Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2016/00916

 

“Эрэл” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2016/01823 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 936 дугаар магадлалтай,

“Эрэл” ХХК-ийн нэхэмжлэлтэй

“Макс Өргөө” ХХК-д холбогдох

96 672 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

88 772 117 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Зохигчдын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгонбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сэвжидмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эрэл” ХХК нь “Макс Өргөө” ХХК-тай 2014 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр 05/2014 дугаар Ажил гүйцэтгэх гэрээний дагуу Байшин үйлдвэрлэх комбинат-1 төслийн үйлдвэрийн барилгын 5 дугаар блокийн тоног төхөөрөмжийн суурийн ажлыг 2 тал харилцан тохиролцсоны үндсэн дээр гүйцэтгэгч талын гаргасан төсөвт өртөг 310 000 000 төгрөгийн үнийн дүн бүхий гэрээг байгуулсан. Гэрээний дагуу гүйцэтгэгч тал гэрээгээр хүлээсэн ажлыг 2014 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр эхэлж 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хийж дуусгах байсан боловч  гэрээний 2.3, 2.4-т заасан үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүй 73 хоногоор хэтрүүлсэн. “Макс Өргөө” ХХК-аас №05/2014 дугаартай ажил гүйцэтгэх гэрээний 5.17, 8.1-д заасны дагуу тул илүү төлсөн 44 623 000 төгрөг, №05/2014 дугаартай ажил гүйцэтгэх гэрээний 7.3, 2.3-д заасны дагуу 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн 2014 оны 8 дугаар сарын 23-ны өдөр гэрээ цуцлах хүртэл нийт алданги 52 049 000 төгрөг, үндсэн төлбөрт илүү төлсөн 44 623 000 төгрөг, нийт 96 672 000 төгрөгийг “Макс Өргөө” ХХК-аас шаардсан. Бид зургаа өгөөд эднийх төсөв зохиосон. Нийт 14 нэр төрлийн ажил хийсэн гэдэг нь зураг дээр байхгүй. Зураг өөрчлөгдсөн баримт байхгүй. Мөн гэрээгээр байрлаж ажиллах талаар тусгагдаагүй. Энэ нөхцөл байдал биднээс шалтгаалаагүй. Доголдолтой материал нийлүүлж байгаагүй. Үүнийг баримтаар нотлоогүй. Мөн гэрээнд нэмэлт оруулах санал манайд бичгээр ирүүлээгүй. Төсөвчдийн холбооны шинжээчийн дүгнэлт хол зөрүүгүй учир бид шинжээчийн дүгнэлттэй маргахгүй гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр байгуулсан гэрээний дагуу “Эрэл” ХХК-ийн ажлыг захиалагч талаас гаргаж өгсөн зургийн дагуу харилцан тохиролцож 2014 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр эхэлсэн. Ажил гүйцэтгэх явцад захиалагч компани нөхцөл боломжоор хангаж өгөөгүй. Зураг тодорхойгүй байсан. Нийлүүлсэн бараа материал доголдолтой тасалдаж, ажилчдыг 7 хоног зөөсөн. Мөн зурагт тусгагдсанаас илүү ажил хийсэн. Бид захиалагчийн зааварчилгааны дагуу хийсэн. Анх гэрээгээр тохиролцсоноос өөрөөр ажлын тоо хэмжээ нэмэгдсэн. Энэ нөхцөл байдлын улмаас ажлын явц удааширсан. Мөн Герман инженер ирээд зурагт зааснаас өөрөөр хий гэсэн. Ингэснээр нэмэлт ажлын санхүүжилтийн талаар тохиролцох гэж албан бичгээр мэдэгдсэн боловч захиалагч талтай тохиролцоонд хүрч чадаагүй тул бид гэрээ цуцалъя гэсэн. Гэрээ цуцалснаар алданги 52 490 000 төгрөг байх ёсгүй. Манай компани төсөвт тусгагдсан ажлын ихэнх хувийг давуулан биелүүлсэн. Мөн нэмэлтээр хийсэн ажлаа нэмээд гарсан дүнгээс манай авсан санхүүжилтийг хасахаар гарч ирж байгаа. Нийт 14 нэр төрлийн ажил нэмэлтээр хийсэн. Барилгын ажил учир арматурыг хийсний дараа бетон цутгалтыг дутуу орхисон. Энэ ажлыг орхисон шалтгаан нь Герман инженер ирээд миний зургаар хийнэ гэсэн. Бид гэрээгээр тохиролцсон 2674.6 м.