлмөрч хүн юм. Хүнтэй зөв боловсон харьцдаг. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсныг хараагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 10-р тал/,

 

6. Гэрч Б.С мөрдөн байцаалтанд өгсөн: “Манай багийн иргэн С.Г нь нэлээн хэдэн жилийн өмнө аваарт ороод толгойны өвчтөй болсон болохоор манай сумын хүмүүс огцом түргэн ууртай болсон гэж ярьдаг юм. С.Г-н нь эхнэр Э нь Баян- Өлгий аймгийн хүн юм. Эднийх гэр бүл болоод 10-д жил болж байна. Нэг охины хамт амьдардаг юм. С.Г нь машин текних засаж, хадлан хадаж амьдардаг хүн байгаа юм. С.Г нь хааяа архи хэрэглэдэг юм. Гэр бүпийн маргаан байдаггүй, хоорондоо эвтэй байдаг” гэх мэдүүлэг /хх-ийн 11-р тал/,

 

7. Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 589 дүгээртэй шинжээчийн: “Иргэн Б.Ж-гийн биед гэмтэл учирсан байна. Тархины доргилт,баруун хацар дотор талдаа салстын ялзрал, зөөлөн эдийн няцралт зэрэг гэмтэл үүссэн байна. Дээрх гэмтэл нь гадны мохоо хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Уг гэмтэл нь эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тодорхой хугацаанд нөлөөлнө” гэх дүгнэлт /хх-ийн 14-р тал/,

 

            8.  Шүүгдэгч С.Г-ийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа /хх-ийн 26-р тал/,

9. Шүүгдэгч С.Г-ийн хувийн байдал тогтоосон баримтууд /хх-ийн 23, 27-р тал/,

10. Хохирогч Б.Ж-гийн “ Увс аймгийн Бөхмөрөн сумын 3 дугаар багийн иргэн Б.Ж миний бие тус сумын 3 дугаар багийн иргэн С.Г-ээс эмчилгээний зардал болох 1.000.000 төгрөг авсан тул ямар нэгэн гомдол санал хүсэлт байхгүй” гэх тодорхойлолт, /хх-ийн 33-р тал/,

 

             11.  Шүүгдэгч С.Г мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2017 оны 9 дүгээр сарын 26-ны үед / өдрийг нь сайн санахгүй байна/ Ачит нуурын хөвөөнд өвс хадаж байтал манай эхнэр Э над руу утсаар “Намайг Б.Ж хэл амаар доромжлоод болохгүй байна. Чи ирж учрыг нь олмоор байна “гэхээр нь хадлангаас ирсэн. Гэртээ ирэхэд манай эхнэр “Ж намайг нөхөртөө уурласан үедээ хүүхдээ авахуулдаг гэж хэллээ” гэхээр нь Ж-ийн гэрт очоод түүнийг эхнэртэйгээ нүүрэлдүүлэх гээд гэртээ дагуулаад ирэхэд манай эхнэр Ү.Э, Ж хоёр үгийн зөрөөгүй хэрэлдэж маргалдахаар нь Ж-ийг гэрээсээ түлхээд гаргах үед тэр газарт унаад босож ирээд над уруу шороо цацсан. Энэ үед би “Чи яагаад хүн үрүү шороо цацаж байгаа юм бэ?” гээд зүүн гараараа түүний баруун талын шанаа руу алагдсан юм. Тэгээд Ж гэр үрүүгээ уйлаад гүйгээд явсан. Манай эхнэр Баян-Өлгий аймгийн гаралтай хүн байгаа юм. Энэ суманд ах, дүү, төрөл, садан байхгүй болохоор би эхнэрээ хамгаалж өмгөөлсөн юм. Б.Ж манай эхнэрийг “Нөхөртөө уурласан үедээ хүүхдээ авахуулдаг” гэж хэлсэн гэхээр нь учрыг нь олох гэхэд тэр над уруу шороо аваад цацахаар нь зүүн гараараа нэг удаа шанаа руу нь алгадсан юм. Би түүнийг өшиглөж унагаагаагүй гэрээс түлхээд гаргахад тэр газарт унасан юм. Би энэ талаар манай сумын 2 хүнээс сонссон. Манай эхнэр өөрийн эрүүл мэндийн шалтгааны улмаас /өсөлтгүй гэж эмч хэлсэн/ 2 удаа зулбасан юм. Манай гэр бүлийн эмзэг асуудлаар хэрүүл хийгээд байхаар нь тухайн үед миний уур хүрээд нэг алгадсан юм. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Тэр үед манай эхнэр Ү.Э, Б.Ж бид гурваас өөр хүн байгаагүй. Гэмт хэрэг үйлдсэндээ маш их гэмшиж байна. Би хадлан хадаж, түүнийхээ орлогоор амьдардаг хүн юм. Надад оногдуулах торгуулийн хугацаан 2-3 сараар тогтоож өгөхийг хүсэж байна” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтууд болно.

        

             Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл: Шүүгдэгч С.Г нь 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Б.Жаргалсүрэнг зодсон үйл баримт хохирогч Б.Ж, гэрч Б.Б, Н.Т, Ү.Э, Б.Б, Б.С, шүүгдэгч С.Г нарын мэдүүлгээр тогтоогдсон байна.

             Шүүгдэгч С.Г-ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Ж-ийн бие махбодид “Тархины доргилт,баруун хацар дотор талдаа салстын ялзрал, зөөлөн эдийн няцралт” гэмтэл учирсан байх ба уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь  2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 589 дүгээртэй шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж үзнэ. 

            Шүүгдэгч С.Г-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял халдаах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч С.Г нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулсан, нэхэмжлэх хохирол, төлбөргүй гэж хохирогч Б.Ж мэдүүлсэн, энэ талаар тодорхойлолт гаргасан нь хавтаст хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй гэж үзлээ. 

 

             Шүүгдэгч С.Г нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.             

Шүүгдэгч С.Г-д  ял шийтгэл оногдуулахдаа учруулсан хохирлоо сайн дураараа төлж барагдуулсныг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

            1. Шүүгдэгч С.Г-д хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г-д 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450.000 / дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын  15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

            4. Шүүгдэгч С.Г нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй болохыг тус тус дурдсугай.

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар С.Г-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэрэглэсүгэй.

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ГАНСҮХ