Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 546

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийсайхан би “Ө*******” НҮТББ-ын нэхэмжлэлтэй, Эрүүл мэнд, Спортын яам, Эрүүл мэндийн даатгалын газар болон Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд тус тус  холбогдох “Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад гепатитын вирусийг эрт илрүүлэх, оношлох, эмчлэх удирдамж, зөвлөмжийг удиртгал болгон Эрүүл мэндийн сайдын тушаалаар гепатитын вирусийн эмчилгээний удирдамжид орж, улмаар улсын бүртгэлд бүртгэгдсэн бүх эмийг үндэсний ЗШЭЖ–д хамруулж, Эрүүл мэндийн даатгалын сангаас эмийн үнийн 80%-аас багагүй хэмжээний хөнгөлөлтийг үзүүлэх, Бүх шатлалын эмнэлгийн анхан шатны үзлэгт өндөгний цусаар түргэн тест ашиглан гепатитын вирусийг илрүүлэх оношлогоог хийж хэвшүүлэх арга хэмжээг авч, зардлыг холбогдох хуулиудад нийцүүлэн улсын төсөв болон Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх, Гепатитын В вирусийн вакциныг 15 жилийн давтамжтайгаар бүрэн тунгаар нь хийх, тус вирусийн дархлаатай эсэхийг тодорхойлох шинжилгээг лаборатори бүр цусны шинжилгээ бүртээ заавал хийдэг үзүүлэлт болгон хэвшүүлэх ажлыг зохион байгуулж, зардлыг холбогдох хуулиудад нийцүүлэн улсын төсөв болон Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэхийг даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Ө*******” НҮТББ-ын гүйцэтгэх захирал Д.Э******* шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ: “...1. Бүх шатны эмнэлгийн анхан шатны үзлэгт өндөгний цусаар түргэн тест ашиглан гепатитын вирусийн халдварыг илрүүлэх оношлогоог хийж хэвшүүлэх, зардлыг холбогдох хуулиудад нийцүүлэн улсын төсөв, Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх асуудлыг даалгах;

          2. Гепатитын В вирүсийн вакциныг 15 жилийн давтамжтайгаар бүрэн тунгаар нь хийх, тус вирүсийн дархлаатай эсэхийг тодорхойлох шинжилгээг лаборатори бүр цусны шинжилгээ бүртээ заавал хийдэг үзүүлэлт болгон хэвшүүлж, зардлыг холбогдох хуулиудад нийцүүлэн улсын төсөв, Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх асуудлыг даалгах;

          3. Гепатитын вирүсийн үзлэг, оношлогоо, эмчилгээг хийх тусгай зөвшөөрөлтэй эмч нарт эрүүл мэндийн даатгалын сангийн эмийн үнийн хөнгөлөлттэй үнээр  эмийн сангаас эм авах жор бичих зөвшөөрөл олгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна.” гэжээ.

   ҮНДЭСЛЭХ нь:

           Нэхэмжлэлийг “Ө*******” НҮТББ-ын гүйцэтгэх захирал Д.Э******* гаргасан бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах...”, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно.”, 66.2-т “Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх...” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь Эрүүл мэнд, Спортын яам, Эрүүл мэндийн даатгалын газар болон Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр гаргаж, түүнээс гаргах үр дагавартай танилцаж, хүсэл зоригоо илэрхийлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ө******* НҮТББ-ын гүйцэтгэх захирал Д.Э*******гийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Эрүүл мэнд, Спортын яам, Нийгмийн даатгалын үндэсний  зөвлөл болон Эрүүл мэндийн даатгалын газарт холбогдох захиргааны  хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар  нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай. 

 

 

 

ШҮҮГЧ Л.ӨЛЗИЙСАЙХАН