кв талбайд 150 мм-ийн алхаар ухаж задалж буулгах хэмжээ 1 237 м.кв талбайгаар нэмэгдэж, 3 912 м.кв талбайд гүйцэтгэсэн, 401.2 м.куб талбайд барилгын хог арилгах зөөвөрлөх хэмжээ 744 м.кубээр нэмэгдэж, 1145.8 м.куб талбайд гүйцэтгэсэн, 315 м.куб талбайд шанагат эксковатороор 3 зэргийн хөрсийг ухаж шороог автосомасмолоор зөөх хэмжээ 5 797 м.кубээр нэмэгдэж, 6 112 м.куб талбайд гүйцэтгэсэн, 606 м.куб талбайд шанагат эксковатор ухаж овоолсон хөрсний хэмжээ 1 661 м.кубээр нэмэгдэж, 2 267.8 м.куб талбайд гүйцэтгэсэн, 284.72 м.куб талбайд бульдозероор хөрсийг түрж хүнхээл болон шуудуу болгосон хэмжээ 1 642.91 м.кубээр нэмэгдэж, 1 927.63 м.куб талбайд гүйцэтгэсэн, 21.4 м.куб шуудуу хүнхээлийг гараар булсан хэмжээ 318.6 м.кубээр нэмэгдэж 340 м.куб талбайд гүйцэтгэсэн, 600 м.куб суурийн хажуугийн шороог нягтруулсан хэмжээ 1 667 м.кубээр нэмэгдэж, 2 267.8 м.куб талбайд гүйцэтгэсэн, 80.85 м.куб бетон бэлтгэх ажлын хэмжээ 189 м.кубээр нэмэгдэж, 108.1 м.куб талбайд хийж нэмэлт ажлуудыг гүйцэтгэсэн. Мөн гэрээнд тусгагдаагүй 1 920 м.кв талбайд 5-10 см-ийн зузаантай хайрга дэвсэх ажлуудыг нэмж хийсэн. Ажил гүйцэтгэх явцад гүйцэтгэгч бид 7 хоног тутамд гүйцэтгэлийн актыг үйлдэж, захиалагч талаар баталгаажуулан “Эрэл” ХХК нь санхүүжилт болох бараа материалын нийлүүлэлтийг хийдэг байсан. Иймд “Эрэл” ХХК нь хийгээгүй ажлын хөлс 44 623 000 төгрөгийг илүү төлсөн байх үндэслэлгүй. Гэрээний дагуу 212 023 000 төгрөгийг бараа материал нийлүүлсэн захиалагч талаас нэмэлтээр хийгдсэн ажлын хөлсийг төлөөгүйн улмаас манай компани хохирсон. Бид захиалагчийн зургийн тоо хэмжээнд заасныг удирдлага болгож төсвөө хийсэн. Герман мэргэжилтнийг ирэхэд бид шаардлагаа гаргаж маш дэлгэрэнгүйгээр өгсөн. Зураг тодорхойгүйгээс болж сул зогсолт үүссэн. Нэмэлт гэрээ хийгээгүй ч хийсэн ажлынхаа хөлсийг авах эрхтэй гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Манай компани 2014 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр “Эрэл” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээгээр манай компани ажлыг гүйцэтгэх явцад захиалагч ажил гүйцэтгэх нөхцөл боломжийг бүрэн дүүрэн хангаж өгөөгүйн улмаас ажлын бүтээмж эрс муудаж, сул зогсолт гарч байсан, захиалагч талаас нийлүүлэх материалын тасалдал, нийлүүлсэн материалын доголдол зэргээс шалтгаалан ажлыг хугацаанд нь гүйцэтгэх боломжгүй болж, сул зогсолт болон нэмэлт ажил гарч байсан. Захиалагч талаас шалтгаалан зураг өөрчлөгдөх бүрт гүйцэтгэгч талын төсөвт өртөгт тусгагдаагүй нэмэлт зардал гарч, 2014 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр эхэлсэн ажил 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүртэл нэлээд удаашралтай, графикт хугацаа зөрчигдөн явагдаж байгаад захиалагч талаас Герман инженер ирж ажлын гүйцэтгэлийг шалгаж байж бетон цутгалтын ажил хийгдэх шаардлагыг захиалагч тал тавьснаар 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс 2014 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хүртэл зогссон. Герман мэргэжилтэн ажлын үр дүнг өөрчилж, зурагт зааснаас өөрөөр хийхийг шаардсан тул гэрээний үнийн дүнд өөрчлөлт оруулах саналыг тавьсан боловч тохиролцоонд хүрээгүй. 