Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 328

 

“КГ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

ТЕГ-ын Улсын төсвийн орлого,

хяналтын газрын татварын улсын байцаагч П.Отгонсүрэн,

Ч.Сарангэрэл, Ц.Оюунтуяа, Нийслэлийн Татварын газрын

татварын улсын байцаагч Ш.Хашхүү, Б.Эрдэнэцэцэгт

холбогдох захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:                                   Г.Банзрагч

                                                   Б.Мөнхтуяа

                                                  Д.Мөнхтуяа

Илтгэгч шүүгч:                         Л.Атарцэцэг

Нарийн бичгийн дарга:            Г.Гантогтох

Нэхэмжлэлийн шаардлага: “...Нийслэлийн Татварын газрын татварын улсын байцаагчийн 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 2205130005 тоот актыг илт хууль бус болохыг тогтоолгох, ТЕГ-ын харьяа УТОХГ-ын байцаагчийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 210000007 тоот актыг хүчингүй болгуулах, улсын төсвөөс буцааж авах нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 3,253,765,367.3 төгрөгөөр баталгаажуулахыг даалгах”

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2018/0164 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 221/МА2018/0313 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогчид, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Идэр, Д.Номинзул, Хариуцагч ТЕГ-ын УТОХГ-ын татварын улсын байцаагч П.Отгонсүрэн, Ч.Сарангэрэл, Ц.Оюунтуяа, хариуцагч Нийслэлийн Татварын газрын татварын улсын байцаагч Ш.Хашхүү, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Тогосмаа,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Идэрийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2018/164 дүгээр шийдвэрээр: Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2006 оны/ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.2, 14.4, 14.4.1, 14.4.2, 15 дугаар зүйлийн 15.1.4-д тус тус заасныг баримтлан “КГ” ХХК-иас ТЕГ-ын Улсын төсвийн орлого, хяналтын татварын улсын байцаагч П.Отгонсүрэн, Ч.Сарангэрэл, Ц.Оюунтуяа, Нийслэлийн Татварын газрын татварын улсын байцаагч Ш.Хашхүү, Б.Эрдэнэцэцэг нарт холбогдуулан гаргасан Нийслэлийн Татварын газрын татварын улсын байцаагчийн 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 2205130005 тоот актыг илт хууль бус болохыг тогтоолгох, ТЕГ-ын харьяа УТОХГ-ын байцаагчийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 210000007 тоот актыг хүчингүй болгуулах, улсын төсвөөс буцаан авах нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 3,253,765,367.3 төгрөгөөр баталгаажуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 221/МА2018/0313 дугаар магадлалаар: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2018/0164 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Идэрийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Нэхэмжлэгч “КГ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Идэр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.

4. Захиргааны актыг хүчингүйд тооцуулах тухайд: Давж заалдах шатны шүүх магадлалынхаа "ХЯНАВАЛ" хэсэгт “КГ” ХХК-ийг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа явуулдаг болохыг тогтоосон талаар тусгасан хирнээ уг үйл ажиллагаа нь Аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн заалтыг үл хайхран орхигдуулж, харин Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр сарын 4.1.6-д заасан "ашигт малтмал хайх" тухай тус хуулийн нэр томьёоны тодорхойлолт бүхий заалтыг иш үндэс болгоод цааш дүгнэхдээ "хайгуулын үйл ажиллагаа гэдэг нь нэмүү өртгийг өөртөө шингээсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулахад чиглэгдсэн үйлдвэрлэл, эсхүл хэрэглэгчдэд хүргэх үйлчилгээ биш байна” гэжээ.

5. Угтаа бол, Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6 дахь заалт нь тус хуульд хэрэглэгдсэн нэр томьёог л тодорхойлсон заалт болохоос бус аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны чиглэлийг нэг мөр тайлбарласан заалт биш юм. Давж заалдах шатны шүүхээс дээрх дүгнэлтийн үндэслэл болгосонтой мөн адилаар дээрх хуулийн 4.1 дэх заалтаас хэсэгчлэн түүвэрлэж өөрт ашигтай зүйл заалтыг сонговол “КГ” ХХК нь мөн зүйлийн 4.1.12 дахь заалтад заасан "...стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд"-ыг эзэмшигч билээ. Тэгвэл уг "Орд"-ыг тус 4.1.12 дахь заалтад "үндэсний аюулгүй байдал, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх хэмжээний, эсхүл жилд Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний таван хувиас дээш хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа буюу үйлдвэрлэх боломжтой ордыг хэлнэ" хэмээн тодорхойлсон байна. Үүнээс үзвэл хэрэв нэхэмжлэгч нь НӨАТ-ын буцаан авалт хийх бүрэн боломжтой ба тухайн тохиолдолд хайгуулын үйл ажиллагаа нь НӨАТ-ын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т хамаарч болохоор ажээ.

