Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 2020/ДШМ/23

 

 

 

 

 

 

 

 

Ч.Бат-Ирээдүйд холбогдох  

эрүүгийн хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                               Даргалагч, шүүгч                           Б.Батзориг

                                  Шүүгчид                                       Г.Давааренчин                                  

                                                                                       Д.Буянжаргал

                               Оролцогчид

                                    Прокурор                                     Г.Энхмаа

                                      Шүүгдэгчийн өмгөөлөгч              А.Мөнхбат

                                      Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцож, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 2020/ШЗ/42 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцлээр
Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Чонос овогт Чойжанцангийн Бат-Ирээдүйд холбогдох эрүүгийн 1902006410316 дугаартай, 2 хавтас эрүүгийн хэргийг 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр  
хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1995 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хот Баянгол дүүрэгт төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Селена Сибир” ХХК-ийн захирал ажилтай, Сонгинохайрхан дүүргийн 41-р хороо Зээлийн 18-р гудамж, 22в тоотод ээж, ах, дүүгийн хамт оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Чонос овогт Чойжанцангийн Бат-Ирээдүй /РД:ШУ95011017/

 

Холбогдсон хэргийн талаар: Ч.Бат-Ирээдүй нь 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Тарвагатай 1-р баг “Хайлаас хяр”-ын “Шоргоолж” нэртэй газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт, ашиглалт явуулж байгаль экологид 26.242.268 төгрөгийн хохирол учруулж хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэхм гэмт хэрэгт холбогджээ.

 

Анхан шатны шүүх Ч.Бат-Ирээдүйд холбогдох хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хянан хэлэлцээд 42 дугаартай шүүгчийн захирамжаар:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2-т зааснаар Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Чонос овогт Чойжанцангийн Бат-Ирээдүйд холбогдох 1902006410316 тоот эрүүгийн хэргийг Нийслэлийн Прокурорын газарт буцаасугай.

2. Яллагдагч Ч.Бат-Ирээдүйд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг Прокурорын газарт очтол хэвээр үргэлжлүүлсүгэй.гээд, шийдвэрийг прокурор эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш ажлын 5 хоногт багтаан эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

  

Нийслэлийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч, хууль цаазын шадар зөвлөх 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 14 дугаартай дээд шатны прокурорын эсэргүүцэлдээ: ...Сэлэнгэ аймаг дахь Сум дундын дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд 2020/ШЗ/42 дугаартай захирамжаар “хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт, ашиглалт, явуулж байсан эсэхийг шалгаагүй, тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт, ашиглалт, явуулсан “Шоргоолж” гэх газар нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгон, Хүдэр сумын алинд нь харьяалагддаг болох нь тодорхойгүй, яллагдагчийн өмгөөлөгчийн байгаль орчны экологи эдийн засгийн үнэлгээ болон гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан техникүүдийн үнэлгээг дахин шинжээч томилуулах хүсэлтийг хүлээн авах нь зүйтэй" гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна. Үүнд:

1. Хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт, ашиглалт, явуулж байсан эсэхийг шалгаагүй гэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “Шүүхийн тогтоолд заасан үндэслэл хэргийн бодит байдалд нийцээгүй” гэж үзнэ. Учир нь: Ч.Бат-Ирээдүй нь “Селена Сибирь” ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалтай болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон. Гэвч хавтаст хэрэгт авагдсан гэрч Ц.Тэрбиш, Э.Чимэддорж, Б.Дэлгэржаргал, Б.Тулгаа, Г.Баярмагнай, Б.Батбаатар, Х.Одбаясгалан нарын “Ирээдүй гэдэг хүнтэй тохиролцож ажиллахаар болсон” тухай мэдүүлснийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлсэн нотлох баримтаар Ч.Бат-Ирээдүй нь “Селена Сибирь” ХХК-ийн нэр дээр бусадтай гэрээ байгуулж, үйл ажиллагаа явуулаагүй болох нь батлагдсан. Энэ нь тухайн асуудлыг шалгах зорилгоор мөрдөгчийн хийж гүйцэтгэсэн нотлох баримт цуглуулах зорилго бүхий мөрдөн шалгах ажиллагаа мөн болно. Энэ нотлох баримтаар Ч.Бат-Ирээдүйг “Селена сибирь" гэсэн хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт, ашиглалт, явуулсан болох үйл баримт нотлогдоогүй гэж дүгнэсэн. Гэтэл эдгээр нотлох баримт цуглуулах мөрдөн шалгах ажиллагаа, мөрдөн шалгах ажиллагаагаар нотлогдсон үйл баримтыг “шалгаагүй” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой. ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэснийг ноцтой зөрчжээ.

2. Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт, ашиглалт, явуулсан ‘'Шоргоолж" гэх газар нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгон, Хүдэр сумын алинд нь харьяалагддаг болох нь тодорхойгүй гэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “Шүүхийн тогтоолд заасан үндэслэл хэргийн бодит байдалд нийцээгүй” гэж үзнэ. Учир нь: Ашигт малтмал, газрын тосны газрын 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 7/588 дугаартай албан бичиг /хавтаст хэргийн 86-р хуудас/ болон гэрч Ш.Мандахжаргалын “Кадастрын бүртгэлийн нэгдсэн системээр шүүлт хийж шалгахад Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутагт хамаарагдаж байгаа солбицолын цэгүүд байна. Уг солбицлын цэгүүд нь Хүдэр сумандаа харьяалагдаж байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 171-172-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар яллагдагч Ч.Бат-Ирээдүйгийн тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулсан газар нь Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг дэвсгэрт харьяалагддаг болох нь тогтоогдсон гэж дүгнэж, яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоол, прокурорын яллах дүгнэлтэд гэмт хэрэг үйлдэгдсэн газрыг Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг гэж тодорхойлсон. Гэтэл энэ хууль зүйн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн дүгнэлт хийхгүйгээр "Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгон, Хүдэр сумын алинд нь харьяалагддаг болох нь тодорхойгүй" гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан “улсын яллагчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл”-ийг заавал тодорхойлсон байх хуулийн шаардлагыг ноцтой зөрчсөн байна.

3. Яллагдагчийн өмгөөлөгчийн байгаль орчны экологи эдийн засгийн үнэлгээ болон гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан техникүүдийн үнэлгээг дахин шинжээч томилуулах хүсэлтийг хүлээн авах нь зүйтэй гэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй бол шүүх, прокурор дахин шинжилгээ хийлгэхээр өөр шинжээчид даалгана” гэснийг зөрчсөн гэж үзнэ. Учир нь: Тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байсан нэр бүхий хүмүүсээр өртсөн талбайг заалгуулж, гэрэл зургаар бэхжүүлэн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд солбицлын хамт тусгасан нотлох баримт, уг нотлох баримтыг үндэслэн гаргасан шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 19/06 дугаартай дүгнэлт, тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулахад ашиглагдсан гэх техникүүдийн үйлдвэрлэсэн огноо, ашиглалт, марк зэргийг нь харгалзан мэргэжлийн үнэлгээний байгууллагаас гаргасан үнэлгээ зэргийг шүүх ямар үндэслэлээр "эргэлзээтэй'' гэж үзсэн талаараа дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна" гэснийг ноцтой зөрчжээ.

Иймд Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 2020/ШЗ/42 дугаартай "Хэргийг прокурорт буцаах тухай” захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасан "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн” байх тул хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу эсэргүүцэл бичив гээд давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор эсэргүүцлийг дэмжиж оролцов.
 

Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасныг үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нийслэлийн Прокурорын газраас Ч.Бат-Ирээдүйд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд хэргийг Нийслэлийн Прокурорын газарт буцааж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж  шийдвэрлэсэн байна.

 

Дээд шатны прокурорын эсэргүүцлийн дагуу Ч.Бат-ирээдүйд холбогдох эрүүгийн 1902006410316 дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал:

Уг хэрэгт 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасны дагуу хэрэг бүртэлтийн хэрэг нээж улмаар 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр мөрдөгчийн тогтоолоор “байгаль орчинд учируулсан экологи-эдийн засгийн үнэлгээ”-г тогтоолгохоор Ойт-Бүс ХХК-ны мэргэжилтэн, докторант Б.Очмааг шинжээчээр томилжээ.

Ийнхүү томилохдоо гэмт хэрэг гарсан газрыг тодорхойлохдоо Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Шоргоолж гэх газар гэж тодорхойлж, улмаар шинжээчийн дүгнэлтийг гаргахдаа ч уг газрын нэрээр гаргаж, эдэлбэр газарт учирсан хохирлын хэмжээг тогтоохдоо Ерөө сумын газар нутаг, хүн ам, айл өрхийн тоо, малын тоо гэх мэт статистик мэдээнд үндэслэн гаргасан байна.

 

Хэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэрэг гарсан гэх уг газар нь Ерөө сумын нутаг дэвсгэр бус Хүдэр сумын нутаг дэвсгэр болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдсон байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлд 1-д заасан “ шинжилгээтэй холбоотой шинэ нөхцөл байдал” бий болсон, өөрөөр хэлбэл гэмт хэрэг гарсан газрын нутаг дэвсгэрийн харьяалал өөрчлөгдсөн, шинжээчийн дүгнэлтэнд тусгагдсан дүгнэлтүүд өөрчлөгдөж болох нөхцөл байдал бий болсон байхад нэмэлт эсхүл дахин шинжилгээ хийлгээгүй нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх үндэслэл болж байх тул дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

Харин шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцаах үндэслэл болгосон “уг гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрээр үйлдсэн эсэх, аль сумын нутаг дэвсгэрт гэмт хэрэг гарсаныг тогтоолгох”  асуудлыг дахин шалгах шаардлагагүй байх тул энэ талаар бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлтэй байна.

Түүнчлэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн тайлбартаа дурьдсан “уг газар нь эвдэгдсэн газар байхад шинжээчийн дүгнэлт гаргахдаа анхаараагүй, техникийн үнэлгээг үндэслэлгүй гаргасан” гэх гомдлын хувьд  мөрдөн шалгах ажиллагааны явцад уг гомдлоо зохих журмын дагуу тавьж шийдвэрлүүлэх боломжтой гэж үзлээ.

 

Иймд дээр дурьдсан үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 42 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, дээд шатны прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хэргийг прокурорт очтол яллагдагч Ч.Бат-Эрдэнэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-д зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                                       ДАРГАЛАГЧ                       Б.БАТЗОРИГ

                                         ШҮҮГЧИД                         Г.ДАВААРЕНЧИН

                                                                                        Д.БУЯНЖАРГАЛ