2014 оны 7 дугаар сарын 24-ний өдөр ажлыг үргэлжлүүлэх гэсэн боловч зайлшгүй зураг шаардлагатай болсон тул ажлыг зогсоож, холбогдох зургийг гаргаж өгсний дараа нэмэлт ажлыг гүйцэтгэх, өмнө нь нэмэлтээр хийгдсэн ажлын санхүүжилтийг хийх талаар захиалагчид удаа дараа шаардлага тавьсан. Гэтэл талууд зөвшилцөлд хүрч чадаагүй учир 2014 оны 8 дугаар сарын 20-ны өдөр нэмэлтээр хийгдсэн ажилд гэрээг байгуулах саналыг хүргүүлж, тохиролцоонд хүрэхгүй бол гэрээг цуцлах талаар “Эрэл” ХХК-д мэдэгдсэн. Иймд 88 772 117 төгрөгийг “Эрэл” ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Яг энэ зардал бодит байдал дээр нотлогдохгүй байгаа. Хуулийн хувьд бодит бус байна. Буулгалтын ажил бол нарийвчлан гарч ирээгүй. Детал бүр дээр үүссэн зөрүү нь баримтаар төсөвлөгдөөгүй. Шинжээчийн дүгнэлтэн дээр нотлогдоогүй, хол зөрүүтэй гарсан. Нэхэмжлэлийн шаардлагын хувьд анхны зургаар хийсэн гэдэг. Гэтэл зураг өөрчилж өгсөн баримт хэрэгт нэг ч байхгүй, төсөвт өртөг нэмэгдээгүй. Маш олон удаа ажил зогсож байсан. Манай зүгээс бүтээгдэхүүнээ нийлүүлсэн. Нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байна. Нэмэлтээр гэрээ байгуулаагүй тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2016/01823 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1-д зааснаар “Макс Өргөө” ХХК-аас 22 504 846 төгрөгийг гаргуулж “Эрэл” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 74 167 154 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, “Эрэл” ХХК-аас 88 772 117 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч “Эрэл” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 641 310 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч “Макс Өргөө” ХХК-аас 270 474,12 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Эрэл” ХХК-д олгож, хариуцагч “Макс Өргөө” ХХК-аас сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 155 831 төгрөгийг улсын орлого болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д зааснаар шинжээчийн дүгнэлт гаргасан ажлын хөлс зардал 2 400 000 төгрөгийг хүсэлт гаргасан нэхэмжлэгч “Эрэл” ХХК-аар нөхөн төлүүлж шийдвэрлэжээ. 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 936 дугаар магадлалаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2016/01823 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтын “...53 дугаар зүйлийн 53.1.1-д зааснаар шинжээчийн дүгнэлт гаргасан ажлын хөлс зардал 2 400 000 төгрөгийг хүсэлт гаргасан нэхэмжлэгч “Эрэл” ХХК-аар нөхөн төлүүлсүгэй.” гэснийг “...56 дугаар зүйлийн 56.2, 53 дугаар зүйлийн 53.1.1-д зааснаар шинжээчийн ажлын хөлсний 550 000 төгрөгийг “Макс Өргөө” ХХК-аар, 1 850 000 төгрөгийг “Эрэл” ХХК-аар нөхөн төлүүлсүгэй.” гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 414 100 төгрөгийг, хариуцагчаас төлсөн 601 810 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын гомдолдоо: Шийдвэрийн зарим хэсгийг болон магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Үүнд хоёр шатны шүүх талуудын хооронд үүссэн гэрээний эрх зүйн харилцаанд бий болсон үйл явдлыг нэг мөр ойлголгүй бодит байдалд дүн шинжилгээг зөв хийгээгүйгээс үүдэн эрх зүйн дүгнэлтийг буруу хийж шүүх хэрэглэх ёсгүй хэмжээг хэрэглэснээр шийдвэр, магадлал нь хууль ёсны үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн.

