Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2017/0781

 

 

 

 
2017 оны 11 сарын 08 өдөр     Дугаар 221/МА2017/0781             Улаанбаатар хот


“С в н” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Адилмаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Т, Л.Н, Г.Н, хариуцагч Ц.О, З.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 128/ШШ2017/0659 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Н, Д.Т нарын гаргасан давж заалдах гомдлоор, “С в н” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.О, З.Б нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 128/ШШ2017/0659 дүгээр шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 18.1.14, 74 дүгээр зүйлийн 74.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “С в н” ХХК-ийн “Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 0006853 дугаар актыг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Н, Д.Т нар давж заалдах гомдолдоо: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3.4, 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу энэхүү гомдлыг гаргаж байна.
Шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарч чадаагүй, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т заасны дагуу бодит байдал дээр биелэгдэх боломжгүй юм.
Нэхэмжлэгчийн хүсэл зоригийн илэрхийлэл буюу нэхэмжлэлийн шаардлага түүний хүрээ нь маргаан бүхий актыг хүчингүй болгуулж, илт хууль бус болохыг тогтоолгох байсан.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т зааснаар шүүх нь хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй мөн 106 дугаар зүйлийн 106.4-т зааснаар Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна гэх заалтуудыг зөрчиж хэргийг бодит байдал, нотлох баримт, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрээ гаргаж чадаагүй. Мөн тухайн маргаан бүхий захиргааны акт нь илт хууль бус акт мөн эсэх Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан илт хууль бус актын шинжийг агуулсан эсэх дээр дүгнэлт хийгээгүй. Хариуцагч нар болох татварын улсын байцаагч нар шүүх хурал дээр хүлээн зөвшөөрсөн зэргийг анхаарч үзээгүй.
Анхан шатны шүүх нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгтээ:
Татварын улсын байцаагчийн 0006853 дугаар акт Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан Захиргааны акт илт хууль бус болох аль нэг шинжийг агуулаагүй байна. Өөрөөр хэлбэл Татварын улсын байцаагчийн маргаан бүхий актад утга агуулгын илэрхий алдаатай, түүнийг бодит байдалд биелүүлэх боломжгүй, хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан гэх Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан захиргааны акт илт хууль бус болох нөхцөл тусгагдаагүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв” гэжээ.
Гэвч татварын байцаагчийн актад “2010 онд 20.029.0, 2011 онд 113.207.0 мянган төгрөгийг борлуулалтын орлогыг тайлагнаагүй...” мөн “2011 онд 29.986.4, 2012 онд 7.960.0 мянган төгрөгийг найдваргүй авлагын зардлыг татвар ногдох орлогоос хассан”, “Ногдол ашгийн орлогоос ногдол авах”, “үл хөдлөх хөрөнгө борлуулсны татвар төлөөгүй” нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзээд акт тавьсан байдаг боловч бодит байдал дээр тухайн онуудад буюу 2010, 2011 онд борлуулалтын орлогыг тайлагнаагүй зөрчил байхгүй, түүнчлэн 2011, 2012 онд найдваргүй авлагын зардлыг татвар ногдох орлогоос хассан ямар нэгэн зөрчил гаргаагүй, үл хөдлөх хөрөнгө борлуулсан нь тогтоогдоогүй байдаг. Өөрөөр хэлбэл татварын улсын байцаагч Ц.О, З.Б нар нь тухайн онуудад буюу актад дурдсан онуудад борлуулалтын орлогыг тайлагнаагүй, найдваргүй авлагын зардлыг татвар ногдох орлогоос хассан, үл хөдлөх хөрөнгө борлуулсан гэж бүрэн зөв нотлоогүй байж бодит бус байдлаар хандаж илт утга агуулгын илэрхий алдаатай нөхөн татвар төлүүлэхээр 0006853 тоот акт гаргасан, түүнчлэн уг актыг бодит байдалд биелүүлэх боломжгүй, түүнчлэн тухайн акт нь өөрөө хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардаж байна гэж үзэх бүрэн үндэслэлтэй байхад Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх бүрэлдэхүүн Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан захиргааны акт илт хууль бус болох нөхцөл тусгагдаагүй гэж дүгнэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасан “утга агуулгын илэрхий алдаатай”, 47.1.7-д заасан “Түүнийг бодит байдалд биелүүлэх боломжгүй”, 47.1.5-д заасан “хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан” гэх илт хууль бус болох хуулийн нөхцөлүүдийг буруу тайлбарлаж, хуулийн хэм хэмжээг буруу хэрэглэж шийдвэрлэсэн.