6. Үнэн чанараа тусгай зөвшөөрлийг аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны чиглэлийг зааж олгодог бөгөөд Аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.10.5-д "Ашигт малтмалын хайгуул"-ын үйл ажиллагааг "Үйлдвэрлэл, худалдааны чиглэл" хэмээн тодорхойлсон байх бөгөөд НӨАТ-ын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-т "үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд төлсөн татварыг НӨАТ-аас хасч тооцох”-оор заасан байна. Нэгэнт тусгай зөвшөөрлийн үндсэн дээр явуулах үйл ажиллагааг зохицуулсан хуульд хайгуулын үйл ажиллагааг үйлдвэрлэл мөн хэмээн заасан тохиолдолд НӨАТ-ын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх заалт нь “КГ” ХХК-д хамааралтай заалт болж таарна.

7. Дээрхээс харвал шүүх нь хэргийг шийдвэрлэхэд амин чухал хуулийн заалтыг огт хэрэглэлгүй өнгөрөөж, "хайгуулын үйл ажиллагаа" гэх тодорхойлолт мөн өөр тохиолдолд авч хэрэглэхдээ тус бүрт нь өөр өөрөөр утгачлан тайлбарласан байх ба энэ нь хуулийн нэр томъёог буруу ойлгосон, улмаар хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, мөн түүнчлэн тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэлгүй, хариуцагчийн зүгээс хийсэн "үйл ажиллагааны чиглэл"-ийн талаарх хэт нэг талыг барьсан тайлбар тодорхойлолтыг шууд иш үндэс болгосон явдал нь бодит төөрөгдлийг үүсгэж, хуульд үл нийцэх шийдвэр гаргах нөхцөл байдалд хүргэжээ.

8. Захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох тухайд: Давж заалдах шатны шүүх нь магадлалынхаа “ХЯНАВАЛ” хэсэгт Нийслэлийн татварын газрын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч нарын гаргасан 2205130005 тоот актаар “КГ” ХХК-ийн 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2013 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацааны НӨАТ-ын ногдуулалт, төлөлтийг шалган төсвөөс буцаан авах дүнг баталгаажуулахдаа 2012 оны 2205120011 тоот актаар буцаан олгохоор баталгаажуулсан 1,147,076.0 мянган төгрөгийг оруулж тооцсон нь хууль бус байна хэмээн дүгнэж, тус актыг шүүхээс илт хууль бус болохыг тогтоох явдал нь нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэхээргүй байна гэж дурдсан хирнээ, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх нь уг 2205130005 тоот актыг шүүхээс илт хууль бусад тооцсоноор нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол сэргэхгүй гэж үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна гэжээ. Харамсалтай нь ямар нэгэн хууль зүйн үндэслэлтэй фактад тулгуурласан тайлбаргүйгээр товч дурдаад анхан шатны шүүхийн ноцтой алдааг харалгүй өнгөрөөсөн байх юм.

9. Бидний хувьд 2012 оны 12 дугаар сард баталгаажсан 2205120011 тоот актыг 6 жилийн дараа “0” төгрөг болгон баталгаажуулсан явдлыг хууль зөрчөөгүй гэж үзсэн давж заалдах шатны магадлалыг ойлгох боломжгүй юм. Харин ч эсрэгээр, 2205130005 тоот илт хууль бус акт нь нэхэмжлэгчид буцаан олгогдох ёстой байсан НӨАТ-ын буцаан авалтын 1,147,076.0 мянган төгрөгийг “0” төгрөг болгосон ба улмаар дараа дараачийн актууд урган гарах шалтгаан болсон байдаг. Өнөөдрийг хүртэл 2205130005 тоот актаар ч, 210000007 тоот актаар ч мөн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр ч тэр, тэрхүү хууль бус үйлдлээр авч чадаагүй өдийг хүрсэн 1.1 тэрбум төгрөгийг бидэнд гаргаж өгөөгүй, өгөхгүй байгаа хууль зүйн үндэслэл бүхий тайлбар хийгдээгүй байгаад бид гомдолтой байна.