“Эрэл” ХХК нь “Макс Өргөө” ХХК-аас №05/2014 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээний 5.17, 8.1-д заасны дагуу аль нэг тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол нөгөө талдаа мэдэгдэж гэрээг дангаар цуцлах, учирсан хохирлоо шаардах эрхтэй” гэсэн тул гэрээний 7.3-т зааснаар хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5%-ийн алданги тооцож захиалагчид төлөх тул 142 600 000 төгрөгөөс хоног тутам 0.5%-ийн алдангийг мөн гэрээний 2.3-д заасны дагуу 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн 2014 оны 8 дугаар сарын 23-ны өдөр гэрээ цуцлах хүртэл нийт алданги 52 049 000 төгрөг, “Макс Өргөө” ХХК-аас шаардсан шаардлагын тухайд шүүх талуудын хооронд үүссэн гэрээний эрх зүйн харилцаанд бий болсон үйл явдлыг нэг мөр ойлголгүй, эрх зүйн дүгнэлтийг буруу хийж шүүх хэрэглэх ёсгүй хэмжээг хэрэглэснээр шийдвэр нь хууль ёсны үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн. Шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт “2014 оны 8 дугаар сарын 23-ны өдөр захиалагч “Эрэл” ХХК-аас төсвийг нэмэх боломжгүй, гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсэн гэсэн үндэслэлээр нэмэлтээр хийсэн ажлын хөлсийг захиалагч тал төлөхөөс татгалзсан үндэслэлээр гэрээнээс татгалзаж, гэрээг дуусгавар болгосон байна” гэж хэт нэг талыг барьж, эрх зүйн дүгнэлтийг буруу хийсэн. Өөрөөр хэлбэл захиалагч “Эрэл” ХХК нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д “Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй” гэж заасан үндэслэн, мөн хуулийн 226 дугаар зүйлийн 226.1.2-т заасны “үүрэг гүйцэтгэгч гэрээгээр тогтоосон хугацаанд үүргээ гүйцэтгээгүй” дагуу гэрээг цуцалж, гүйцэтгэгч нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д заасны дагуу үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаандаа гүйцэтгээгүй тул, хугацаа хэтрүүлсэн гэж үзэж, захиалагчаас мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т заасны дагуу “Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй олох байсан орлогыг хохиролд тооцно” гүйцэтгэгч “Макс Өргөө” ХХК нь үүргээ тогтоосон хугацаанд гүйцэтгээгүй, 73 хоног хугацаа хэтрүүлсэн тул ажил гүйцэтгэх гэрээний 7.3-т заасны дагуу “хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5%-ийн алданги тооцож захиалагчид төлөх” алданги Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг үндэслэн гүйцэтгэгч гэрээний үүргээ биелүүлээгүйгээс захиалагчид төлөх ёстой 50 092 000 төгрөгийг нэхэмжилж, гэрээг цуцалсан болно. Харин үүнийг хоёр шатны шүүх буруу тайлбарлаж захиалагч нь гэрээнээс татгалзсан байна гэж буруу дүгнэж, гүйцэтгэгчээс үүргээ хугацаанд биелүүлээгүйгээс, захиалагчийн олох ёстой орлого болон үйл ажиллагаанд эрсдэл учруулсны төлөөх үүргийн гүйцэтгэлийн хохирол шаардах эрхийг хязгаарласнаас гадна, хариуцагчийн ажил гүйцэтгэх явцад, захиалагч нөхцөл боломжоор хангаж өгөөгүй, зураг тодорхойгүй байсан. Нийлүүлсэн бараа материал тодорхойгүй, доголдолтой байсан. Мөн Герман инженер ирээд зурагт зааснаас өөрөөр хий гэснээр ажлын хугацаа удааширсан гэх тайлбар нь нэг ч баримтаар батлагдаагүй, ор үндэсгүй тайлбарт үндэслэн захиалагчийн буруутай үйл ажиллагаа гэж гүйцэтгэгчийг гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн гэх үндэслэлээр алданги шаардсан нь үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн нь шийдвэр, магадлал нь хууль ёсны байх зарчимд нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл хариуцагчаас Герман инженер ирж ажлын гүйцэтгэлийг шалгаж байж бетон цутгалтын ажил хийгдэх шаардлагыг захиалагч тал тавьснаар 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс мөн оны 7 дугаар сарын 08-ны өдөр хүртэл зогссон гэж тайлбарласныг шүүх захиалагчийн буруу мэт үнэлсэн нь хуульд нийцэхгүй байна. Нөгөө талаар гэрээний хугацаа аль хэдий дууссаны дараа захиалагчаас шаардлага тавьсан байдаг. Шүүх гэрээнээс хэн аль нь татгалзсан гэж үзсэн нь үндэслэлгүй бөгөөд гагцхүү талууд гэрээг хэн аль нь цуцалсан байдалд дүгнэлт буруу хийсэн. Шийдвэрийн үндэслэх хэсэгт “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д зааснаар талуудын хүсэлтээр шүүхээс БТХ-г шинжээчээр томилж ажил гүйцэтгэх гэрээгээр “Макс Өргөө” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээ, гэрээнд заагдсан ажлын нэмэгдэл хэмжээг тогтоож шинжээчийн дүгнэлт ирүүлсэн ба ажлын хөлс 2 400 000 төгрөгийг талуудаас хувь тэнцүүлэн гаргуулах нь зүйтэй гэсэн мөртлөө шийдвэрийн тогтоох хэсгийн 3-т “Эрэл” ХХК-аас гаргуулахаар шийдвэрлэснээс хархаар шийдвэр нь хууль ёсны, үндэслэлтэй байх зарчмыг хангаж чадаагүй байна.

Магадлалын хянах хэсэгт талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 8.1-д заасны дагуу захиалагч тал нь гэрээ цуцалснаас хойш учирсан хохирлоо ажил гүйцэтгэгчээс шаардах эрхтэй, харин алданги шаардах эрхгүй гэж дүгнэсэн боловч, хууль зүйн үндэслэл бүхий тайлбар хийгээгүй байна. Өөрөөр хэлбэл алданги тооцох талаар талуудын хооронд байгуулсан хүчин төгөлдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байхад шүүх талуудын хүсэл зоригоо үндэслээгүй, хуульд нийцэхгүй байна. Үүнээс гадна давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэлтэй эсэх талаар ямар нэгэн зөвтгөсөн эсхүл буруутгасан дүгнэлт хийж чадаагүйгээс гадна нэхэмжлэгч талаас гаргасан гомдлыг хариуцагч тал гаргасан болгож хариуцагч тал гаргасан гомдлыг нэхэмжлэгч тал гаргасан мэтээр магадлалд дурдсанаас үзэхэд давж заалдах шатны шүүх хэргийг нэг мөр хянаж шийдвэрлээгүй нь тодорхой байна. Иймд шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Хоёр шатны шүүх нотлох баримтыг дутуу үнэлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, үнэн зөв үнэлэх журамд нийцээгүй. Тухайлбал захиалагч тал гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас ажлыг цааш үргэлжлүүлэх боломжгүй болсноо гүйцэтгэгч талаас мэдэгдэж, хэрэв гэрээний үүргээ биелүүлэхгүй бол гэрээнээс татгалзах мэдэгдлээ хүргүүлэхэд захиалагч тал зөвшөөрч, гэрээ цуцлагдсан хэрэгт авагдсан нотолгооны хэрэгслүүдээр тогтоогдож байхад шүүх нотлох баримтыг бодитойгоор харьцуулан, үнэн зөв үнэлж дүгнэлгүй “...ажил гүйцэтгэгч гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйгээс захиалагч гэрээг цуцалж, хохирол шаардсан нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д заасан нөхцөл үүссэн байна. Иймд хуулийн дээрх заалт болон талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 8.1-д заасны дагуу захиалагч тал нь гэрээ цуцалснаас учирсан хохирлоо ажил гүйцэтгэгч талаас шаардах эрхтэй...” гэж буруу дүгнэн “Эрэл” ХХК-ийн нэхэмжлэлийг хэсэгчлэн хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийн зохих заалтыг хэвээр үлдээсэн нь үндэслэлгүй байна. Тухайлбал, талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний 1.1, 2.1, 5.1-д зааснаар тус тус захиалагчийн баталж өгсөн зургийн дагуу гүйцэтгэгч ажлыг гүйцэтгэхээр тохиролцсон ба ажлын явц дунд захиалагч талын Герман инженер ирж зургийн дагуу биш өөрчлөлт хийхийг шаардсан атал зохих зургийг гаргаж өгөөгүйн улмаас ажлыг үргэлжлүүлэх боломжгүй болсон нь “Макс Өргөө” ХХК-аас “Эрэл” ХХК-д 2014 оны 8 дугаар сарын 08-ны өдөр хүргүүлсэн 297 тоот албан бичиг, гэрч н.Гүндэгмаагийн мэдүүлэг, талуудын тайлбараар тогтоогдож байгаа. Түүнчлэн талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 5.3-т “Гүйцэтгэгч захиалагчийн өгсөн захиалгын дагуу зөвшилцөж ажлаа эхлүүлэх үүрэгтэй”, 5.8-д “Гэрээт ажлыг гүйцэтгэхдээ захиалагч талын хэрэгцээг хангаж, чанарын шаардлагад нийцүүлэн гүйцэтгэж, захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй ажлын үр дүн шилжүүлэх үүрэгтэй” талаар талууд тохиролцсоныг үндэслэн захиалагчийн даалгавраар, түүний хэрэгцээ шаардлагын дагуу “Макс Өргөө” ХХК нь төсөвт өртөгт тусгагдаагүй нэмэлт ажлуудыг хийж гүйцэтгэсэн ба Ажил