Гэвч актын дээрх заалтууд нь тус компанийн санхүүгийн баримтад шалгалт хийх явцад гарсан зөрчилд үндэслэсэн бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтууд, Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 51 дүгээр тогтоолуудын хууль зүйн үндэслэлүүдийг харахад түүнийг илт хууль бус гэж үзэх боломжгүйн дээр нэхэмжлэгч энэ талаар нотлоогүй байна гэжээ.
Нийслэлийн анхан шатны шүүх нь татварын улсын байцаагчдын “зөрчил гэж үзсэн” нь үндэслэлтэй эсэхийг нотлох баримтад үндэслэн тал бүрээс нь бүрэн тогтоогоогүй байж “... гарсан зөрчилд үндэслэн...” гэж хийсвэрээр дүгнэлт хийж, уг актаар зөрчил гэж үзээд байгаа нь бүрэн үндэслэлтэй эсэхийг шүүх өөрөө тогтоох ёстой байтал тогтоолгүй орхигдуулсан ба ингэхдээ акт илт хууль бус болох хуулийн шинжүүдийг буруу тайлбарлаж шийдвэрлэсэн. Түүнчлэн “...Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 70, Гааль татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2016 оны 06 дугаар сарын 03-ны 51 дүгээр тогтоолуудын хууль зүйн үндэслэлүүдийг харахад түүнийг илт хууль бус гэж үзэх боломжгүйн дээр...” гэж үзсэн нь тухайн шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэрийн үндэслэлээ хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэх бус шат шатны Татварын маргаан таслах зөвлөлийн тогтоолуудын хууль зүйн үндэслэлүүдийг харж маргаан бүхий актын илт хууль бус гэж үзэх боломжгүй гэж үзсэн нь маргааныг эцэслэн шийдвэрлэхэд гол ач холбогдолтой үйл баримтыг бүрэн тогтоогоогүй байхад хуулийг буруу хэрэглэж шийдвэрлэсэн. Мөн шүүх бүрэлдэхүүн “...нэхэмжлэгч энэ талаар нотлоогүй байна” гэж дурдсан байгаа боловч шүүх хурал дээр тухайн онуудад тухайн зөрчлүүдийг гаргаагүй гэдгийг нэхэмжлэгчийн зүгээс хангалттай тайлбарлан нотолсон бөгөөд акт тавьсан татварын улсын байцаагч нар ч түүнийгээ хүлээн зөвшөөрдөг. Энэ нь өөрөө уг акт Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасан “утга агуулгын илэрхий алдаатай”, 47.1.7-д заасан “түүнийг бодит байдалд хэрэгжүүлэх боломжгүй” гэсэн илт хууль бус болох хуулийн нөхцөлүүдийг хангасан байхад анхан шатны шүүх илт хууль бус болох нөхцөл тусгагдаагүй гэж дүгнэж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.
Маргаан бүхий акт хуульд заасан илт хууль бус болох ерөнхий журмын хүрээнд илэрхий алдаатай байх зохицуулалтыг зөрчөөгүй Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “татварын улсын байцаагч дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 29.1.1-д “татвар ногдуулах, ...санхүүгийн бусад баримтад хяналт шалгалт хийх, ...зөрчлийг тогтоон акт ...үйлдэх”, 29.1.6-д “татварын хууль тогтоомж зөрчсөн татвар төлөгчид энэ хууль ...-д заасан хариуцлага хүлээлгэх”, 29.1.8-д “татвар ногдуулалт, төлөлтөд хяналт шалгалт хийх” гэж заасан бүрэн эрхийн дагуу гаргасан татварын улсын байцаагчийн акт болно гэжээ.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэх хэсэгтээ ойлгомжтойгоор бичсэнчлэн татварын улсын байцаагч нь шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдаад байгаа “тийм бүрэн эрхтэй эсэх”, “тэрхүү хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ дагуу акт гаргасан эсэх” талаар огт маргаагүй болно. Харин татварын улсын байцаагч нь Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцдаа “зөрчлийг бодитоор тогтоогоогүй, бүрэн гүйцэд, үнэн зөв нотлох баримтад тулгуурлаагүйгээс утга агуулгын илэрхий алдаатай, актыг бодит байдалд биелүүлэх боломжгүй, хууль бус үйлдэл гүйцэтгэхийг шаардсан” акт гарсан бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг, сонирхол нь хөндөгдсөн учир уг актыг илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан болно. Шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгтээ дурдаад байгаа энэхүү байдлаас харахад акттай холбоотой маргаад буй марааны гол зүйлийг Шүүх буруу тодорхойлж улмаар хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн нь тодорхой байна.