10. Хариуцагч хууль бус үйлдэл хийсэн нь шүүхийн шатанд нотлогдсон бол уг хууль бус үйлдэл, түүний үр дагавар, хор хөнөөлийг арилгах нь шүүхийн үүрэг байлтай. Гэтэл хууль бусаар үйлдэн гаргасан захиргааны актыг мэдсээр байж хэвээр үлдээсэн нь өөрөө ёс зүйгүй, хууль дээдлэх ёсонд үл нийцэх явдал мөн хэмээн бид үзэж байна.

11. Иймд, 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2017/0164 дүгээр шийдвэр, 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 221/МА2018/0313 дугаар магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

12. Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн зарим шаардлагыг буруу дүгнэсэн алдааг зөвтгөж, хяналтын шатны шүүхээс дараах үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

13. “КГ” ХХК нь “...Нийслэлийн Татварын газрын татварын улсын байцаагчийн 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 2205130005 тоот актыг илт хууль бус болохыг тогтоолгох, ТЕГ-ын харьяа УТОХГ-ын байцаагчийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 210000007 тоот актыг хүчингүй болгуулах, улсын төсвөөс буцааж авах нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 3,253,765,367.3 төгрөгөөр баталгаажуулахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

14. Нийслэлийн Татварын газрын татварын улсын байцаагч Ц.Баярхүү, Ж.Эрдэнэтуул нар “КГ” ХХК-ийн 2011 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2011 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг санхүүгийн баримтад үндэслэн шалгаж, 2011 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар төсвөөс буцаан авах нэмэгдсэн өртгийн албан татварын үлдэгдлийг 1,147,076.0 мянган төгрөгөөр, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын үлдэгдлийг 1,147,076.0 мянган төгрөгөөр баталгаажуулан, 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 2205120011 тоот актыг үйлдсэн байна.

15. Мөн компанийн 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2013 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацааны нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг Нийслэлийн татварын газрын татварын улсын байцаагч Б.Эрдэнэцэцэг, Ш.Хашхүү нар шалгаж, 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 2205130005 дугаар актаар 2013 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар төсвөөс буцаан авах нэмэгдсэн өртгийн албан татварын үлдэгдлийг 0.00 төгрөгөөр, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын үлдэгдлийг 0.00 төгрөгөөр баталгаажуулжээ.

16. Дээрх 2013 оны 2205130005 дугаар актыг нэхэмжлэгч нь “...өөрсдийн шалгаагүй буюу 2011 оныг хамруулж, өмнөх 2012 оны 2205120011 дугаар актаар баталгаажуулсан дүнг өөрчилсөн, ...хуулиар адил эрх хэмжээтэй улсын байцаагчийн тогтоосон актыг өөрчилсөн буруу...” гэх үндэслэлээр илт хууль бус гэж үзэж, маргасан байна.

17. Түүнчлэн ТЕГ-ын харъяа УТОХГ-ын ХШХ-ийн татварын улсын байцаагч Ц.Оюунтуяа, Ч.Сарангэрэл, П.Отгонсүрэн нар нэхэмжлэгч “КГ” ХХК-ийн 2011 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2013 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуусталх хугацааны нэмэгдсэн өртгийн албан татварын тооцоог санхүү татварын тайлан, санхүүгийн анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийн баримтуудыг үндэслэн  шалгаж, 2017 оны 02 сарын 16-ны өдрийн 210000007 дугаар актаар улсын төсвөөс буцааж авах  мөнгөн дүнг 0.00 төгрөг байхаар баталгаажуулсныг нэхэмжлэгч “...хууль буруу хэрэглэсэн...” гэх үндэслэлээр хүчингүй болгуулахыг хүсчээ.

18. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 оны/ 15 дугаар зүйлийн 15.1.1-д “...татвар төлөгч нь түүнийг буцаан авах хүсэлтээ холбогдох баримтын хамт ...татварын албанд бичгээр гаргах”, 15.1.3-т ”харъяалах татварын алба...хүсэлтийг хүлээн авснаас хойш ...үлдэгдлийг баталгаажуулж, саналаа татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ”, 15.1.4-т “татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 15.1.2. 15.1.3-т зааснаар ирүүлсэн хүсэлт, саналыг хүлээн авснаасаа хойш ажлын 7 хоногт багтаан хянаж буцаан олгох татварын хэмжээг тодорхойлж...” гэж тус тус тодорхой зааснаас үзвэл  маргаан бүхий дээрх 2017 оны 210000007 дугаар акт нь өмнөх  2012 оны 2205120011 болон 2013 оны 2205130005 дугаар актуудыг хуульд журмын дагуу хянаж баталгаажуулсан захиргааны акт гэж үзнэ.

19. Тодруулбал, Нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгох үйл ажиллагаа нь татвар төлөгчийн хүсэлт, үүнийг хянаж баталгаажуулсан харъяалах татварын улсын байцаагчийн саналыг үндэслэн хийгдэх төрийн захиргааны төв байгууллага буюу ТЕГ-ын улсын байцаагчийн актаар эцэслэн баталгаажих нь дээрх хуулиар тодорхой зохицуулагджээ. 

20. Иймээс Нийслэлийн татварын газрын улсын байцаагчийн 2013 оны 2205130005 дугаар акт нь дээрх хуульд заасан “санал”-ын шинжтэй баримт бичиг гэж үзэх бөгөөд үүний улмаас нэхэмжлэгчийн эрх хууль ёсны сонирхол хөндөгдөөгүй, энэ нь гадагшаа үйлчилсэн, эрх зүйн үр дагавар шууд үүсгэсэн байх захиргааны актын шинжийг агуулаагүйгээс уг актыг илт хууль бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзах үр дагаврыг бий болгохыг шүүхүүд анхааралгүйгээр “...илт хууль бус болохыг тогтоосноор нэхэмжлэгчийн эрх сэргэхгүй ...” гэж буруу дүгнэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна. Нэгэнт захиргааны акт биш учраас нэхэмжлэгчийн гомдолд дурдсан үндэслэлээр дүгнэлт хийх шаардлагагүй болно.

21. Нэхэмжлэгч “КГ” ХХК нь тусгай зөвшөөрлийн үндсэн дээр хайгуулын үйл ажиллагааг явуулдаг, үйл ажиллагааныхаа үр дүнд нэмүү өртөг шингэсэн татвар ногдох барааг борлуулаагүй, ийм ажил үйлчилгээ эрхлээгүй, хайгуулын үйл ажиллагаандаа зориулан худалдан авсан бараа, ажил үйлчилгээнийхээ хувьд нэхэмжлэгч нь эцсийн хэрэглэгч байх тул Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 оны/ 14 дүгээр зүйлийн 14.1-дэх зохицуулалтын дагуу нэгэнт төлөгдсөн   татварыг буцаан шаардах эрхгүй талаар шүүхийн шийдвэр, магадлалд тодорхой дэлгэрэнгүй дүгнэж, маргаан бүхий 2017 оны 210000007 дугаар акттай холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцжээ.

22. Нэмэгдсэн өртгийн албан татварыг төсөвт төлөх, төсвөөс буцаан олгохтой холбогдох харилцаа нь зөвхөн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулиар зохицуулагдах бөгөөд  аж ахуйн зарим үйл ажиллагааг эрхлэхэд тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгохтой холбоотой харилцааг зохицуулах зорилго бүхий Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль энэ харилцаанд хэрэглэгдэхгүй.

23. Иймд, нэхэмжлэгч нь “...хайгуулын үйл ажиллагаа нь “...үйлдвэрлэл, худалдааны чиглэл”-д хамрахыг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.10.5 дахь хэсэгт тодорхойлсон...” хэмээн энэ хуулийг үндэслэн татвараас хасалт хийлгэхээр маргаж байгаа нь үндэслэлгүй.

24. Өөрөөр хэлбэл, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд заасан “үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалт” гэснийг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль дахь “үйлдвэрлэл үйлчилгээ” гэх ойлголтод хамруулан тайлбарлах боломжгүй, агуулгын хувьд тусдаа өөр өөр ойлголтууд бөгөөд хайгуулын үйл ажиллагаа нь эцсийн дүнгээрээ бараа болсноор Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд зааснаар хасалт хийгдэх учиртай байна.

25. Дээр дурдсаныг үндэслэн “...анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангуулах” тухай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй, харин шийдвэр, магадлалд нэхэмжлэлийн зарим шаардлагыг хүлээн авахаас татгалзаж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох  өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2018/0164 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 221/МА2018/0313 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 15 дугаар зүйлийн 15.1.4-т заасныг баримтлан ТЕГ-ын харъяа Улсын төсвийн орлого хяналтын газрын татварын улсын байцаагчдын  2017 оны 02 сарын 16-ны өдрийн 210000007 тоот актыг хүчингүй болгуулах, улсын төсвөөс буцаан авах нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 3.253.765.367.3 төгрөгөөр баталгаажуулахыг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн зарим буюу “Нийслэлийн татварын газрын татварын улсын байцаагч нарын 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 2205130005 дугаар актыг илт хууль бусад тооцуулах” тухай шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

   ШҮҮГЧ                                                                   Л.АТАРЦЭЦЭГ