гүйцэтгэх гэрээний 4.5-д “Гэнэтийн зүйлээс шалтгаалан захиалагч талын хүсэлтээр ажлын тоо хэмжээ болон үнэлгээ нэмэгдэх буюу хасагдах тохиолдолд гүйцэтгэгч талтай харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан ажлын гүйцэтгэлээр санхүүжүүлнэ.”, гэрээний 5.11-д “Гүйцэтгэгч тал захиалагч талаас санхүүжилтийг цаг тухай бүрд нь хийхийг шаардах эрхтэй.” гэж тус тус тохиролцсоныг үндэслэн нэмэлт ажлын хөлсийг нэхэмжилж байсан, захиалагч тал дээр дурдсан санхүүжилт хийх үүргээ биелүүлэхээс үндэслэлгүйгээр татгалзсан, мөн түүнчлэн төсөвт өртөгт тусгагдаагүй нэмэлт ажлууд ийнхүү хийгдсэн гэдэг нь талуудын гаргаж өгсөн гүйцэтгэлийн товч тайлан, “Макс Өргөө” ХХК-ийн гүйцэтгэлийн төсөв, 7 хоног тутмын гүйцэтгэлийн акт, “Макс Өргөө” ХХК-аас “Эрэл” ХХК-д хүргүүлсэн албан бичиг, ажлын явцыг харуулсан фото зургууд, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт талуудын шүүх хуралдаанд өгсөн тайлбар зэрэг нотолгооны хэрэгслүүдээр тогтоогддог. Харин “Эрэл” ХХК нь анх гэрээг байгуулахдаа зураг батлан өгч, ажлын тоо хэмжээг тодорхой заасан төсвөөр гэрээг байгуулахдаа тоо хэмжээ нэмэгдэхээр бол гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан, гүйцэтгэлээр санхүүжүүлнэ гэж тохиролцсон үүргээсээ үндэслэлгүйгээр татгалзсан нь захиалагчийн даалгавраар, түүний хүсэл сонирхолд нийцсэн, доголдолгүй ажлыг гүйцэтгэн хүлээлгэж өгсөн “Макс Өргөө” ХХК-ийг их хэмжээгээр хохироосон байтал хоёр шатны шүүх гэрээ цуцлагдахад гүйцэтгэгч буруутай гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Шинжээчийн дүгнэлтээр “Макс Өргөө” ХХК нь гэрээгээр тохиролцсон төсөвт өртөгт тусгагдаагүй 48 348 593 төгрөгийн үнийн дүнтэй, гэрээгээр тохиролцоогүй нэмэлт ажлыг хийж гүйцэтгэснийг тогтоосон. Уг нэмэлт ажил нь захиалагчийн хүсэлт даалгавраар хийж гүйцэтгэсэн ба ажлын үр дүнг захиалагч хүлээн авсан нь анх гэрээгээр тохиролцсон төсөв, гүйцэтгэлийн төсөв, талуудын гаргаж өгсөн гүйцэтгэлийн товч тайлан, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт талуудын шүүх хуралдаанд өгсөн тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байхад “ажил гүйцэтгэгч нь гэрээнд зааснаас өөр нэмэлт ажил гүйцэтгэсэн баримт хэрэгт авагдаагүй байна. Нэмэлт ажлын талаар актад тэмдэглэгдээгүй” гэж үндэслэлгүй буруу дүгнэн, манай компанийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоос гадна харин ч “Эрэл” ХХК-ийг илүү мөнгө төлсөн байна гэж үзэж манай компаниас 22 504 846 төгрөгийг “Макс Өргөө” ХХК-аас буцаан гаргуулж “Эрэл” ХХК-д төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хохирол амсаад байгаа манай компанийн хохирлыг улам нэмэгдүүлж илтэд хохироосон туйлын буруу шийдвэр боллоо. Манай компани талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.5, Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.1-д заасныг үндэслэн “Эрэл” ХХК-д “төсөв нэмэгдэж, нэмэлт гэрээ байгуулах шаардлагатай байгаа” талаар удаа дараа мэдэгдэж байсан боловч асуудал шийдэгдэхгүй байсан тул 2014 оны 8 дугаар сарын 20-ны өдөр бичгээр мэдэгдэл өгч, улмаар гэрээ цуцлагдсан. Ийм нөхцөлд Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар “Макс Өргөө” ХХК нь өөрт учирсан хохирлоо нэхэмжлэх эрхтэй.

Хоёр шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Тухайлбал гэрээгээр тохиролцсон төсөв нэмэгдэх магадлалтай гэдгийг захиалагч анхнаасаа мэдэж байсан төдийгүй захиалагчийн хүсэлт даалгавраар нэгэнт хийгдсэн нэмэлт ажлын хөлсний талаар талууд маргаж байгаа үед давж заалдах шатны шүүх “нэмэлт ажлын талаар гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулаагүй байх тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.2, гэрээний 4.5-д нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна.” гэж дүгнэн Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.3-т заасныг үндэслэн сөрөг нэхэмжлэлийг хангахгүй шийдвэрийг зөвтгөсөн нь үндэслэлгүй байна. Захиалагч тал анх гэрээгээр тохиролцсон төсөвт тусгагдаагүй нэмэлт ажлыг өөрийн хүсэлтээр гүйцэтгүүлсэн гэдэг нь хэрэгт авагдсан нотолгооны хэрэгслүүдээр тогтоогдож байгаа ба нэгэнт ажлыг гүйцэтгэсний дараа нэмэлтээр хийгдсэн ажлын хөлсөөр хохирсон манай компанийг буруутгаж байгаа нь шударга биш бөгөөд энэ тохиолдолд Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.3-т заасныг хэрэглэж шийдвэрлэх нь буруу гэж үзэж байна. Учир нь нэмэлт ажил эхлэхээс өмнө талууд нэмэлт гэрээг тохиролцож чадаагүй ба захиалагч нэмэлт ажлыг өөрийн хүсэлтээр хийлгүүлсний дараа гэрээг үндэслэлгүйгээр цуцалсан. Гэрээ ямар цаг хугацаанд цуцлагдсан нөхцөл байдлыг хоёр шатны шүүх анхаарч үзэлгүйгээр Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.2, 345.3-т заасныг үндэслэн, нэмэлт гэрээ байгуулагдаагүй гэсэн үндэслэлээр хийсэн ажлын зардлаараа хохирсон манай компанийг нэмж хохироон, илт нэг талыг баримтлан шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.5-д “Өөрөө гэм буруугүй, эсхүл хүндэтгэн үзэх онцгой нөхцөл байдал бий болсон бол ажил гүйцэтгэгч энэ хуулийн 355.4-т заасан нөхцөлийг харгалзахгүйгээр гэрээг хэдийд ч цуцлах эрхтэй. Энэ тохиолдолд захиалагчид учруулсан хохирлыг ажил гүйцэтгэгч нөхөн төлөх үүрэг хүлээхгүй, харин гэрээ цуцлахаас өмнө ажил гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажлын үр дүнд захиалагч ямар нэгэн ашиг сонирхолтой байвал ажил гүйцэтгэгч гүйцэтгэсэн ажлын хөлсөө шаардах эрхтэй.” гэж заасан байдаг ба захиалагчийн буруугаас гэрээ цуцлагдсан, захиалагчийн хүсэлт даалгавраар хийгдсэн нэмэлт ажлын үр дүнг захиалагч хүлээн авч үргэлжлүүлэн ажлыг гуравдагч этгээдээр дуусгуулсан, манай компанийн гүйцэтгэсэн ажлын үр дүнгийн талаар захиалагчаас гомдол гаргаагүй нь хэрэгт авагдсан нотолгооны хэрэгслүүдээр тогтоогдож байхад давж заалдах шатны шүүх хуулийн уг заалтыг үндэслэн хэргийг үнэн зөв шийдвэрлэж чадсангүй. Иймд дээрх үндэслэлүүдийг харгалзан шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн тул зохигчдын гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

Давж заалдах шатны шүүх шинжээчийн зардлыг хуваарилж, шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т нийцжээ.

Нэхэмжлэгч “Эрэл” ХХК нь хариуцагч “Макс Өргөө” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний дагуу илүү шилжүүлсэн 44 623 000 төгрөг, гэрээг цуцлах хүртэлх алданги 52 049 000 төгрөг нийт 96 672 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч нэмэлт ажлын хөлс 88 772 117 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

Зохигчид 2014 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр бичгээр гэрээ байгуулж, “Макс Өргөө” ХХК нь “Эрэл” ХХК-ийн Байшин үйлдвэрлэх комбинат-1-ийн 5 блокны тоног төхөөрөмжийн суурийн ажлыг захиалагчийн гаргасан зургийн дагуу 310 000 000 төгрөгийн төсөвт өртгөөр 2 сарын хугацаанд хийж гүйцэтгэн, ажлын үр дүнг мөн оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүлээлгэн өгөх үүргийг, захиалагч “Эрэл” ХХК нь бетон зуурмаг, арматураар хангах, ажлын гүйцэтгэлийг 7 хоног тутам актаар хүлээн авч хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн байх ба зохигчдын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагджээ. 

Захиалагч буюу “Эрэл” ХХК-ийн зүгээс бараа, материал, ажлын хөлсөнд нийтдээ 212 023 000 төгрөг шилжүүлсэн, 2014 оны 8 дугаар сарын 20-ны өдөр гэрээ цуцлагдсан үйл баримтыг зохигчид маргаагүй, харин гэрээг цуцалсанд хэн нь буруутай болох, гүйцэтгэсэн ажлын хэмжээ, нэмэлт ажил хийгдсэн эсэх талаар маргажээ.

Хэрэгт цугларсан баримтаас үзвэл шинжээч Барилгын төсөвчдийн холбооны дүгнэлтээр “ажил гүйцэтгэгч “Макс Өргөө” ХХК нь 310 000 000 төгрөгийн төсөвт ажлын 61.1 хувь буюу 189 518 154 төгрөгийн ажлыг гүйцэтгэж, 38,9 хувь буюу 120 481 846 төгрөгийн ажлыг хийгээгүй” гэснийг зохигчид зөвшөөрч, маргаагүй тул шүүх шинжээчийн дүгнэлтийг үндэслэн ажил гүйцэтгэгч нь 189 518 154 төгрөгийн ажил гүйцэтгэсэн байхад захиалагч ажлын хөлсөнд 212 023 000 төгрөг шилжүүлж, 22 504 846 төгрөгийг илүү төлсөн тул буцаан гаргуулах үндэслэлтэй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 335 дугаар зүйлийн 355.1-д заасантай нийцсэн байна.

Нэхэмжлэгч нь гэрээний нөгөө тал үүргээ биелүүлээгүй тул гэрээг цуцлахаас өмнөх хугацаанд алданги шаардсан байхад шүүх гэрээг цуцалсан тул алданги шаардах үндэслэлгүй гэж дүгнэсэн нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлд нийцээгүй байв. Гэрээний талууд ажлын үр дүнг 7 хоног тутам актаар хүлээн авч, байсан байх ба уг актны “нэмэлт тайлбар” гэсэн хэсэгт захиалагч зарим барааг хугацаандаа өгөөгүй, хүлээгдэж байгаа талаар болон нийлүүлсэн зарим барааны хэмжээ тохироогүй, өөрсдөө засаж тайрсан тухай тэмдэглэснээс үзэхэд захиалагч үүрэг гүйцэтгэх хугацааг мөн адил хэтрүүлж байжээ. Үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн бол мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү, анз авах эрхээ алддаг тул Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2, 224.2.3-т зааснаар “Эрэл” ХХК нь алданги шаардах эрхгүй, алданги 52 049 000 төгрөгийн нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй, энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгонбатын хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Түүнчлэн хоёр шатны шүүх нэмэлт ажлын хөлс гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 345 дугаар зүйлийг зөв тайлбарлан хэрэглэж,  нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл бүхий болжээ. Нэмэлт ажил шаардагдсанаас төсвийн хэмжээ нэмэгдэхээр бол ажил гүйцэтгэгч энэ тухай захиалагчид мэдэгдэх үүргээ биелүүлсэн нь нотлогдоогүйгээс гадна ажлын үр дүнг 7 хоног тутам хүлээлцсэн баримтанд нэмэлт ажлын талаар огт тусгагдаагүй байна. Барилгын төсөвчдийн холбооны шинжээчийн дүгнэлтэд “Макс Өргөө” ХХК нэмэлт ажил хийсэн болохыг тогтоосон агуулга байхгүй байх ба хариуцагчийн зүгээс энэ асуудлаар дахин шинжээч томилуулах хүсэлтийг гаргаагүй байв. Иймд сөрөг нэхэмжлэлийг хангаж өгөхийг хүссэн хариуцагч “Макс Өргөө” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сэвжидмаагийн хяналтын гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 936 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгонбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сэвжидмаа нарын гомдлыг тус тус хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 418 300 төгрөг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төлсөн 601 810 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Г.ЦАГААНЦООЖ

  ШҮҮГЧ                                                                 П.ЗОЛЗАЯА