Нэхэмжлэгч нь анх 2016 оны 08 дугаар сард шүүхэд нэхэмжлэл гаргахдаа уг актыг хууль бус болохыг тогтоолгохоор хүсэл зоригоо илэрхийлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдах явцад актын тодорхой заалтуудыг хүлээн зөвшөөрч байсан атлаа нэхэмжлэлийн шаардлагаа актыг бүхэлд нь илт хууль бус болохыг тогтоолгохоор өөрчилснийг хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв” гэжээ.
Шүүхийн шийдвэр нотлох баримтад үндэслэн, ойлгомжтой байх ёстой атал шүүх бүрэлдэхүүн “...актын тодорхой заалтуудыг хүлээн зөвшөөрч байсан атлаа нэхэмжлэлийн шаардлагаа актыг бүхэлд нь илт хууль бус болохыг тогтоолгохоор өөрчилснийг хүлээн авах боломжгүй” гэж ойлгомжгүй, үндэслэлгүй дүгнэлт хийж шийдвэрлэсэн бөгөөд акттай холбоотой маргаад буй маргааны гол зүйлийг буруу тодорхойлж улмаар хуулийг буруу тайлбарлаж, буруу хэрэглэсэн.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч “С в н” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.
Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж болон Үндэсний Татварын албаны Татварын хяналт шалгалт хийх 2013 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн (25/13)5395 дугаар томилолтын дагуу Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.О, З.Б нар 2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 2013 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр хүртэлх хугацаанд “С в н” ХХК-ийн 2009 оноос 2012 оны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт явуулж, Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсгийг үндэслэн 207,597.5 мянган төгрөгийн нөхөн татвар, 68,983.3 мянган төгрөгийн торгууль, 28,873.6 мянган төгрөгийн алданги, 200.2 мянган төгрөгийн хүү, нийт 305,654.6 мянган төгрөгийн төлбөрийг акт гардуулсан өдрөөс хойш 15 хүртэл хоногийн дотор төлүүлэхээр акт тогтоов” гэсэн Татварын улсын байцаагчийн 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн “Татвар ногдуулалт, төлөлтийг шалгах” тухай 0006853 дугаар актыг гаргасан байна.
Татвар ногдуулах, төлөх татварын болон нягтлан бодох бүртгэлийн тайлан, данс бүртгэл, төсөл болон санхүүгийн бусад баримтад хяналт шалгалт хийх, татварын хууль тогтоомж зөрчсөн татвар төлөгчид холбогдох хуульд заасан хариуцлага оногдуулах эрхийг Татварын ерөнхий хуулийн 271 дугаар зүйлийн 271, 28 дугаар зүйл, 29 дүгээр зүйлд зааснаар татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, татварын алба, татварын улсын байцаагч нарт олгожээ.
Мөн Татварын ерөнхий хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д “Хууль тогтоомжоор тогтоосон хугацаанд төлөөгүй татвар, алданги, торгууль /цаашид “татварын өр” гэх/-ийг дор дурдсан дарааллаар барагдуулна”, 56.1.1-д “тухайн татварт ногдох алданги”, 56.1.2-д “торгууль”, 56.1.3-д “татварын үндсэн өр” гэж заажээ.
Дээрх хуулийн зааснаар үзэхэд татварын хяналт шалгалтыг хийх, явуулах эрх бүхий этгээд нь хуульд заасан журмын дагуу татварын хяналт шалгалтыг явуулж, илэрсэн зөрчилд хуулиар тогтоосон хариуцлага ногдуулсан нь илт хууль бус биш юм.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, шүүхийн дүгнэлтээр Татварын улсын байцаагчийн 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн “Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” 0006853 дугаар актыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасан утга агуулгын илэрхий алдаатай, 47.1.7-д заасан түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй гэж дүгнэх үндэслэл, нөхцөл тогтоогдоогүй байх тул шүүхээс илт хууль бус болохыг тогтоох үндэслэлгүй юм.
Тодруулбал, утга агуулгын илэрхий алдаатай гэдэг нь тухайн захиргааны актыг эрх зүйн мэдлэггүй, ердийн хүн хараад хуульд нийцсэн байх боломжгүй гэсэн дүгнэлтийг хийхүйц байх шаардлагатай, мөн бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй гэдэг нь хувийн болон нийтийн эрх зүйн аль ч салбарт бодит нөхцөл байдалд тохирохгүй үүрэг ногдуулж болохгүй гэсэн эрх зүйн үндсэн зарчимд нийцсэн байхыг ойлгоно.
