Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 335

 

Н.Н-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн эрүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 110 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 289 дүгээр магадлалтай, Н.Н-д холбогдох 1705018390333 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1983 онд төрсөн, 36 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй,

Налайх дүүргийн шүүхийн 2002 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 71 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.3 дахь хэсэгт зааснаар 4 жил хорих ял шийтгүүлж, Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2005 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 11 дүгээр шүүгчийн захирамжаар 1 жил 2 сар 3 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

Налайх дүүргийн шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 11 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сар хорих ял шийтгүүлж, ялын хугацаа дуусч суллагдсан,

Баганхангай, Налайх дүүргийн шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 104 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 6 жил хорих ял шийтгүүлсэн,

Сум дундын 21 дүгээр шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 32 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 сар баривчлах ял шийтгүүлж, Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 104 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 6 жил хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 5 сар 19 хоногийн хорих ялыг бүгдийг нэмж, нийт эдлэх ялыг 3 жил 6 сар 19 хоногийн хорих ялаар тогтоосон, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 455 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 8 сар 7 хоногийн хорих ялыг өршөөн хассан,

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 138 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдож байсан Б овгийн Н-ын Н нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах”, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах”, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтлох” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Н.Н-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар 5 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар 500,000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 500,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, торгох ялыг нэмж нэгтгэн 1,000,000 төгрөг болгон тогтоож, уг ялыг 66 хоног хорих ялд шилжүүлэн тооцож, 5 жил хорих ялд нэмж нийт эдлэх хорих ялыг 5 жил 66 хоногийн хугацаагаар тогтоож, ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хохирогчийг шүүх хуралдаанд оролцуулаагүй нь түүний хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн гэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Н.Н- гаргасан гомдолдоо “Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч байна. Хохирогч С.Баттулга нь хохирогчоор мэдүүлэгтээ “... цагдаа бичиг баримтаа үзүүл гэхэд нь би өөрийнхөө үүрч явсан хар өнгийн үүргэвчийг үзтэл түрийвч минь байгаагүй, түрийвчинд байсан иргэний болон жолооны үнэмлэх, хаан банкны виза карт, автобусны виза карт, бэлэн 230,000 төгрөг алга болсон байсан. Н.Н аваад явсан” гэж мэдүүлсэн байдаг. Гэрч Д.Батчимэг “...намайг 06 цагийн орчимд сэрэхэд Баттулгын нүд нь хөхөрсөн, өөрөө нилээд халамцуу 0,750 граммын архи болон нэрмэл архинаас тал үлдээчихсэн байсан.  Баттулга хоёр утсаа алга болгочихлоо гэхээр нь цагдаад дуудлага өгсөн. Цагдаа ирээд цүнхнээс үзээрэй гэсний дагуу үзэхэд “Нокиа” загварын гар утас, бор түрийвч гарч ирсэн” гэж мэдүүлсэн. Гэтэл хохирогч түрийвч дотор байсан гэж огт үндэслэлгүй эд зүйл нэхэмжилсэн. Энэ хэрэг гарах үед бид нартай хамт байсан, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй Ганлантууг гэрчээр байцаалгах тухай хүсэлт гаргасан боловч хүлээж аваагүй атлаа тухайн үед согтуу байсан хүмүүсийг гэрчээр байцаасан байдаг. Мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн гэж үзэж байна. Иймээс Ганлантуу, Хангал нарыг гэрчээр байцаах шаардлагатай тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хяналтын прокурор О.Сарангэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Анхан шатны шүүх хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан хэргийн үйл баримтыг зөв тогтоосон. Шүүгдэгч Н.Н-гийн гэм бурууд тохирсон ял шийтгэл оногдуулсан. Харин давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан зөрчил Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан ноцтой зөрчилд тооцогдохгүй юм. Гэхдээ энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон С.Баттулга нь гар утас болон бэлэн 230,000 төгрөгөө дээрэмдүүлсэн талаар мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн байхад шүүх зөвхөн гар утсаа дээрэмдүүлсэн гэж шийдвэрлэсэн байна. Хохирогч С.Б-ын дээрэмдүүлсэн гэх эд зүйлийг хөдөлбөргүй тогтоох шаардлагатай тул хэргийг прокурорт буцаах саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н.Н-гийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Шүүгдэгч Н.Н нь согтуугаар 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, 13 дугаар байрны 1 дүгээр орцны 9 давхарт иргэн Д.М-н нүүр рүү цохиж, хэвлий рүү өшиглөн довтолж, хүрэм, малгайг нь дээрэмдсэн,