Гэтэл Татварын улсын байцаагчийн 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн “Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” 0006853 дугаар акт нь дээрх тайлбарт тодорхойлсон байдлаар дүгнэгдэхгүй байна.
Тиймээс маргаан бүхий Татварын улсын байцаагчийн 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 0006853 дугаар актыг илт хууль бус гэж үзээгүй анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Н-н “нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “хүчингүй болгуулах” гэж байгаа “илт хууль бус болохыг тогтоолгох” гэж хамтад нь болгож нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн, анхан шатны шүүх нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчид гардуулж, тайлбар аваагүй” гэх гомдол нь дараах байдлаар үндэслэлгүй бөгөөд түүний давж заалдах гомдлоор шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэлийн шаардлага буюу нэхэмжлэлийн төрөлөө зүйлээ нэхэмжлэгч өөрөөр тодорхойлон шүүхэд гаргах бөгөөд тэрхүү нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шүүх хянан шийдвэрлэх учиртай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар 52.5.1-д “... хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргахыг даалгах ...” гэж,  мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-106.3.11-д шүүхээс гаргах шийдвэрийг хуульд тусгайлан заасан нь хүн, хуулийн этгээдээс шүүхэд гаргах нэхэмжлэлийн төрөл буюу тавьж буй шаардлагын зүйлийг тодорхойлон өгч байгаа юм.
Анх нэхэмжлэгч “С в н” ХХК нь “Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Ц.О, З.Б нарын 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 0006853 тоот актыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Ц.О, З.Б нарт холбогдуулан гаргасан байна.
Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэгч “С в н” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.А нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасан утга агуулгын илэрхий алдаатай, 47.1.7-д заасан түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй гэсэн үндэслэлээр “Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Ц.О, З.Б нарын 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 0006853 тоот актыг илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулжээ.
Мөн шүүхээс шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахад нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Т “Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.3-д зааснаар акт бүхэлдээ илт хууль бус гэж үзэж байна” гэж нэхэмжлэлийн шаардлагын төрөлөө тодорхойлсон байна.
Дээрхээс үзэхэд нэхэмжлэгч “С в н” ХХК нь Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Ц.О, З.Б нарын 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 0006853 тоот актаас өөр холбогдох захиргааны шийдвэрийн талаар маргаагүй бөгөөд харин уг актыг “хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан байсныг “илт хууль бус болохыг тогтоох” гэж өөрчилж буй нь нэхэмжлэлийг шаардлагыг нэмэгдүүлсэн биш нэхэмжлэлийн шаардлагын төрлийг өөрчилсөн хэрэг юм.
Мөн нэхэмжлэгч хуулийн этгээд нь маргаан бүхий актыг “хүчингүй болгуулах”, “илт хууль болохыг тогтоолгох” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг аль алиныг нь гаргахдаа үндэслэлээ “татварын улсын байцаагч нар нь маргаан бүхий актыг тогтоохдоо санхүүгийн болон анхан шатны баримтыг үндэслээгүй, тухай үйл явдлыг баримтаар тогтоогоогүй, татварын зөрчил гаргасан гэх нэхэмжлэгчийн талын тайлбар, нотлох баримтыг хүлээн авалгүй татварын хууль тогтоомжийг буруу тайлбарласан, мөн манай компанийн хувьцаа эзэмшигч өөрийн ногдол ашгаа бие дааж захиран зарцуулсан үйлдлийг аж ахуйн нэгжид ногдол ашиг өгсөн мэтээр илт гуйвуулан зөрчил гэж үзэж акт авсан” гэсэн ижил үндэслэлийг зааж маргасан байна.
Тиймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын төрөл өөрчлөгдсөн хэдий боловч түүний үндэслэл нь дээрх байдлаар хэвээрээ байгаа тохиолдолд хариуцагчаас тэрхүү үндэслэлийн талаар дахин зайлшгүй тайлбар бичгээр гаргуулах шаардлагагүй, хариуцагч энэ талаар гомдоогүй учир энэ нь шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж дүгнэв.
Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 128/ШШ2017/0659 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 


ШҮҮГЧ                  Ц.ЦОГТ
ШҮҮГЧ                  Э.ЗОРИГТБААТАР
ШҮҮГЧ                  Э.ХАЛИУНБАЯР