2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Торгоны зам” зочид буудлын 302 тоотод иргэн Г.Г-ийн биед хүч хэрэглэн довтолж, хоолойг нь боон “ЛЖ К-4” загварын гар утас, 16,000 төгрөгийг хүч хэрэглэн дээрэмдсэн,

2018 оны 09 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 61 дүгээр гудамжны 825 тоотод иргэн С.Б-ын биед хүч хэрэглэн халдаж, нүүр, хавирга руу өшиглөн, гараараа цохиж “Самсунг Галакси нөт-5” загварын гар утсыг авч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдсэн,

2018 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Зүүн Ард Аюушийн 2 дугаар гудамжны 78 тоотод иргэн Б.Б-тай маргалдаж улмаар нүүр рүү өшиглөж, эрүү ясны хугарал бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан,

2018 оны 9 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 61 дүгээр гудамжны 825 тоотод иргэн С.Б-ын биед хүч хэрэглэн халдаж, нүүр, хавирга хэсэг рүү өшиглөж, гараараа цохин зүүн доод зовхинд цус хуралт, үүдэн доод зүүн 1 дүгээр шүдний сулрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Н.Н-гийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулсан байна.

Шүүгдэгч Н.Н нь хохирогч С.Б-ын дээрэмдүүлсэн гэх эд зүйл тодорхойгүй байхад шүүхээс хохирол гаргуулсан тул уг хэрэг гарахад хамт байсан Ганлантуу, Хангал нарыг гэрчээр байцаалгахаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалгах агуулгатай гомдол гаргажээ.

Хэдийгээр хохирогч С.Б мөрдөн шалгах ажиллагааны үед бэлэн 230,000 төгрөг, түрийвч, гар утас зэрэг эд зүйлээ дээрэмдүүлсэн гэж мэдүүлсэн боловч прокуророос хэрэгт цугларсан нотлох баримтуудад тулгуурлан шүүгдэгч Н.Н-г “Самсунг Галакси нөт-5” загварын гар утсыг дээрэмдсэн үйл баримтыг тогтоож, улмаар энэхүү үйлдлийн хохирлын хэмжээг үнэлгээний байгууллагаар тогтоосон гар утасны үнэ болох 270,000 төгрөгөөр тогтоон шүүгдэгч Н.Н-гаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Харин давж заалдах шатны шүүх хохирогч С.Б-ыг шүүх хуралдаанд оролцуулалгүй хуулиар олгогдсон эрхийг нь зөрчсөн гэх үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон нь үндэслэл муутай гэж үзнэ.

Хохирогч С.Б-ыг шүүх хуралдаанд оролцуулаагүй нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдөхөд хүргэсэн, энэ нь шүүхийн шийдвэрт ямар байдлаар сөргөөр туссан талаар дүгнэлт хийхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөвхөн ноцтой зөрчил нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохоор хуульд заасан шаардлагад харшилсан гэж үзэхэд хүргэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн нь эцэслэн шийдвэрлэгдсэн хэргийн тухайд шүүхээс хэргийн талаар үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлсөн, хянагдаж буй хэргийн тухайд шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлж болзошгүй шинж чанартай бол ноцтой зөрчилд тооцогдох бөгөөд үүнээс гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд шууд заасан зөрчлүүд мөн хамаарахаар хуульчилсан. Иймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан дээр дурдсанаас бусад зөрчил шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох шууд үндэслэл болохгүй.

Иймд шүүгдэгч Н.Н-гийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээн, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 110 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 289 дүгээр магадлалыг хүчингүй болгон, шүүгдэгч Н.Н-гийн хяналтын шатны шүүхэд  гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                       

             ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

             ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                   Д.ГАНЗОРИГ

                                                                                   Ч.ХОСБАЯР

                                                                                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН